Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/700

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Гантулга,

хохирогч А.Ө-,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1024 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч А.Ө-ы гаргасан давж заалдах гомдлоор М.Н-д холбогдох 2408040830055 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ын Н, 1993 онд Завхан аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэгт оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...);

М.Н- нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М.Ж-ы эзэмшлийн “Prius-30” загварын ... УНЕ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавих ажилд зуучилж ажилласан бөгөөд барьцаанд авсан гэх хохирогч А.Ө-д “...барьцаанд тавьсан автомашины 3,000,000 төгрөг дээр нэмээд 750,000 төгрөг 10 хувийн хүүтэй авахаар болсон...” гэж худал хэлж, хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан, улмаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч бусдад 750,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн М.Ж-ы ах хохирогч М.Б-аас “...барьцаанд тавьсан автомашины зээлийн хүүгийн мөнгө болох 300,000 төгрөгийг төл”, “Ж нь орон нутагт ажилладаг тул гар утас нь холбогдохгүй байна, машин барьцаанд авсан хүн мөнгөө нэхээд манай нөхөр рүү ярина гээд байна” гэж А.Ө-ыг төлөөлж байгаа мэт дүр эсгэн нэхэмжлэх хэлбэрээр, хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 2024 оны 09 дүгээр сарын 04, 08-ны өдөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ... дугаартай дансанд нийт 3,660,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: М.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч А.Ө-ыг залилсан үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч М.Н-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэжээ.

Хохирогч А.Ө- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М.Н- нь 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М.Ж-д зуучилж надаас 3,000,000 төгрөгийг өөрийн дансандаа (Хаан банк ...) авсан. Тэрээр 2 талд итгэл олж, хугацаа нь болоогүй байхад А.Ө- миний өмнөөс М.Ж-д “зээлсэн мөнгөө авъя гэж байна, зээлээ төл” гэж хууран залилж, миний авах ёстой 3,000,000 төгрөг, хүү 660,000 төгрөг, нийт 3,660,000 төгрөгийг авсан. М.Н- хуурч, залилж авснаа зөвшөөрөөд байхад залилах гэмт хэргийн шинжгүй гэсэнд гомдолтой байна. М.Ж- нь М.Н-д итгэж, машинаа барьцаанаас авахын тулд мөнгө өгсөн. Хэрэв М.Н- надаас “мөнгө зээлээч” гэсэн бол өгөхгүй байсан.

2024 оны 08 дугаар сарын  22-ны өдөр М.Н- утсаар ярьж “М.Ж- ах зээл дээрээ нэмээд 750,000 төгрөг авъя гэж байна. Зээлээ төлөөд шинэ зээл авч, танаас авсан бүх зээлээ төлье гэж байна” гэж М.Ж-ы өмнөөс итгэл төртөл худал залилж, өөрийн эзэмшлийн дансанд 750,000 төгрөгийг М.Ж-ы машиныг барьцаалж авсан. Машин нь барьцаанд байсан тул би зээлсэн. Иймд М.Н-г залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байх тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Гантулга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Н-г бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэсэн. Хохирогч нь “...шүүгдэгч манай ах аппликэйшны зээл хаагаад дахин зээл авах үндэслэлээр зээлье гэсэн хүсэлтийн дагуу би 450,000, 300,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн. Шүүгдэгч М.Н- болон хохирогч А.Ө- нарын мэдүүлгээр М.Ж-д өгөх үү, Б.Батжаргалд өгөх үү гэдэг нь тодорхойгүй. Зөвхөн “манай ах аппликэйшны зээл авах гэж байгаа” гэж авсан. Уг үндэслэлээр анхан шатны шүүхээс залилах гэмт хэрэг биш, гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэн, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, М.Н- нь хохирогчоос тус мөнгийг авахдаа М.Ж-, эсхүл Б.Б-д өгөх гэж авч байгаа юм биш, “аппликэйшны зээлийг хаах гэсэн юм, танд 750,000 төгрөг байна уу” гэж авсан үйлдэл байгаа. Иймд шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх М.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас М.Н-г 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдөр М.Ж-ы эзэмшлийн “Prius-30” загварын ... УНЕ улсын дугаартай автомашиныг барьцаанд тавих ажилд зуучилж ажилласан бөгөөд барьцаанд авсан гэх хохирогч А.Ө-д “...барьцаанд тавьсан автомашины 3,000,000 төгрөг дээр нэмээд 750,000 төгрөг 10 хувийн хүүтэй авахаар болсон...” гэж худал хэлж, хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан, улмаар 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны ... тоот дансаар шилжүүлэн авч бусдад 750,000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн М.Ж-ы ах хохирогч М.Б-аас “...барьцаанд тавьсан автомашины зээлийн хүүгийн мөнгө болох 300,000 төгрөгийг төл”, “Жаргалсайхан нь орон нутагт ажилладаг тул гар утас нь холбогдохгүй байна, машин барьцаанд авсан хүн мөнгөө нэхээд манай нөхөр рүү ярина гээд байна” гэж А.Ө-ыг төлөөлж байгаа мэт дүр эсгэн нэхэмжлэх хэлбэрээр, хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан 2024 оны 09 дүгээр сарын 04, 08-ны өдөр тус тус 2 удаагийн гүйлгээгээр Хаан банкны ... дугаартай дансанд нийт 3,660,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс М.Н-г хохирогч М.Б-аас 3,360,000 төгрөгийг хуурч, бодит байдлыг нуух замаар, төөрөгдөлд оруулан шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хохирогч А.Ө-аас 750,000 төгрөг авсан үйлдлийн тухайд, хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Шүүх нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх учиртай.

Өөрөөр хэлбэл, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгалгүйгээр 750,000 төгрөг авсан үйлдлийг хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр үгүйсгэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах шинжтэй үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон байх явдал юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, анхан шатны шүүх хохирогч А.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нэгэн адил үйл баримтыг тогтвортой мэдүүлсэн мэдүүлгийг хохирогч болон шүүгдэгчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн хэмээн няцаан үгүйсгэсэн нь анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт шүүгдэгч М.Н-гийн үйлдэл, санаа зорилго, сэдэлттэй нийцээгүй.

Залилах гэмт хэргийн хувьд, гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг онцлогтой тул анхан шатны шүүх хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтуудаар М.Н- нь А.Ө-аас 750,000 төгрөгийг хэрхэн, ямар аргаар авсан, А.Ө- тухайн мөнгийг ямар итгэл үнэмшлээр өгсөн зэрэгт хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байна.

Иймд хохирогч А.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч М.Н-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/1024 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч А.Ө-ы гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Шүүгдэгч М.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН