Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/519

 

 

 

 

 

 

2025            05             06                                      2025/ДШМ/519

 

 

Г.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Болорзул,

Цагаатгагдсан этгээд Г.А-, түүний өмгөөлөгч Б.Чимэд,

хохирогч С.А-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/453 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Болорзулын бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцэл, хохирогч С.А-ын гаргасан давж заалдах гомдолд тус тус үндэслэн цагаатгагдсан этгээд Г.А-д холбогдох эрүүгийн 2209021361688 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол овгийн Ганболдын Г.А-, 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, ам бүл 5, эгч 2 дүүгийн хамт ... тоотод оршин суух хаягтай,  ял шийтгэлгүй /РД: .../; 

Г.А- нь 2022 оны 08 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Циркийн орчимд хохирогч С.А-тай хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газарт нь гутлаараа цохиж хохирогчийн биед зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...шүүгдэгч Г.А-д холбогдох хэрэгт авагдсан баримтууд, талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон сиди бичлэг, хохирогч С.А-, гэрч З.Ц, Ц.О, М.Б нарын мэдүүлгүүд зэргийг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судалсны үндсэнд шүүгдэгч Г.А-г хохироогч С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт хийж, Прокуророос Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, Г.А-г цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 2209021361688 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж, Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор С.Болорзул бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж, дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй байдаг. Ийнхүү үнэлж, дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах, харьцуулсан, магадалсан үндэслэлээс шалтгаалан няцаасан эсхүл баталсан дүгнэлтийг хийдэг бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтыг бодитой, үнэн зөв тогтоогоогүй, гэрч Ц.О, М.Б нарын мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Тодруулбал, хохирогч С.А- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт “...араас хөөе гэж дуудахаар нь эргээд хартал Г.А- өсгийтэй гутал барьсан шууд миний толгойн зулай хэсэгт нэг удаа цохиход толгой хагарч цус гарсан. ...цагдаад дуудлага өгсөн...” гэж болсон асуудлыг удаа дараа, тогтвортой мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэг нь гэрч П.Б-ын...тухайн үед маргаан болсон...Г.А- нь өсгийтэй гутлаараа хохирогч С.А-ын толгой хэсэгт нь нэг удаа цохиж, улмаар толгойноос нь цус гарсан, цагдаа дуудаж, хүлээх зуураа толгойн гэмтлийн зургийг дарж авсан” гэх мэдүүлэг. Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10797 дугаар дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогддог. Мөн С.А- нь толгойд нь гэмтэл учирсан талаар маргааш нь Г.А-д хэлж, харилцан мессеж бичсэн баримт хэрэгт авагдсан байна. Гэтэл шүүх шүүгдэгчийн хамаарал бүхий гэрч Ц.О, М.Б нарын мэдүүлгийн хүрээнд Г.А-г С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ дээр дурдсан хохирогч С.А-, гэрч П.Бямбацогт нарын мэдүүлэг, тэдний мэдүүлгийг давхар нотлох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаараа болон эдгээр нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцуулах талаар гаргасан улсын яллагчийн саналыг няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг огт хийгээгүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шүүхийн шийдвэрт тусгана гэснийг хэрэгжүүлээгүйгээс гадна цагаатгах тогтоол нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/453 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...”  гэв.

Хохирогч С.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн биед зулай хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэх шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Учир нь хохирогч С. А миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт... араас хөөе гэж дуудахаар эргээд хартал Г.А- өсгийтэй гутал барьсан шууд миний толгойн зулайн хэсэгт нэг удаа цохиход толгой хагарч цус гарсан. Цагдаад дуудлагад өгсөн” гэж болсон асуудлыг удаа дараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд уг мэдүүлэг нь гэрч П.Бямбацогтын”... тухайн үед маргаан болсон... Г. Г.А- нь өсгийтэй гутлаараа хохирогч С. С.А-ын толгойн хэсэгт нэг удаа цохиж улмаар толгойноос нь цус гарсан, цагдаа дуудаж хүлээх зуураа толгойн гэмтлийн зургийг нь дарж авсан.” гэх мэдүүлэг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10791 дугаар дүгнэлт, шинжээч эмч Г.Ханхүүгийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогддог. Мөн С.А- нь толгойд гэмтэл учирсан талаар маргааш нь Г.А-д хэлж харилцан мессеж бичилцсэн байдаг нь хэрэгт авагдсан байна. Гэтэл шүүх шүүгдэгчийн хамаарал бүхий гэрч Ц.О, М.Б нарын мэдүүлэгт мэдүүлгийн хүрээнд Г.А- нь С.А-ын эрүүл мэндэд санаатайгаар хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэн түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ хохирогч С.А- гэрч Бямбацогт нарын мэдүүлэг, тэдний мэдүүлгийг давхар нотлох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг хэрхэн үнэлж дүгнэсэн талаараа болон эдгээр нотлох баримтыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутай тооцуулах талаар гаргасан прокурорын саналыг хэрхэн няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх огт хийгээгүй байна. Иймд Шүүх эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухай нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсвэл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг Шүүхийн шийдвэрт тусгана гэснийг хэрэгжүүлээгүйгээс гадна цагаатгах тогтоол нь мөн хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангахгүй байна. Шүүхийн тогтоол заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/453 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан давж заалдах гомдол гаргав. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үзэхэд прокурорын эсэргүүцэлд дурдагдсан хууль зүйн шаардлагыг хангаж чадаагүй. Ганцхан үндэслэлийг дурдсан. Прокурорын цуглуулсан нотлох баримтаар тогтоогдохгүй гэсэн байна. Тогтоогдохгүй үндэслэлээ Г.А-д холбож тайлбарласан. Гэрчийн мэдүүлгийг иш татсан мөртлөө тогтоогдохгүй байна гэж үзсэн. Гэрчүүдийг 2 ангилж болно. Энэ хэрэгт хувийн сонирхолтой байж болзошгүй буюу эсрэг сонирхолтой гэрчүүд гэж байгаа. Эсрэг сонирхолгүй гэрчүүд гэж байгаа. Эхний бужигнаанд оролцсон 3 эмэгтэй эсрэг сонирхолтой байгаа. Яагаад гэхээр хохирогч С.А-т гурвуулаа халдсан. Гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бусад гэмтлийг учруулсан. Үүнээсээ зайлсхийх байдлаар өгсөн мэдүүлгүүд байгаа. Энэ хэрэгт хувийн сонирхолгүй гэрчүүд мөн байдаг. Батмагнай, Бямбацогт гэх хувийн сонирхолгүй гэрчүүд байгаа. Бямбацогт нь хохирогчтой хамт явсан. Батмагнай нь шүүгдэгч болон түүний найзуудтай хамт явсан. Энэ хоёр гэрчийн мэдүүлэг тогтвортой байдаг. Энэ хоёр гэрчийн мэдүүлгийг уншвал халдсан хүнийг хэлсэн байдаг. Гэрч Бямбацогт мэдүүлэгтээ “Г.А- гутлаараа ирээд цохисны дараа шууд цус гарсан” гэж мэдүүлсэн. Мөн шүүгдэгчтэй хамт явсан эрэгтэй гэрч болсон үйл явдлыг тодорхой хэлдэг. Найз нөхдөө хамгаалж байж магадгүй “гэхдээ би хэн цохисныг хараагүй” гэсэн байдаг. Хэн хэнд халдсан, маргаан болсон үйл явдлын талаар эдгээр 2 гэрч тодорхой мэдүүлсэн. Ийм байтал Г.А-гийн үйлдэл тогтоогдохгүй байна гэж ганц үгээр энэ хэргийг хааж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Энэ талаар прокурор хангалттай тайлбарласан. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэж байгаа. Энэ бол камерын бичлэг биш байгаа. Гар утсаар хэсэгчлэн хийсэн хэрэгтэй зүйлийг аваад, хэрэггүйг нь үлдээж өгсөн шүүгдэгчийн бичлэг байгаа. Шөнийн гудамж Циркийн ард байрлах буюу Хүүхдийн 100 гэх газар болсон. Хангай зочид буудал руу явж байгаа үйл баримт нэг тусдаа. Циркийн ард болж байгаа үйл баримт нэг тусдаа байгаа. Эхний хэрүүл маргаан буюу хоорондоо бусад гэмтлийг учруулсан үйл явдлыг хэсэгчлэн бичсэн бичлэг байгаа. Энэ үйл баримт дууссан байгаа. Салаад хоёр тийшээ явж байгаа. Үүний дараа араас нь өс хонзонгийн сэдэлтээр халдаж байгаа үйлдлийг хохирогч тодорхой мэдүүлсэн. Гэрч Бямбацогт ч энэ талаар тодорхой мэдүүлсэн. Гэрч Батмагнай энэ талаар хараагүй л гэж мэдүүлсэн. Тодорхой мэдүүлэг нотлох баримтууд байхад гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоохгүй гэж байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал дээр дүгнэлт хийсэн бол бас нэг өөр байгаа. Улсын яллагчийн дүгнэлт, яллах дүгнэлтийн хавсралтад заасан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шүүгдэгчийн өмгөөлөгчийн байр суурь ч тодорхой байсан. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурин дээрээс оролцоно гэж байсан. Мэтгэлцээний явцад дүгнэлтдээ аргагүй хамгаалалтын талаар дурдсан. Цагаатгах тогтоол нь улсын яллагчийн гэм буруугийн шинжийг тодорхойлсон шинжийг няцаан үгүйсгэсэн дүгнэлт байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн аргагүй хамгаалалт байсан талаарх дүгнэлтийг няцаасан дүгнэлт байхгүй. Зөвхөн ганцхан тогтоогдохгүй байна гэсэн өгүүлбэр байгаа. Энэ шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед хохирогчийн эрүүл мэндэд бүлэглэн халдсан байдаг. Энэ бүлэг этгээдүүдийн улмаас хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан. Энэ дундаас хохирогчийн ганц гэмтлийг дурдаж тайлбарласан. Толгойны хуйхны няцарсан шарх нь өөрөө хөнгөн зэрэгт хамаарсан гэж үзэж, Г.А- энийг учруулсан талаар тайлбарласан. Объектив талаас нь харвал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан шинж байна. Бүүр цаашилбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ч байж болно. Өнөөдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх боломжгүй байх тул хүчингүй болгож өгнө үү” гэв.

Цагаатгагдсан этгээд Г.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгч хүн эдгээр үйл явдлыг дүгнэсэн байгаа. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Цагаатгагдсан этгээд Г.А-гийн өмгөөлөгч Б.Чимэд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тус тус заасан хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож чадаагүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлж дүгнээгүй нөхцөл байдлууд харагддаг. Тухайлбал прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ С.А-ын толгойд эмэгтэй хүний гутлаар цохиж гэмтээж байгаа бичлэгийг үнэлээгүй. Хохирогчийн мэдүүлэг болон түүний найз гэх гэрч Бямбацогтын мэдүүлгийг тус тус үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн. Дээрх үндэслэл болгосон нотлох баримтууд нь бусад гэрчүүд болох Б.Ц-, Ц.О-, Б.Батмагнай нарын мэдүүлэгтэй зөрдөг. Энэ хүмүүсийг Г.А-гийн хамаарал бүхий хүмүүс байна. Бямбадорж нь С.А-ын талд хамаарал бүхий гэрч болдог. Гэтэл нэг талыг баримталж буюу хохирогчийн талын гэрчийн мэдүүлгийг үндэслэсэн байдаг. Хэрэгт авагдсан видео бичлэгийг хэргийн үйл баримт болгож, нотлох баримтаар авч шалгаагүй. Иймэрхүү байдлаар мөрдөн шалгах ажиллагааг явуулсан. Шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Г.А-г цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд цагаатгах тогтоол нь хууль ёсны болон үндэслэл бүхий байх хууль зүйн шаардлагыг хангаагүйд тооцогдох дараах үндэслэлтэй байна. Үүнд:     

1. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдал нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байна.    

1.1. Гэмт хэргийн шинж бүрэн нотлогдсон эсхүл үгүйсгэгдэж байгаа эсэхийг хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтын хүрээнд эргэлзээгүй бөгөөд хангалттай үндэслэлээр заавал дүгнэсэн байх шаардлагатай, харин хийсвэрлэн шийдвэрлэх боломжгүй.  

 Тус эрүүгийн хавтаст хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтуудыг /1-р хавтас, 1-238, 2-р хавтас, 3-53/ харьцуулан шалгахад:  

Анхан шатны шүүх нь хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэргийн бүхий л үйл баримтад бүрэн тулгуурлаагүй, яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалжийг тус хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжигдсэн эсэх зэрэг нотолгооны стандарт шаардлагын дагуу ялган зааглаж улмаар бүрэн, нягт, бүх талаас нь харьцуулан шалгаж, үнэлэн дүгнээгүй байх тул мэтгэлцээнд оролцогч, талуудын эсрэг тэсрэг санал, дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн эсхүл баталсан үндэслэл бүрэн хийгдээгүй гэж үзнэ.       

Тодруулбал, анхан шатны шүүх нь яллах ба цагаатгах баримтыг холимог байдлаар, итгэл үнэмшил бүрдэхээргүйгээр яллах дүгнэлтэд бичигдсэн буюу оролцогч талаас судлуулсан гэх эсрэг, тэсрэг эх сурвалж бүхий зарим нотлох баримтуудыг жагсаан бичсэн, өөр бусад байдлаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр “шүүгдэгч Г.А-г хохирогч С.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй” гэж бичсэнээр /2хх-52/ цагаатгах тухай шийдвэр гаргасан нь “хийсвэрлэсэн шинж”-тэй, хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна.      

1.2. Анхан шатны шүүх өмнө нь тус хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргасан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байтал уг захирамжийн хүрээнд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох улмаар үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, зүйлчлэн шийдвэрлүүлэх үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй, мөн шүүх нь хүчин төгөлдөр захирамжийн хэрэгжилтийг хянаж, хангуулах чиг үүргээ биелүүлээгүй байх тул цагаатгах тогтоол, түүнчлэн тус хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх тухай прокурорын эсэргүүцэл зэрэг нь бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүйд тооцогдох дараах баримт, үндэслэл тогтоогдож байна.        

1.2.1. Хэргийг прокурорт буцаах тухай захирамжийн /1хх-121-122/ хүрээнд болон   өмнө нь эрүүгийн хэрэгт цугларч, бэхжигдсэн зарим нотлох баримтууд:          

-  С.А-ын гаргасан “...үл таних эмэгтэйчүүдэд зодуулсан...” тухай гомдол /1хх-8-9/,

- С.А-ын гэрчээр өгсөн “...тэр 2 эмэгтэй...миний баруун нүд, толгой хэсэг рүү гараараа цохисон, мөн толгой руу өсгийтэй гутлаа шидсэн...”/1хх-11-12/...

- С.А-ын хохирогчоор өгсөн “...Хангай зочид буудлын урд талд явж байсан чинь Г.А- араас ирээд өсгийтэй гутлаа тайлаад өсгийний үзүүртэй хэсгээр миний толгой хэсэгт нэг удаа цохисон, тэгээд хойшоогоо харсан чинь найз гэх эмэгтэй нь гараараа миний баруун нүд хэсэгт нэг удаа цохисон, тэгээд миний бие хэсэг рүү Г.А- найзынхаа хамт цохиж зодсон, цамцны бүх товч тасарсан...” /1хх-15-17/...“...Тэр Ц- нь над руу дайраад гараараа нүд рүү нэг цохисон...мөн гутлаараа мөр, мөрний хойд хэсэг, толгойн дагз хэсэгт цохисон.../1хх-159-160/....”...3 охин гурвуулаа над руу дайрсан, дайрч миний бие хөхрөл учруулсан, энэ хүний найз нь миний баруун мөр рүү цохисон, тэгсэн араас ирж намайг цохисон, толгой хагарсан...Цээжний хэсэг хөхөрсөн, маажсан...Цохисноо дайраад, найз нь алгадаад байсан...би толгой хагарчихлаа гэсэн...гэх /2хх-38-39/ мэдүүлгүүд,  

- гэрч П.Б-ын “...нэг охин нь С.А-ыг сонирхоод, нөгөө охин нь явуулахгүй гээд С.А-тай  маргалдаад байсан, тэгээд зууралдаад тэр охин С.А-ыг гараараа шанаа хэсэгт нь 1 удаа цохиход С.А- нөгөө охиныг мангасдахад нөгөө охид зэрэг дайраад ирсэн, тэр 2 охиныг би арай гэж салгасан...Гэтэл С.А-тай анх танилцсан охин нь миний гар дээгүүр давж орж ирээд өмсөж байсан өсгийтэй гутлаараа С.А-ын толгой хэсэгт нь нэг удаа цохиж хагалсан, тэгсэн нөгөө гутлаа тайлаад шидэх шиг болсон...С.А-ын толгойноос цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-28-29/,  

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “... С.А-, З.Ц- нар маргалдаж байсныг харуулав. Маргалдаж байх явцад З.Ц нь хохирогч С.А-ыг түлхэж байгааг гэрэл зургаар харуулав. Хохирогч С.А- нь зөрүүлээд Ц-ийг гараараа цохиж байхыг харуулав. Г.А- нь гутлаа тайлж шидэж байхыг харуулав. Г.А-гийн гутлыг Ц- нь барьж хохирогч С.А-ын толгой хэсэгт нь цохиж байхыг харуулав. Ц- нь хойш болоод гутлыг шидэж байхыг харуулав...” /1хх130-135/,

- гэрч З.Ц-ийн “...гар утасны бичлэгт би Г.А-гийн гутлаар С.А- гэх хүнийг 2 удаа цохиж, 2 удаа гутлыг шидэж харагдаж байна.../1хх-137, 163/...С.А-ын биед халдсан, бичлэгт би хохирогч С.А-ын толгой руу 4 удаа өсгийтэй туфль шидэж байна, шидэж байгаа хүн нь би мөн байна...” гэх мэдүүлэг /1хх-197/,  

- гэрч Ц.О-ийн: “...Ц-, Г.А- нар нь С.А-ын биед хамтдаа халдсан. Ц- хохирогч болох С.А- руу өсгийтэй гутлаар толгой хэсэг рүү нь 4 удаа шидсэн, харин Г.А- хохирогч С.А- руу...хүзүүнээс нь татаад зодоон эхэлж, дуустал зууралдсан...” /1хх-194/,   

- гэрч М.Батмагнайгийн “...Яг энэ үед Г.А-, Ц- хоёр элдэв бусаараа доромжлуулаад тэсэхээ болиод бужигнаан болсон, бөөн юм болсон...” гэх мэдүүлэг /1хх-202-203/,  

- Г.А-гийн гэрчээр өгсөн ”..зодоонд Ц- бид 2 оролцсон.../1хх-22/,

- шүүгдэгч Г.А- “...хохирогч нь манай найз Ц-тэй маргалдаад байсан...” /2хх-37/,

- шинжээчийн дүгнэлтэд: “... С.А-ын биед зулайн хуйхны язарсан шарх, баруун зовхи, зүүн сарвуу, баруун бугалга, цээжний цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх31-32/,

- шинжээч эмч Г.Ханхүүгийн: “... Баруун зовхи, зүүн сарвуу, баруун бугалга цээжний цус хуралт, зулгаралт, гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Эдгээр гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...Дээрх гэмтлүүд нь тус тусдаа мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” гэх мэдүүлэг /1хх189-190/,

- шүүх хуралдааны тэмдэглэл /2хх-34-45/ зэрэг болно.   

1.2.2. Дээрх нотлох баримтуудыг харьцуулан шалгахад:

Мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хяналт тавих, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, энэ нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй гэж үзэх үндэслэлүүд тогтоогдож байна. Тухайлбал,       

- Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь зөвхөн Г.А- дангаар бус харин З.Ц- нар хамтран оролцох төрөл, хэлбэрийн хүрээнд оролцоогоо санаатай нэгтгэн үйлдлүүд хийгдсэнд холбогдох нотлох баримтын эх сурвалжийн хүрээнд мөрдөгч, прокурор нь хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан, тухайн эх сурвалжуудыг үгүйсгэж няцаасан бусад баримт цугларч бэхжигдээгүй байна.     

- Тус хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын зарим мэдүүлэг зөрүүтэй, эх сурвалжаа тодорхой заагаагүй ба энэ нь тэд тухайн шөнийн цагт согтууруулах ундааны зүйлс бага бус хэрэглэсэн, мөн өөр хоорондын хамаарал бүхий харилцаатай зэрэг нөхцөлөөс шалтгаалсан нь үгүйсгэгдээгүй байх боловч анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцааснаар тус хэрэгт цугларч, бэхжигдсэн камерын бичлэг /1хх-130-135/ болон гэрч З.Ц- /1хх-137, 163, 197/, Ц.О- /1хх-194/, М.Батмагнай /1хх-202-203/, Г.А-гийн гэрч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-22, 2хх-37/ зэрэг нотлох баримтын эх сурвалжууд нь үгүйсгэгдэж няцаагдаагүй байх төдийгүй шинжлэн судлагдаагүй орхигдсон зэрэг нь талууд  яллах, цагаатгах нотлох баримт бүрийг ялган зааглаж шалгаагүй, нотолгооны стандарт шаардлагын дагуу үнэлж дүгнээгүй зэргээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйг илэрхийлж байна.       

-  Тусгай мэдлэгийн асуудалд тодорхойгүй, эх сурвалжгүй гэж үзэх үндэслэл үүссэн байхад шинжээчийн дүгнэлт гаргуулалгүй орхигдуулсан байх тул таамаглан шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал, хохирогчийн биед тухайн үед үүссэн гэх баруун зовхи, зүүн сарвуу, баруун бугалга, цээжний цус хуралт, зулгаралт, гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байхаас гадна нийтдээ гэмтлийн тодорхой зэрэгт хамаарахаар байгаа нь бүрэн үгүйсгэгдээгүй байна.    

- Яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдагдсан эх сурвалж шинжлэгдсэн гэх боловч нотолгооны стандарт шаардлагад бүрэн нийцээгүй, яллах ба цагаатгах талын баримтууд ялгаа зааггүй холимог бичигдсэн, тэдгээр эх сурвалж нь өөрийн дотоодод болон өөр хоорондоо харилцан зөрүүтэй, эсрэг талын баримтыг няцаах, батлахад тодорхойгүй, итгэл үнэмшил бүрдэхээргүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Энэ нь шүүхээс хэргийг прокурорт буцаахын өмнө болон дахин үйлдэгдсэн яллах дүгнэлт, түүний хавсралтууд төдийлөн зөрүүгүй, мөн нотлох баримт хэрхэн шинжилсэн эсэх болон бусад мэтгэлцсэн үйл явц зэрэг байдлуудаас давхар илэрхийлэгдсэн байна.     

Тийм учраас, анхан шатны шүүхээс өмнө гаргасан “хэргийг прокурорт буцаах” тухай захирамж нь Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1, 37.3 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон байтал тус захирамжийн хэрэгжилт, түүний дагуу хэргийн бодит байдлыг тогтоох хүрээнд мөрдөгч, прокурор, шүүх тус тус хүлээсэн чиг үүргээ  биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.    

Өөрөөр хэлбэл, дээрх хүчин төгөлдөр захирамжийн хүрээнд хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох улмаар мөрдөн шалгах нэмэлт ажиллагааны хүрээнд цугларч, бэхжигдсэн нотлох баримтыг тус хэрэгт өмнө цугларсан бүхий л нотлох баримтын эх сурвалжтай дахин  харьцуулан шалгаж, зөрүү, зөрчилтэй байдлыг мухарлан шалгасны эцэст хэргийн бодит байдлын хүрээнд тухайн гэмт хэргийг зөв зүйлчлэн шийдвэрлүүлэх чиг үүргээ мөрдөгч, прокурор, харин анхан шатны шүүх нь өмнөх хүчин төгөлдөр захирамжийн заалтын хэрэгжилтийг хянаж, хангуулах үүргээ тус тус биелүүлээгүй болох нь дээрх үндэслэлийн хүрээнд илэрсэн гэж үзнэ.     

2. Хэргийн бодит байдлыг таамаглан тогтоох, урьдаас хөдөлбөргүй үнэн гэж үзэх ямар ч нотлох баримт байж болохгүй.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйл, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16.15 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор  хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй, шүүх болон мэтгэлцээний талууд яллах ба цагаатгах талын нотлох баримтын эх сурвалж тус бүрийг нотолгооны стандарт шаардлага, шалгуурын хүрээнд ялган зааглаагүй, улмаар бүхий л нотлох баримтыг бүрэн, нягт, бүх талаас нь шалгаагүй, үнэлэн дүгнээгүй зэрэг нь дээр дурдсан үндэслэлийн хүрээнд нэгэнт тогтоогдож байх тул тэдгээр асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаас нөхөн гүйцэтгүүлэх, шийдвэрлэх үндэслэлгүй болно.  

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан үндэслэл, журам нь: хэргийн бодит байдал нь хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтаар тогтоогдсон нөхцөлд хэрэгждэг буюу мөрдөн шалгах нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй байх, мөн прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шилжүүлсэн тухайн яллагдагч, шүүгдэгчид холбогдуулсан хэргийн зүйлчлэл хүндрэх, эсхүл хамаарах бусад гомдолд дурдсан асуудлын хэмжээ хязгаарын дотор үйлчилнэ, харин хэргийн бодит байдлыг нь тогтоогоогүй буюу яллагдагчаар татагдаагүй хүнд үйлчлэхгүй болохыг дурдах нь зүйтэй.   

3. Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд:  

3.1. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь мөн хуулийн 39.6 дугаар зүйл, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг   зэрэгт тусгайлан заасан үндэслэл, журамд нийцээгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/453 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй байна.     

3.2. Хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоох, улмаар тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж, зүйлчлэх зэрэг асуудлуудыг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй харин мөрдөгч, прокурорын мөрдөн шалгах ажиллагаа, түүнд хяналт тавих, шийдвэр гаргах чиг үүргийн хүрээнд шийдвэрлэгдэх үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх агуулга бүхий давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Учир нь, хэлбэрийн хувьд зөвхөн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах тухай биш харин тийнхүү хүчингүй болгож шийдвэрлэсний утга агуулга, үндэслэл, үр дагавар, зохих процесс бүхий шийдэл зэргийг цогц байдлаар дүгнэснээр эцсийн зөв шийдвэрийг гаргах үндэслэлтэй байдаг тул эсэргүүцэл, гомдлыг хүлээж авах эсхүл хэлэлцэхгүй орхих нь хууль зүйн үндэслэлгүй, логик утга агуулгагүй буюу хууль хэрэглээний зөрчилд хүргэх болно.     

Шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байгааг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :     

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/453 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.БАТСАЙХАН

 

                                  ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

                                 ШҮҮГЧ                                                  Г.ГАНБААТАР