| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 101/2018/01058/И |
| Дугаар | 210/МА2018/01449 |
| Огноо | 2018-06-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2018/01449
| 2018 оны 06 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2018/01449 |
Л.Алтантуяагийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Л.Алтантуяагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдох
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Биотехнологи, инновацийн албаны биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: Л.Алтантуяа
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Мөнхнаран
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: З.Цэрэнханд нар оролцов.
Нэхэмжлэгч Л.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие биологич, вирус судлаач мэргэжилтэй, улсад 33 жил 2 сар ажилласан, үүнээс төрийн үйлчилгээний албанд 29 жил 7 сар ажилласан. Гэтэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. Уг тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтуудыг үндэслэн гаргажээ. БСШУСЯ-ны инновацийн Хроматографийн аргаар уургийн бэлдмэлүүд үйлдвэрлэх технологи нутагшуулах төсөл, ШУТС-ийн захиалгат тарилгат халдварт өвчний дархлал тогтоц, түүнд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн судалгааны төслүүдэд ажиллаж ирсэн. Төслийг гүйцэтгэх календарчилсан төлөвгөөт ажлын 60 хувийн үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төвийн захирал Б.Цогтбаатарт 60 нас хүртлээ ажиллана гэж өргөдлөө 2016, 2018 онуудад өгсөн талаар хэлэхэд дээд байгууллагаас шаардсан Засгийн газраас 2 хүн тэтгэвэрт гаргаад 1 ажилд авч болно гэсэн шийдвэрийн дагуу ажиллаж байна гэсэн. Би 60 нас хүртлээ ажиллах хууль ёсны эрхийн дагуу өргөдлөө өгч байхад халсан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Тэгээд ч хоёр төсөлд шалгарч гардан оролцож байгаа болно. Тэтгэмжийн мөнгийг төсөвт суулгаснаар түүнийг тэтгэвэрт гаргаж, ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм. Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсны цалинг гаруулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхнаран шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжпэлд хариуцагч нь ямар хуулийг хэрхэн зөрчсөн талаар болон ямар үндэслэлээр нэхэмжлэл гаргасан нь тодорхойгүй байна. Л.Аптантуяа 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи, инновацийн албанд эрдэм шинжилгээний ажилтнаар ажилласан байна. Л.Аптантуяа нь улсад нийт 33.5 жил ажилласан бөгөөд үүнээс 29.8 жил нь хөдөлмөрийн хэвийн бус буюу хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласан байна. НЭМҮТ-өөс Л.Алтантуяад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3-т зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах болсон талаарх мэдэгдэлийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр захиргааны шийдвэрийг 2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр тус тус хүргүүлсэн болно. Нэхэмжлэгч Л.Алтантуяа нь 33.5 жил үүнээс 29.8 жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь хэсэгт заасны дагуу нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгоно гэсэн болзлыг хангасан байна. Хэдийгээр иргэн Л.Алтантуяа нь дээрх нөхцөлийг хангасан ч 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан тэтгэвэр тогтоолгох асуудлыг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг нь хүлээн авч захиргааны зүгээс байгууллагын цалингийн сан хасагдаагүй буюу санхүүжилтийн хувьд боломжтой байсан тул хүсэлтийг ажилтны талд бүрэн шийдвэрлэж 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийг дуустал ажиллуулсан. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан захиргааны шийдвэр нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалт нийтдээ 20-оос доошгүй жил үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол,Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт эмэгтэй даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас 1962 он ба түүнээс өмнө төрсөн бол 55 нас байна гэж заасныг тус тус үндэслэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд Л.Алтантуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Алтантуяаг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи, инновацийн албаны Биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтаны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 2 882 738 төгрөгийг хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргуулж, нэхэмжлэгч Л.Алтантуяад олгож, Л.Алтантуяагийн нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Л.Алтантуяад олгож, хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс улсын тэмдэгтийн хураамжид 61 074 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхнаран давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:
... Нэхэмжлэгч Л.Алтантуяагийн хүнд нөхцөлд ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтэрийн "ажилд авсан шалтгаан" хэсэг, ажлаас чөлөөлөх тушаалын 2 дахь хэсэг, ажилд томилох тушаалын 1 дэх хэсэг, ажлаас чөлөөлөх тушаалын 1 дэх хэсэг, нийгмийн даатгалын дэвтрийн эрхэлж байсан ажил албан тушаал" хэсэг зэргээр тогтоогддог. Шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т тус тус үндэслэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Л.Алтантуяа нь 33.5 жил үүнээс 29.8 жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж тэтгэвэрийн даатгалын шимтгэл төлсөн нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.3-д заасан тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан байтал үндэслэлгүй гэж үзсэн. Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвийн нь Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ШУТСангаас санхүүждэг бөгөөд 2018 оны төсвөөс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн хүмүүсийн цалин нь цалингийн сангаас 58 500 000 төгрөгөөр хасагдаж, харин хуулиар олгогдох тэтгэмж нь батлагдан ирсэн тул Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2-т тус тус заасныг мөн үндэслэсэн нь буруу бөгөөд хэрэгт авагдсан тухайн хэрэгт холбоотой, ач холбогдолтой нотлох баримт, зохигчдын тайлбарыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй, маргаж буй асуудлын талаар нарийвчлан зохицуулсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг хэрэглэлгүйгээр зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрсөн гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож эсхүл дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгч Л.Алтантуяа нь Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд холбогдуулан тус төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Биотехнологи, инновацийн албаны Биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ... нэхэмжлэгчид өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэж маргажээ.
2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр нэхэмжлэгч Л.Алтантуяа нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус төвийн биотехнологи инновацийн албаны эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 57-58 тал/
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалаар нэхэмжлэгч Л.Алтантуяаг өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн гэх үндэслэлээр Биотехнологи, инновацийн албаны Биотехнологич, инновацийн эрдэм шинжилгээний ажилтаны үүрэг ажлаас нь чөлөөлсөн байна. Ажил олгогч байгууллага ажлаас чөлөөдөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.3, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Төсвйн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т заасныг баримталжээ. /хх-ийн 7 тал/
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт даатгуулагч нь нийтдээ 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан байна.
Нэхэмжлэгч Л.Алтантуяа нь 1961 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн, улсад тасралтгүй 33 жил ажилласан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, тэрээр 2016 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр 55 нас хүрч, ажил олгогч байгууллагын удирдлагад 60 нас хүртэл ажиллах хүсэлтээ өгсөн гэх тайлбар гаргасныг хариуцагч байгууллага үгүйгээгүй болно. Ажилтан тэтгэвэр тогтоолгох талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэх нөхцөл байдлыг хариуцагч баримтаар нотолж чадаагүй. Иймд ажилтныг тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч Л.Алтантуяаг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалттай нийцжээ.
Шүүх Л.Алтантуяагийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг тооцохдоо Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7А-д зааснаар нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн цалин хөлсний дундаж хэмжээгээр 1 сарын цалинг 1 016 063 төгрөг гэж тооцсоныг буруу гэж үзэхгүй.
Түүнчлэн анхан шатны шүүх нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай шаардлагагы Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар хангаж шийдвэрлэсэн зөв байна.
Иймд анхан шатны шүүх хариуцагч Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч Л.Алтантуяаг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2 882 738 төгрөг /1 016 063:21,5=47 258 төгрөг, ажилгүй байсан хугацаа хоног 61*47 258= 2 882 738 төгрөг/ гаргуулж, уг олговороос шимтгэл тооцон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Нэхэмжлэгч Л.Алтантуяагийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Б/20 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэл байх тул анхан шатны шүүх уг тушаалыг хүчингүй болгоогүйг буруу гэж үзэхгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ талаар давж заалдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 101/ШШ2018/01565 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Ц.ИЧИНХОРЛОО