Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 025/ДШМ/548 

 

 

2025            05             08                                             2025/ДШМ/548                                                         

 

Н.Ат холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Сэргэлэнбаатар,

шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Ш.Бадмаараг,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 569 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Н.Ат холбогдох эрүүгийн 2402000000471 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас НҮБ-ын “1971 оны сэтггэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол гэх нэршилтэй, 8 ширхэг хуруу шил мэт шилэн савтай, нийт 16 мл орчим хэмжээтэй, савны хамт 108,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 9 дүгээр байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн олон улсын шууданг илгээмжийн газрын шуудангийн үйлчилгээг ашиглан худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн бодисыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч Н.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ат 06 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “... “1” дугаартай шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл, 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 12.2 грамм, “2” дугаартай шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл, 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 12.4 грамм, “3” дугаартай шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл, 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 12.4 грамм, “4” дугаартай шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл, 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 12.8 грамм, “5” дугаартай шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл, 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 12.2 грамм, Муха медс досидо /Muha meds dosido/ гэсэн бичиглэлтэй, цаасан хайрцаг дотроо шилэн савлагаатай, шар өнгийн тосорхог шингэн зүйл 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 18,5 грамм, Муха медс стравберру шорткаке /Muha meds strawberry shortcake/ гэсэн бичиглэлтэй, цаасан хайрцагтай, дотроо шилэн савлагаатай, шар өнгийн тосорхог шингэн зүйл 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 18,5 грамм. Эксотик картс (Exotic carts) гэсэн бичиглэлтэй, ягаан өнгийн хайрцагтай дотроо шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл 2 мг орчим хэмжээтэй, шилэн савтай үеийн жин 9,9 грамм хэмжээтэй, дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис...” зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Самсунг А52 маркийн гар утсыг шүүгдэгч Н.Ат буцаан олгохыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газарт тус тус даалгаж, 4 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Юуны өмнө хууль зөрчин ийм төрлийн гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байгаа ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 зүйлд заасан гэмт хэргийн зүйлчлэлийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаа тодорхой хэлж байна. Миний хувьд гадаадад олон жил сурч, амьдарч байсан ба өндөр настай /88/ хөгшин эмээгээ асарч хандах үүднээс эр орондоо эргэн ирж ажиллаж амьдарч байхдаа гадаадаас явуулсан цахилгаан тамхины хэрэгсэлд сэтгэцэд нөлөөт мансууруулах бодис агуулагдаж байсан нөхцөл байдлыг бол мэдээгүй, мэдэх боломжгүй өөрөө үйлдээгүй байхад улсын хилээр орж гараагүй байхад маань “улсын хилээр нэвтрүүлсэн” гэж тооцон намайг маш хүнд зүйл ангиар  гэм буруутай  болгон яллаж байгаа нь миний эрүүл мэнд, амь нас, амьдралд маш хүнд нөхцөл байдлыг бий болгож ирээдүйг маань хөсөрдүүлж байгаа тул хийсэн үйлдэлд маань тохирсон хэргийн зүйчлэлээр ял халдааж эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь гэвэл энэ хугацаанд өөрийн боловсрол мэдлэгийн хүрээнд Эрүүгийн болон мансууруулах бодистой холбоотой хууль тогтоомжуудыг зохих хэмжээнд уншиж судалсан ба дахин амьдралдаа хэзээ ч энэ  талын бодисыг хэрэглэхгүй гэдгээ өөртөө болон хайрт эмээ, төрөл төрөгсдөдөө аав, ээж нартаа амлаж байна. Гүнээ ухамсарлаж гэмшиж байгаагаа илэрхийлж байна. Шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байгаа үндэслэл бол АНУ-д тээвэрлэгдэж Монгол Улсад ирсэн цахилгаан тамхийг миний хувьд өөрийн биеэр улсын хилээр нэвтрүүлээгүй байхад нэвтрүүлсэн гэж яллаж байгаа нь үйл явдлын бодит байдал Эрүүгийн хуулийн заалттай гэх хэсэгтэй заалттай нийцэж тохирохгүй, таарахгүй байгаа учраас Эрүүгийн хуулийн надад төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр өөр аргагүй, миний бие энэхүү барааг өөрийн биеэр оруулж ирээгүй ба тухайн тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг компанитай ямар ч харилцаа холбоо тогтоогдоогүй ба миний хаяг, дугаартай холбогдсон ба зөвхөн 2025 оны  12 дугаар сарын 10-ны өдөр өглөө тус компаниас илгээмж ирсэн ирж ав гэсний дагуу очиж аваад гарах гэтэл Тагнуулын байгууллагын ажилтнууд намайг барьж саатуулж байцааж хэргээ хүлээвэл цагдан хорихгүй хөнгөн ял онооно гэснийг нь би хэрэгжүүлж эцэстээ 6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн үйл явдал болж өнгөрч байна. Үнэндээ би улсын хилээр эдгээр барааг оруулж ирээгүй учраас намайг  “улсын хилээр нэвтрүүлсэн”  гэж гэм буруутай болгож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа нь миний хувьд яаж ч бодсон чанга ял халдааж төрийн цээрлэл хүртэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрт гомдож ойлгох байх гэж найдаж байна. Миний хувьд үйлдсэн, үйлдэл хийсэн хэрэгтээ тохирсон, нийцэн хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлага хүлээх ёстой гэдгээ ухамсарлаж ойлгож байна. Хуулийн нарийн зохицуулалт хэм хэмжээний хэрэгжилтийн талаар манай өмгөөлөгч нар тодорхой дэлгэрэнгүй хуульчийн мэргэжлийн  үүднээс тайлбарлах учраас би зөвхөн надад тохирсон хэргийн зүйлчлэлээр гэм буруутайд тооцохыг л хүсэж байна. Монгол Улсын иргэний хувьд шударга шүүхээр хэргээ шударгаар шийдүүлэх гэсэн гомдлыг маань хүлээн авч Эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага хүлээлгэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Л.Хатанбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...АНУ-с шүүгдэгч Н.Аын нэр дээр явуулсан илгээмж нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “Чингис Хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын хяналтад улсын хилээр нэвтэрч, улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын харьяа “Ди-Эйч-Эл” дэхь гаалийн бүсийн хяналтад орж, гаалийн хяналт шалгалт хийгдэж тухайн илгээмжийг Тагнуулын байгууллагад шилжүүлж 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “М” ХХК-р дамжуулан иргэн Н.А луу утсаар холбогдон дуудан ирүүлж Баянгол дүүргийн 3 хороо, нарны хороолол, 9 дүгээр байрны 1 давхарт тухайн боодол, баглаа бүхий илгээмжийг түүнд гардуулан олгосны дараа зохих баривчилгаа, албадан саатуулах үйл ажиллагаа явагдсан байна. Тухайн сав боодолтой илгээмжид электрон тамхины хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны конвенцын жагсаалтад хориглогдсон сэтгэцэд нөлөөт бодис шинжээчийн дүгнэлтээр илэрсэн учраас Эрүүгийн Хуулийг зөрчсөн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж шүүгдэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгч, яллах дүгнэлт бичигдэн анхан шатны шүүх хуралдаанаар миний үйлчлүүлэгчийг “улсын хилээр нэвтрүүлсэн” гэж Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр 6 жилийн хорих ялаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүн таслах ажиллагааг нэг талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй илт яллах талыг баримталсан нөгөө талаар Эрүүгийн Хуулийг төсөөтэй хэрэглэсэн, Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны зарчмыг зөрчсөн гэмт үйлдэлд тохироогүй ял халдааж эрүүгийн хариуцлага тооцсон гэж хуульчийн хувьд үзэж байна.Товчхондоо бол шүүгдэгчийн хувьд бол улсын хилээр орж ирээд зохих хяналт шалгалтад орчихсон, Монгол Улсын хилээр нэвтэрчихсэн илгээмжийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт гардуулан өгсөн үйл ажиллагааг улсын хилээр нэвтрүүлж оруулж ирсэн болгон “улсын хилээр нэвтрүүлсэн” гэж тооцож байгаа шүүн таслах ажиллагаа бол яагаад бодит байдалтай нийцэхгүй түүний хийгээгүй, хил гаалиар барааг нэвтрүүлэхэд оролцоогүй, зөвхөн барааг хүлээн авсан үйлдлийг “хилээр нэвтрүүлж үйлдсэн” бүр тэр тусмаа “хадгалсан” болгон хийсвэрээр тааруулан, мушгин гуйвуулан, тулган дүгнэж эрүүгийн хариуцлага тохож байгаа шүүхийн шийдвэр бол илт нэг талыг баримталсан, туйлширсан, алдаатай шийдвэр учраас хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. Монгол Улсын хилээр илгээмж оруулж ирдэг ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг хуулийн этгээдээр дамжин орж ирсэн барааг илгээмжийн компани гардуулж, хүлээлгэн өгч харин шүүгдэгч хүлээн авсан байхад “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэж яллах бол яагаад ч бодит байдал болон үнэнд нийцэхгүй ба шүүгдэгч Н.А өөрөө хилээр нэвтрүүлээгүй, харин хилээр нэвтэрсэн, орж ирчихсэн барааг түгээдэг компанийн захирлаас хүлээн авсан үйлдэл бол ямар ч тохиолдолд “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэж тооцох боломжгүй ба харин олж авсан гэдгийг нотлох албагүй үнэн билээ. Нотолгооны талаар хавтас хэргийн материалд цугларсан нотлох баримтууд болон яллах дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэг, мэтгэлцээнээр өмгөөлөх талын байр суурь бол шүүгдэгчийн үйлдэлд тохироогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй, түүний үйлдэлд таарахгүй хэргийн зүйлчлэлээр гэм буруугийн асуудлыг шийдэж байгаа талаар тодорхой нотолгоо, үндэслэлийг гаргасныг шүүх хуралдааны бичлэгийг шинжлэн судлахад хангалттай харагдах бөгөөд улсын хилээр орж ирсэн илгээмжийг урьдчилсан байдлаар илрүүлж тогтоочхоод мөрдөн шалгах нууц ажиллагааны тусламжтайгаар отолт хийн гүйцэтгэх ажиллагааны шугамаар “Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт” гардуулан өгч байгаа үйл явдлыг шүүгдэгчийг “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” болгож байгаа нөхцөл байдал бол хэргийн бодит байдалтай яагаад нийцэхгүй гэдэг нь энгийн логик ухаанаар бодоход авцалдахгүй, хоорондоо таарахгүй, зөрчилтэй буюу нөгөө талаар Эрүүгийн Хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн хүндрүүлэх нөхцөл байдлаар Эрүүгийн хуулийг хэрэглэж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй, хэргийн зүйлчлэлд яагаад ч нийцэж, таарч, тохирохгүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодис олж авсан” гэсэн диспозицод нийцэж, таарч, тохирч байгаа учраас анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн нэг талаар Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хуулийн 1.2 зүйлд заасан хууль ёсны зарчмыг хэрэгжүүлээгүй нөгөө талаар хэргийн зүйлчлэлийг буруу явуулснаар гэм буруугийн хэлбэрт тохироогүй эрүүгийн хариуцлага хүлээлгэж Эрүүгийн хуулийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлаагүй учраас өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан гэмт хэргийн субъект гэдгийг давж заалдах шатны шүүхэд илэрхийлж хэргийн зүйлчлэлийг буруу явуулсан яллагааг няцааж хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх, шударгаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлийг уламжилж байна. Хууль зүйн дүр зургийн хувьд Монгол Улсын хилийн тухай хууль;

3.1.16. “хилийн хяналтын байгууллага” гэж улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах, бүртгэх эрх бүхий улсын хил хамгаалах, гааль, гадаадын иргэн, харьяатын байгууллагыг,

3.1.21. “хяналт шалгалтын бүс” гэж хилийн хяналтын байгууллага хилийн боомтод хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах зориулалтаар тусгайлан тоноглосон газрыг,

16.1. Улсын хилийг газар, ус, агаараар нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хууль тогтоомж, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу улсын хилээр нэвтрүүлнэ,

16.2. Агаарын хөлөг нь улсын хилийн тогтоосон орох, гарах цэгээр нэвтэрч, зөвшөөрсөн агаарын замаар нисэж, зөвхөн хилийн боомт бүхий нисэх буудалд бууж, хөөрөх бөгөөд үүнээс өөр газраар улсын хил нэвтрэх, буух, хөөрөх асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

Гаалийн тухай хууль;

1.1. “бараа” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх ачаа, тээш, эд юмс, валют, валютын үнэт зүйл, улс хоорондын шуудангийн илгээмж, бүх төрлийн эрчим хүч, мал, амьтан, ургамал зэрэг хөдлөх эд хөрөнгө болон энэ хуулийн 3.1.5-д зааснаас бусад тээврийн хэрэгслийг,

3.1.7. “гаалийн мэдүүлэг” гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг,

3.1.8. “мэдүүлэгч” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагад мэдүүлж байгаа аливаа этгээдийг,

3.1.9. “гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах, дамжуулан өнгөрүүлэх, гаргахыг,

3.1.12. “гаалийн бүрдүүлэлт” гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг,

3.1.19. “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг,

6.2. Хуульд зааснаас бусад тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр орсон үеэс мэдүүлэгчид олгох хүртэл, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлсэн үеэс улсын хилээр гарах хүртэлх хугацаанд тэдгээрийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг хориглоно,

8.2. Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй,

8.6. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй,

Улсын дээд шүүхийн 2001-12-4 №439 тогтоолд “...хууль бусаар нэвтрүүлсэн...” гэдэгт Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээ, Засгийн газар, эрх бүхий бусад байгууллагаас тогтоосон журмыг зөрчин гаалийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичилгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналт, шалгалтаас нуун далдлах, барааны нэр, төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн хяналт, шалгалтаас гадуур, хилийн боомтгүй газраар улсын хил нэвтрүүлсэн зэрэг үйлдэл, эс үйлдэл хамаарна.

Эрүүгийн Хууль;

1.2 дугаар зүйл. Хууль ёсны зарчим,

2. Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй,

1.3 дугаар зүйл. Шударга ёсны зарчим,

1.Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

5.1 дүгээр зүйл. Эрүүгийн хариуцлагын зорилго,

1.Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль;

1.6 дугаар зүйл. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх,

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина,

1.7 дугаар зүйл. Хэргийн бодит байдлыг тогтоох,

Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй,

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно,

Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно,

Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно,

1.15.2 Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ. 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол №24 тогтоол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай,

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ... “гэж заасан нь хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл (субсумци) хийх үед үүссэн эргэлзээг хэлнэ. Өөрөөр хэлбэл, үйл баримттай зүйлчлэл тохирохгүй байх үед хэргийн үйл баримтыг шүүхээс судалсны дараа хуульд байгаа хамгийн оновчтой шийдлийг олж, тухайн хэргийн зүйлчлэлийг зөв сонгож субсумци хийх асуудлыг хууль тогтоогч илэрхийлсэн байна.

1.3. “... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал ... “гэдэгт гэмт хэргийн шинж, гэм буруу ба хэргийн үйл баримтын хүрээнд үндэслэл бүхий эргэлзээ үүсэхийг ойлгоно. Өөрөөр хэлбэл, энэ нь хуульд үүссэн эргэлзээ бус харин нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг хуульд заасан гэмт хэргийн шинжтэй харьцуулан жишиж, зүйлчлэл хийх үед үүссэн эргэлзээ юм. Гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар үүссэн эргэлзээ нь дээрх ойлголтод хамаарахгүй бөгөөд энэ тохиолдолд хэргийн бодит байдалд нийцсэн зүйлчлэлийг сонгон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг оногдуулна. Эцэст нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 зүйлийн 2 хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Үндсэн Хуулийн 49.1 зүйлд шүүгч гагцхүү хуульд захирагдана гэсний дагуу НҮБ-ын конвенцын жагсаалтад хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шүүгдэгч Н.А улсын хилээр нэвтрүүлээгүй байхад түүнийг нэвтрүүлсэн гэсэн баримт нотолгоо үгүйсгэгдэж, тийм нотолгоо байхгүй байхад тухайн бодисыг олж авсан гэм буруутай үйлдлийг “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол” гэж мушгин гуйвуулж хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.6 зүйл, 39.7 зүйлд заасан хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, Эрүүгийн Хуулийг буруу хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүй хүндрүүлсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 зүйлийн 1.2 хэсэгт заасныг баримтлан хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 зүйл ангиар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж Эрүүгийн Хуулийн Ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 хэсэгт заасныг баримтлан анх удаа, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Н.Аын хорих ялыг тэнсэж хууль-шударга ёсыг хэрэгжүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Аын өмгөөлөгч Ш.Бадмаараг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүх Н.Ат У.М.Б-д болон шүүх хуралдаанд өгсөн  би АНУ-д 26 жил амьдарч, АНУ-ын иргэн болсон найз Б-ы Б-д өөрийнхөө амьдрал, болон биеийн эрүүл мэнд хүнд байгаа, өвөөгөө нас барсан тухай ярихад “Cartiad” гэсэн бодисыг бэлэглэх талаар ярьсан. Энэ бодис нь электрон тамхийг татахад хэрэглэдэг ба АНУ-д энгийн дэлгүүр, зах дээр чөлөөтэй зардаг бодис бөгөөд би илгээмж илгээсэн, Б овогтой Г-ийг танихгүй гэсэн мэдүүлгийг үндэслэн ял оногдуулсан юм. Миний бодоход шүүх, прокурор Б.Б нэрээ өөрчилж уг илгээмжийг явуулсан гэсэн төсөөлөн дүгнэлт гаргасан гэж ойлгоод байгаа юм. Учир нь гэрч О.С-аас Урьдчилсан мөрдөн байцаалтад” АНУ-д заримдаа шуудан илгээж байгаа хүмүүс нэрээ зохиогоод бичих боломжтой байдаг гэсэн мэдүүлгийг үндэслэн дээрх дүгнэлтийг шүүх, прокурорт өгсөн болов уу. Түүнээс өөр Аыг сэтгэцэд нөлөөт бодистой илгээмжийн хүлээн авагч гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Иймд тагнуулын газар хууль бусаар тухайлбал мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис илэрсэн илгээмжийг хэн явуулсныг тогтоох үүрэгтэй, мөн илрүүлэх боломж байсан. Учир нь АНУ-д камер маш их хөгжсөн, АНУ-тай манай улс эрх зүйн туслалцааны талаар гэрээтэй, уг илгээмж манай улсын хил нэвтрээд гуравч хоноогүй байсан. Ер нь хавтаст хэрэгт цугларсан доорх нотлох баримтууд Н.А, Монгол улсын илээр илгээмжийг нэвтрүүлээгүй нь нотлогддог. Үүнд илгээмжийн илгээгч Б овогтой Г, илгээмжийн төлбөрийг Б овогтой Г АНУ-д төлсөн, илгээмжийг АНУ-ын Оаклад хотын шуудан илгээмжийн газарт Б овогтой Г хүлээлгэж өгсөн, М ХХК, АНУ-ын Санфранциско хотоос 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гарсан уг илгээмжийг бүртгэн хүлээн авч Монгол улсын хилийг нэвтрүүлсэн, бүртгэлд илгээгчийг Б овогтой Г гэж бичсэн, АНУ-аас М ХХК улсын хил нэвтрүүлсэн, илгээмжийг Н.Аын найз Б.Б илгээгээгүй, Н.А Б.Бд хар тамхи захиагүй Б.Б бэлгэнд электрон тамхинд хэрэглэдэг, АНУ-д худалдаалахыг хориглодоггүй “CARTIAD” бодисыг захисан. Шүүхийн дүгнэлтээр уг компанийг ашиглан илгээмжийг явуулаагүй Н.А ийм компани байдгийг ч мэдэхгүй, Н.А нь илгээмж явуулсан хугацаанд Монголд байсан. Иймд Н.А илгээмжийг улсын хил нэвтрүүлээгүй нь нотлогдож байгаа юм. Харин илгээмжийг хилээр нэвтрэхэд Чингис хаан нисэх буудлын гаалийн газраас, гаалийн үзлэг шалгалт хийхэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл илэрсэн тул Гаалийн тухай хуулийн 250-р зүйлийн 250.1-р зүйлд зааснаар уг илгээмжийг гаалийн хяналтын дор, тагнуулын газар шилжүүлсэн. Гэтэл уг илгээмжийг улсын хил нэвтрүүлсэн М ХХК-ны илгээмж, олгогч О.С, Н.Ат өгүүлж, компани хаалгаар дөнгөж гарахад, тагнуулын байгууллагын ажилтнууд ажлын үнэмлэхээ үзүүлж, илгээмжийг Н.Ааар задлуулан, үзлэг хийж өөрөөр хэлбэл мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илэрч, гаалийн байгууллагаас шилжүүлсэн, гэмт хэргийн, эд мөрийн баримт, илгээмжийг хил нэвтрүүлсэн компанийн ажилтан О.Саар Н.Ат өгүүлж, уг компани үүднээс тагнуулын байгууллагын ажилтнууд Н.Аыг барьж, биед нь үзлэг хийсэн нь хууль бус үйл ажиллагаа мөн биз дээ. Харин дээрх үйлдэл нь иргэн Н.Ааар, эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7-р зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан гэмт хэргийг үйлдүүлсэн болов уу гэдэг ойлголт төрүүлж байгаад Мөрдөн Шалгах ажиллагаа явуулах шаардлагатай нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байгаа болно. Үүнд Г.Е.Г-ын улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2024 оны 01/395 тоот албан бичигт, АНУ-аас ... дугаартай илгээмж нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл илэрсэн тул гаалийн хяналт шалгалтын доор, гаалийн тухай хуулийн 250-р зүйлийн 250.1-д зааснаар, тагнуулын газарт илгээмжийг шилжүүлэх /хх 171-р хуудас/

М ХХК-ны 2024 оны 12/08 дугаартай албан бичигт Манай компаниар тээвэрлэгдсэн илгээмжийн илгээгч нь Б овогтой Г болно. Н.А гэдэг хүн компаниас илгээмж авч байгаагүй /хх 188-р хуудас/,

М ХХК-ны гүйцэтгэх захирал бөгөөд шуудан илгээмж хүлээн авагч, энэ хэргийн гэрч О. Саас манай компани АНУ-аас ачаа тээвэр, шуудан, илгээмж, хүлээн авч, Монгол улс руу явуулдаг. Н.А гэдэг хүнд, би компани байранд ачаа өгсөн тухай мэдүүлгээр Н.Ааас урьдчилсан мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд М ХХК-аас надад илгээмж ирсэн тухай утсаар мэдэгдэхэд илгээмжийг аваад уг компанийн үүдээр гартал тагнуулын газрын ажилтнууд надад үнэмлэхээ үзүүлээд уг илгээмжийг надаар задлуулж, үзлэг хийгээд бариад авсан. Уг илгээмжийг хэн гэдэг хүнээс ирүүлснийг М ХХК-ны олгогч над хэлээгүй. Харин би Б найзаас электрон тамхинд хэрэглэдэг CARTIAD гэдэг бодисоо бэлгэнд явуулжээ гэж бодоод уул илгээмжийг авсан. Харин Б овогтой Г гэдэг танихгүй хүнээс илгээмж илгээснийг мэдээгүй ба дээрх компани хаана байдгийг мэдэхгүй гэсэн дээрх нотлох 4 баримтаар Н.А уг илгээмжийг улсын хилээр нэвтрүүлээгүй нь М ХХК нэвтрүүлсэн, гэмт хэргийн эд мөрийн баримтыг Чингис хаан нисэх буудал дахь гаалийн газраас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байж болзошгүй зүйл илрүүлээд, Гаалийн тухай хуулийн 250-р зүйлийн 250.1-д зааснаар гаалийн хяналтын дор, тагнуулын газарт хүлээлгэн өгсөн, гэмт хэргийн эд мөрийн баримт болох илгээмжийг М ХХК олж авсан, хадгалсан, Ат өгүүлсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн эсэхэд, урьдчилсан мөрдөн байцаалт явуулах шаардлага үүсэж байгаа учраас Н.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож түүнд цагдан хориход авсан таслан сэргийлэх арга хэмжээг хөнгөрүүлэн өөрчилж, 2402000000471 дугаартай эрүүгийн хавтаст хэргийг прокурорт буцааж хянан шийдвэрлэж өгөхийг тус тус хүсье. Н.А нь элэгний вирустай, нойр булчирхай, ходоод эдгээр эрхтнүүд нь өвчилсөн, эмнэлгийн хяналтад байдаг ба 80 гарсан зүрхний өвчтэй эмэг эхээ асардаг болно. ...” гэв.

Прокурор Ц.Сэргэлэнбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцсан. Н.А энэ хэрэгт холбогдож, шалгагдахаасаа өмнө Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч байсан болох нь хэрэгт авагдсан хилийн лавлагаа, өөрийнх нь мэдүүлгээр тогтоогддог. Америкийн Нэгдсэн Улсад амьдарч байх хугацаанд Монгол Улсын иргэн н.Бтай танилцаж, хамт амьдарч байсан. Энэ хугацаанд өөрийн сэтгэл санаанд учирсан хүнд, хэцүү байдлыг давах зорилгоор хилээр нэвтрүүлсэн тухайн бодисыг хэрэглэж байсан болох нь тогтоогдсон. Өмгөөлөгч нар “өөрийн биеэр улсын хил нэвтрүүлээгүй бол хил нэвтрүүлсэнд тооцох үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна. Улсын хилээр нэвтрүүлсэн идэвхтэй үйлдэл нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. н.Бтай танилцсан зурваст бараа хүлээж авах өөрийн хаягийг илгээсэн. Өөрөө ч энэ талаараа мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүгдэгч, яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй боловч бусад баримтаар тогтоосон тохиолдолд нотлох баримтаар үнэлэх боломжтой талаар заасан. Улсын хилээр нэвтэрсэн илгээмжийг тагнуулын байгууллага хүлээн авч, хүнд нь хүлээлгэн өгч, зохион байгуулалттай гэмт хэрэгт түлхсэн гэж байна. Гаалийн тухай хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсэгт “Гаалийн байгууллагаас эрх бүхий байгууллагатай харилцан тохиролцсоны үндсэн дээр Монгол Улсын гаалийн хилээр нэвтрүүлэхэд тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны хууль бус эргэлтийг таслан зогсоох, оролцогч этгээдийг илрүүлэх зорилгоор уг барааг гаалийн хяналтын дор хүргэх аргыг хэрэглэж болно” гэж эрх олгосон. Өөрөөр хэлбэл, гаалийн байгууллага хориглосон бараа илэрсэн учраас хуульд заасан эрхийнхээ дагуу тагнуулын байгууллагад мэдээлэл хүргүүлсэн. Тагнуулын байгууллага хуульд заасан өөрт харьяалах гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг шалгах эрх, үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Өөрийн биеэр нэвтрүүлээгүй учраас гэмт хэрэг үйлдээгүй гэж байгаа нь үндэслэлгүй. Улсын хилээр нэвтрүүлэх ажиллагаанд каргоны компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болохоос биш энэ каргоны байгууллага мансууруулах бодисыг худалдан авч, улсын хилээр нэвтэрч орж ирсний дараа Н.Ат шилжүүлж байгаа үйлдэл биш. Б овогтой Г гэдэг хүн илгээмжийг илгээсэн учраас Н.Аын бараа биш гэж байна. Гэрч н.С “Америкийн Нэгдсэн Улсад техник, технологи өндөр хөгжсөн. Таблет, ухаалаг тоног, төхөөрөмж ашиглаж, илгээгч өөрийн мэдээллийг оруулдаг учраас дурын иргэний мэдээллийг оруулах боломжтой” гэж мэдүүлсэн. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн  анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлага, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Мөн өмгөөлөгч “бодит хохирол, хор уршиг учраагүй учраас гэмт хэрэгт тооцохгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж байна. Энэ гэмт хэрэг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг заавал учирсан байхыг шаардахгүй. Мансууруулах бодисыг олж авч, хадгалснаар тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдана.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

1. Шүүгдэгч Н.А нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсаас НҮБ-ын “1971 оны сэтггэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын” II жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол гэх нэршилтэй, 8 ширхэг хуруу шил мэт шилэн савтай, нийт 16 мл орчим хэмжээтэй, савны хамт 108,9 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороолол, 9 дүгээр байрны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн олон улсын шууданг илгээмжийн газрын шуудангийн үйлчилгээг ашиглан худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тухайн бодисыг Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн биедээ хууль бусаар хадгалсан үйлдлийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн болох нь:

гэрч О.Сын “… би нарны хорооллын 9 дүгээр байрны 1 давхарт байсан. Нийн А гэх хүн ирж ачаа авсан. Би тухайн хүнийг санаж байна. Тухайн хүн нь 180 см өндөртэй, чих нь буудаг малгайтай, туранхай, нүдний шилтэй, бор арьстай, хар куртиктэй залуу байсан. Тухайн хүн нь жижиг бор өнгийн хайрцагтай ачаа ирээд авсан. Ачааны дугаарыг нь санахгүй байна. Өдөр 13-14 цагийн үед ирсэн санагдаж байна. Ирэнгүүт нь би бичиг баримтыг нь шалгахад Нийн А гэх хүн мөн байсан. Иймд түүний ачааг гардуулж өгсөн. Мөн цахим системд гарын үсэг зуруулсан. Ингээд тухайн иргэн нь ачаагаа аваад явсан. Ачаа авч явахдаа сандлын тэр хавьцаа суугаад цүнхэндээ хийсэн. Тухайн ачааг нь АНУ-ын Оакланд хотод 2024.12.05-ны өдөр хүлээн авч, 2024.12.06-ны өдөр төлбөр төлж, Монгол Улсад 2024.12.09-ний өдөр ирж, 2024.12.10-ны өдөр Н.Ат хүлээлгэн өгсөн байна. Заримдаа шуудан илгээж байгаа хүмүүс нэрээ зохиогоод биччих боломжтой байдаг. Хэн ч гэж бичиж болно. Яг бичиг баримт нарийн тулгаж авдаггүй. Учир нь илгээгч өөрөө өөрийнхөө нэрийг шивдэг. Яагаад гэвэл Америк улсад бүх юм цахимжиж таблет, төхөөрөмж дээр өөрөө үйлчилдэг болсон. Ийм учраас нэрээ зохиогоод бичих боломжтой байдаг. …” /1хх 107-108/,

шинжээч Р.Нийн “… Тухайн дельта-9 тетрагидроканнабинол гэх бодис нь НҮБ-ын 1971 оны II жагсаалтад багтдаг сэтгэцэд нөлөөлөх бодис. Тухайн бодис нь хүний биеийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэж нөлөөлснөөр ямар хор уршиг учирдаг нь шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй.” гэсэн /1хх 123-125/,

Н.Аын сэжигтнээр өгсөн “… Б надад хэлэхдээ би чам руу бэлэг явуулъя гэж хэлсэн. Тэр хэлэхдээ “I got cartridge” гэж хэлсэн. “Cartridge” гэдэг нь савлагаа гэх утгатай. Гэхдээ Бгийн хэлж байгаа “Cartridge” нь “vape” гэх нэршилтэй электрон тамхинд хэрэглэдэг мансууруулах бодистой шингэн. Б надад энэ “Cartridge” гэх зүйлийг бэлэглэе гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Монгол улс дахь гэрийн хаяг, утасны дугаараа түүнд өгсөн. … Б бид хоёр нэг нэгэндээ тухайн “Cartridge” гэх зүйлийг хэрхэн Монгол улс руу явуулах талаар ярилцахдаа мессенжэр аппликэйшн ашиглан утсаар ярьсан. … би Бгийн энэ илгээсэн энэ зүйлсийг мансууруулах бодис гэдгийг бол мэдэж байсан. Гэхдээ ийм их ирнэ гэж бол ёстой мэдээгүй. …” /1хх 198-200/ мэдүүлгүүд,

2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл “оролцогчийн биедээ авч явсан бор өнгийн А4 хэмжээтэй цаасан хайрцгийг үзэхэд дээд талдаа “Н.А 99882609 (#6*1143)$.10” гэсэн бичиглэлтэй доод талдаа “Hotel4box Name:Amazon, adreses 550 eccles Ave, South San Francisco, CA гэсэн бичиглэлтэй, Anar Namdag Baganeer district, Yoliin am subdistrict, 272 buildong. 760 apartment city” гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн цаас наасан байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тухайн цаасан хайрцгийг оролцогч Н.А-аар нээлгэхэд цэнхэр өнгийн даавуун уут дотор “TOM CLARKS, KETTLE CORN” гэсэн бичиглэл бүхий улаан цагаан өнгийн цаасан хайрцаг байв. Уг хайрцгийг нээж үзэхэд дээд талдаа попкорн мэт ууттай зүйл ба доод хэсэгт нь дараах эд зүйлс байв.

  1. Цагаан өнгийн хуруу шил мэт хэлбэртэй дотроо цахилгаан тамхины хошуу соруул хэлбэртэй түүн дотроо шингэн зүйлтэй эд зүйл 5 ширхэг,
  2. “Muha Meds” гэсэн бичиглэл бүхий цаасан хайрцагтай ар талдаа “THC 81%, CBD 3%, Total 84%” гэсэн бичигллтэй хайрцагтай дотроо цахилгаан тамхины хошуу, соруул хэлбэртэй түүн дотроо шингэн зүйлтэй эд зүйл 2 ширхэг,
  3. “Exotic cards” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн хайрцагтай дотроо цахилгаан тамхины соруул хэлбэртэй түүн дотроо шингэн зүйлтэй эд зүйл 1 ширхэг,
  4. Цахилгааны тамхины баттерэй гэх доод талдаа “Type c” оролт бүхий төхөөрөмж 2 ширхэг.
  5. Улаан өнгийн цаасан хайрцагтай хөзөр тус тус байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.

Үргэлжлүүлэн Цагаан өнгийн хуруу шил мэт хэлбэртэй дотроо цахилгаан тамхины хошуу болох соруул хэлбэртэй түүн дотроо шингэнтэй эд зүйл 5 ширхэг, MUHA MEDS гэсэн бичиглэл бүхий цаасан хайрцагтай соруул хэлбэртэй түүн дотроо шингэн 12 зүйлтэй эд зүйл 2 ширхэг, Exotic carts гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн хайрцагтай цахилгаан тамхины соруул хэлбэртэй түүн дотроо шингэн зүйлтэй эд зүйл 1 ширхэг нийт 8 ширхэг шингэн бодисыг савлагаатай хамт жинлэж үзэхэд 175.38 гр байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.

Үзлэгийг үргэлжлүүлэн тухайн эд зүйлсэд ямар төрлийн шингэн бодис байгаа болохыг тогтоох зорилгоор ГЕГ-н Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн гаалийн улсын байцаагч Г.Т дээжлэн “Exotic carts” гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн хайрцагтай дотроо цахилгаан тамхины соруул хэлбэртэй түүн дотроо шингэн зүйлтэй соруулаас дээж аван Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг анхан шатанд таньж ирүүлэх “Target-ID” багажаар тодорхойлж үзэхэд Delta-9-THC /Tetrahydrocannabinol/ гэх сэтгэц нөлөөт мансууруулах бодисын агууламж 87% илэрснийг гэрэл зургаар бэхжүүлэв.” /1хх 11-21/ гэх,

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, нарны хороололд үйл ажиллагаа явуулдаг Монгол таун шуудангийн газрын хяналтын камерын бичлэг, бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн “... Н.А нь 2024.12.10-ны өдөр 13 цаг 58 минутад шуудан илгээмжийн газар ирж, шуудангийн ажилтанд бичиг баримтаа шалгуулан гарын үсэг зурж бор өнгийн цаасан хайрцагтай зүйл хүлээж аван цүнхэндээ хийж, 14 цаг 01 минутад гарч явав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн /1хх 82-83/ үзүүлэлтүүд,  

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 404 дүгээр шинжээчийн “... гэсэн бичиглэлтэй ягаан өнгийн хайрцагтай дотроо шилэн савлагаатай шар өнгийн тосорхог шингэн зүйл зэргээс дельта 9 тетраканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. ...” /1хх 114-119/,

2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 403 дугаар шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн “Н.А” гэж хаягласан шээснээс Метамфетамин /Methamphetamine/ илэрсэн. Метамфетамин /Methamphetamine/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад хамаарна.” /1хх 123-124/ гэх дүгнэлтүүд,

Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01/395 тоот, “М” ХХК-ийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 12/08 тоот, Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэр газрын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 11/142 тоот албан бичгүүд,

гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 72-81/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 23-26/, Н.Аын эзэмшлийн дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.Ат холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Аын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Н.Аыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн төдийгүй түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Тодруулбал, шүүгдэгч Н.Аын өөрийн овог, нэр, утасны дугаараа бусдад өгч, тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг Америкийн нэгдсэн улсаас олон улсын шуудан ашиглан авчруулах талаар Бтай харилцан тохирч “Н А” гэх нэрээр ирсэн хориглосон сэтгэцэд нөлөөт бодистой илгээмжийг өөрийн идэвхитэй үйлдлээр “М” ХХК-иас хүлээн авч, биедээ хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Ш.Бадмаараг нар “... тухайн бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна ...” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд, Н.Аын сэжигтнээр өгсөн ... Б надад хэлэхдээ би чам руу бэлэг явуулъя гэж хэлсэн. Тэр хэлэхдээ “I got cartridge” гэж хэлсэн. “Cartridge” гэдэг нь савлагаа гэх утгатай. Гэхдээ Бгийн хэлж байгаа “Cartridge” нь “vape” гэх нэршилтэй электрон тамхинд хэрэглэдэг мансууруулах бодистой шингэн. Б надад энэ “Cartridge” гэх зүйлийг бэлэглэе гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Монгол улс дахь гэрийн хаяг, утасны дугаараа түүнд өгсөн. … Б бид хоёр нэг нэгэндээ тухайн “Cartridge” гэх зүйлийг хэрхэн Монгол улс руу явуулах талаар ярилцахдаа мессенжэр аппликэйшн ашиглан утсаар ярьсан. …би Бгийн энэ илгээсэн зүйлсийг мансууруулах бодис гэдгийг бол мэдэж байсан. ...“ гэсэн мэдүүлэг болон “Bolormaa” гэх хаягтай хүнтэй чаталж “хаяг, овог, нэр, утасны дугаар” зэрэг мэдээллүүдийг өгч Америкийн нэгдсэн улсаас олон улсын шуудан ашиглан авчруулах талаар Бтай харилцан тохиролцсон талаарх үйл баримт нотлогдон тогтоогдож байх тул энэ талаар гаргасан шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болохуйц буюу бусад хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэгтэй харьцуулахад нийгмийн хор аюул харьцангуй ихтэй бөгөөд дотоодын төдийгүй олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж ирсэн нь энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсооход чиглэсэн бодлогын илрэл юм.

Өөрөөр хэлбэл хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тус тус тохирсон гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээр дурдсэн үндэслэлээр хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 76 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 569 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А болон түүний өмгөөлөгч Л.Хатанбаатар, Ш.Бадмаараг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 76 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                 Т.ШИНЭБАЯР

 

ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

                          ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ