Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2017/00310

 

С.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01060 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

         2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар магадлалтай,

         С.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй,

         “Юу би эйч проперти” ХХК-д холбогдох   

         Байр захиалгын гэрээний үүрэгт илүү төлсөн 8.591.600 төгрөг, банкны хүүнд төлсөн 978.57 төгрөг, байрны хэмжилт хийлгэхэд гарсан зардалд 84.700 төгрөг, нийт 9.654.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Эрдэнэболор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

         Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Юу би эйч проперти” ХХК-тай Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхонд 61.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, 1 м.кв-ыг 1 880 000 төгрөгөөр буюу нийт 116 390 800 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Энэ байрыг худалдан авахын тулд 53 390 800 төгрөгийг бэлнээр, үлдсэн 63 000 000 төгрөгийг жилийн 8 буюу сарын 0.67 хувийн хүүтэйгээр банкнаас зээлж, 2014 оны 10 сарын 10-ны өдөр 100 хувь бүрэн төлж барагдуулсан. “Юу би эйч проперти” ХХК нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 1.2, 1.3, 1.5, 2.1, 4.2.1, 4.2.3 дахь заалтуудыг зөрчиж 57.34 м.кв байр хүлээлгэн өгсөн байна. “Тоонто гранд” ХХК нь Стандартчилал хэмжил зүйн газрын Орон сууц барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын 3.4, 7.1 болон “Юу би эйч проперти” ХХК-тай хийсэн гэрээний 1.5-д заасны дагуу хэмжиж нийт талбайн хэмжээг 57.34 м.кв гэж тогтоосон. Энэ нь гэрээний 1.2, 1.3, 2.1-д заасан орон сууцны 61.91 м.кв талбайгаас 4.57 м.кв-аар дутаж байгаа юм. Иймд м.кв-ын зөрүүд илүү төлсөн 8 951 600 төгрөг, түүнд ногдох хүү сарын 57 563 төгрөг болж байгаа ба үүнийг 17 сарын хугацаанд үржүүлэхэд 978 570 төгрөг болж байна. Мөн хэмжилт хийлгэхэд төлсөн 84 700 төгрөгийг орон сууц захиалгаар барих гэрээний 5.3-т заасны дагуу нэхэмжилж байна. Нийт 9 654 870 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

          Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Тус компани нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах ХД-71, 72, 73 тоот 70%-ийн гүйцэтгэлтэй барилгыг “Өндөр буянт холдинг” ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу “Өндөр буянт холдинг” ХХК-иар дээрх барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан батлагдсан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон, борлуулалтын үнээ тогтоосон. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон. С.Эрдэнэболортой байгуулсан гэрээ нь хэдийгээр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ хэмээн нэрлэгдсэн боловч худалдах, худалдан авах гэрээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

          Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01060 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349.1-д зааснаар “Юу би эйч проперти” ХХК-иас байрны захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 8 591 600 төгрөг, банкны хүүнд төлсөн 978 570 төгрөг, байрны хэмжилт хийлгэсэн зардал болох 84 700 төгрөг, нийт 9 654 870 төгрөг гаргуулах тухай С.Эрдэнэболорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Эрдэнэболороос шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан “Лэндс” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас 8 450 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Эрдэнэболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 978 570 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, 2 дахь заалтын “56.1” гэсний дараа “56.2” гэж, мөн заалтын “нэхэмжлэгч С.Эрдэнэболороос шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан “Лэндс” ХХК-д олгосугай" гэснийг “хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан “Лэндс” ХХК-д, 150 161 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэболорт тус тус олгосугай” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын хяналтын журмаар гаргасан гомдолд: “...Нэхэмжлэгчтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээ гэж нэрлэсэн гэрээ байгуулагдсан боловч уг гэрээ нь Худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан юм. Энэ нь “Юу би эйч проперти” ХХК нь “Өндөр буянт холдинг” ХХК-тай “үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ” байгуулж, 70 хувийн гүйцэтгэлтэй барилгыг худалдан авсан. Өөрөөр хэлбэл тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэгэнт үүссэн байсан тул ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч уг орон сууцны үнийг төлөхдөө 2014 оны 10 сарын 01-ний өдөр Улаанбаатар хотын банктай зээлийн гэрээ байгуулж, ...Ипотекийн орон сууцны зээлд хамрагдсан юм. Засгийн газрын 2013 оны 200 дугаар тогтоолоор батлагдсан Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журмын 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар “Зээлээр худалдан авах нийтийн зориулалттай орон сууцыг худалдан авахад зориулагдсан зээл юм. Нэхэмжлэгч уг зээлд хамрагдаж, орон сууцны үнийг бүрэн төлснөөр түүний өмчлөлд орон сууцыг шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулсан. Өөрөөр хэлбэл үнийг бүрэн төлж барагдуулснаар тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх худалдан авагчид шилжиж буй хэлбэр юм. Шүүхээс орон сууцны ипотекийн зээлд хамрагдан худалдан авсан орон сууцны маргааныг шийдвэрлэхдээ ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэлт хийж байгаа нь уг орон сууцны санхүүжилт ипотекийн журмыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг давхар хийж байна. Гэвч талууд болон эрх бүхий байгууллагаас уг асуудлаар маргаан гаргасан үйл баримт байхгүй юм. Өөрөөр хэлбэл зохих журмын дагуу орон сууц худалдан авсан. Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь орон сууцны ипотекийн зээлд хамрагдаж, тухайн орон сууцны үнийг төлснөөр дуусгавар болсон буюу энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний үүргийн харилцаа юм. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан нөхцөл үүссэний улмаас нэхэмжлэгч нь мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д заасан шаардлага гаргах эрхээ алдсан. Учир нь орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь ашиглалтын явцад бий болдоггүй төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед байсан доголдол бөгөөд үүнийг нэхэмжлэгчид мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. Гомдлын шаардлага гаргах хугацааг 2015 оны 02 сарын 05-ны өдрөөс буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлсэн үеэс тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 6 сарын хугацаа өнгөрсөн байна. Мөн магадлалын үндэслэл болсон талбайн хэмжээг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь хууль бус гэж үзэж байна. Хариуцагчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 06-ны өдрийн 101/ШШ2015/18940 дугаар захирамжаар шинжээчээр “Лэндс” ХХК-ийг томилсон. Гэвч “Лэндс” ХХК-ийн захирлын 2016 оны 06 сарын 20-ны өдрийн 16/12 тоот тушаалаар шинжээчээр “Цэнхэр дөхөм” ХХК-ийг томилсон нь шинжээч томилох эрхгүй этгээд шинжээч томилсон байна. Мөн “Цэнхэр дөхөм” ХХК нь барилгын зураг төсөл хийх эрхгүй байна. Учир нь шүүхэд ирүүлсэн “Цэнхэр дөхөм” ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Шинжээчид дүгнэлт гаргахаас өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлүүдтэй танилцахыг сануулсан боловч хууль сануулсан баримтанд гарын үсэг зурж ирүүлээгүй байна. Үүнийг магадлалын үндэслэл болгосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээний 1.4-т зааснаар тагтны хэмжээг 0.5 итгэлцүүрээр тооцохоор заасан боловч МNS6058:2009 стандартад тагтны хэмжээг 0.3 итгэлцүүрээр тооцохоор заасан байна. Нийт тагтны хэмжээ 4.46 м.кв*0.3 гэхээр 1.34 м.кв, 4.46 м.кв-0.5 гэхээр 2.23 м.кв буюу дүгнэлтээс 0.89 м.кв-аар зөрүү байгааг анхаарч шийдвэрлэхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд нийцүүлэн тайлбарлан хэрэглээгүйгээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч С.Эрдэнэболор нь хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-д холбогдуулан байрны захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 8.591.600 төгрөг, банкны хүүнд төлсөн 978.570 төгрөг, байрны хэмжилт хийлгэсэн зардалд 84.700 төгрөг, нийт 9.654.870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч байрнаас өөрөө сонголтоо хийж, орон сууц,  талбайн хэмжээ, үнийг зөвшөөрч, харилцан тохиролцсон, барилга зураг төслийн дагуу баригдсан гэж маргажээ.

Зохигчдын  хооронд гэрээ байгуулагдсан, орон сууцыг барьж ашиглалтад оруулсан, орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн, орон сууцыг С.Эрдэнэболорын өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

С.Эрдэнэболор нь хариуцагч “Юу би эйч проперти” ХХК-тай 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ” байгуулж, гүйцэтгэгч “Юу би эйч проперти” ХХК нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, “Хаппи таун” хотхон, ХД 73 дугаар байрны 7 давхарт 61.91 талбайтай 2 өрөө орон сууцыг 2014 оны 1 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулах, захиалагч С.Эрдэнэболор нь гэрээнд заасан хөлс 116.390.800 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ./хх- 5-8/

2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт”-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 дугаар сараас баригдаж эхлэн 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр баригдаж дууссан болох нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл “Юу Би Эйч проперти” ХХК  маргааны зүйл болж буй орон сууцны барилгыг 2013 онд “Өндөр буянт холдинг” ХХК-иас худалдан авсан ба “...гэрээ байгуулах үед 70 хувийн гүйцэтгэлтэй, засал чимэглэлээс бусад ажил хийгдсэн байсан...” талаарх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд гүйцэтгэгч нь орон сууцыг 2014 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулах үүрэг хүлээснийг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Иймээс зохигчдын хооронд гэрээ байгуулагдсанаас хойш 3 сар гаруй хугацаанд ашиглалтад орох барилгыг нэхэмжлэгчийн захиалгаар баригдсан байр гэж үзэх үндэслэл тодорхой бус юм. 

Зохигчдын хооронд дээрх маргаан бүхий орон сууцны талаар хэлцэл хийгдэх үед гэрээний зүйл болох орон сууц  баригдсан байсан ба нэхэмжлэгч өөрийн байрыг сонгож, гэрээ байгуулан төлбөр төлөхөөр хариуцагчтай тохиролцсон нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул С.Эрдэнэболор болон “Юу би эйч проперти” ХХК нарын хооронд бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэх ба мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4.-т “худалдан авагч энэ хуулийн 254.3-т заасан эд хөрөнгийг хүлээн авсан бол худалдагч нь гэрээний үнэд хувь тэнцүүлэн дутуу эд хөрөнгийн үнийг буцааж төлөх үүрэгтэй” гэжээ.

Илүү төлсөн төлбөрийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэгчийн шаардлага хуулийн дээрх зохицуулалтад хамаарахаар байх боловч нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2.-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцох ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан байна.

Нэхэмжлэгч 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2014/709 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актын дагуу орон сууцыг хүлээн авсан байх тул тухайн үед орон сууцны талбайг хэмжүүлэх, эд хөрөнгийн доголдлыг мэдэх боломжтой байжээ. Нөгөө талаар орон сууцны талбайн хэмжээний зөрүүтэй байдал нь барилгын ашиглалтын явцад мэдэгдэх далд доголдол биш тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар худалдан авсан орон сууцны талбайн талаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна     

    Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 123 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...343.1, 349.1...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 171.960 /нэг зуун далан нэгэн мянга есөн зуун жар / төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.ЦАГААНЦООЖ

                                                ШҮҮГЧ                                                Д.ЦОЛМОН