| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2406069881104 |
| Дугаар | 2025/ДШМ/699 |
| Огноо | 2025-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/699
Б.Г-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Б.Г-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/779 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Б.Г-од холбогдох 2406069881104 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
С овгийн Б-гийн Г, 1959 онд Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Баянгол дүүрэгт оршин суух, (РД:...), урьд:
-Ардын армийн Улиастай дахь гарнизоны тусгай шүүхийн 1980 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 197 дугаар зүйлийн в-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан;
Б.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дүүргийн автобусны буудлын орчим “Toyota Aqua” загварын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.2.16. “Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно” гэснийг зөрчсөний улмаас “Yutong ZK6116HG” загварын ... УЕТ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Э- унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-оос 9,104,028 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т 8,580,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 524,028 төгрөг тус тус олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1,6-д заасныг зөрчсөн, хяналтын камерын бичлэгээр шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгсэл 1 дүгээр эгнээнд огт ороогүй, мөн хэрэгт авагдсан гэрч (автобусны жолооч)-ийн мэдүүлэг эрс зөрүүтэй, шинжээчийн дүгнэлт нь өөрөө эргэлзээтэй, хэргийн газрын акт байхгүй буюу осол болсон гэх газрын үзлэг хийгдээгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон байтал ял оноосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчмыг баримтлаагүй, нотлох баримтаар нотлоогүй байхад гэм буруутайд тооцсон.
Зам тээврийн ослын хамгийн гол нотлох баримт нь хэргийн газрын үзлэг, зам тээврийн ослын акт юм. Гэтэл осол гарсан газар хэргийн газрын үзлэг хийгдээгүй, ослын акт тавиагүй, осол болсноос хойш 2 сарын дараа өөр газар болох Замын Цагдаагийн газрын зогсоол дээр автобусыг байршуулан Б.Г-ыг байлцуулахгүйгээр 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зам тээврийн ослын актыг нөхөн үйлдсэн. Хэрэв дээрх ослын актыг үндэслэлтэй гэж үзвэл Б.Г-ын үйлдэл холбогдол огт хамаагүй бөгөөд шалтгаант холбоогүй гэж үзэхээс гадна 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна.
Мөн шүүгдэгч Б.Г-ын унаж явсан тээврийн хэрэгсэл нь Т.Акуа загварын үзмэн ягаан өнгөтэй байтал автобусны жолооч мөрдөн шалгах ажиллагааны үед “...Буудлаас хөдлөөд кино үйлдвэрийн хойд уулзвараас цэнхэр өнгийн приус ороод ирэхээр би тоормослоод зогссон. 2 дугаар эгнээд зайсангийн автобус явж байгаагүй бол би шууд дараад орох байсан, автобус байсан болохоор яалт ч үгүй тоормос гишгэсэн...“ гэж, шүүх хуралдаанд “...Саарал өнгөтэй приус байсан...” гэж мэдүүлсэн. Автобусны жолооч нь Б.Г- болон түүний унаж явсан тээврийн хэрэгслийг огт хараагүй, удаа дараа өгсөн мэдүүлэгтээ марк, өнгийг худал хэлдэг. Мөн Б.Г- нь автобусны хөдөлгөөнд огт саад болоогүй болох нь хэрэгт авагдсан баримт, хяналтын камерын бичлэг, шүүх хуралдааны үед шинжлэн судалсан баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон байтал Б.Г-ыг буруутай гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг учрал болох үеийн хяналтын камерын бичлэг хэрэгт авагдсан. Уг камерын бичлэгт автобусны нэгдүгээр эгнээ рүү шүүгдэгч Б.Г-ын машин орж буй үйл явдал харагддаггүй. Шүүгдэгч Б.Г-ын машин явган хүний гарцаас хол зогсож байгаа дүрс харагддаг. 2 сарын дараа нөхөн үзлэг хийсэн боловч шүүгдэгч Б.Г-ын осол гаргасан гэх газар дээр нөхөн үзлэг хийсэн акт тогтоогоогүй. Зөвхөн автобусны дотор талд хохирогч унасан гэх газрыг заалгуулаад үзлэг хийсэн байх жишээтэй. Тухайн үед үзлэг хийгдээгүй байж болно. Хэргийн газрын үзлэг тухайн хэрэг болсон газар дээр хийгддэг. Түүнчлэн ослын актыг гаргахдаа шүүгдэгч Б.Г-ыг байлцуулахгүйгээр хийсэн буюу шинжилгээн дээр үндэслэн актыг гаргасан. Шүүгдэгч Б.Г-ыг хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, зам тээврийн осол үйлдсэн гэх нотлох баримт хэрэгт байхгүй. Өөрөө хэлбэл, хийгдсэн гэх ажиллагаанууд шалтгаант холбооны хувьд Б.Г-ын зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийг нотолж чадаагүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Г-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү гэх байр суурьтай анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг харахаар прокурорын авсан хэдэн баримтуудыг жагсааж, гэм буруутай нь тогтоогдсон мэтээр бичсэн. Бидний зүгээс хэрэгт онцгой ач холбогдол бүхий үйл баримтыг нэгийг нь аваад, нөгөөдхийг үгүйсгэсэн гэдэг дээр үндэслэн гомдлыг гаргасан.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хэрэгт авагдсан баримтаар, шүүх дээр хэлэлцэгдсэн прокурорын мэтгэлцээн дээр шүүгдэгч Б.Г- тухайн хэрэгт яагаад яллагдагчаар татагдсан, ямар баримтаар гэм буруутай нь тогтоогдож байгаа талаар ямар ч тайлбар байхгүй. Настай хүнийг авчирч, өмгөөлөгчгүй байцаалт авч, би буруутай болбол хариуцлагаа хүлээнэ гэх баримтад тулгуурлан хэргийг шүүх рүү шилжүүлсэн гэж харж байгаа. Зам тээврийн ослыг нотлох ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан заалтууд бүгд зөрчигдсөн. Шүүгдэгч Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотолсон баримт хэрэгт бүрэн авагдаагүй гэж үзэж гомдлыг гаргасан. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Зам тавьж өгөх үүргийг буруу гүйцэтгэснээс болж зорчигч гэмтсэн гэдэг шалтгаант нөхцөлтэй холбоотойгоор зам тээврийн осол үйлдэгдсэн гэж үзсэн. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ…” гэж заасан. Тухайн үед тээврийн хэрэгслүүд замаасаа хөдлөөд явсан, хэрэгт ул мөр байхгүй, А цэг огт авагдаагүй нөхцөл байдал үүссэн. Камерын бичлэгт замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, ослын газар тодорхой харагддаг. Зорчигч унаж гэмтсэн шалтгаан нөхцөл нь замын хөдөлгөөнд оролцож буй давуу эрх бүхий автобус хөдөлгөөнд оролцогчийн хурд болон чигийг өөрчлөхгүйгээр явж байхад, зам тавьж өгөх үүргийг “Aqua” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч буруу гүйцэтгэсэн гэж үзсэн. Автобусанд хүн унаж гэмтсэн эсэхийг тогтоох зорилгоор нөхөн үзлэг хийсэн. Орчин үед заавал хэргийн газрын үзлэгийг хэрэг бүхэн дээр хийнэ гэсэн ойлголт байхгүй. Виртуал орчин дээр гэхэд тодорхой дүрслэлээр хийдэг практик байгаа. Хүн бүрийн харааны чадвар, өнгө ялгах зэргээс шалтгаалан тээврийн хэрэгслийн өнгийг янз бүрээр хэлсэн байхыг үгүйсгэхгүй. Aqua загварын тээврийн хэрэгслийн жолооч “...би энэ тээврийн хэрэгслийг жолооддог, өөр хүн жолооддоггүй..” талаар мэдүүлсэн. Мөн камерын бичлэгээс харахад, хэт замын зорчих хэсэг рүү тулж зогсоод, жолоочоос хаалга онгойлгоод асуухад ухраад буцаад гарч буй үйлдэл тодорхой харагддаг. Мөргөлдөөгүй, шүргэлцээгүй, А цэг авагдаагүй, хэрийн газарт ямар ч ул мөр байхгүй байсан. Шинжээчийн дүгнэлтэд зам тавьж өгөх үүргийг буруу гүйцэтгэсэн талаар дурдсан. Жолооч зохих шугамыг даваад, шууд зорчих хэсэг рүү даваад орж байгаа нь камерын бичлэгээс тодорхой харагддаг. Зохих шугам дээр зогссон тохиолдолд өнөөдрийн осол үүсэхгүй байх боломжтой байсан. Иймд дахин осол гаргахаас урьдчилан сэргийлж, автобусны жолоочийг зогсоох арга хэмжээг авсан. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Г-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
-шүүгдэгч Б.Г-ын: “...2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 14:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн эмнэлгийн баруун туслах замаар төв зам руу баруун эргэх гэтэл замын урд хоёр автобус зогссон. Ард талын автобус хүчтэй тоормослоод зогссон. Урд талд нь байсан автобус зогссон байсан. Арын автобус урд хаалгаа онгойлгоход би буугаад очсон, жолооч нь гарч ирээгүй. Нэг зорчигч “танаас болоод энэ хөгшин хүн уналаа” гэж хэлсэн. Тэгээд тухайн автобус хөдлөөд яваад өгсөн. Автобус тоормос гишгээд баруун дараад миний машин руу дарж зогссон байсан. Урд талын автобус нь зогссон байсан тул зайлах гэж баруун дарсан байх. Миний машин төв зам руу ороогүй, явган хүний гарц жоохон өнгөрөөд зогссон ба машин, автобус хоёрын хооронд зайтай байсан...” (хх 83-84),
-хохирогч Л.Э-ийн: “...Автобусанд ороод цүнхнээсээ автобусны картаа авах гээд зогсож байхад автобус гэнэт тоормослоод би унасан. Тэр үед зөндөө хүмүүс байсан, миний дээрээс хүүхдүүд унасан. Хүмүүс “хүн бэртчихлээ” гэхэд автобусны жолооч “хохь нь байхгүй юу, цагдаагаа дуудахгүй юу” гэж хэлсэн. Би 3 дугаар сургууль дээр буух гээд сандал дээрээс босоод хөлөө газар тавьсан чинь миний хөл янгинаад өвдөөд байсан. Миний 2 талаас хүүхдүүд түшээд буулгасан...” (хх 15-16),
-гэрч Б.О-ын:“...Би Кино үйлдвэрийн автобусны буудал дээрээс зорчигч нараа суулган хөдлөөд явж байхад Кино үйлдвэрийн хойд уулзвараас цэнхэр өнгийн приус загварын машин ороод ирсэн. Тэгэхээр нь би тоормос гишгээд хажуу тийшээ дараад зогссон. 2 дугаар эгнээнд Зайсангийн автобус явж байгаагүй бол шууд дараад орох боломжтой байсан. Би гулгуулаад тоормосоо зөөлөн гишгээд зогссон...” (хх 18),
-түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед 1 дүгээр эгнээгээр зорчиж явсан. Байрны уулзварын жижиг замаас гэнэт Акуа загварын хар өнгөтэй машин урдуур гараад ирсэн. Шахаж зогсоогүй. Огцом тоормослоход хальт зогссон. Би 40-50 метр цаг хурдтай явсан байх. Зам чөлөөтэй хэвийн байсан. Тухайн үед хамаг хүчээрээ тоормослоод дарсан. Хажууд явсан автобусыг мөргөх шахсан. Төв замын цагдаа дээр Таван богдын хажуу талын нарны замд нөхөн үзлэг хийсэн ба би оролцсон, шүүгдэгч оролцоогүй...”,
-иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн: “...Дээрх гэмт хэргийн улмаас Л.Э-т 524,028 төгрөгийн зардал гарсан. Уг зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” (хх 86) гэх мэдүүлгүүд,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 12572 дугаартай “...Л.Э-ийн биед баруун шаант ясны дээд булууны гадна ёврон хэсгийг дайрсан олон тооны зөрөө бүхий хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо...” (хх 33-34),
-шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46/80, 24/365 дугаартай “...”Yutong ZK6116HG” загварын ... УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.О- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг биелүүлсэн байх тул түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
“Toyota Aqua” загварын ... УБД улсын дугаартай автомашины жолооч Б.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дүгээр зүйл “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.16 дугаар зүйлд “Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно” гэж заасан байх тул Б.Г-ыг “Зам тавьж өгөх” үйлдлийг буруу гүйцэтгэсэн гэж үзэж байна.
“Yutong ZK6116HG” загварын ... УЕТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч Л.Э-ийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Уг зам тээврийн осол нь “Toyota Aqua” загварын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9 дэх заалтыг зөрчсөний улмаас гарсан гэж үзэж байна...” (хх 55-56) гэсэн дүгнэлтүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад:
шүүгдэгч Б.Г- нь 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Дүүргийн автобусны буудлын орчим “Toyota Aqua” загварын ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9. “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 1.2.16. “Зам тавьж өгөх гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно” гэснийг зөрчсөний улмаас “Yutong ZK6116HG” загварын ... УЕТ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан зорчигч Л.Э- унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Нотлох ажиллагааны явцад цугларсан дээрх нотлох баримтууд нь нэг нэгнээ нөхсөн, харилцан уялдсан байдлаараа хэргийн нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Г-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
1.Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд хуульчилсан.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заажээ.
Зам тавьж өгөх гэдэг нь замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг ойлгоно.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болох камерын бичлэгээс үзэхэд, “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгсэл төв зам руу нэвтрэхдээ чигээрээ явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулах эсэхийг нягталж шалгалгүйгээр шууд явган хүний гарц өнгөрч, гол замын зорчих хэсэг рүү нэвтэрсэн үйл баримт тодорхой, ямар нэгэн эргэлзээгүй тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсны дараа автобус болон “Toyota Aqua” загварын тээврийн хэрэгсэл аль аль нь ослын газраас хөдөлж, тус тусын хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байх тул хэргийн газрын үзлэг хийх боломжгүй нөхцөл байдалд хүрч, улмаар тус ажиллагаа болон зам тээврийн осол дээр тогтоосон актыг нөхөн үйлдсэнийг буруутгах боломжгүй.
Хэргийн газрын үзлэг хийхэд яллагдагчийг заавал байлцуулах талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй, харин тус хуулийн 23.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Үзлэгийг хэргийн газраар тогтоосон орон байр, бусад газраас гадна хэргийн газрын хамгаалалтын бүсэд байгаа хүн, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, мал, амьтан, цогцос зэргийг хамруулан хийнэ” гэж,
мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.6-т “...тээврийн хэрэгсэлд үзлэг хийх” гэж тус тус заасан ба ийнхүү тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна.
Хохирогч Л.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдалтай ямар этгээдийн буруутай үйлдэл шалтгаант холбоотой болохыг тогтоож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн, улмаар хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх нь энэ хэрэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах гол зорилго болно.
Дээрх зорилгын хүрээнд хэргийн газрын үзлэгийг хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулахаар техникийн болон криминалистикийн мэргэжилтнийг оролцуулан явган зорчигч Л.Э-ийн зорчиж явсан “Yutong ZK6116HG” загварын ... УЕТ улсын дугаартай нийтийн тээврийн хэрэгсэлд хийсэн ба тухайн автобус нь шүүгдэгч Б.Г-ын эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш тул түүнийг байлцуулах шаардлагагүй бөгөөд үзлэгийг хийхдээ автобусны жолооч Б.О-ыг байлцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон тээврийн хэрэгсэлд үзлэг хийх шаардлага, журамд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Б.Г- нь үзмэн ягаан өнгийн “Toyota Aqua” загварын машинтай явж байсан. Гэтэл гэрч Б.О- “цэнхэр өнгийн приус, саарал өнгийн приус гэж” зөрүүтэй мэдүүлсэн. Б.Г- нь автобусны хөдөлгөөнд огт саад болоогүй. Хэрэг гарсан өдөр хэргийн газрын үзлэг хийгдээгүй, ослын акт тавиагүй, 2 сарын дараа өөр газарт, шүүгдэгчийг байлцуулахгүйгээр ослын актыг нөхөн үйлдсэн” хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх Б.Г-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан, түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна.
2.Харин хохирогч Л.Э-ийн сэтгэцэд учирсан хохиролд 8,580,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар мөрдөгч гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах эрх бүхий албан тушаалтныг ойлгох ба мөрдөгчийн эрхийг мөн хуулийн 6.2 дугаар зүйлд, түүний хэрэгжүүлэх чиг үүргийг уг хуулийн холбогдох бүлгүүдэд (6-8, 11-16, 21-32 ...) хуульчлан зохицуулжээ.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 5-д “тусгай мэдлэг эзэмшсэн мөрдөгч энэ хуульд заасан шинжээчийн эрхийг хэрэгжүүлж, магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөн хуулийн 27.11 дүгээр зүйлд уг магадалгааг гаргах үндэслэл, журмыг тодорхойлсон байна.
Гэвч дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл (Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих)-т ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан.
Гэтэл хэрэгт хохирогч Л.Э-ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хэрэв учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байхад анхан шатны шүүх мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хуульд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах нь үндэслэлтэй тул шийтгэх тогтоолын гэм хорын хохирол гаргуулсан хэсгийг хүчингүй болгож, хохирогч Л.Э- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн өөрчлөлт оруулав.
3.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “...нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” хэмээн найруулгын хувьд зөвтгөж байна.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/779 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.” гэж,
6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-оос 9,104,028 төгрөг гаргуулж хохирогч Л.Э-т 8,580,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 524,028 төгрөг тус тус олгосугай.” гэснийг “Шүүгдэгч Б.Г-оос 524,028 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд олгож, хохирогч Л.Э- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр, бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.
2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Г.Золжаргал нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН