Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01957

 

 

 

 

 

2020 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/01957

 

 

 

О.Т-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01647 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Т гийн хариуцагч С.Б холбогдуулан гаргасан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч С.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б нь О.Т гийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 гудамжны 306 тоот хаягт байрлах 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Т гаас 135 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаанд 80 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталгаа гаргасан. Энэхүү баталгааны дагуу урьдчилгаа төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. Урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн бөгөөд худалдан авагч С.Б нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 30 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөг төлөх байдлаар төлбөрийн график гаргасан боловч төлөөгүй. О.Т гийн зүгээс графикт хугацаа өнгөрснөөс хойш үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд С.Б нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин баталгаа гарган байрны үлдэгдэл мөнгийг мөн оны 8 дугаар сарын 20-ны өдөр 20 000 000 төгрөг, үлдэгдэл 35 000 000 төгрөгийг сар бүрийн 20-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлөх байдлаар дахин баталгаа гаргаж өгсөн боловч тохирсон хугацаандаа төлөөгүй. 135 000 000 төгрөгийн гэрээг татвараас зайлсхийх зорилгоор 42 000 000 төгрөг гэж гэрээ байгуулсан. Өөр гэрээ байгуулаагүй. О.Т нь Эко девелопмент монголиа ББСБ ХХК-тай тохиролцож Б.Гансүх, Б.Болормаа нарын зээлийг өмнөөс нь төлж үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч баримтгүй гэжээ. Иймд хариуцагч С.Б оос худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 55 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Ба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 12 дугаар сард О.Т гаас Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 гудамжны 306 тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий амины орон сууцыг худалдан авсан. Уг газар нь Сүхбаатар дүүргийн Эрчим хүчний байгууллагад 6 000 000 төгрөгийн өртэй байсан. Хөлдсөн байсан тул засвар үйлчилгээ хийж ашиглалтанд оруулсан. Тус орон сууц нь 21 өрөө бүхий нийтийн байр юм. Орлого хаагдсан тул 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 22 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2 500 000 төгрөгөөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж дуусгавар болгох хүсэлттэй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б холбогдох худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 55 000 000 төгрөг гаргуулах тухай О.Т гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432 950 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2020/05413 дугаар захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: Шүүх хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч талын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагч талын шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудтай нэг бүрчлэн харьцуулан үзэлгүйгээр хийсвэр дүгнэлт хийснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байгаа юм.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Эко девелопмент монголиа ББСБ ХХК болон иргэн Б.Гансүх, Б.Болормаа нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан үйл баримт, зээлдэгч нар нь 160 000 000 төгрөгийн зээл авсан талаар, уг зээлийн эргэн төлөлтийн баталгаа болгож барьцаа хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 306 тоот хаягт байрлах 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг газрын хамт барьцаалсан үйл баримтын талаар зөв дүгнэсэн боловч шийдвэр гаргахдаа мэргэжлийн алдаатай шийдвэр гаргасан.

Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоход зээлдэгч нар нь үндсэн зээл, зээлийн хүүг төлж чадаагүй тул барьцаа хөрөнгийг зээлийн төлбөрт шилжүүлэх санал гаргаж, улмаар зээлдүүлэгчийн хувьд тухайн барьцаа хөрөнгүүдийг худалдан борлуулах замаар зээлийн мөнгийг эргүүлэн авах сонирхолтой байсан тул зээлдэгч, зээлдүүлэгч нар харилцан тохиролцож банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байсан үл хөдлөх эд хөрөнгийг хүсэлт гарган Чингэлтэй дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас чөлөөлж, барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөний дараа уг хөрөнгийн өмчлөх эрхийг О.Т гийн нэр дээр шилжүүлсэн байдаг.

О.Т нь хөрөнгийг шилжүүлэн авсны дараа үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын Кэмакс /КЕМАХ/ компанид хандан тухайн хөрөнгийг худалдан борлуулах болсон ба тухайн үед С.Б тухайн үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг худалдан авах санал гаргаж, улмаар бэлэн мөнгөөр худалдан авах санхүүгийн боломжгүй байсан тул Худалдаа хөгжлийн банк, Голомт банкнаас зээл хүссэн байдаг. Банкнаас үл хөдлөх эд хөрөнгө зээлдэгчийн нэр дээр бүртгэлтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан учраас О.Т нь худалдан авагч С.Б ын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж, С.Б нь шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгөө Голомт банкинд барьцаалан 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 290 000 000 төгрөгийн зээл авсан. Үл хөдлөх хөрөнгийг С.Б ын нэр дээр шилжүүлсэн тул банкнаас зээлийн төлбөр О.Т гийн дансанд орсон. Уг зээлийн мөнгөнөөс эхний ээлжинд банк бус санхүүгийн байгууллагын үлдэгдэл зээлийн төлбөрийг хааснаар зээлдэгч Т.Гансүх, Б.Болормаа нарын зээлийг хаасан. Харин С.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө, газрыг О.Т гаас 135 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тул 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 80 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 55 000 000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр гэрээ байгуулж байгаа талаар баталгаа гаргаж өгснөөр талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн тул С.Б оос үлдэгдэл төлбөрийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч О.Т г шаардах эрх үүсээгүй. Өөрөөр хэлбэл дээрх эд хөрөнгийг Эко девелопмент монголиа ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө гэж дүгнэсэн. Зээлдэгч, зээлдүүлэгч, худалдан авагч С.Б нар нь харилцан тохиролцон барьцаа хөрөнгийг чөлөөлж улмаар О.Т , С.Б нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус гаргуулснаар үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас бүрэн чөлөөлсөн гэж үзэхээр байна. Барьцаа хөрөнгө чөлөөлөгдсөн байхад тухайн хөрөнгийг Эко девелопмент монголиа ББСБ ХХК-ийн хөрөнгө гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон буюу талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэргийг буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Б холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч тал уг мөнгийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж, улмаар зохигчид эвлэрлийн гэрээ байгуулан батлуулахаар анхан шатны шүүхэд өгсөн байна. /хх39/

Шүүх гуравдагч этгээдийн эрх, ашиг хөндөгдөж болзошгүй гэж дүгнэн зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг батлахаас татгалзахдаа хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ. Тодруулбал, О.Т , С.Б нар О.Т гийн өмчлөлд бүртгэлтэй Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 11 дүгээр гудамжны 306 тоот хаягт байрлах 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зорииулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 135 000 000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар харилцан тохиролцож, улмаар худалдагч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Б ын өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь хөрөнгийн үнээс 80 000 000 төгрөг төлсөн үйл баримт тэдгээрийн тайлбар, хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдсон байна. /хх-5-6, 52, 157-159, 190/ Иймээс О.Т , С.Б нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх тул хэн аль нь үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Хариуцагч нь гэрээний үнээс 55 000 000 төгрөг төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдсон учир нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна. /хх52/

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчин маргааны үйл баримтыг буруу дүгнэжээ.

Нэхэмжлэгч О.Т хариуцагч С.Б оос худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн худалдах-худалдан авах гэрээ хийх үед үл хөдлөх эд хөрөнгө нь О.Т гийн өмчлөлд бүртгэлтэй байсан ба уг хөрөнгөө С.Б ын өмчлөлд шилжүүлсэн болох нь хэргийн баримтаар нотлогдож байна. /хх-151,157/ Энэ талаар зохигчид маргаангүй. Мөн хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэл буруу ташаа маргаантай байгаа талаарх баримт хэрэгт авагдаагүй тул Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж тооцно. Иймээс талуудын худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө өмнө нь иргэн Б.Гансүхийн өмчлөлд бүртгэлтэй байсан, тэрээр Б.Гансүх, Б.Болормаа Эко деволопмент Монголиа ББСБ ХХК-аас зээл авч, хөрөнгийг барьцаанд тавьсан, улмаар хөрөнгийг тус компанийн захирал О.Т д худалдаж, өмчлөх эрхийг түүнд шилжүүлсэн зэрэг үйл баримтууд нь нэхэмжлэгч О.Т гийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ач холбогдолгүй тул худалдсан эд хөрөнгийг Эко девелопмент Монголиа ББСБ ХХК-ийн барьцааны зүйл гэх үндэслэлээр нэхэмжлэгч О.Т г шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн үндэслэлгүй байна.

Түүнчлэн хариуцагч С.Б өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө Голомт банк ХХК-д барьцаалан зээл авсан тухай нотлох баримт нь уг хэрэгт хамааралгүй, хариуцагч өөрөө худалдах-худалдан авах гэрээний үүргийн үлдэгдэл 55 000 000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж хариуцагчийн үүргийг дуусгавар болсон гэж буруу дүгнэлт хийжээ.

Мөн зохигчдын тайлбараар худалдах-худалдан авах гэрээний үнэ 135 000 000 төгрөг болох нь нотлогдож байхад хэргийн 155 дахь талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг үнэлж нэхэмжлэгчийг, хариуцагчаас гэрээний үүрэг шаардах эрх үүсээгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

Учир нь хуулийн 243 дугаар зүйлд худалдах-худалдан авах гэрээ хийх хэлбэрийн шаардлага тавиагүй тул талуудын хүсэл зоригоо илэрхийлэн амаар харилцан тохиролцож өмчлөх эрхээ шилжүүлснийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасан бодит үйлдлээр хийгдсэн хэлцэл гэж үзнэ. Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх зорилгоор гэрээний үнийг 42 000 000 төгрөгөөр тодорхойлон бичгээр байгуулсан талуудын гэрээ нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. /хх155/

Зохигчид давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой эвлэрлийн гэрээ байгуулаагүй, уг асуудлаар дүгнэлт хийсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байна. Иймээс давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч О.Т гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2020/01647 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Б оос худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 55 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Т д олгосугай гэж өөрчлөн найруулж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч С.Б оос 432 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.Т д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Ч.ЦЭНД