Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 179

 

А.Б, Б.Г нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Х.Сэлэнгэ, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 617 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1263 дугаар магадлалтай, А.Б, Б.Г нарт холбогдох 1910000000480 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цогт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 7 дугаар гудамжны 89 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй Х овогт А.Б,

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, эрэгтэй 23 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Бурхантын 3 дугаар гудамжны 48-1 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Б.Г.

А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд архидан согтуурч М.Д-г хутгалж алсан,

Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд А.Б-тай маргалдан түүний нүүр, гар хөлөн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.Б-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд Б.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б-г 10 жил хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж,

Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан А.Б-с 4,203,786 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-д, шүүгдэгч Б.Г-с 100,000 төгрөг гаргуулж, А.Б-т тус тус олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээр гэрч Д “Б.Г-н гутал, хувцас, бугуй, шилбэ дээрээ цустай байсан, нэг жолооч хүүхэд надад ирээд хэрэг гардаг шөнө энэ хавийнхан унтаагүй, Б.Г-н аав ирээд манайд ийм алуурчин байдаггүй гээд хүүхдээ хөөгөөд явуулсан”, мөн гэрч Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэгтээ “Намайг хэргийн газарт очиход Б, У, мөн талийгаач, А.Б нар байсан, Б.Г бол байгаагүй. Тухайн гудамж гэрэлтэй байсан. Тэгээд хэргийн газарт үзлэг хийхдээ биднийг хэргийн газраас хол байлгаж байгаад нэг цагдаа нэг хутга авч явсан. Уг хутга нь цагаан өнгөтэй байсан юм” гэж маш тодорхой хэргийн бодит үйл баримтыг тогтоох ач холбогдолтой мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх мэдүүлгүүдийг хэрэгт ач холбогдолгүй, зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй талаар үндэслэл зааж, дүгнэлт хийгээгүй атлаа шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг ноцтой зөрчсөн бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд илт хууль бус байна. Мөн Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн цустай гараараа барьсан хутганаас түүний цус илэрсэн байх бөгөөд хутганд шүүгдэгч А.Б-н цус илэрсэн нь эргэлзээ бүхий байдал үүсээгүй байна гэсэн нь нотлох баримтуудыг үнэлэхдээ танин мэдэхүйн энгийн аргуудаар шинжлэн судлаагүй буюу нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлыг арилгаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “А.Б уг хэрэг гарах орой согтуу байсан бөгөөд эрүүлжүүлэгдээд гарч ирэхэд нь хүн амины хэрэг үйлдсэн гэж хүлээн зөвшөөрүүлсэн мэдүүлэг авсан. Тус мэдүүлэгт үндэслэж хэргийг А.Б руу чиглүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч Б.Г-н “А.Б М.Д-г хатгасан, би хутгыг нь сугалж аваад хашаа давуулж шидсэн” гэх мэдүүлэг байх боловч хутганаас амь хохирогчийн биш эсрэгээрээ А.Б-н цус илэрсэн. Мөн гэрч Б.Ж хоёр хутга байсан талаар маш тодорхой хэлсэн. Талийгаачийн гадуур хувцсанд 2.1 см өргөнтэй зүсэгдсэн байсан боловч хутганы өргөн 1.8 см байдаг. Үүнийг шинжээч хууль зүйн үндэслэлтэй, эргэлзээгүй тайлбарлаж чадаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулах хүсэлтийг хангасан мөртлөө шинжээчийн хурал давхацсан байхад оролцуулалгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн. Хэрэв “шинжээч амь хохирогчийн цус хутганд заавал үлдэнэ” гэх хариултыг хэлсэн бол эргэлзээ төрөх нөхцөл байдлыг бий болгох байсан. Хэргийн үйл баримт тогтоогдоогүй, ганцхан А.Б-н согтуу байхдаа өгсөн, хууль сануулахгүй авсан мэдүүлэгт хайрцаглагдаж хэрэг шалгагдсан. Иймд мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх шаардлагатай” гэв.

Мөн шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Д.Батбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэрэг гарахад амь хохирогч М.Д, шүүгдэгч Б.Г, А.Б нар л байсан. Хэргийн газар хүмүүс очиход нэг нь нас барсан байдалтай, нэг нь ухаан алдсан байдалтай байж байсан. А.Б-с 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгчтэй мэдүүлэг авсан гэдэг нь үндэслэлгүй. Учир нь н.Б өмгөөлөгчтэй 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдлууд байдаг буюу нотлогдвол зохих байдлыг бүрэн нотлоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Г-н өмгөөлөгч Х.Сэлэнгэ шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “А.Б-н өмгөөлөгч нарын гаргасан гомдолд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал хөндөгдөж байна. Хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан” гэв.

Прокурор Ш.Одонсүрэн хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан. Гэтэл шүүгдэгч нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, 16.11, 16.12 дугаар зүйлд заасан нотлох баримтыг ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй. Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлсэн байна. Хэрэгт яллах болон цагаатгах талын бүх нотлох баримт авагдсан бөгөөд үгүйсгэсэн болон тогтоогдож буй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн А.Б, Б.Г нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

А.Б нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд архидан согтуурч М.Д-г хутгалж алсан,

Б.Г нь 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр шилжих шөнө Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 25 дугаар гудамжинд А.Б-тай маргалдан түүний нүүр, гар хөлөн тус газар цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд А.Б, Б.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг тайлбарлан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хүнийг алсан гэмт хэрэгт А.Б-т 10 жилийн хорих ял, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Б.Г-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нар нь “Гэмт хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй, гэрч нарын мэдүүлгүүдэд дүгнэлт хийгээгүй, нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлыг арилгаагүй, шинжээч хууль зүйн үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг авсан” гэж шүүх хуралдаанд тайлбар гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл баримтын дүгнэлттэй маргасан агуулга бүхий гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн тогтоосон үйл баримтаар шүүгдэгч А.Б нь амь хохирогч М.Д-н зүүн урд цээжин тус газарт нэг удаа хутгалсны улмаас М.Д нас барсан болох нь шинжээчийн дүгнэлтүүд болон хэргийн газарт дуудлагаар очсон түргэн тусламжийн эмч Б.Б, цагдаагийн ажилтан Н.Б, гэрч Б.Э, Т.Б, Б.Ж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М нарын мэдүүлэгт тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоосон байх бөгөөд нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үгүйсгэх, хэргийн үйл баримтад эргэлзээ төрүүлэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон шинжээчийн дүгнэлтүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг үнэлж гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн хувьд хязгаарлагдмал юм.

Мөн шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын гаргасан гомдол нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтыг дахин шалгах, тогтоохтой холбоотой асуудал байх бөгөөд энэ нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул шүүгдэгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нар хамтран гаргасан гомдолдоо гэрч Д,  Ж нарын мэдүүлгийг иш татан зарим үйл баримтуудыг дурдаж “маш тодорхой хэргийн бодит үйл баримтыг тогтоох ач холбогдолтой мэдүүлгүүдэд давж заалдах шатны шүүх ач холбогдол өгөөгүй, ... шүүхийн шийдвэрүүд илт хууль бус” гэсэн байх боловч мэдүүлгүүдийн хэргийн хамаарал, шүүхийн шийдвэрт хэрхэн нөлөөлөх байсан талаар үндэслэл дурдаагүй, учир зүйн нотолгоо хийлгүйгээр гомдлоо ирүүлсэн байна. Мөн хутганаас хохирогчийн бус шүүгдэгчийн цус илэрсэн нь аль баримттай зөрчилдөж, хэргийн ямар нөхцөл байдлын талаар хэрхэн эргэлзээ үүсгэж буй талаар тайлбарлан бичээгүй атлаа “нотлох баримтуудыг үнэлэхдээ танин мэдэхүйн энгийн аргуудаар шинжлэн судлаагүй буюу нотлох баримтуудын харилцан зөрүүтэй байдлыг арилгаагүй” гэж шүүхийг буруутгасан нь гомдлын үндэслэл сул гэж дүгнэхэд хүргэсэн болно.

Мөн гомдолдоо “...хэрэв шинжээч амь хохирогчийн цус хутганд заавал үлдэх талаар хэлсэн бол эргэлзээ төрөх нөхцөл байдлыг бий болгох байсан” гэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ямар зөрчлийн талаар өгүүлсэн нь ойлгомжгүй, хэргийг шүүн хэлэлцэх цаг мөчид хэргийн талаар тогтоогдсон бодит нөхцөл байдалд тулгуурлаж санал, дүгнэлт хэлэх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна.

Нотлох баримтыг хууль зөрчиж цуглуулсан нь түүнийг яллах талын нотлох баримтаас хасах үндэслэл болж шүүгдэгчийн эрх зүйн байдалд эерэг  нөлөө үзүүлэх тул энэ зорилгоор нотлох ажиллагааны талаарх гомдлыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргадаг. Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан А.Б-с 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр авсан мэдүүлгийг хууль зөрчиж авсан гэх үндэслэлээр хүчингүй болгох агуулгатай санал, дүгнэлтийн тухайд мөрдөн байцаалтын үед А.Б гэм буруугаа үгүйсгэж байсан байх тул яллах талын баримтад хамаарахгүй гэж үзэх бөгөөд нотлох баримтаас хасах нь шүүгдэгчийн хувьд ач холбогдолтой шийдвэр байж таарахгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 617 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1263 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч А.Б-н өмгөөлөгч Н.Баатардорж, Д.Батбаяр нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                               Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                        Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН