Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 119/2018/0001/З |
Дугаар | 221/МА2018/0355 |
Огноо | 2018-06-19 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2018/0355
Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч Э.О нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлоор, “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.О-д холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.О-д тус тус холбогдуулан гаргасан “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.9, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.О-д тус тус холбогдуулан гаргасан “Иргэн А.З болон “И-О” ХХК-ийн улсын бүртгэлийн Ү-............ дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нар давж заалдах гомдолдоо: “...“Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Б.Н, улсын бүртгэгч Э.О, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “21...... дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийг гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд тус хэргийг хянан шийдвэрлэсэн Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн тухайд:
1.1. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн холбогдох заалтыг тайлбарлан хэрэглэсэн, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан “...иргэн А.З нь уг үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх талаар “Д” ХХК-ийн захирал Ч.Ц-т мэдэгдэж, түүний тодорхойлолтыг авсан байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” гэж шүүх дүгнэсэн байгаа нь Иргэний хуулийн хүсэл зоригийн илэрхийлэл, хүсэл зоригийн нэгдэл, иргэний эрх зүйн гэрээ байгуулах үе шатыг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг хэрэглэж, хэрэг маргааны үйл баримтанд дүгнэлт хийж, захиргааны байгууллагын үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх талаарх захиргааны хяналтыг хэрэгжүүлэхийн оронд нэхэмжлэгчийн үйлдэл, үйл ажиллагаа, хүсэл зоригийг тайлбарлах замаар захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааг хамгаалж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилгыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон байна.
2. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд:
2.1. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ “...Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд газар, газар дээрх үл хөдлөх хөрөнгө өөр өөр этгээдийн эзэмших, өмчлөх эрхэд хамаарч байгаа тохиолдолд бүртгэлийг хэрхэн хийх талаар нарийвчилсан зохицуулалт байхгүй байна” гэж үндэслэл муутай дүгнэлтийг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 11 дүгээр зүйлийн 11.1, 11.4-д заасныг зөрчин Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага, албан тушаалтныг үүрэгжүүлсэн зохицуулалт, Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчим, үзэл баримтлал, газрын талаарх холбогдох зохицуулалтыг хэрэглэхгүйгээр нэхэмжлэгчийг өөрөө зөвшөөрч иргэн А.З-д улсын бүртгэлийг гэрчилгээ олгуулсан мэтээр дүгнэж байгаа нь ноцтой зөрчил болжээ.
Мөн нэхэмжлэгчийг газар эзэмших эрхээ хэтрүүлсэн гэж дүгнэж байгаа ба эрхээ хэтрүүлэх нь иргэн, аж ахуйн нэгж байгууллага гэхээсээ илүү төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хамааралтай атал ийнхүү бодит нөхцөлд тохирохгүй дүгнэлтийг хийж байгаа нь мөн хэрэглэх ёстой хуулийг хэрэглэхгүйгээр шийдвэрлэснийг илтгэн харуулж байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4 дэх хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргаж буй этгээд нь газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбарыг мэдүүлэгт хавсаргахаар заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь хэсэгт мэдүүлэг гаргагч нь мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийг хавсаргаагүй бол улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар зохицуулсан байна.
Гэтэл улсын бүртгэгч Б.Н нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. Шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг тайлбарлан хэрэглээгүй.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:
3.1. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нарт холбогдуулан улсын бүртгэл, түүнийг нотлох баримт болох гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байх бөгөөд, үүний үндсэн дээр газар чөлөөлүүлэхийг хүссэн шаардлагыг дагавар нэхэмжлэлийн шаардлага болгон гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндсэн шаардлагаа өөрийн эзэмшлийн газарт үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон үйлдэл нь хууль бус болсон, түүнийг үндэслэж олгосон гэрчилгээг хүчингүй болгох шаардлага гаргасаар байхад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахгүйгээр, хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэлийг тодруулахгүйгээр шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 65 дугаартай тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр товлож зарласан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.3, 52.2.4-д заасан бүрдүүлбэр хангуулах, улмаар мөн хуулийн 52.5.1-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодорхойлж шүүхэд хандах боломжтойг заан, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 54.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах хууль зүйн үндэслэл байсаар байхад шүүх “Д” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна.
Нөгөө талаас Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах боломжтой байтал шүүх ийнхүү захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, урьдчилсан хэлэлцүүлгийн зарлан, улмаар шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийг хянан шийдвэрлэж, захиргааны хэргийн шүүх харьяаллын маргаан биш гэж хүлээн авахаас татгалзаж байгаа нь нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлох ажиллагааг хийх боломж олгоогүйг харуулж байна
3.2. Уг хэрэгт гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар нь “Д” ХХК-ийн газартаа давхцаагүй талаарх кадастрын зургийг шүүх хуралдаан дээр тайлбарласан байх ба хэрэгт уг маргаан бүхий газрын кадастрын зургийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлэхдээ нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эзэмшилд хамаарахгүйгээр зурж баталгаажуулсан байна. Уг байдлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Ц нь “...хамгийн суулд 2014 онд кадастрын зураг гарсан байгаа. Хавтаст хэрэгт байгаа зураг бол хууль, өөр байна гэж үзэхээр байна. Надад эх хүвиараа байгаа зураг өөр байна” гэж тайлбарлаж байсан байх ба энэ талаар гуравдагч этгээд А.З маргахгүй байгаа ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан шүүх нотлох зарчим, 7.1-д заасан үүргийг хэрэгжүүлээгүйг харуулна. Тодруулбал, “Д” ХХК-ийн эзэмшиж буй газрын кадастрын зургийг хэрэгт нотлох баримтаар аваагүйгээс харагдаж байна. Энэ нь анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дүгнэлт, шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд шууд хамааралтай, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатай байна. Хэрэв маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар нь “Д” ХХК-ийн эзэмшлийнх үү, эсхүл нийтийн эзэмшлийнх үү гэдгээс шууд хамаарч нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэх талаарх хууль зүйн үр дагавар өөр өөр байна.
Үүнийг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд захиргааны албан тушаалтан халдсан эсэх, энэ нь хууль ёсны болон хууль бус эсэхийг тогтоох зайлшгүй ач холбогдолтой байна. Гэтэл анхан шатны шүүхээс уг үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар нь “Д” ХХК-ийн эзэмшлийн газар мөн эсэхийг тогтоосон бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүх хуралд хэргийн оролцогчдын гаргасан тайлбарт дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
3.3. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгийг зарлахдаа нотлох баримт хангалттай бүрдсэн гэж захирамжийн Үндэслэх хэсэгтээ дурдсан атлаа нотлох баримт гаргуулахаар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай албан бичгийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан “Нотлох баримт гаргуулах тухай” гэх албан бичгийг илгээжээ. “Шүүх хуралдааны тов тогтоох, урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2, 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар нотлох баримт хангалттай цугларсан гэж үзвэл шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлгийг зарлахаар заасан байтал Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ямар нотлох баримтыг шүүхэд ирүүлэх нь тодорхойгүй, мөн гуравдагч этгээд А.З-ийн анх улсын бүртгэлд хандаж гаргасан гараар бичсэн өргөдөлдөө дурдсан “...Засаг даргын болон “Д” ХХК-ийн тодорхойлолтыг хавсаргав” гэснийг анхааралгүй орхиж, 2004 оны 01 дүгээр сарын 29-нд аймгийн Засаг даргын тодорхойлолтыг гуравдагч этгээд авсан эсэх талаарх нотлох баримтыг аймгийн Засаг даргаас гаргуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэжээ.
Үүнээс үзвэл анхан шатны шүүх нотлох үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэхээр байна.
3.4. Анхан шатны шүүх 2004 оны 01 дүгээр сард бүртгэл хийж гэрчилгээг олгосон улсын бүртгэгч Б.Н-ийг гэрчээр оролцуулан А.З-д гэрчилгээ олгох хуульд заасан ямар үндэслэл байсан. “Д” ХХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг зөвшөөрсөн эсэх, зөвшөөрсөн бол хуульд нийцэж байгаа эсэхийг эсэхийг шалгасан, газар нь “Д” ХХК-ийн эзэмшиж буй газарт хамаарч байгаа эсэх, Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2-т заасан төрийн хамгаалалтанд байх, газар төрийн өмч байх зохицуулалт нь энэхүү улсын бүртгэлд хамаарах эсэхийг тодруулах ажиллагааг хийлгүйгээр нотлох баримт цугларсан гэж үзэж байгаа шүүх хуралдаанаар хэлэлцсэн нь шүүхийн шийдвэр нотлох баримтанд үндэслээгүйг харуулж байна.
Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлын дагуу хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх” шаардлагын тухайд үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. Уг нэхэмжлэлийн шаардлага нь Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст болон улсын бүртгэгчид хамааралгүй бөгөөд уг газрын маргаан нь “Д” ХХК болон “И-О” ХХК /захирал А.З/-ийн хооронд газар эзэмших, ашиглах асуудлаар үүссэн маргаан байна. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэг /Газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга/-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд газар эзэмших, ашиглах талаар үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэхээр заасан.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч “Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх”-ийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зөв байна.
Нэхэмжлэлийн “Улсын бүртгэлийн Ү-21...... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх зохих дүгнэлтийг хийж шийдвэрлэсэн байна. Гэхдээ хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “Д” ХХК нь өөрийн эзэмшил бүхий газраа иргэн А.З-д “Түрээсийн гэрээ”-ний үндсэн дээр үнэ төлбөртэйгөөр, 15 жилийн хугацаатайгаар ашиглуулахаар харилцан тохиролцсон болох нь нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын шүүхэд гаргасан тайлбар, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2006, 2008, 2010, 2011, 2013, 2017 онуудад байгуулж байсан “Түрээсийн гэрээ” зэргээр тогтоогдож байгаа бөгөөд А.З нь “Д” ХХК-ийн захирал Ч.Ц-тэй түүний эзэмшлийн газар дээр барилгын материал худалдаалах зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө барих талаар харилцан тохиролцож, түүний зөвшөөрснөөр 2004 онд тухайн үл хөдлөх хөрөнгийг шинээр барьж дуусгасан байна.
Өөрөөр хэлбэл, иргэн А.З нь “Д” ХХК-ийн зөвшөөрөлтэйгөөр, харилцан тохиролцсоны үндсэн дээр тухайн газар дээр барилгын материал худалдаалах зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө барьж ашиглалтад оруулан, уг үл хөдлөх эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх талаар “Д” ХХК-ийн захирал Ч.Ц-т мэдэгдэж, түүний тодорхойлолтыг авсан байгаагаас дүгнэвэл нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзэх үндэслэлтэй.
Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй. Учир нь шүүх захиргааны хэргийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ хариуцагчаар нэрлэн заасан улсын бүртгэгч Б.Н, Д.О нарт холбогдуулан үүсгэсэн, улмаар улсын бүртгэгч Б.Н өндөр насны тэтгэвэртээ гарсан нь тогтоогдсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг баримтлан Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийг хариуцагчаар татан оролцуулсныг буруутгах үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох, түүнийгээ ихэсгэх, багасгах, өөрчлөх эрхтэй. Энэхүү эрхийг нь эдлүүлээгүй хууль бус үйлдэл шүүхийн зүгээс гаргаагүй байх тул “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 54.2-т заасан үндэслэлээр нэхэмжлэлийг буцаах хууль зүйн үндэслэл байсаар байхад шүүх “Д” ХХК нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 01 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээр байна” гэсэн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Давж заалдах гомдолд дурдсан “...анхан шатны шүүхээс уг үл хөдлөх хөрөнгө оршин байгаа газар нь “Д” ХХК-ийн эзэмшлийн газар мөн эсэхийг тогтоосон бичгийн нотлох баримтыг бүрдүүлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүх хуралд хэргийн оролцогчдын гаргасан тайлбарт дүгнэлт хийж хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-д заасныг зөрчин хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхээр байна” гэсэн үндэслэлийг хүлээн авах боломжгүй. Хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч “Д” ХХК-ийн эзэмшил газар дээр байрлаж одоогоор 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа болох нь хөтөлбөргүй тогтоогдсон төдийгүй нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн хэн аль нь энэ талаар маргаагүй байна. Нэгэнт талуудын маргаагүй үйл баримтын талаар дахин нотлох баримт цуглуулах шаардлагагүй.
Иймд шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт орууллаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон улсын бүртгэгч Э.О-д холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “Д” ХХК-ийн “Улсын бүртгэлийн Ү-21....... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах, Зуун айл худалдааны төвийн өргөтгөлийн газрыг чөлөөлөх” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж, шийдвэрийн 3 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай” гэж, 4 дэх заалтын дугаарыг “3” гэж тус тус өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР