| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0454/э |
| Дугаар | 468 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,
нарийн бичгийн дарга Т.Солонго,
улсын яллагч А.Нямсүрэн,
шүүгдэгч Б.Д, Э.Ч /шүүгдэгч нар өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Б.Д, Э.Ч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811002130497 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Б.Д, 1966 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, Хүчит шонхор захын зохион байгуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 19-953а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:/…………./,
Шүүгдэгч Монгол улсын иргэн, У овогт Э.Ч, 1992 оны 9 дүгээр 15-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Төв аймгийн Баянхангай сумын 1 дүгээр баг Найрамдалд оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 21-347 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД:……..
Шүүгдэгч Б.Д, Э.Ч нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” худалдааны төвийн хашаанд Б.Санчирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Э.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.Санчир мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр би Шонхор захаас цагаан сарын ууцны мах аваад машинаа урд зогсоол дээр нь тавиад гарах гэсэн чинь зам түгжээтэй байсан. Тэгээд зах руу ороод эргэж гарах гэтэл үүдэнд мөнгө хурааж байсан залуу надаас 1000 төгрөг нэхсэн. Тэгээд би зогсоол дээр төлсөн, одоо би төлөхгүй гэж хэлтэл машин руу өшиглөхөөр нь машинаас бууж ирээд тэр залуутай маргаж нүүрэн тус газар нь цохисон. Тэгэхэд тэр залуугийн хамарнаас цус гараад доошоо тонгойсон. Энэ үед ...нэг хүүхэн гарч ирээд цохиулсан залуу миний нүүр тус газар цохиж хамар хугалсан харин хажуунаас тэр миний нүүр рүү түлхүүрээр цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүсээс бид нарыг салгасан...” /хх-19-20х/, “...тэр эмэгтэй гартаа түлхүүр барьчихсан байсан бөгөөд түлхүүртэй гараараа миний нүүр лүү 2 удаа ч биш 7-8 удаа цохисон. Хүзүүний зулгаралтыг Чулуунхүүтэй зууралдах үед үүссэн байх гэж бодож байна байна ..” /хх-21-22х/, “...Би анхнаасаа л мэдүүлэг өгөхдөө тэр эмэгтэй миний биед гэмтэл учруулсан түлхүүртэй гараараа цохиж гэмтээсэн гэж мэдүүлсэн. Тэр мөнгө хураагч залуу бид 2 хоорондоо хэд хэдэн удаа цохилцсон ...Тухайн үйл явдал хурдан болоод өнгөрсөн, 2 талаас хүн барьсан эсэхийг мэдэхгүй байна ...” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,
Хохирогч Б.Санчир гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний уур хүрээд би машинаасаа бууж ирээд тэр залууг 2 удаа хамар луу нь цохисон. Тэгсэн нэг эмэгтэй ирээд миний нүүр лүү цохисон. Тэгсэн тэр эмэгтэй гарандаа түлхүүр атгаад миний нүүр лүү 2 удаа түлхүүрийн үзүүрээр цохиж миний нүдний шилийг хагалсан. Тэгсэн тасалбар өгдөг залуу над руу дайраад миний уруул руу нэг удаа цохьсон ...нэг эмэгтэй гарч ирээд түлхүүрийн үзүүрээр нүүр, нүд рүү цохиж хатгасан. Миний нүүр шалбарч миний харааны нүдний шил хагарсан ...” гэсэн мэдүүлэг /хх-26-27х/,
Гэрч Б.Балжмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Санчир машинаас буугаад тэр залуутай маргалдаж байтал хажуунаас нэг хүүхэн ирээд Санчир луу дайрч байснаа Санчирын нүүр лүү түлхүүртэй гараараа цохисон чинь Санчирын нүдний шил газар унасан, тэд нар маргалдаад байхаар нь би машинаас бууж одоо больцгоо гэж хэлсэн. Тухайн үед мөнгө хураагч мөн голоор орж ирсэн хүүхэн өөр хүмүүс байгаагүй ...” гэсэн мэдүүлэг /хх-35-36х/,
Б.Д гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...баруун гараараа тэр залуугийн нүүр лүү цохисон ...” гэсэн мэдүүлэг /хх-37-38х/,
Э.Чгэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Санчир гэх хүний уруул хэсэгт нэг удаа гараараа цохьсон ...” гэсэн мэдүүлэг /хх-39х/,
Гэрч Х.Ганзориг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Хүчит шонхор зах дээр хүмүүс зодолдоод байна гэсэн дуудлагын дагуу очиход нүдний шилтэй залуу мөнгө хураагч залуу 2 хоорондоо зодолдсон гэж хэлсэн бөгөөд хөгшин эмэгтэй мөнгө мөнгө хураагч залууг өмөөрч нүдний шилтэй залуугийн нүүр лүү цохиод шилийг нь унагааж эвдсэн гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-40-41х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдрийн №1302 тоот дүгнэлтэд: “1. Б.Санчирын биед хамар ясны хугарал, тархи доргилт, зүүн хацарт шарх, зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-42х/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Д, Э.Ч нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хүчит шонхор” худалдааны төвийн хашаанд Б.Санчирыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Д, Э.Ч нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу бүлэглэн үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч нарын саналыг тус тус харгалзав. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. У овогт Э.Ч, Б овогт Б.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Э.Ч-г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Э.Ч нарт оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд буюу 2018 оны 8 дугаар сарын 20-ны дотор төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Э.Ч нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тус тус сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.Д, Э.Ч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Д, Э.Ч нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ё.ЦОГТЗАНДАН