Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар   315/ШШ2025/00413       

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: *******,*******,******* нэхэмжлэлтэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Энхжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* миний бие 1988-1994 онуудад ******* нэгдэлд ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч 1988-1994 онуудад ажиллаж байсан хугацааг шүүхээр баталгаажуул гэсэн. Иймд тухайн үед ажиллаж байсан үеийн цалингийн түүвэр, Сүхбатаар аймгийн Архивын тасгийн 2025.09.11-ний өдрийн 25 дугаар албан бичиг, 1988-1994 онуудын хөдөлмөрийн дэвтэр, 1989-1990 онд шагнагдаж байсан баярын бичиг, дипломын хуулбар зэрэг нотлох баримтыг үндэслэн 1988-1994 онуудад ******* нэгдэлд 6 жил 5 сар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.

Тухайн үед надтай хамт ажиллаж байсан *******,******* нарыг гэрчээр асууж өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс өөрийн Иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай лавлагаа, Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай албан тоот, 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр/ улаан өнгийн/, 1991 онд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр/ саарал өнгийн/, Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 43 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн диплом, 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Баярын бичиг, гэрч асуулгах тухай хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

 

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******,******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарыг дустал ******* малчнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* бичээч, галчаар, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ******* ББХК-д бичээч, галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч нь 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын ******* нэгдэлд малчнаар,

1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарыг дуустал ******* малчнаар,

1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* бичээч, галчаар,

1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ******* ББХК-д бичээч, галчаар тус тус ажиллаж байсан болох нь:

 

нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, 1980 оны Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр/ улаан өнгийн/, 1991 онд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр/ саарал өнгийн/,Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай лавлагаа,  

Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 26 дугаартай албан тоот, Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 43 дугаар тушаал, уг тушаалын хавсралт, 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн диплом, 1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн баярын бичиг,

 

гэрч *******гийн шүүхэд өгсөн “******* нь 1988-1993 онуудад Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдэлд малчнаар ажиллаж байсан. 1994 онд Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” компанид үйлчлэгч, нарийн бичиг, галчаар тус тус ажиллаж байсан. Би Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдэлд малын эмчээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэх,

 

гэрч*******гийн өгсөн “******* нь Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдэлд худалдагч, галч, бичиг хэргээр тус тус ажиллаж байсан. Би Асгат сумын “*******” нэгдэлд бэлтгэлийн эрхлэгч, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан учраас ажиллаж байсан байдлыг нь сайн мэднэ” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

5. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 43 дугаартай Ажилд томилох тушаал тушаал, уг тушаалын хавсралтыг үндэслэвэл,  *******г тус нэгдэлд 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс ажилчнаар томилж, 300 төгрөгийн тэтгэмж олгохоор шийдвэрлэж байжээ.

 

6. Энэ эх бичилт бүхий тушаал нь Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдлээс 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ( 1970.02.24-нд төрсөн)-д олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр/1980 он, улаан өнгийн/-ийн 2-3 хуудсанд тэмдэглэгдэж тухайн нэгдлийн тамга дарагдсан ба түүнийг 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс ******* нэгдлийн 3 дугаар хэсэгт малчнаар авч ажиллуулсан, мөн уг дэвтрийн 13 дугаар хуудсанд 1988 оны 8-12 дугаар сарын, 14 дүгээр хуудсанд 1989 он, 15 дугаар хуудсанд 1990 оны цалин бичигдэж тухайн үеийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан байна.

 

7. Харин Сүхбаатар аймгийн Асгат сумын “*******” нэгдлээс 1991 оны 01 дугаар сарын 01-ний өдөр ( 1970.02.24-нд төрсөн)-д олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр/ саарал өнгийн/-т 2-3 дугаар хуудасны 1 дугаарт тус нэгдлийн даргын 1988 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 43 дугаартай тушаал дахин тэмдэглэгдсэн,

2 дугаарт тус нэгдлийн даргын 1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 08 тоот тушаалаар мөн өдрөөс Аж ахуй нэгдлийн хуулийн дагуу шинэчлэн зохион байгууулагдсан тул “*******” нэгдлийн малчнаас чөлөөлсөн,

3 дугаарт “*******” ХК-ийн захирлын 1992 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс тус компанид малчнаар томилсон,

4 дугаарт “*******” ХК-ийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 01 тоот тушаалаар мөн өдрөөс “*******” ХК-ийн малчнаас чөлөөлж, бичээч галчаар томилсон,

 4-5 дугаар хуудсанд “*******” ББХК-ийн 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 06 тоот тушаалаар мөн өдрөөс аж ахуйн нэгж өөрчлөгдсөн тул “*******” ХК-ийн галч, бичээчээс чөлөөлж, “*******” ББХК-ийн галч, бичээчээр авч ажиллуулсан нь тус тус тэмдэглэгдэж, тухайн аж ахуйн нэгжийн тамгаар тус тус баталгаажсан байна.

Уг дэвтрийн 6 дугаар хуудсанд 1991 он, 7 дугаар хуудсанд 1992 он, 8 дугаар хуудсанд 1993 он, 9 дүгээр хуудсанд 1994 оны цалин бичигдэж тухайн үеийн эрх бүхий этгээдийн гарын үсэг, тэмдгээр баталгаажжээ.

 

8. Дээрх 1988, 1991 онд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч  болох ( 1970.02.24-нд төрсөн)-ийн мэдээлэл нэхэмжлэгч гийн Иргэний үнэмлэхийн мэдээлэлтэй тохирч байх тул уг дэвтрүүдийг түүнийх гэж үзэх үндэслэлтэй ба мөн уг дэвтрүүд дэх мэдээлэлүүд нэхэмжлэгч *******д хамааралтай гэж үзнэ.

 

9. Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай лавлагаанд Асгат сумын **************гийн нэгдэлд 1988 оны 8-12 дугаар сар, 1989 оны 1-2, 11-12 дугаар сар, 1990 оны 3-4 сар, 8 дугаар сар, 1991 оны 4,7,9 дүгээр саруудад саальчин, малчнаар,

мөн Асгат сумын ******* ББХК-ны захиргаа аж ахуйд 1991 он 4,5,8 дугаар сар, 1994 оны 3-12 дугаар саруудад ажиллах хугацааны цалин хөлсний жагсаалт гарчээ.

 

10. Тодруулбал, дээрх Сүхбаатар аймгийн Архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 25 дугаартай лавлагаанд бичигдсэн цалин нь 1988, 1991 онд олгосон Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсан цалин хөлстэй таарч байгааг дурдья.

 

11. Нэхэмжлэгчээс хэрэгт 1990 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Диплом (*******д МХЗЭ-ийн гишүүний алдар нэрийг өндөрт өргөн, сайхан эх орныхоо хөдөө аж ахуй түүний үндсэн салбар МАА-г хөгжүүлэх үйлст биечлэн оролцож ажлын өндөр амжилт гаргасан тул диплом үнэ бүхий шагнав гэх ),

1989 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Баярын бичиг ( *******д хариуцсан үнээ тутмаасаа 5.6 литр сүү сааж амжилт гарган "Сүү тос-89" уралдааны 1 шатанд шалгарсан тул аймгийн ҮЭ-ийн зөвлөл, ХЗЭ-ийн хороо, эмэгтэйчүүдийн зөвлөл, МСБ Конторын баярын бичиг мөнгөн шагналаар шагнав гэх ) бичилт бүхий баримтыг ирүүлсэн бөгөөд энэ Сүхбаатар аймгийн Асгат сумын ******* нэгдэлд малчин, саалчнаар ажиллах үеийн хөдөлмөр,амжилтыг үнэлэн олгосон шагналууд байна.

 

 12. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч гийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарыг дустал ******* малчнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* бичээч, галчаар, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ******* ББХК-д бичээч, галчаар тус тус ажиллаж байсан нь нотлогдох тул түүний энэ хугацааны ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч гийн гийн 1988 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Асгат сумын ******* нэгдэлд малчнаар, 1992 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 3 дугаар сарыг дустал ******* малчнаар, 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 он 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ******* бичээч, галчаар, 1994 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал ******* ББХК-д бичээч, галчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.НАСАНБУЯН