Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02288

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2018/02288

 

 

Даймонд-Очир ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Г.Даваадорж, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02095 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч А.Цэлмэнд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 49 091 605 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Э.Түвшинбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч "Даймонд-Очир ББСБ" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэв-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Баярцэнгэл, М.Төмөрсүх нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"Даймонд-Очир ББСБ" ХХК нь А.Цэлмэнтэй 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг нэг сарын 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дуусаагүй боловч зээлдэгч А.Цэлмэн нь зээл, зээлийн хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд өдрийн хүүний 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож үндсэн зээл 25 000 000 төгрөг, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 30 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийг хариуцагч А.Цэлмэнгээс гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулан өгнө үү. А.Цэлмэн нь хүүг төлж байгаагүй учраас эхний 31 хоногт алданги тооцохгүй. 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл өдрийн алданги нь 8 333 төгрөг болж байгаа бөгөөд нэмэгдүүлсэн хүү нь 3 799 940 төгрөг, нийт 49 091 605 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 5 908 395 төгрөгөөр бууруулж байна гэжээ.

Хариуцагч А.Цэлмэн шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Даймонд-Очир ББСБ ХХК-тай 25 000 000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан нь үнэн. Тухайн үед зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр иргэн н.Баттулгаас 20 000 000 төгрөгийг хүүтэйгээр зээлж, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж, 43 дугаар байрны 95 тоотод байрлалтай 49,84 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн юм. н.Баттулгатай байгуулсан зээлийн гэрээний дагуу хүү, алдангид 8 000 000 төгрөгийг төлсөн ба зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй байсан. н.Баттулга Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, зохигчдын эвлэрлийг баталж шүүх шийдвэрлэсэн. 2017 оны 5 дугаар сард н.Баттулга А.Цэлмэнг Даймонд-Очир ББСБ ХХК-тай уулзуулж Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/ Шаравын гудамж, 43 дугаар байрны 95 тоотод байрлалтай 49,84 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаанд байршуулж 25 000 000 төгрөгийг н.Баттулгын хувийн данс руу шилжүүлсэн. А.Цэлмэн нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Даймонд-Очир ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулснаас хойш нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй байдаг ба зээлийн төлбөр төлөөгүй шалтгаан нь дээрх 25 000 000 төгрөгийг бэлнээр болон хувийн дансаар хүлээн аваагүй учир түүнийг төлөх эрх зүйн үндэслэл байхгүй ба Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-д "Зээлийг зөвхөн гэрээг байгуулсан зээлдэгчид хүлээлгэн өгч баримт үйлдэнэ" гэж заасныг зөрчсөн. Хавтаст хэргийн 9 дүгээр талд авагдсан кассын зарлагын баримт дээр зурагдсан бэлэн мөнгө хүлээн авсан гэх гарын үсэг нь хариуцагч А.Цэлмэнгийн гарын үсэг биш ба тухайн үед дээрх баримт дээр гарын үсэн зурж байгаагүй болно. Дээрх баримт дээрхи гарын үсгийг нэхэмжлэгч байгууллага нь дуурайлган зурсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Боржигон овогт Алтанцэцэгийн Цэлмэнээс 39 434 412 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 657 193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч А.Цэлмэн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр /17042/, Шаравын гудамж, 43 дугаар байрны 95 тоот, 49,84 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Цэлмэнгээс 355 122 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Даймонд-Очир ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Даймонд-очир ББСБ ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пүрэв-Очир давж заалдах гомдолдоо:

...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь гэрээнээс татгалзсан гэж үзсэн нь үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээний талууд гэрээнээс татгалзсан, цуцалсан эсэх талаар ямар нэгэн баримт байхгүй байхад шүүх гэрээнээс татгалзсан гэж үзсэн. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн боловч тогтоох хэсэгт энэ заалтыг баримтлаагүй байна. Хууль болон гэрээнд заасны дагуу эрх бүхий хуулийн этгээд нь зээл, зээлийн хүүг хугацаа хэтэрсэн хэмжээгээр шаардах эрхтэй байна. Анхан шатны шүүх иргэний хэргийн зохигч болох нэхэмжлэгчийн хуульд заасан нэхэмжлэгчийн эрхийг хангалгүй орхисон. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, нэхэмжлэлийн үнийн дүнг 55 000 000 төгрөгөөс 49 091 605 төгрөг болгон багасгасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, татгалзах тухай эрхийг нь эдлүүлээгүй. Хариуцагчаас хүлээн зөвшөөрөх, эсхүл хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тодруулаагүй. Нөгөө талаар хариуцагчийн хуульд заасан эрхийг хязгаарласан. Энэ үйлдэл нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй буюу процессын алдаа гэж үзэж байна. Нэхэмжлэлд зээлийн төлбөр гаргуулах болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн хоёр шаардлага гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөг нь зээлийн гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр төлсөн болно. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй буюу хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй байхад иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр зээл, зээлийн хүүнд 9 657 193 төгрөг нэмж хариуцагчаас гаргуулан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр давж заалдах гомдолдоо:

...Хариуцагч А.Цэлмэн нь 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр иргэн Б.Ууганмягмарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж оролцуулахаар итгэмжлэлийг олгосон байдаг. Хариуцагч А.Цэлмэнгийн зүгээс 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл буюу анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх хүртэл цаашлаад өнөөдрийг хүртэл хугацаанд Б.Ууганмягмарт олгосон итгэмжлэлээс татгалзсан зүйлгүй, мөн Б.Ууганмягмар нь өөрт олгогдсон бүрэн эрхээсээ татгалзсан талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн зүгээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан арга хэлбэрээр шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хэргийн материалтай танилцуулаагүй атлаа түүнийг өөрт олгогдсон итгэмжлэлийн дагуу бүрэн эрхээсээ татгалзсан мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хязгаарласан. Мөн хариуцагч А.Цэлмэн нь Оросын холбооны улсад албан ажлаар буюу томилолтоор явж байх үед буюу түүний эзгүйд шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг гэрийн хаягаар хүргүүлсэн байх боловч уг мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн аваагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно. А.Цэлмэн нь гадаад улсад ажлаар явж байсан. Анхан шатны шүүх хариуцагч болон түүний төлөөлөгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Даймонд-Очир ХХК-ийн нэхэмжлэлтэй А.Цэлмэнд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаарлагыг хангаагүй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.Цэлмэн Б.Ууганмягмарт 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд тэрээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөө сольсон, төлөөлөгчөөсөө татгалзсан талаар шүүхэд мэдэгдээгүй байхад анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулаагүй байна. /хх-ийн 32, 68, 78 тал/

 

 

Анхан шатны шүүх 183/ШЗ2018/10689 дугаар шүүгчийн захирамжаар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааныг ... хариуцагчид хуульд заасан журмын дагуу шүүх хуралдааны тов мэдэгдсэн гэж үзэхээргүй, баталгаат шуудангаар явуулсан тов хүргэгдсэн сэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр хойшлуулж шүүх хуралдааныг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт товлосон байна. /хх-ийн 85 тал/

 

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 15.00 цагт товлосон шүүх хуралдааны товыг хариуцагч А.Цэлмэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нарт утсаар мэдэгдсэн тэмдэглэл гэх бичгийн баримтыг шүүгчийн туслах үйлдсэн байх боловч хэргийн 89 дүгээр талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тухай баримтад ...шүүх хуралдааны товыг авч хаягаар очиход хүнгүй байв гэсэн тэмдэглэл үйлдсэн байна. Мөн Нийслэлийн төр захиргааны авто бааз НӨТҮГ-ын 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 01/236 тоот албан бичигт манай байгууллагын ажилтан А.Цэлмэн нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл албан ажлын томилолтоор ОХУ-ын Улан-Удэ хот руу зорчсон гэсэн бичгийн баримтууд хэрэгт авагджээ. /хх-ийн 89-90 тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ. Хүрэлцэн ирээгүйгээс гарах үр дагавар болон энэ хуулийн 100 дугаар зүйлд зааснаар хэргийг хянан шийдвэрлэж болохыг шүүхийн мэдэгдэх хуудсанд заана гэж, мөн хуулийн 77.2 дахь хэсэгт Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүх шүүх хуралдааны товыг хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Пүрэвсүрэнгийн ... нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн талаар хариуцагчид мэдэгдээгүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй гэсэн, хариуцагчийн өмгөөлөгч Э.Түвшинбаярын ... хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэсэн үндэслүүдээр тус тус давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжтой юм.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцээх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 183/ШШ2018/02095 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Даймон-Очир ББСБ ХХК-ийн төлсөн 169 470 төгрөг, хариуцагч А.Цэлмэний төлсөн 356 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Д.БАЙГАЛМАА

  ШҮҮГЧИД                           Г.ДАВААДОРЖ

                                                   Ц.ИЧИНХОРЛОО