Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 140

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

    Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Шүүгдэгч: Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Г-гийн Э-т холбогдох 1835000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 23-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн мэдээллийн систем зайнаас тандан судлагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Давст сумын 3 дугаар багт оршин суух Ч овогт Г-гийн Э /регистрийн дугаар: ОВ90082315/.

Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

 Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 129/1 дүгээр тэмдэгтээр ОХУ-ын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирэхдээ хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох 210.000 төгрөгийн үнэ бүхий ангор үүлдрийн ямааны 6 /зургаа/ кг ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                1. Шүүгдэгч Г.Э-ыг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

            Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хилийн 129/1 дүгээр тэмдэгтээр Оросын Холбооны Улсын талаас Монгол улсын тал руу хилээр хууль бусаар нэвтэрч орж ирэхдээ хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох нийт 210.000 төгрөгийн үнэ бүхий ангор үүлдэрийн ямааны 6 килограмм ноолуурыг хууль бусаар авч орж ирсэн болох нь гэрч Б.Ч-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 19-ний Бямба гарагийн өглөө 10 цагийн үед Г.Э Оросын Холбооны Улсаас өөрийн 49-26 УНЕ дугаартай машинтайгаа орж ирсэн юм. Г.Э нь байнга хилээр орж гарч байдаг Кызылд эхнэртэй хүн тул танина. Тэгээд орой 17 цаг 20 минутын үед Э өөрийн дүү Тулга болон хоёр Оросын Холбооны улсын иргэнтэй Оросын Холбооны улсын тал руу гарсан. Би шалган дээр бичиг баримтын шалгаж гаргасан юм. Хил 18 цагт хаасан,  Э буцаж орж ирээгүй. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 20-ны шөнө 23 цаг 50 минутын үед хилийн 129 дүгээр тэмдэгтээр явган 1 хүн саатуулагдсан гэж харуулаас мэдэгдсэний дагуу заставын даргын хамт харуул дээр очиход Оросын Холбооны улс руу гарсан Г.Э байсан. Эыг бямба гарагийн орой ОХУ руу гарсан хүн хэзээ Монголд ирчихсэн юм гэхэд Э намайг харчихаад “За би үнэнээ хэлье. Оросын нутагт явж байгаад Тува хүнтэй мориноос болж маргалдаад айсан тул Монгол руу зугтаж ирсэн юм” гэж хэлсэн. Хил давж орж ирээд гэртээ очсон гэхээр нь би Э-ын аав Г-гийн гэрт очсон юм. Г-гийн гэрт 1 шуудайтай ноолуур байсан ба Г-гийн ямаагаа самнаад өгчихсөн гэсэн бөгөөд уг ноолуурыг мэдэхгүй байсан тул буцаж харуул руу ирж Этай уулзсан. Сүүлд сонсоход Э хилээр ноолуур авч ирсэн гэдгээ хүлээж ноолуураа хураалгасан байна лээ.” гэх мэдүүлэг /хх-32-34-р тал/,

гэрч Б.Н-гийн хэрэг бүртэлтийн шатанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 20-ны 23 цагт хилийн 128.2-оос 128.1 дүгээр тэмдэгт хүртэл манааны үүрэг гүйцэтгэхээр а/а Б-ын хамт явсан юм. Бид заставын ам харуулаас тор дагуу явган явж хилийн 129 дүгээр тэмдэгт орчим Заагийн гол дээр ирэх үед харанхуйд хүн явах хөлийн чимээ гарсан. Тэгээд бид уг чимээг сонсоод чагнаад сууж байтал харанхуйгаас 1 хүн хилийн торон дээр ирсэн. Тэр үед Б ахлагч бид хоёр  “Зогс” гэхэд нөгөө хүн эргэж нутгийн гүн рүү зугтах гэсэн 4-5 метр гүйхэд нь бид хоёр барьж зогсооход зогсоод “оо таньдаг хүн байна” гэхэд Б ахлагч “чи яаж яваа юм” гэж асуухад нөгөө хүн морио хайж явна гэж хэлсэн. “Ямар морь энд байдаг юм” гэхэд тор дээр байгаа байх гэж бодоод ирсэн, ах нь явлаа явуулчих” гэсэн. Б ахлагч станцаар заставд мэдэгдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р тал/,

гэрч Н.Б-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 20-ны 23 цагт хилийн 128.2-оос 128.1 дүгээр тэмдэгт чиглэлд байлдагч Н-гийн хамтаар манааны үүрэг гүйцэтгэсэн. Бид хоёр хилийн тор дагуу явж байтал хилийн 129 дүгээр тэмдэгт орчим Заагийн амны голын эрэг дагуу хилийн торны хажууд харанхуйд хүн явах чимээ гарахаар нь бид хоёр уг чимээ сонсоод хүлээж байтал нэг хүн торон дээр ирж харагдсан.. Бид хоёр босоод “зогс” гэхэд шууд зогссон. Би очиход Давст сумын иргэн Орос уруу байнга явдаг Г.Э байсан. Г.Э намайг бас таньсан бөгөөд юу хийж яваа юм гэхэд “хөгшин чинь морь хайж явна” гэж хариулсан. Энд юу нь морь байдаг юм бэ? гэхэд Э “голын дагуу морь торны цаана гарсан байж магадгүй гээд хайж явна, хээр морь хайж байна” гэхээр нь би “энд морь байхгүй чамайг заставт мэдэгдэнэ” гээд холбоогоор мэдэгдэхэд Г.Э “явуулчих, гэр ойрхон байдаг” гээд гуйсан. Би хагас сайн өдөр буюу урьд өдөр боршоо боомтоор Орос руу гарч байхыг харсан тул хил давж орж ирсэн байж магадгүй гэж сэжиглэж заставын дарга иртэл саатуулаад хүлээлгэж өгсөн. Э-ыг 23 цаг 50 минутанд саатуулсан бөгөөд саатуулахын урд 22 цаг 40 минутын үед Оросын нутагт хилийн 129 дүгээр тэмдэгтийн чиглэлд машин явах гэрэл харагдсан юм. Хилийн 129 дүгээр тэмдэгтийн хойно хилээс 1 км орчим зайд Тува малчин айл байдаг. Тэр айл орчимд машин явж байна гэж бодсон. Г.Э-ыг заставын дарга А-д хүлээлгэж өгсөн ба даргад Орос хүнтэй муудалцаад зугтаж орж ирсэн гэж хэлсэн. Дараа нь дарга гэр рүү нь очоод ирсэний дараа ноолуур авч хилээр орж ирснээ хүлээсэн юм. Ганцаараа 6 кг ноолуур авч ирж гэртээ үлдээчихээд буцаж гарахдаа баригдсан гэж хэлсэн. ...Өглөө орж ирсэн мөрийг нь үзэхэд хилийн 129 дүгээр тэмдэгтийн зүүн талаар 1 пүүз шиг арзгар гуталтай явган хүн орж ирж торны зайгаар гарсан. Торны өргөсөнд ноолуур үлдсэн байсан” гэх мэдүүлэг /хх-38-40-р тал/,

гэрч А.А-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 23 цаг 50 минутын үед Заставын амны харуулаас Заагийн амны голын эрэг дээрээс 1 явган хүн саатууллаа гэж мэдэгдсэн. Тэгээд би заставаас очиход Оросын Холбооны улс руу таксинд явдаг Кызылд эхнэр хүүхэдтэй Г.Э гэдэг залуу байсан. Надтай хамт ахлагч Ч очсон бөгөөд Ч, Э-ыг хараад хагас сайн өдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Оросын Холбооны улс руу гарсан хүн яаж энд ирсэн юм бол гээд Ч Э-аас “чи хойшоо гарсан хүн шүү дээ, хэзээ орж ирсэн юм бэ?” гэхэд Э хил давж орж ирсэн гэж үнэн ээ хэлсэн юм. Анх цэргүүд саатуулахад Э морь алдчихаад хайж явна манай гэр 1 км зайд байдаг гэж хэлж байсан. Э-ын аавынх нь саатуулсан газраас 1 км орчим зайд байсан юм. Тэгээд гэрт нь очиход аав, ээж нь унтаж байсан ба Э шөнө ирсэн үү, саатуулагдсан гэж хэлэхэд мэдэхгүй уулзаагүй 7 хонож байна гэж хэлсэн. Тэгээд гэрт нь байсан шуудайтай ноолуурыг Г-гээс асуухад ноолуураа өгөөд дууссан мэдэхгүй гэсэн. ...Эаас танайд байгаа ноолуур ямар учиртай юм бэ гэхэд Э үнэнээ хэлсэн. Би Оросоос 6 кг ноолуур авч ирсэн юм. 1 кг-ийн 300 рубльд аваад нэг хүний УАЗ 469 машинаар хилийн цаана ирж буугаад явган хилээр авч ирж гэртээ ноолуураа тавиад буцаж гарч яваад баригдсан. Гэрт ноолуур хүргэж тавихад аав унтаж байсан мэдээгүй, согтуу байсан. Ээж босож ирж надад цай хийж өгсөн  гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-41-43-р тал/,

гэрч М.Т-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хилийн 129 дүгээр тэмдэгтээр явган хүн хил зөрчөөд саатуулагдсан гэх мэдээллийн дагуу би очиж мөр улыг шалгаж Оросын Холбооны улсын талд хүлээлгэж өгсөн. Шалтгалтаар хилийн 129 дүгээр тэмдэгтийн зүүн тал 10 метр зайгаар явган хүний мөр орж ирснийг Оросын Холбооны улсын талд 500 метр явж шалгахад том размерын пүүз шиг арзгар хээтэй гуталтай хүн Оросын Холбооны улсын хилийн торын унасан хэсгээр орж ирээд Монгол Улсын хилийн 5 утастай торны гол дагасан хэсгээр сөхөж орж ирсэн байсан” гэх мэдүүлэг /хх-48-49-р тал/,

гэрч Г.Тулгаагийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “Би ОХУ явж барааны үнэ ханш судлахаар ах Э-тай 2018 оны 5 дугаар сарын 19-ний Улаангомд ирж хоёр Тува хүн аваад буцаж Боршоо боомтоор Оросын Холбооны Улс руу хил гарсан юм. Бид нар орой 17 цаг өнгөрч байхад хил хаахын өмнө гараад Хандгайтад Э ахын таньдаг айл гэсэн нэг Тува айлд хоносон юм. Өглөө босоод би Хандгайтын дэлгүүрээр хэсэж барааны ханш үзэж яваад 16 цагийн үед нөгөө айлдаа ирэхэд Э алга байсан. Э гадуур хүнтэй уулзах ажилтай, чи дэлгүүрээр явж байгаад ир гэж хэлээд өглөө үлдсэн юм. Э нааш цааш явах талаар юм хэлээгүй. Уг нь бид Хандгайтыг үзчихээд цааш нь Кызыл яваад ирэхээр тохирч явсан юм. Тэгээд би Э-ыг ирэхийг хүлээж нөгөө айлдаа хоноод маргааш нь ирээгүй тул ганцаараа такси хөлслөөд хилээр явган гарч ирсэн. Эын машин нөгөө Тува айлын хашаанд үлдсэн. Би Монголд орж ирээд Э ахын хил зөрчөөд баригдсан гэдгийг мэдсэн.Э Тувад надаас салахдаа ямар нэг ноолуур авах, хилээр ноолуур зөөх талаар юм яриагүй. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй, Монгол ирэхдээ л мэдсэн. Э Хандгайт дээр хэнтэй уулзахыг мэдээгүй, надад хэлээгүй юм” гэх мэдүүлэг /хх-50-51-р тал/,

 

шүүгдэгч Г.Э-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Улаангомоос ОХУ руу өөрийн машинтай бичиг баримтаа шалгуулаад гарсан юм. Хил гараад тэр оройгоо Хандгайтад хоноод маргааш нь Хандгайтын гудамжинд нэг танихгүй Тува хүнээс 6 кг ангор үүлдрийн ямааны ноолуурыг 1500 рублилээр авсан юм. Би ноолуурыг Орос, Монголын хилийн боомтоор аль алин гаргадаггүй тул боомтоор биш “Заагийн ам”-аар явган нууцаар хилээр Монгол уруу оруулах зорилгоор худалдаж авсан юм. Заагийн амны Монгол Улсын талд хилээс 1-2 км зайд манай аавын гэр байдаг тул би явган гүйж аавынд ноолуураа хүргэж тавиад буцаж гараад Кызыл явчихвал мэдэгдэхгүй гэж бодсон. Тэгээд би Хандгайтаас 22 цагийн үед нэг танихгүй УАЗ-469 машинтай танихгүй жолоочийг хөлслөн “Заагийн ам” гэдэг газрын цаад талд ирж буусан. Жолоочийг 400 рубльд тохирч хөлсөлсөн. Тэгээд би ноолууртай шуудайгаа аваад явган гүйж “Заагийн ам”-ны гол дагаж явсаар хилийн нэг баганы хажуугаар гарч Монголын нутагт орж ирсэн. Оросын тал болон Монголын талын 3 торны цаад 2 торыг унасан газраар нь гараад наад талын торны доогуур мөлхөж гарч аав Ггийн гэрт очиж ноолуураа тавьсан юм. Шөнө 23 цагийн үед аавын гэрт очиход хүнгүй байсан. Би ноолуураа гэрт оруулж тавиад буцаж хил рүү явсан. Аав, ээжтэй уулзаагүй. Тэгээд би буцаж ирсэн замаараа хил дээр очоод тор дээр ирэхэд 2 цэрэг таарч саатуулсан юм. Би анх тэнд хил гарах гэж яваагүй, морио хайж явна гэж хэлсэн ба удалгүй дарга нь ирэхэд хагас сайн өдөр намайг Боршоо боомтоор Орос уруу гарахад шалгаж гаргасан хүн ирж таньсан тул үнэнээ хэлсэн юм. Хилээр орж ирэхдээ би шуудайтай ноолуураас өөр зүйл авч яваагүй. Надтай хамт энэ хэргийг үлдсэн хүн байхгүй юм. Энэ хэргийн улмаас надад олсон ашиг хонжоо байхгүй авчирсан ноолуураа бүгдийн хураалгасан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү ” гэх мэдүүлэг,

Хилийн зөрчлийг шалгасан нотломж /хх-5-6 тал/, хилийн зөрчлийн тухай бүртгэл /хх-7 тал/, хил зөрчийн явсан газар оронд хийсэн үзлэг шалгалт хийсэн тодорхойлолт /хх-8 тал/, 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-21 тал/, хойшлуулшгүй тохиодолд хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-17 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-18 тал/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Монгол  Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэдэг нь хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдэл бөгөөд  энэ үйлдэл хийгдсэнээр гэмт хэрэг төгсөнө.

Монгол Улсын Хилийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 129/1 дүгээр тэмдэгтээр Оросын Холбооын улсын талаас Монгол Улсын тал руу боомт бус газраар хилээр нэвтэрч орж ирсэн үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

“Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн” гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар эд зүйлсийг улсын хилээр эсвэл гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэлийг ойлгоно.

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Монгол Улсын хилийн 129/1 дүгээр тэмдэгтээр ОХУ-ын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирэхдээ ангор үүлдрийн ямааны 6 /зургаа/ кг ноолуур хилээр боомт бус газраар, хилийн хяналт, шалгалтаар гадуур оруулж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон түүнийг улсын хилээр хууль бусаар ноолуур оруулж ирсэн гэж үзнэ.

УИХ-ын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” 27 дугаар тогтоолоор ноолуур импортоор оруулсан тохиолдолд 5 хувийн албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1. “гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна” гэж тус тус заасан байна.

Ангор үүлдрийн ямааны ноолуур нь Импортын гаалийн албан татвар 5 хувь, Нэмэгдсэн өртгийн албан татвар 10 хувь, Монгол Улсын хилээр оруулж ирэхдээ нийт 15 хувийн албан татвар төлж улсын хилээр нэвтрүүлдэг бараа байна.

Улсын хилээр зохих ёсны татвар төлж нэвтрүүлдэг барааг “Тарифын хязгаарлалттай бараа” гэж үзэх бөгөөд ноолуур нь хууль тогтоомжоор  15 хувийн татвар төлөхөөр байгаа тул “Тарифын хязгаарлалттай бараа” гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Э-ыг хуулиар хязгаарлалт тогтоосон ангор үүлдрийн ямааны ноолуурыг хууль бусаар хил нэвтрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

2. Шүүгдэгч Г.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь 2018 оны 5 дугаар сарын 21-ноос 21-нд шилжих шөнө хилийн 129/1 дүгээр тэмдэгтээр Оросын Холбооын улсын талаас Монгол Улсын тал руу хилээр хууль бусар нэвтэрсэн,  хуулиар хязгаарлалт тогтоосон бараа болох 210.000 төгрөгний үнэ бүхий ангор үүлдэрийн ямааны 6 килограмм ноолуурыг хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Э нь ОХУ-ын БНТува улсын иргэн Ондар Шораана Хеймер-Ооловнатай гэрлэсэн, 2 хүүхэдтэй. Эхнэр, 2 хүүхэд нь ОХУ-ын БНТува улсад оршин суудаг болох нь  хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

            Энэ гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.

           

            Шүүхээс шүүгдэгч Г.Э-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх,  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,  шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хувийн  байдлыг харгалзан үзээд гэмт хэрэг тус бүрт нь хуульд заасан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

            Шүүгдэгчийн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн ангор үүлдрийн ямааны 6 кг ноолуурыг хурааж улсын орлого болгох үндэслэлтэй байна.     

 

            Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ангор үүлдрийн ямааны 6 кг ноолуурыг  улсын орлого болгож, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

  

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Чорос овогт Ггийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр бараа хууль бусаар нэврүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1400 /нэг мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заассан гэмт хэрэгт оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгүүд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  ангор үүлдрийн ямааны 6 /зургаа/ килограмм ноолуурыг улсын орлого болгосугай.

            6. Шүүгдэгч Г.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Эт  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

         

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ