Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2019/0658/З |
Дугаар | 106 |
Огноо | 2020-04-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 106
Н.Ц-ын гомдолтой, Нийслэлийн
мэргэжлийн хяналтын газрын Байгаль
орчин, газар, геодези зураг зүйн хяналтын
улсын байцаагч Г.Ц-А-д
холбогдох зөрчлийн хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Гомдлын шаардлага: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц-Аийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулах
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0855 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Гомдол гаргагч Н.Ц,
Хариуцагч Г.Ц-А,
Гомдол гаргагчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 128/ШШ2019/0855 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 2, 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геологи, уул уурхайн хэлтсийн хяналтын улсын байцаагч Г.Ц-Аид холбогдуулан гаргасан тус байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий Н.Ц-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдол гаргагчийн гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 44 дүгээр магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 855 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Гомдол гаргагч Н.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн зам талбайд модон жорлон барьсан гэжээ. Гэтэл бид ЧД-ийн Засаг даргын 252-р захирамжтай, Мон-Мет компанийн кадастрын зургийг үндэс болгож баруун урд айлын нойлтой хашааны буланд зэрэгцүүлэн барьсан байдаг. /Холбогдох нотлох баримтыг фото зургаар хавтаст хэрэгт хийсэн/.
4. Энэ хүн өөрөө нийтийн эдэлбэрийн зам талбайг зөрчин олон зөрчил гаргаж. хууль бус үйлдэлд Газрын албатай үгсэн хуйвалдаж 2015 онд хөлсний ажилчдыг ашиглан хүч түрэн хашаан дотор хашаа барьж, манай нойлийг хоёр давхар төмөр хашаагаар хаан зөрчил үүсгэчхээд мөрөөрөө амьдарч байгаа надад зөрчил үүсгэх гээд мэрийгээд байгаа учир шалтгааныг олохгүйгээр зөвхөн нэг талыг барьж холбогдох бичиг баримтыг дутуу үнэлээд байгаа анхан шатны шүүгчийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, гомдолтой байна.
5. Хоёр дахь шалтгаан нь Авто машины грашийн бетон суурь цутгасан гэжээ. Энэ нь гомдол гаргагч Ч.Ө нь манай хашаа руу 2 м сунгаж, хөлсний ажилчдаар хүч түрэн 2015 онд блокон хашаа татсан байдаг бөгөөд бид хүний хэл ойлгодоггүй хүнтэй яриад ч яахав гэж бодоод өөрсдийн эзэмшлийн газартаа грашийн суурь цутгасан. Энэ нь манай кадастрын зураг, газрын гэрчилгээгээр нотлогддог. Иймээс энд зөрчил үүсгэсэн дүгнэлт буруу байна.
6. Гурав дахь шалтгаан нь: Нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх гэжээ. Энэ нь ЧД-ийн Газрын албаныхан хууль бус газар олголтын асуудлаа шийдвэрлээгүй, газар дээрэмдэгчидтэй хамсан хуйвалдаад байгаа нотлох баримтууд байсаар байхад шууд утгаар нь надад хүчээр торгууль оноож, газрын тухай асуудалтай хутган зөрчил үүсгэх нь учир дутагдалтай байна.
7. Иймээс Улсын мэргэжлийн байцаагч Г.Ц-А нь Нийслэлийн БОГ-с өгсөн дүгнэлтээр /НБОГ-ын 2017.02.22-ны 02/1126 тоот/ ЧД-ийн Газрын албаны газар олголт хууль бус байсныг эцэслэн шийдвэрлэж өгөөгүй байхад албан тушаалтнууд бол МУ-ын хуулийг зөрчиж болдог мэт дүгнэлт гаргасан нь буруу гэж үзэж байна. МУ-ын Ойн тухай хуулийн заалт Улсын мэргэжлийн хяналтын байцаагчид хамааралгүй байхад зөвтгөж байгаад гайхаж байна. Ийм маягаар улсын мэргэжлийн хяналтын байцаагч нь жирийн иргэнд тулган зөрчил үүсгээд 20 жилийн дараа шууд утгаар нь торгууль тавиад үүнийг нь шат шатны шүүгчид дэмжээд, ийм ил тод баримттай асуудлыг дутуу үнэлээд шударга шүүхгүй байгаад гомдолтой байна.
8. Иргэн миний эрхийг ноцтой зөрчсөн МХБ-гч Г.Ц-Аийн шийтгэлийн хуудсыг үнэн зөв бодитой гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нь хууль ёсны болон үндэслэл бүхий болоогүй байгаад МУ-ын Дээд шүүх анхааран үзэж дээрхи 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, надад авсан арга хэмжээг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.
ХЯНАВАЛ:
9. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц-Аийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 0066258 дугаар “Шийтгэлийн хуудас”-аар иргэн Н.Ц-ыг “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан” гэж Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10.1-д заасныг үндэслэн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгосныг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогч Н.Ц-аас “зөрчил гаргаагүй” гэж маргаж, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдлын шаардлага гаргасан байна.
10. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
11. Иргэн Ч.Өын удаа дараа гаргасан “...Гүнтийн зусланд иргэн Цэрэнлхам нь 2014 оноос нийтийн эзэмшлийн гудамж талбайд модон жорлон, муу усны нүх, гражийн бетон суурь цутгаж, орц гарц хааж, иргэдийг хохироож байгааг таслан зогсоох, хууль зөрчсөн үйлдлийг шалгаж арга хэмжээ авна уу” гэх гомдолд холбогдуулан, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, газар, геодези зураг зүйн хяналтын улсын байцаагч Г.Ц-А нь зөрчлийн хэрэг нээж, уг байдлыг газар дээр нь шалгаж, иргэн Н.Ц- нь өөрийн эзэмшил газрынхаа хил заагийг тодорхойлсон хашааны гадна талд буюу автомашины болон явган хүний зам дээр байрлуулан модон жорлон, муу усны цооног барьж ашиглаж байгааг, мөн өөрийн хашаатай залгуулан гражийн суурь цутгасан зэргийг тогтоосон ба зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчилд холбогчийн эрхийг хангасан болох нь 1802000562 дугаартай зөрчлийн хэргийн материалаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.
12. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 8.1 дүгээр зүйлийн 10-т “хуульд заасныг зөрчиж: ... 10.1.эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан; /энэ хуулиар торгуулийн шийтгэл оногдуулна/, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 63 дугаар зүйлийн 63.2-т “энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус зааснаас үзвэл, газрыг зохих зөвшөөрөлгүй ашигласан аливаа этгээдийн уг үйлдэл нь Газрын тухай хуулийг зөрчсөнд тооцогдоно.
13. Зөрчлийн хэргийн материал, захиргааны хэргийн шүүхээс гомдлыг хянах шийдвэрлэх ажиллагааны явцад цуглуулсан нотлох баримтуудаас үзвэл, Н.Ц- нарын 7 иргэний нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2012 оны А/186 дугаар захирамжийн Ч.Ө нарын 7 иргэнд холбогдох хэсгийг хүчингүй болгох /Н.Ц-ын хувьд газар хэсэгчлэн давхцалтай, орц гарц хаасан гэх/ шаардлага бүхий захиргааны хэргийн талаар гарсан нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2018 оны 0275 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 0411 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 410 дугаар тогтоолоор нэхэмжлэгч /Н.Ц- хамаарна/ нарын газар нь гуравдагч этгээдүүдийн газартай давхцалгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин дүгнэх, гомдол гаргагчийн хяналтын журмаар гаргасан “... Ч.Ө манай нойлыг ... хашаагаар хаан өөрөө зөрчил үүсгэсэн,...манай хашаа руу 2 м сунгасан” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.
14. Түүнчлэн, нийслэлийн Байгаль орчны газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 02/1126 дугаар албан бичгээр Чингэлтэй дүүргийн Засаг даргад шилжүүлсэн Н.Ц-ын гомдлыг шийдвэрлээгүй гэх үйл баримт нь газрыг зөвшөөрөлгүй ашиглаж буй түүний үйлдлийг зөвтгөх шалтгаан болохгүй, иймээс гомдол гаргагчийн “... газар олголт хууль бус байсныг эцэслэн шийдвэрлэж өгөөгүй байхад байцаагч Г.Ц-А нь ... хуулийг зөрчиж болдог мэтээр дүгнэлт гаргасан нь буруу” гэх гомдлыг хүлээж авахгүй.
15. Мөн, шийтгэлийн хуудсыг прокурор хянасан нь уг хуудасны арын нүүрэн дэх нийслэлийн Прокурорын газрын газрын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дардас, прокурорын 12 дугаар сарын 21-ний өдрийн “хянав” тэмдэглэгээгээр нотлогдсоны зэрэгцээ шийтгэлийн хуудсыг Н.Ц-д шуудангаар хүргүүлсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ” гэж заасныг зөрчөөгүй, гомдол гаргагчийн “... прокурор хянасан гэж үзэх боломжгүй, ...шийдвэрээ танилцуулж гарын үсэг зуруулаагүй байж тулган торгууль тавьсанд гомдолтой” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.
16. Харин, Н.Ц- нь “... 2 зэрэгцээ жорлон баригдсан байхад ганцхан надад шийтгэл оногдуулсан” /тэгш байдлын зарчим алдагдсан/ гэж үзэж байгаа бол энэ асуудлаар эрх бүхий байгууллагад хандах, нийтийн эзэмшлийн зам талбайгаас “нөгөө” жорлонг зайлуулахад энэ тогтоол саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
17. Эдгээр үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, Н.Ц-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШШ2019/0855 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 44 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар гомдол гаргагчаас хяналтын журмаар гомдол гаргахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ