| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Рэнцэнноровын Батбаяр |
| Хэргийн индекс | 157/2025/00508/И |
| Дугаар | 157/ШШ2026/00024 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 157/ШШ2026/00024
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Х******* овогт Т******* С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д******* овогт Э******* М******* холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т*******, нэхэмжлэгч Т.С*******, хариуцагч Э.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.С******* нь хариуцагч Э.М******* холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
1.1 "М*******ай 2014 оноос танилцан үерхэж, 2017 оноос хамт амьдарч эхэлсэн. Бид хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2018 оны 06-р сарын 09-ний өдөр хүү М.Г мэндэлсэн. М******* бид хоёр харилцан тохиролцсоны улмаар 2022 оноос тус тусын амьдралаа хөөсөн тул одоо миний бие ажил хийх боломжгүй асаргаанд байгаа тул хүү М.Г******* тэтгэлэг тогтоолгож өгнө үү. М******* бид хоёр эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.
1.2 Нэхэмжлэгч Т.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би 2022 онд төмөр замд суралцахаар явсан. Э.М******* Улаанбаатар хот явсан. Бид хоёр жил гаран хөндий байж байгаад эргэж нийлэхээргүй тусдаа амьдарч байгаа. Миний хувьд хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Би Дорноговь аймгийн Даланжаргалан сумын төмөр замд ороод 3 жил ажиллаж байна. Тэгээд би ирэн очин байдаг.Тухайн үед хөдөө амьдардаг байсан болохоор гэрлэлтээ батлуулж чадаагүй, 2025 оны 08 сард авто осолд ороод гэртээ байгаа, том тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Би нэлээн бэртэлтэй 2 сар хэвтэрт байж байгаад босож ирсэн гэв.
2. Хариуцагч Э.М******* шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Т.С гаргасан хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хүүхдийн эрх, ашиг сонирхлыг харгалзан хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэмжийг тогтоож өгнө үү” гэжээ.
2.1 Хариуцагч Э.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Надад хэлэх тайлбар байхгүй, би хүүхэдтэйгээ боломжоороо ирж уулздаг, би хүүхдээ Улаанбаатар хот руу авчрах ч юм уу, өөрөө завтай үедээ наашаа цаашаа явахдаа уулзаад тусалж дэмждэг” гэв.
3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн цахим үнэлэхийн хуулбар (хх-н 2 хуу), улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх-н 3 хуу), Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Т.С эмнэлгийн хяналтад байдаг тухай тодорхойлолт (хх-н 4 хуу), Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цэгцүүлэн дом өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 123 дугаартай М.Гийг эрүүл өсөн бойжиж байгаа тодорхойлолт (хх-н 5 хуу), хүү Мө******* Г төрсний гэрчилгээний хуулбар (хх-н 6 хуу) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн бол хариуцагчаас ямар нэгэн нотлох баримтыг ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Э.М*******аас хүү М.Г*******эд хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэж
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн ба мөн энэхүү байр сууриа шүүх хуралдаан дээр бататгасан.
4. Хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хүүхдийн эрүүл өсөж, бойжиж байгаа талаарх тодорхойлолт, зэрэг нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч нь 2014 онд танилцаж тэдний дундаас 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүү М.Г төржээ. Тэд 2022 оноос хойш тусдаа амьдарсан ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтийн баталгаагүй боловч Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч ...өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага ...эцэг, эхийг тогтооно.” гэж заасны дагуу хүү М.Г эцэг нь хариуцагч Э.М******* мөн болохыг захиргааны журмаар тогтоосон, хариуцагч нь хүүхдүүдийн эцэг болохоо, мөн хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Иймд хүү М.Гийг эх Т.С асрамжид үлдээж, эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүргийнхээ дагуу эцэг Э.М*******аас сар бүр тэтгэлэг гаргуулан хүү М.Гийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж тус тус заасан байх тул зохигч тусдаа амьдарсан ч хүүхдүүдээ насанд хүртэл нь асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжлэхийг хуулиар зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 20** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн хүү М.Гийг эх Т.С асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Гийг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.М*******аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэж байгааг сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Э.М*******аас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.С*******д олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.Б