| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | С.Насанбуян |
| Хэргийн индекс | 315/2025/00403/И |
| Дугаар | 315/ШШ2025/00339 |
| Огноо | 2025-10-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 315/ШШ2025/00339
2025 10 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 18-ны хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие нь 1987 онд******* сумын 8 жилийн сургуулийг төгсөж, тухайн жилдээ сумын "Эх орны төлөө" нэгдлийн даргын 1987-06-16-ны өдрийн 22 тоот тушаалаар Хонгор бригадад ногоочноор, нэгдлийн даргын 1990-06-21-ний өдрийн 40 дугаар тушаалаар Төв бригадын малчнаар 1995 оныг хүртэл тус тус ажилласан билээ. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилтийг бүрэн бус гэж үзэн шүүхээр баталгаажуул гэсэн юм.Иймд тухайн үед ажилд томилж байсан тушаал шийдвэр, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1991-1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлснийг батлах нийгмийн даатгалын газрын тодорхойлолт зэргийг үндэслэн 1987-1990 онд эх орны төлөө нэгдэлд ногоочноор, 1990-1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.08.14-ний өдрийн 55 дугаар “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх” тодорхойлолт, Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1990.06.23-ны өдрийн 40 дугаар тушаал, Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990.07.02-ны өдрийн 43 дугаар тогтоол, Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987.06.16-ны өдрийн 22 дугаар тушаал, 1987.12.17-ны өдрийн 51 дүгээр тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх, нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь Сүхбатаар аймгийн******* "Эх орны төлөө" нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл "ногоочин"-оор, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал "малчин"-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч нь Сүхбатаар аймгийн******* "Эх орны төлөө" нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл "ногоочин"-оор, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал "малчин"-аар тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар,
Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (1994-1995, 1993 онуудад цалингийн бичилт бүхий),
Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.08.14-ний өдрийн 55 дугаар “нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх” тодорхойлолт,
Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1990.06.23-ны өдрийн 40 дугаар тушаал,
Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990.07.02-ны өдрийн 43 дугаар тогтоол,
Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987.06.16-ны өдрийн 22 дугаар тушаал,
Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1987.12.17-ны өдрийн 51 дүгээр тушаал,
гэрчгийн шүүхэд өгсөн “******* нь 1990-1995 онуудад Сүхбаатар аймгийн******* сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад малчнаар ажиллаж байсан. Би тухайн үед тус бригадад малчнаар ажиллаж байсан учраас ажиллаж байсныг нь сайн мэднэ” гэх,
гэрчийн шүүхэд өгсөн “******* нь 1987-1990 онуудад Сүхбаатар аймгийн******* сумын Эх орны төлөө нэгдлийн Хонгор бригадад ногоочноор ажиллаж байсан. Тухайн үед би тус бригадад ногоочноор ажиллаж байсан учраас сайн мэднэ” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
5. Тухайлбал, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн /1971.01.02-нд төрсөн/-д Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн 1 дугаарт түүнийг тус нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар мөн өдрөөс Хонгор бригадын услалтын системийн ногоочноор томилсон,
2 дугаарт, нэгдлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01 тоот тушаалаар тухайн өдрөөс услалтын ногоочноос чөлөөлж, Төв бригадад саальчнаар томилсон,
мөн /1971.01.02-нд төрсөн/-д Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлээс 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн 1 дугаарт түүнийг тус нэгдлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 40 тоот тушаалаар 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс Төв бригадад үхэрчнээр томилсон хийгээд дэвтрийн 6-8 дугаар хуудсанд 1991- 1993 онд авч байсан цалин хөлс тус тус тэмдэглэгдэн, тухайн үеийн эрх бүхий этгээдийн тэмдэгээр баталгаажсан байна.
Харин түүнд Эх орны төлөө ББХК-иас 1994 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Хөдөлмөрийн хөлсний мэдээ хэсэгт түүний 1994 онд авч байсан цалин хөлс тэмдэглэгдсэн ба уг дэвтрийн 5 дугаар хуудсанд 1990 оны 06 дугаар сарын 28-наас 1995 оны 01 дүгээр сарын 01-нийг хүртэл ажиллаж байсныг тодорхойлж уг дэвтрийг хаажээ.
6. Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн зөвлөлийн даргын 1990.06.23-ны өдрийн 40 дугаар тушаалд 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн Төв бригадад малчнаар томилсон,
Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдлийн ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990.07.02-ны өдрийн 43 дугаар тогтоолоор тугалтай үнээ 1, хургатай хонь 3, ишигтэй ямаа 2, 2000 төгрөгийн тусламж, тэтгэмжийг олгож байжээ.
7. Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлийн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 02 тоот тушаалаар мөн өдрөөсийн ногоочноор томилсон хийгээд энэ тушаал нь /1971.01.02-нд төрсөн/-д Сүхбаатар аймгийн******* сумын “Эх орны төлөө” нэгдлээс 1982 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн Эрхэлсэн ажил хэсгийн 1 дугаарт тусгагдсан бичигдсэн бөгөөд түүнийг мөн 1987 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 25-ныг хүртэл Сумын төвийн баруун талын ундны усны моторчноор түр томилон ажиллуулж байсан нь тус нэгдлийн даргын 1987 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 51 дугаартай тушаалаар тус тус нотлогдоно.
8. Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025.08.14-ний өдрийн 55 дугаар “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх” тодорхойлолтод Лувсандашын Үүрийнтуяагийн ажиллаж байсан Сүхбаатар аймгийн******* сумын Эх орны төлөө нэгдэл 1991-1994 онуудад хөдөлмөрийн хөлсний сангаас тооцон нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг (1991 он ХН-8, 1992 он ХН-19, 1993 он ХН-34 1994 он ХН-47) тодорхойлжээ.
9. Иймд дээр дурдсан нотлох баримтуудаар Баян Эрхэт овогт******* Сүхбатаар аймгийн******* "Эх орны төлөө" нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл "ногоочин"-оор, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал "малчин"-аар тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Баян Эрхэт овогт******* Сүхбатаар аймгийн******* "Эх орны төлөө" нэгдэлд 1987 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл "ногоочин"-оор, 1990 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 1994 оныг дуустал "малчин"-аар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН