Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 127

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2017/00127

 

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг, нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00642 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй

О.Уртнасанг албандан эмчилгээнд явуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уламбаярын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сумьяахүү, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Орхон аймаг, Баян-өндөр Дэнж баг Баян-Өндөр хотхон 13-05 тоотод оршин суух Оросоогийн Уртнасан нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдэн нийтийн хэв журам байнга зөрчиж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар баривчлагдах арга хэмжээ авагдсан боловч дээрхи үйлдэлдээ дүгнэлт хийж, засарч хүүмүүжихгүй эмнэлэгийн дүгнэлтээр архинд донтох өвчтэй болох нь тогтоогдсон тул согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасныг үндэслэн албадан эмчилгээнд эмчлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уртнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ОХУ-д эмчлүүлэх гэж байгаа болохоор албадан эмчилгээнд явахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШШ2017/00631 дугаар шийдвэрээр: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3, 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар Сартуул овогт Оросоогийн Уртнасан /ИР:79100515/-г архины албадан эмчилгээнд явуулж, Согтуурах, мансуурах, донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар О.Уртнасанг архины албадан эмчилгээний газарт хүргэхийг Орхон аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хүсэлт гаргагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас хуульд зааснаар чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уртнасан давж заалдсан гомдолдоо:

Миний бие Сартуул овогт Оросоогийн Уртнасан нь согтууруулах ундааг байнга хэрэглэдэггүй бөгөөд албадан эмчилгээнд явах хэмжээнд согтууруулах ундаа хэрэглэдэг этгээд биш юм. Миний аав болох Оросоо нь 2012 оноос хойш зүрхний шигдээс өвчнөөр өвдсөн бөгөөд одоо эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Ээж Д.Номинчимэг нь элэгний вирусын өвчинтэй бөгөөд мөн л байнгын хяналтанд байдаг ба миний бие өөрийн ээж, аавыг асарч хандаж амьдардаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан Цагдаагийн холбогдох ажилтанууд нь өнөөдөр албадан эмчилгээнд явуулна гэж ярьж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хүчинтэй болоогүй байтал шийдвэрийн биелэлтийг хэрэгжүүлэх талаар ярьж буй нь хуульд үл нийцнэ. Мөн шүүхийн шийдвэрийг хуулийн дагуу албан ёсоор надад гардуулаагүй атлаа шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулах талаар ярьж буй нь хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаа болж байна. Хэдий миний согтууруулах ундаа хэрэглэдэг боловч хүн гэдэг утгаараа хуульд заасан өөрийн эдлэх эрхийг эдлэхийг бусдаас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 сарын 31-ний өдрийн, 142/ШШ2017/00642 дугаартай шийдвэр үндэслэлгүй гарсан тул шйдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хүсэлт гаргагч тус аймгийн Цагдаагийн газар нь иргэн О.Уртнасан нь архи ууж удаа дараа эрүүлжүүлэгдсэн, шүүхээс баривчлах захиргааны арга хэмжээ авагдсан, гэр бүлийн гишүүдээс түүнийг албадан эмчилгээнд явуулах хүсэлт гаргасан тул хуульд заасны дагуу архины албадан эмчилгээнд явуулах шийдвэр гаргаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд О.Уртнасан нь согтууруулах ундаа байнга хэрэглэж улмаар Цагдаагийн эрүүлжүүлэх байранд удаа дараа эрүүлжүүлэгдсэн, шүүхээс 3 удаа захиргааны шийтгэл ногдуулсан боловч тэрээр архины хамаарал бүхий архинд донтох өвчтэй болсон нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хуульд заасны дагуу түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм.

Иймд бие даасан шаардлага гаргаагүй этгээд О.Уртнасангийн шүүхэд гаргасан ....би согтууруулах ундаа хэрэглэдэг боловч хүн гэдэг утгаараа хуульд заасан өөрийн эдлэх эрхийг эдлэхийг бусдаас шаардах эрхтэй.... гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 124/ШШ2017/00642 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уртнасангийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд О.Уртанасангийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

Б.ОЮУНЦЭЦЭГ