Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 210/ма2020/02116

 

 

 

 

 

 

 

 

С.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 104/ШШ2020/00333 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч С.О-ын нэхэмжлэлтэй А.У-, С.О- нарт холбогдох 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 50 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 20 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 10 000 000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өгсөн авснаа буцаахыг даалгах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Их тойруу, 17А байрны 1 тоот 70 м.кв, 17А байрны 13 тоот 56,25 м.кв, 17Б байрны 22 тоот 56,25 м.кв талбайтай орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.О-, хариуцагч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: А.У-тэй 2014 оны 12 сарын 1-ний өдөр 50 000 000 төгрөг, 2015 оны 2 сарын 1-ний өдөр 20 000 000 ,2015 оны 4 сарын 1-ний өдөр 10 000 000, 2015 оны 4 сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус байгуулсан. Үүнээс 2015 оны 11 сарын 6-ны өдөр 45 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөгийг буцаан төлсөн. Мөн 2015 оны 11 сарын 3-ны өдөр 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, 2015 оны 11 сарын 3-ны өдөр 56,25 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 2015 оны 12 сарын 25-ны өдөр 56,25 м.кв талбайтай 2 өрөө сууцыг А.У-ийн нэр дээр шилжүүлсэн. Мөнгө авсан, орон сууцуудыг шилжүүлсэн гэдэгт хэн аль нь маргахгүйХариуцагч Г.О- А.У-ийн зээлдүүлсэн мөнгө өөрийнх нь хөрөнгө тул тооцоо нийлье гэсэн. Тооцоо нийлэхэд хоёр байрыг чинь буцааж өгье гэж хэлэхэд А.У- хоёр хоногийн дараа байрыг шилжүүлж өгье гэчихээд өгөөгүй.С.О-тэй зээлийн гэрээ хийгээгүй тул 90 000 000 төгрөгт хүү, алданги бодох үндэслэлгүй. Зээлийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг өгч, өөрийн орон сууцыг буцаан авснаар бидний тооцоо дуусгавар болно. Тухайн үед А.У-тэй хийсэн зээлийн гэрээ нь 1 жилийн хугацаатай байсан бөгөөд би хугацаа хэтрүүлэлгүй 75 000 000 төгрөгийг төлж, 2015 онд 3 орон сууцаа шилжүүлэн өгсөн. 5 жилийн хугацаанд бусдад түрээслүүлж ашиг олсон гэж үзэж байгаа учир хүү төлөхгүй.Тооцоо нийлэх гэрээ нь А.У-ийн нэр дээрх зээлийн дагуу зээлийн хүү, алданги тооцсон учир энэ гэрээ хүчин төгөлдөр бус. Иймд А.У-тэй байгуулсан 4 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 3 орон сууцыг хариуцагч нараас гаргуулж надад олгож өгнө үү. Мөн дээрх орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.У- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.О- С.О-д 2014 онд мөнгө зээлдүүлсэн бөгөөд 2015 онд 4 зээлийн гэрээг бичгээр нөхөж байгуулсан. Ахынхаа нэрийн өмнөөс би гэрээ хийсэн учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.О-ийг төлөөлж оролцсон. С.О-ын төлсөн 75 000 000 төгрөгийг ах О-д өгсөн. Мөн уг зээлийн эргэн төлөлтүүдийг хийхдээ гүйлгээний утга дээр С.О- гэж явуулсан. Тухайн үед С.О- нь аймгийн засаг дарга байсан учир гарын үсгийг А.У- зурснаас өөр зүйл байхгүй. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө одоо хариуцагч нарын нэр дээр байхгүй. Уг орон сууц нь иргэн, банк бус санхүүгийн байгууллагад байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдгээр хүмүүс хариуцагчаар оролцоогүй тул үүнийг шүүх харгалзан үзэж шийдвэрлэнэ үү гэв.

 

Хариуцагч С.О- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус. С.О-, С.О- нар нь зээлийн талаар харилцан тохиролцож, С.О- нь А.У-ээр төлөөлүүлэн гэрээ байгуулсан. Бидний зүгээс эвлэрэх боломжийг удаа дараа нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн хувьд С.О-д 2014-2016 онуудад нийт 120 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг зээлдүүлэхдээ өөрийгөө төлөөлүүлэх эрхийг А.У-т олгосон. 90 000 000 төгрөг, мөн Дэжидээр дамжуулан 30 000 000 төгрөгийг О-д зээлдүүлсэн. Мөн зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангах зорилгоор Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Их тойруу, 17А-1 тоотод байрлах, 70 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, уг байрны 13 тоот хаягт байрлах, 56,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 17Б байрны 22 тоот хаягт байрлах, 56,2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаа болгон А.У-ийн нэр дээр шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулсан. С.О-нь 2015 оны 11 сарын 06-ны өдөр 45 000 000 төгрөг, 2015 оны 12 сарын 28-ны өдөр 30 000 000 төгрөг, нийт 75 000 000 төгрөгийг төлсөн. Бид 2016 оны 11 сарын 08-ны өдөр тооцоо нийлэх гэрээ байгуулсан. Зээл, хүү, алданги нийт 170 000 000 төгрөг болсон ба гэрээрээр Дундговь аймаг, Сайнцагаан сум, 7 дугаар баг, Их тойруу, 17А-1 тоотод байрлах 3 өрөө сууцыг зээлийн төлбөрт тооцож авах, мөн хаягт байрлах 2 өрөө орон сууц, 17Б байрны 22 тоот хаягт байрлах 2 орон сууцыг С.Дэжидээр дамжуулан буцаан өгөх, 30 000 000 төгрөгийг 2017 оны 03 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгаж, 170 000 000 төгрөгийн төлбөрөөс 50 000 000 төгрөгөөс татгалзах нөхцлөөр харилцан тохиролцсон. С.О-аас тооцоо нийлэх гэрээний дагуу 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.О-, хариуцагч А.У- нарын хооронд байгуулсан 2014 оны 12 сарын 01-ний өдрийн 50 000 000 төгрөг, 2015 оны 2 сарын 01-ний өдрийн 20 000 000 төгрөг, 2015 оны 4 сарын 01-ний өдрийн 10 000 000 төгрөг, 2015 оны 4 сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийг гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Дундговь аймаг, Сайншанд сум, 7 дугаар баг, Их тойруу 17А байрны 1 тоот 70 м.кв, 17А байрны 13 тоот 56.25 м.кв, 17Б байрны 22 тоот 56.25 м.кв талбайтай орон сууцуудыг хариуцагч нараас гаргуулан авах, дээрх орон сууцнуудын шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.О-ийн нэхэмжлэгчээс 30 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2 190 000 төгрөг, хариуцагч С.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 275 150 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, улсын төсвөөс 601 573 төгрөгийг нэхэмжлэгчид, 967 200 төгрөгийг С.О-д тус тус буцаан олгож, хариуцагч А.У-ээс 607 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.О-д олгохоор шийдвэрлэсэн.

 

Хариуцагч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Оргил давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан үндэслэлээр шаардсан боловч шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дах хэсэгт заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл гэж шаардлагад тусгагдаагүй үндэслэлээр дүгнэсэн. Хариуцагч С.О- нэхэмжлэгч С.О-ын хүсэлтийн дагуу 2014-2016 онд нийт 120 000 000 төгрөгийг А.У- болон С.Дэжид нараар дамжуулан зээлдүүлэхдээ төлөөлөх эрхийг А.У-т олгосон. С.Дэжидээр дамжуулан 30 000 000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулахгүйгээр зээлдүүлсэн нь С.Дэжидийн гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсон нь буруу. Зээлийн харилцаанд төлөөлөгчөөр дамжуулан оролцохыг хуулиар хориглоогүй. С.О-, зээлдүүлэгч С.О- нарын хэн аль нь хүлээн зөвшөөрч зээлийн гэрээг дүгнэн, тооцоогоо нийлж гэрээ байгуулсан байхад шүүх талуудын хүсэл зоригийн хүчин төгөлдөр илэрхийллийг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч С.О-нь хариуцагч А.У-, С.О- нарт холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 50 000 000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 20 000 000, 2015 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 10 000 000, 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 10 000 000 төгрөгийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, өгсөн авснаа буцаахыг даалгах, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар баг, Их тойруу,17А байрны 1 тоот 70 м.кв, 17А байрны 13 тоот 56,25 м.кв, 17Б байрны 22 тоот 56,25 м.кв талбайтай орон сууцнуудын өмчлөгчөөр тогтоолгохоор шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан. Хариуцагч С.О- нь зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг нэхэмжлэгч мөн эс зөвшөөрч маргажээ. /1-р хх 67/

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулж талуудыг бүрэн мэтгэлцүүлээгүйгээс хэрэгт цугларсан баримтын хэмжээнд маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Талуудын хооронд удаа дараа зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч өмчлөлдөө шилжүүлэн аваад улмаар буцаан төлж байсан талаар зохигч тайлбарлажээ. /3-р хх 34-39/

 

Дээрх зээлийн мөнгөн хөрөнгийн өмчлөгч нь С.О- гэх бөгөөд С.О- дүү А.У-ээрээ хэлцэлд төлөөлүүлсэн гэж хариуцагч нарын хэн аль нь тайлбарласан байна. /4хх-35-39/

 

Нэгэнт хэрэгжээд дууссан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж буй үндэслэл тодорхойгүй, талуудын хоорондын зээлийн гэрээний үүргийн хэмжээг хууль зүйн талаас нь дүгнэж тодруулаагүй байна. Зээлдэгч хэдий хэмжээний үүрэгтэй, хэдийг төлж биелүүлсэн зэргийг дүгнэх шаардлагатай.

 

Мөн нэхэмжлэлд дурдсан орон сууцнууд хариуцагч нарын өмчлөлд байхгүй байхад шаардлагатай бол буцаан нэхэмжлэгчид орон сууцыг нь шилжүүлэхийг хариуцагч нарт зөвшөөрч байгаа, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй зэрэг эргэлзээтэй нөхцөл байдлуудыг тодруулах, орон сууцнуудын өмчлөх эрх бүхий этгээдийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй байгааг анхаарах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 


1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 104/ШШ2020/00333 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.О-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 758 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ш.ОЮУНХАНД