| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00377/И |
| Дугаар | 315/ШШ2025/00344 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 315/ШШ2025/00344
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******, “Хубилай Эрин” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,,, “Сүхбаатар Дөл” ХХК-нд холбогдох
Худалдааны хамтын гэрээний дагуу үндсэн төлбөрт 6,815,000 төгрөг, алдангид 3,407,500 төгрөг нийт 10,222,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хубилай Эрин” ХХК нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч "Хубилай Эрин" ХХК нь хариуцагч "Сүхбаатар Дөл" ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр худалдааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу манай компани нь 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11,815,000 төгрөгийн үнэ бүхий хөдөлгүүрийн тос болон аккумляторуудыг хариуцагчид шилжүүлэн өгч, гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Хариуцагч "Сүхбаатар Дөл" ХХК-ийн хувьд гэрээний дагуу төлөх 11,815,000 төгрөгөөс 2025 оны 3 дугаар сард 5,000,000 төгрөгийг манай компанид төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т "Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэх заалтыг баримтлан алдангид гүйцэтгээгүй үүрэг болох 6,815,000 төгрөгийн 50 хувь болох 3,407,500 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт нэхэмжилж байна. Манай компанийн зүгээс “Сүхбаатар Дөл” ХХК-г төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба 2025.03.07-ны өдрийн 01/14, 2025.04.01-ний өдрийн 01/18, 2025.04.17-ны өдрийн 01/23 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг тус тус хүргүүлж байсан ба тодорхой үр дүнг хүрэхгүй байсаар байна. Иймд хариуцагч "Сүхбаатар Дөл" ХХК-аас гэрээний үлдэгдэл төлбөрт 6,815,000 төгрөг, алдангид 3,407,500 төгрөг, нийт 10,222,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “Хубилай Эрин” ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хубилай-Эрин ХХК-ийн нэхэмжлэлтэй “Сүхбаатар дөл” ХХК-д холбогдох “Худалдааны хамтын ажиллагааны гэрээний дагуу үндсэн төлбөрт 6,815,000 төгрөг, алдангид 3,407,500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэг тус шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа билээ. Тус иргэний хэрэгт миний бие нь нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т "Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй" гэж заасныг үндэслэн шүүхэд энэхүү хүсэлтийг гаргаж байна.
“Хубилай-Эрин” ХХК нь хариуцагч “Сүхбаатар дөл” ХХК-д холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхэд иргэний хэрэг үүсч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан гэрээний үндсэн төлбөр болох 6,815,000 төгрөгийг нэхэмжлэгч “Хубилай-Эрин” ХХК-д төлж барагдуулсан байна. Нэхэмжлэгч нь үндсэн төлбөрийг шүүхийн ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсантай холбоотойгоор алдангид нэхэмжилсэн 3,407,500 төгрөгийг “Сүхбаатар дөл” ХХК-аас гаргуулахгүй байхаар тохиролцсон.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хубилай Эрин” ХХК нь хариуцагч “Сүхбаатар Дөл” ХХК-д холбогдуулан Худалдааны хамтын гэрээний дагуу үндсэн төлбөрт 6,815,000 төгрөг, алдангид 3,407,500 төгрөг нийт 10,222,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. Хариуцагч “Сүхбаатар Дөл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, “Хубилай Эрин” ХХК-ийн 2025.09.25-ны өдрийн тус шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 178,510 төгрөгийн тал хувь 89,255 төгрөгийг “Сүхбаатар Дөл” ХХК нь нөхөн төлсөн тул тал хувь 89,255 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Хубилай Эрин” ХХК-д олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Сүхбаатар Дөл” ХХК нь “Хубилай Эрин” ХХК-аас нэхэмжилсэн 6,815,000 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 178,510 төгрөгийн тал хувь 89,255 төгрөгийг “Сүхбаатар Дөл” ХХК нь нөхөн төлсөн төл тал хувь 89,255 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж, нэхэмжлэгч “Хубилай Эрин” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.НАСАНБУЯН