| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0419/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Б.Оч,
улсын яллагч Н.Булганчимэг,
шүүгдэгч Н.Ц, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Н.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811013510428 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Х овогт Н.Ц, 1982 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Амина” салонд гоо сайханч, массажистаар ажилладаг, ам бүл 5, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, Бичигтын 3-3 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хайрханы 1 дүгээр гудамжны 17 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/............/,
Шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар дээр иргэн Д.Одонцэцэгийг “Байрын урьдчилгаа хийгээд зээл гарахаар тэр дор нь мөнгийг чинь гаргаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 73.500.000 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Н.Ц-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй” гэв.
Хохирогч Д.Одонцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр даваа гаригт 13 цагийн үед Цэцэгжаргал гэх эмэгтэй залгаад “би баасан гаригт ярисан эгч нь байна. Өнөөдөр мөнгө авъя Дарханд зээл нь гарах гээд урьдчилгаа мөнгө хүлээгээд байна” гэхээр нь би Барилгачдын талбай дээр Цэцэгжаргал гэж эмэгтэйтэй уулзахад миний машинд сууж байгаад Дархан-Уул аймгийн Худалдаа хөгжлийн банкны эдийн засагчтай ярь гээд өөрийнхөө дугаараас 88994233 гэсэн дугаарлуу залгаад надтай нэг эмэгтэй хүн яриулсан. Тэр эмэгтэй нь надад “би банкны эдийн засагч байна, одоо наад зээл нь гарах гэж байна. Мөнгө хурдан байршуулчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд мөнгө өгөхөөр болсон. Ингээд Төрийн банкнаас өөрийн дансанд байсан мөнгөнөөс 75 сая аваад Барилгачдын талбайн урд талд байрлах Худалдаа хөгжлийн банкнаас Цэцэгжаргалын 476006821 тоот дансанд 73.500.000 төгрөгийг байршуулсан. Цэцэгжаргал бид 2 мөнгөө эргүүлээд авна гээд миний машинд хүлээгээд байж байхад Цэцэгжаргал зээл нь гарах болж байна уу гэж хүмүүстэй ярьж байсан. Тэгээд хэсэг байж байгаад би засчихаад ирье гээд явсан боловч 1 цаг болоод ирэхээр нь би хаашаа алга болчихвоо гэхэд найзтайгаа уулзаад ирлээ гэсэн. Тэгээд ахиад нөгөө эдийн засагч гээд байсан хүнтэй яриад “зээл гарахгүй, өнөөдөр бүтэхгүй болсон дансыг чинь хаачихсан шүү” гэж байна гээд утсаа салгасан. Тэгэхээр нь би гайхаад тэгвэл мөнгөө эргүүлэн авъя, данс чинь хаагдсан эсэхийг үзье гээд Худалдаа хөгжлийн банк руу ороход Цэцэгжаргал “гадаад паспорт чи аваа биздээ” гэхээр нь би “аваагүй” гэхэд “тэгвэл би хаячихсан байна, хаана хаяснаа мэдэхгүй байна” гээд тэр хавиар хайгаад теллерээс асуухад та өөрөө аваад явсан гэсэн. Маргааш нь буюу 2018 оны 5 дугаар сарын 01-ний өглөө ярихад Цэцэгжаргал нь одоо Дарханаас паспорт гарч байна гэнэ өдөр 14 цагт уулзая гэж хэлээд алга болсон ... Надаас авсан 73.500.000 төгрөгийн 73 сая төгрөгийг тухайн өдөр нь Цэцэгжаргал нь аваад хамтран амьдрагч Баттулга гэдэг залууд өгсөн юм байна лээ. Өөрөө үлдэгдэл 500.000 төгрөгийг хэрэглэсэн юм байна. Миний хувьд одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь надаас авсан 73 сая төгрөг дээрээ мөнгө нэмээд Э.Баттулга нь 69-73 ОРХ улсын дугаартай NORTHBENZ маркийн машин худалдан авсан байсныг би өөрийн нэр дээр 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлэн аваад 87-06 УНС улсын дугаар авсан...” гэсэн мэдүүлэг /хх-10-12х/,
Мөрдөн байцаалтад Н.Ц-аас яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Алтантуул бид 2 нэг нутаг усны хүмүүс. Их сургуульд байхад нэг байранд амьдардаг байсан. 2000 оноос хойш бие биенийгээ таньдаг, мэддэг хүмүүс байгаа юм. Энэ хэрэгт Г.Алтантуул ямар ч холбоогүй. Намайг гэмт хэрэг үйлдэх гэж байгаа талаар огч мэдээгүй, би зүгээр найзын хувиар Алтантуултай утсаар яриад “найз нь хүнээс мөнгө авах гэж байгаа юм, зээл гарахаар эргүүлээд өгчих юм. Чи тэр хүнтэй банкны эдийн засагч болоод яриад өгчих, ямар ч асуудалгүй, найздаа итгэж байгаа биздээ” гэж хэлсэн. Алтантуул ч ямар нэг юм асуулгүй за яриад өгье л гэсэн. Тэгээд би Алтантуултай эдийн засагчаа гэж ярьсан. Баттулгад би ахаасаа мөнгө авсан, ах машин ав гэж мөнгө өгсөн гэж хэлээд 73 сая төгрөгийг өөрийн данснаасаа аваад өгсөн. Одонцэцэгээс мөнгө хуурч авсан талаараа огт хэлээгүй. Баттулгад мэдэгдэхгүйгээр машин авхуулчихаад Одонцэцэгтэй учраа олчихно л гэж бодож байсан. ...Гэм буруугаа үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг. /хх-31-32х/,
Мөрдөн байцаалтад гэрчүүдээс мэдүүлэхдээ:
1. Э.Баттулгаас: “2018 оны 03 дугаар сарын орчимд Цэцэгжаргал манай нэг ах надад Шланз маркийн машин авах мөнгө зээлье гэсэн, чи тэр машиныг үзэж харж аваарай. Тэгээд 5 толгойд явуулаад ашгийг нь аваад өгөөрэй гээд байсан. Тэгээд би зөвшөөрсөн ба нэг хэсэг чимээгүй болсон, Цэцэгжаргал мөнгөний боломж нь болоогүй байна, 5 толгойгоос ирэх үед чинь болно гээд байсан. Тэгээд би 2018 оны 04 дүгээр сарын сүүлээр Улаанбаатарт ирээд эндээсээ Орхон аймаг ороод тэндээ гэртээ байж байтал Цэцэгжаргал мөнгө болчихлоо, хүрээд ир гэхээр нь би очсон. Тэгтэл Цэцэгжаргал худалдан авах машинаа олчих, ах хөдөөнөөс ирнэ, ноолууртай байгаа, тушаагаад мөнгийг нь өгнө гэж хэлсэн. ...Норд Бенз маркийн шланз машиныг фэйсбүүкийн зараас харж байгаад нэг хүнтэй холбогдоод толгойг нь 53 сая төгрөгөөр, чиргүүл буюу ачаа ачих хэсгийг нь бас өөр зараас хувь хүнээс 23 сая төгрөгөөр авахаар тохиролцсон. Тэгээд энэ талаар Цэцэгжаргалд хэлтэл ах ирчихсэн, ноолуураа тушааж байгаа, наад машинуудынхаа бичиг баримтыг өөр дээрээ шилжүүлж бай гэсэн. Тэгээд 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр машин, чиргүүл авах 2 хүнтэйгээ уулзаад мөнгө нь бэлэн болж байна гээд нэр дээрээ шилжүүлж авсан. Тэгээд машин зарах хүмүүстэйгээ яваад Цэцэгжаргалтай Кекшүюзан төвийн 1 давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкнаас 73 сая төгрөгийг Цэцэгжаргал гүйлгээ хийж өгчихөөд явсан ба би мөнгийг нь тоолж авсан. Цэцэгжаргал хүн хүлээж байгаа гээд яараад гараад явсан. Энэ үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд тэр мөнгийг машин авсан 2 хүндээ хуваагаад өгсөн. ...Хохирогч Д.Одонцэцэгтэй би уулзаад учир байдлыг мэдээд бид хоорондоо тохиролцоод худалдан авсан 69-73 ОРХ улсын дугаартай улаан толгойтой, ногоон чиргүүлтэй Норд Бенз маркийн машиныг Д.Одонцэцэгийн нэр дээр шилжүүлэн өгсөн байгаа. Би Цэцэгжаргалаас авсан 73 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж авсан мөнгө гэж огт мэдээгүй, Цэцэгжаргал ахаасаа авч байгаа гэсэн учраас итгээд тэр дор нь машин худалдан авсан юм. Гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэдгийг мэдсэн бол тэр дор нь таслан зогсоох байсан. Би уг машиныг 53 сая төгрөгөөр, чиргүүлийг 23 сая төгрөгөөр нийт 76 сая төгрөгөөр худалдаж авсан. Гэхдээ Д.Одонцэцэгтэй ярилцаж тохиролцоод зөрүү мөнгө авахгүйгээр шууд машинаа шилжүүлж өгсөн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-14-16х/,
2. Г.Алтантуулаас: “...Цэцэгжаргал надад чамруу нэг хүн залгавал зээлийн эдийн засагч байна, Цэцэгжаргалын зээл гарах боломжтой гээд хэлээд надад нэг тус болооч гэж хэлэхээр нь ямар учиртай юм бэ гэж асуусан чинь би зээл хөөцөлдөж байгаа юм, чамд ямарч асуудал тарихгүй гэсэн. Тэгж надтай утсаар ярьчихаад 1 цаг 30 минут орчимын дараа өөрийнхөө дугаараас над руу залгаад эдийн засагчаа та энэ хүнтэй яриадхаач гээд утсаа нөгөө хүндээ өгсөн. Тэр хүн нь надруу “та эдийн засагч нь мөн үү” гэж асуухаар нь тийм байна гэж хэлсэн чинь “Цэцэгжаргалын зээл нь гарах боломжтой юу” гэж асуухаар нь боломжтой гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Надтай ярьсан хүн эмэгтэй хүн байсан. ...Надад мөнгө төгрөг амлаагүй, ярьж туслаач, ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Би ийм их мөнгөний асуудалтай, гэмт хэрэг үйлдэгдэх гэж байгааг мэдсэн бол тэгж ярихгүй байсан. ...Би Дархан-Уул аймаг болон Банкны нэр хэлээгүй, мөнгө байршуул гэж яриагүй. ...Би зээлийн эдийн засагч мөн байна, зээл гарах боломжтой гэж ярихдаа ямар нэгэн зорилго агуулаагүй. Надаас гуйхаар нь л тэгж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-18-19х/,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбар дээр иргэн Д.Одонцэцэгийг “Байрын урьдчилгаа хийгээд зээл гарахаар тэр дор нь мөнгийг чинь гаргаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 73.500.000 төгрөгийг залилан авч, залилах гэмт хэрэг үйлдэж Д.Одонцэцэгт их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Н.Ц-ыг зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний буюу 73.500.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.Одонцэцэг нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.
Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүгдэгч Н.Ц нь 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 20 цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар /20*15=300.000/ төгрөгийг хасч түүний эдлэх ялыг 9.700.000 /есөн сая долоон зуун мянга/ төгрөгөөр тогтоолоо.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Цын торгох ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Ц-д 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 3.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байх ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц уг таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар барьцаалуулсан 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Цд буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х овогт Н.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож их хэмжээний буюу 73.500.000 (далан гурван сая таван зуун мянга) төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг 10.000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд буюу 2021 оны 7 дугаар сарын 01-ний дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Ц нь бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Н.Ц-ын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 20 хоног буюу (20*15=300.000) төгрөгийг хасч түүний эдлэх ялыг 9.700.000 (есөн сая долоон зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, барьцаалуулсан 3.000.000 төгрөгийг шүүгдэгч Н.Ц-д буцаан олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ц-д барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН