Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/552

 

2025            05             13                                           2025/ДШМ/552                                 

 

 

Б.Мод холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Мэргэн,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2308032560395 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.М Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй, 2006 онд үйлдвэрлэгдсэн 2.5 тонн бүхий Hyundai /Хюндай/ брендийн Mighty /Маяти/ загварын автомашинд тус бүр нь 150 килограмм жинтэй, 12 мм зузаантай, чулуу ачиж даац хэтрүүлж Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т заасныг зөрчсөн, мөн ачааны машинд чулуун хавтанг ачих, тавиурт хавтангуудыг зөв ачих, аюулгүй ажиллагааг хангах талаар “Ачиж буулгах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г зөрчиж Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” ХХК-д цагаар ажиллаж байсан иргэн Г.А нь ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байх явцад хавтан нь нурж даруулан амь нас нь болгоомжгүй үйлдлийн улмаас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:  Шүүгдэгч Б.Мыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 /таван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мод зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух дүүргийн нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр ажил, оршин суух нутаг дэвсгэрийн хооронд зорчих үүргийг мөн хугацаагаар хүлээлгэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арван найм дугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд эхний мэдүүлгээс авхуулан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөх, хуульд заасан хариуцлагаа хүлээх болно гэдгээ илэрхийлсээр ирсэн. Хэрэг шүүх дээр ирэхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргаагүй, хэргээ шүүхэд шилжүүлж хариуцлагаа хүлээе гэсэн санал гаргасан боловч шүүхийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг болж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. Хэд хэдэн удаа урьдчилсан хэлэлцүүлэг болж, прокурор эсэргүүцэл бичсэнээр давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл болсон бөгөөд тэр болгонд би ямар нэг санал, гомдол гаргалгүйгээр хэргээ шүүхэд шилжүүлэх хүсэлтэй гэдгээ хэлж байсан. Гэмт хэрэг гарсан цагаас хохирогчийн ар гэртэй байнга холбоотой байсан бөгөөд хууль ёсны төлөөлөгчтэй нь ярилцаж, тухайн цаг үед шаардлагатай байсан оршуулгын болон бусад зардлуудыг гаргаж, шүүх хуралдаан болох хүртэл сар бүр амьдралын хэрэгцээний мөнгө шилжүүлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын дээд шүүхийн тайлбар, Хууль зүй, дотоод хэргийн сайдын гаргасан журмын дагуу тооцоолж сэтгэцэд учирсан хохирлыг төлсөн. Мөн би анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйгээс тохиолдлын шинжтэй осол болсон, гэмт хэрэг гарсны дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлэх гэсэн боловч оройтсон, учруулсан хохирлоо төлсөн, хувийн байдал сайн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй гэдгээ бичгээр болон амаар мэдэгдсэн нөхцөл байдалтай байсан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дараах хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ:” гээд 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн;” гэж заасныг үндэслэн хоорондоо ярилцсаны үндсэн дээр өмгөөлөгч маань хөнгөрүүлэх нөхцөл байдлаар тооцож, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Харин шүүхийн шийтгэх тогтоолд “... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн шинж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол санал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь ял шийтгэл гарцаагүй байх зарчмыг хангана гэж үзлээ” гэж дүгнэсэн атлаа илэрхий ойлгомжтой 2 заалтаар хөнгөрүүлэх боломжтой байхад “Шүүгдэгч Б.Мод эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн урт хугацаагаар буюу 5 жил зорчих эрхийг маань хязгаарлах ял оногдуулсныг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 2 сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/481 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил тэнсэж өгнө үү. ...”  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мэргэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж оролцож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Прокурор С.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Эрүүгийн хариуцлагын хүрээнд прокурорын зүгээс 2 жил хорих ял оногдуулах саналыг гаргасан. Өмгөөлөгч, шүүгдэгч нарын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг гаргаж байсан. Анхан шатны шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг дурдсан боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг нь хүн нас барсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Үүнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан үзэж 5 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг багасгах боломжтой гэж прокурорын зүгээс үзэж байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.М нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй, 2006 онд үйлдвэрлэгдсэн 2.5 тонн бүхий Hyundai /Хюндай/ брендийн Mighty /Маяти/ загварын автомашинд тус бүр нь 150 килограмм жинтэй, 12 мм зузаантай, чулуу ачиж даац хэтрүүлж Засгийн газрын 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т заасныг зөрчсөн, мөн ачааны машинд чулуун хавтанг ачих, тавиурт хавтангуудыг зөв ачих, аюулгүй ажиллагааг хангах талаар “Ачиж буулгах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г зөрчиж Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “П” ХХК-д цагаар ажиллаж байсан иргэн Г.А нь ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлд чулуун хавтан ачиж байх явцад хавтанд даруулан бусдын амь насыг болгоомжгүй үйлдлийн улмаас хохироосон болох нь:

Б.С-ын хохирогчоор өгсөн “... Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өглөө ажлын зар хайж байгаад “цагийн ажил хийлгэнэ” гэсэн зар байхаар нь холбоо барихад “машинд чулуу ачиж буулгана. өдрийн 100.000 төгрөг” гэж хэлэхээр нь зөвшөөрөөд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Таван шард ирээд тус компанийн ажилтан Бтай уулзахад “Д" ХХК-ийн агуулахаас чулуу ачаад манай байгуулпага дээр буулгана гэж хэлсэн. Тэнд надаас гадна цагийн ажилтан гээд 4 залуу ирсэн. “П” ХХК-ийн 3 ажилтан байсан. “П” ХХК-ийн ажилтан Т бидэнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд дээвэр дээр гарын үсэг зуруулаад ажилд оруулсан. Чулуун хавтанг ...улсын дугаартай машин ачсан. Талийгаач залуу, жолооч бид гурав машин дотор чулуу ачиж, харин Т погоор хавтан чулууг өргөөд машин руу зөөж байсан. Бусад цагийн ажилчин машины гадна ажил хийж байсан. Гэтэл гэнэт чулуу нураад талийгаач бид хоёрыг хананд хавчсан. Хавтан чулууг холдуулаад намайг гаргасан. Талийгаач шууд газар дээрээ нас барсан. 103 ирээд талийгаачийг үзээд нас барсан байна гээд намайг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд нурууны хөндлөн сэртэн хугарсан гээд хэвтрийн дэглэм сахих шаардлагатай, хагалгаанд орох шаардлагагүй гэж хэлсэн. Би тэнд нэг өдөр л ажилласан. Мөн талийгаач бас цагийн ажилтан байсан. ... Би Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлбөр авсан. Надад сэтгэл санааны хор уршиг тогтоолгох шаардлага байхгуй “П” ХХК-иас надад эмчилгээний зардал гэж 2.500.000- 3.000.000 төгрөг өгсөн. Би Улсын Гуравдугаар эмнэлэгт 7 хоногт хэвтэн эмчлүүлсэн. …” /1хх 53/,

гэрч Ц.Тийн “... Ажил хийхээр очсон хүмүүст Т гэх хүн аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулж, гарын үсэг зуруулсан. Мөн тухайн үйлдвэр рүүгээ оруулж хэн юу хийх талаарх ажлыг тайлбарлаж надад ажлын бээлий өгсөн. ...улсын дугаартай цагаан өнгийн тэвштэй машин дээр 120кг жинтэй гал тогооны хананд байрлуулдаг чулууг нэг нэгээр нь ачих болсон. Уг машины тэвш дотор гурван хүн чулууг байрлуулахаар орсон. Талийгаач уг машины тэвшний голд, чулуунд даруулсан ах уг машины цаад талд, үндсэн ажилтан нь машины наана тэвш дотор зогссон. Би уг машины тэвшний гадаа чулууг өргөж өгөх үүрэгтэй зогсож байсан. Ингээд ажлаа эхлүүлээд чулуугаа машинд өргөж өгч нэг талдаа 7 чулууг тавиад бэхэлчихээд, нөгөө талд нь 13-14 чулууг мөн бэхэлж тавьчихаад, 7 чулуу тавьсан чулууны бэхэлгээг авах үед уг машин зүүн тал руугаа хазайсан ч бид нар ажлаа үргэлжпүүлэн 1 чулуу аччихаад дахин 1 чулуу тавиад янзалж байх үед баруун талын өрж тавьсан чулуунууд хазайсан тал руу нурах гэхэд тухайн тэвш дотор байсан гурван хүн уг чулуунуудыг нурахаас сэргийлж түлхээд дийлэлгүй дарагдсан. … Харин тэвш дээр гаргаж хэвтүүлсэн ахыг нас барсан байна гэж хэлсэн... Тэнд байсан хүмүүс Төвшөө гэж дуудаад байсан, Төвшөө гэх хүн аюулгүй ажиллагааны зааварчилгаа амаар танилцуулж, хүснэгт дээр нь ямар нэгэн бичиглэлгүй бичгийн цаас дээр бид нарыг нзрээ бичээд гарын үсэг зуруулж ажилд оруулахын өмнө ажлын бээлий л өгсөн. чулуунд гар хөлөө хавчуулж бэртэв гэсэн утгатай зааварчилгаа өгсөн. ... Тухайн үед чулууг ачиж байхад машин хөдлөөгүй, харин жолооч тал руугаа хазайсан байсан. Талийгаач тэвшний голд дээшээ гаргаж өгсөн чулууг түшиж өгч байсан. ...” /1хх 55-56/,

гэрч Д.Мийн “... Т мастер өргөгч погоор цаанаас чулуу оосорлож машинд авчирч өгөөд машины цаад буланд талийгаач болон гэмтэл аваад явсан залуу 2 ачиж өгсөн чулууг түшээд түлхээд наад талд нь 2 залуу гадаа поны хажууд зогсоод чулууг өргөх үед нь араас нь түлхэж өгөөд би машины арын өргөгч дээр авч өгсөн чулууг нь машин дотор орох үед араас нь түлхэж өгч байсан чинь гэнэт машин дотроос “уналаа” гээд орилоход миний түшиж байсан чулуу нураад би барьж дийлэлгүй алдсан. Тэгсэн чинь дотор байсан хоёр залуугийн нуруугаа гэмтээсэн залуу нурсан чулууны цаад буланд ар нуруу талаараа даруулчихсан талийгаач залуу болохоор цээж хэсгээрээ хагас босоо байрлалтай цээжээрээ даруулчихсан байсан. Цаад талын залуу нь “авраарай” гээд орилсон. Тэр хавьд байсан хүмүүс бүгд ирж нураад дарсан байгааг чулууг наад талаас нь 1, 1 ширхэгээр нь сугалж аваад босгоод түлхэж байгаад даруулсан хоёр хүнийг чулууны завсраас гаргасан. .. Манай байгууллагад Хөдөлмөр хамгааллын чиглэлийн ямар нэгэн ажилтан огт байхгүй. Тухайн үед надад бол ямар нэгэн зааварчилгаа өгөөгүй, харин тэр залуустай Т мастер уулзаж байсан бөгөөд зааварчилгаа өгсөн талаар бол би мэдэхгүй байна... Энэ чулуунууд нэг ширхэг нь урт нь 3,20 өргөн нь 1,60 жин нь 150-130 орчим кг жинтэй... Тэр үед машин унтраастай байсан ба ямар нэгэн хүн хөдөлгөөгүй.” /1хх 58-59/,

гэрч П.Бын “... машинд өргөгчөөр зөөгөөд өгөх үед чулуунуудыг машинд ачихад чиглүүлж түших ажилд ажиллана гэж хэлээд манай байгууллагын чулууны мастер Ттөр гэдэг хүн амаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд зааварчилгаа амаар өгсөн гээд хүмүүсээр гарын үсэг зуруулаад ажил эхэлсэн. Тэгээд манай байгууллагаас чулуу ачихаар байгууллагын амбаартай ...улсын дугаартай Маяти машин ирж “Д” ХХК-ийн үйлдвэр дотор ороод “Д” ХХК-ийн өргөгчөөр Ттөр манай машинд өргөж өгөөд манай цагийн ажилчид түлхэж оруулж өгөөд талийгаач А болон бусад хүмүүс чулууг түшиж байсан. Тэр үед би гадаа утсаар ярьж байтал үйлдвэр дотор хүмүүс орилох чимээ гарахаар нь би дотор ороход талийгаач А болон бас нэг залуу машин дотор түшиж байсан чулуундаа даруулаад хавчуулагдсан байхаар нь 2 байгууллагын хүмүүс нийлж байгаад чулууг өргөөд тэр хоёр хүнийг гаргахад талийгаачийн 2 гар бугуйгаараа хугарсан байдалтай байсныг хүмүүс өргөөд машины арын өргөгч дээр хэвтүүлэхэд талийгаач ямар нэгэн юм ярьж чадахгүй амьсгалж байсан. … Манай байгууллагад Хөдөлмөр хамгааллын чиглэлийн ямар нэгэн ажилтан огт байхгүй. Тухайн хүмүүст ажиллах үед нь Ттөр мастер өөрөө амаараа зааварчилгаа өгсөн гэж ярьсан. …” /1хх 64-65/,

гэрч Т.Бын “… намхан ах гарч ирээд хийх ажлыг танилцуулаад “чулуун хавтан ачааны машинд ачна би погоор /өргөгч машин/ өргөж өгнө, өөрсдөө өргөх шаардлагагүй, хүнд учир миний зааварчилгааг сонсоод явчихаарай” гэж хэлсэн. Тэгээд бид нарт ямар гэдгийг санахгүй байна, А4 бичгийн цаасан дээр хэвлэсэн компьютер дээр бичсэн хүснэгт байсан бөгөөд надтай хамт ажиллах гэж байсан 3 залуу хамт гарын үсэг зураад ажлаа эхэлсэн. Тухайн үед агуулах руу бүгд ороход залуухан шар царайтай урт үстэй хүүхэд байж байсан. Тэгээд бид нараар гарын үсэг зуруулаад байсан ажлын хувцастай ах бид нарын ажлыг хуваарилж өгөөд дотор Маяти загварын авто машин зогсож байсан бөгөөд тухайн машины хойд талын бүхээг хэсгийн хоёр талын хананд шахаж зэрэгцүүлэн өрж ачихаар болсон. Тэр үед намайг хавтангуудыг хураасан хэсгээс по-/ачигч машин/-д чулуун хавтангуудыг өлгөж өгөх хэсэгт хамт цагийн ажлын зараар ирсэн шохой болсон хувцас пүүзтэй, 25 орчим насны бор царайтай 170 орчим см өндөртэй залуутай хамт ажиллахаар, агуулах дотор байсан хүүхдийг ачааны машины ард талын тэвшний доод хэсэгт байх залгаа тавцан дээр, жолооч ах болон ажиллахаар ирсэн хоёр залуу машины ачааны бүхээг хэсэгт орж ажиллахаар болсон. Гэтэл 13 цагийн орчимд гэж санаж байна бараг сүүлийн хавтанг погоор өргүүлээд машины ачааны хэсэгт өргөөд бэхэлгээг суллаж чулуун хавтанг нөгөө хүүхэд болон надтай хамт хавтан бэхэлж байсан залуу бид гурав тавцан руу оруулж түлхэж өгч байтал хамт түлхэж байсан залуу хавтанг тэвшин дээр орсон байх үед дараагийн хавтанг бэхлэхээр явчихсан байсан юм. Тэгээд би дүүтэй түлхээд оруулаад жолооч ах тэвшний дээд талаас тусалж байтал баруун талд өрж байсан чулуун хавтангуудыг бэхлээгүй бүхээгийн дотор талд хоёр залуу чулуун хавтанг түлхээд зогсож байсан юм. Тэгтэл жолооч ах ачиж байсан хавтангуудыг жаахан зайтай байна доогуур нь шахна гэж хэлээд удаагүй байтал баруун талд өрөөстэй байсан чулуун хавтангууд нураад нүд ирмэхийн зуургүй дотор байсан хоёр хүн дарагдчихсан. Тухайн үед нөгөө хавтанд дарагдсан хоёр хүнийг гаргах гэж хавтанг өргөж үзэхэд дийлэхгүй байсан бөгөөд үйлдвэр дотор байсан өөр 10 орчим хүн гүйж ирээд өргөхөд 1-2 минут орчмын дараа дарагдсан хоёр хүнийг гаргаж ирсэн бөгөөд нэг залуу нь нуруугаа барьчихсан алхаад гарч ирсэн Харин нөгөө залууг өргөж гаргаж ирээд тавцан дээр тавихад ухаангүй хоёр гар нь бугалга хэсгээрээ хугарчихсан байдалтай байсан. ...Миний харж байснаар по буюу өргөгч машиныг ажиллуулж байсан ах амаар “зүссэн чулуун хавтан хурц ирмэгтэй байдаг учир гараа зүсэв, хавчуулав” гэж хэлсэн бөгөөд бичгээр аюулгүй ажиллагааны зааварчилгааг уншиж танилцуулан гарын үсэг зуруулсан асуудал байхгүй. Түр хугацаанд цагаар ажиллаж байсан учир ямар нэгэн гэрээ хийгээгүй. хувцас солиулаад ажлыг эхлүүлсэн. ... Хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан гэж хүн байгаагүй. Бид нар бүгд өөрсдөө гэрээсээ ажлын хувцастай ирээд тухайн хувцасаа өмсөж ажилласан. Тухайн үед ажиллах газраа ирээд анх ороход нүдний шилтэй саарал өнгийн ажлын хувцастай шар царайтай ах дагуулж ороод погоор чулуун хавтанг өргөж байсан ахын хамт зааварчилж үүрэг өгч ажилласан …” /1хх 67-68/,

гэрч Ө.Дгийн “... Надад огт аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, би Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хүнтэй таараагүй хүмүүс ярихдаа Хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан хүн нь ажлаасаа гарсан, тийм хүн байдаггүй ярьж байсан. …” /1хх 70-72/,

гэрч Ү.Оын ... тэр чулуунууд их хүнд учраас машинд ачих үедээ хоёр талынхаа тэнцвэрийг олж ачих ёстой байдаг бөгөөд тэр хүмүүс нэр тал руу нь их ачаад машины тэнцвэр алдаад нурсан байх гэж бодож байна. ...“ /1хх 74/,

гэрч Б.Бгийн “... Гэтэл том цех дотор хүмүүс орилолдоод байхаар нь очоод хартал чулуу ачиж байсан Маяти дотор хоёр хүн чулуугаар даруулсан нэг нь ухаангүй байсан, харин нэг хүн орилоод байж байсан. Хажууд нь очиход нас барсан гэх хүн анх толгойгоо дээш өргөж байсан, тэгээд бид нар дээрээс нь дарсан чулууг хажуу талын хана руу татаж тэгшилж босгосон. Чулууг холдуулж гаргаснаас хойш 10 минутын дараа түргэн ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Нөгөө залууг болохоор гэмтлийн эмнэлэгт рүү аваад явсан. …” /1хх 79-80/,

гэрч Э.Бын “... машинд аччихсан байсан 10 ширхэг чулуу ханарсан байдалтай хүмүүс тэр чулууг босгоод байж байхаар нь би машинд гүйж ороод тухайн чулууг бүгдийг нь босголцтол чулуун завсар 2 хүн нэг нь цээж хэсгээрээ чулуунд хавчигдчихсан хоёр гар нь унжсан байдалтай, нөгөө нь цаад талд нь нуруугаараа хавчигдсан байдалтай "авраарай” гэж орилоод байж байсан. … Манай “Д* ХХК нь намайг анх ажилд ороход хөдөлмөрийн гэрээ байгуулж байсан. Өглөө болгон ажилд гарахдаа аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж гарын үсэг зуруулж эрсдэлийг тооцсон өврийн дэвтэрт гарын үсэг зуруулж аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Манай компанид Хөдөлмөр аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нь Огэх хүн байдаг. Тухайн хүн өглөөд ажилд гарахад аюулгүй ажиллагааны зааварчилгаа танилцуулан гарын үсэг зуруулдаг. ...” /1хх 83-84/,

            гэрч А.Оын “... Дээрх нэр бүхий хүмүүс нь манай компанийн ажилчид биш, “П” ХХК-ийн чулуун хавтан ачихаар ирсэн хүмүүсийн нэрс байна. ...Уг давтан зааварчилгааны цаас нь манай компанийн нэртэй байгаа боловч би “П” ХХК-ийн хүмүүст гаргаж өгөөгүй бөгөөд одоо манайд өдөр тутам ашигладаг зааварчилгааны цаас биш байна. Би өөрийнхөө одоо ашигладаг буюу 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр компанийн ажилчдад өгсөн зааварчилгааны цаасыг хуулбарлаж өгье. Мөн би уг цаасыг “П" ХХК-ийн хүмүүст гаргаж өгөөгүй, хаанаас олж авсан талаар мэдэхгүй байна. …” /1хх 89-90/,

            гэрч Б.Тгийн “... Тус компанид ирж хүнд даацын ачааны по гэх машин барихаар болсон. Би тухайн үед наад машиныг чинь барихгүй гэхэд манай ахлах менежер Б гэх залуу “чи нэг бол наад по-гоо барь эсвэл бусад ажилчдын хамт чулуу зөө” гэж хэлэхээр нь би Бад үндсэн по-гийнх нь жолоочоос асуучих гэхэд Б хэсэг хугацааны дараа дахин ирж “чи ирж барих юм байна.” гэж хэлээд 11 цаг 20 минутын үед би тухайн үйлдвэрт байрлах по-г барьж эхэлсэн ба ажил эхлэхэд тухайн үйлдвэрт ажиллаж чулуу зөөх хүмүүсийг Б дуудаж ирсэн. Б надад “чи эдгээр хүмүүст аюулгүй ажиллагааны зааварчилгааг танилцуул” гэж хэлсэн. Тухайн үйлдвэр буюу “Д” ХХК-ийн давтан зааварчилгаа гэсэн анкет дээр би Бын авчирсан 5 хүний нэрийг бичиж аман хэлбэрээр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч гарын үсэг зуруулж ажил ойролцоогоор 11 цаг 20 минутад эхэлсэн. Өдрийн 13 цагийн орчимд по-гоор чулуу буулгаад дахин чулуу авахаар хөдлөөд явтал ард орилолдоод эхэлсэн. Тэр үед би барьж явсан по-гоо унтраагаад чулуу буулгасан газраа бууж очтол буулгасан чулуунд талийгаач болон ... гэх залуу нар дарагдсан байдалтай байсан. Дарагдах үед “Д” ХХК-ийн ажилчид болон цаана нь зогсож байсан 3 залуугийн хамт тухайн 2 залуу дээр байсан чулууг гараараа татан холдуулсан. Холдуулах үедээ би тухайн чулуунуудын доор орж доороос нь түлхсэн ба хэдий олуулаа өргөж байсан ч гэсэн алдах гээд байх шиг байхаар нь түргэн дуудаарай гэж хэлсэн. Тэгээд чулууг холдуулж дуусгаад дор дарагдсан байсан залуугийн нэг нь буюу ... нь захад байсан болохоор цааш уначихсан. Харин талийгаач залуу амьтай төдий байж байсан, ямар нэгэн үг хэлээгүй ба чулууг холдуулснаас хойш хөдлөөгүй. Сүүлд харахад талийгаач залуугийн гар хугарсан. биеийн аль нэг хэсгээс цус гарсан шинжгүй байсан ба 103-ын эмч ирж нас барсан байна. цагдаа дууд гэж хэлсэн. … Намайг ажиллах хугацаанд нэг ч удаа гарын үсэг зуруулж зааварчилгаа танилцуулж байгаагүй Миний ажилладаг “П” ХХК болон “Д” ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан байдаггүй. …” /1хх 104-107/ гэсэн мэдүүлгүүд,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2807 дугаар “Талийгаачийн биед цээжний дунд хэсгийн дарагдлын ором, зулгаралт. зовхины салст, уушги, зүрхний гадаргуу дахь цэгчилсэн цус харвалт, уушги хавчилт. уушгины цус хуралт, няцрал, өвчүү ясны хугарал, зүүн 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун. зүүн шуу, богтос ясны бяцарсан хугарал, бугуйн мултрал, хүзүүн дэх цус хуралт, хүзүү, баруун. зүүн бугуйнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр цээжинд удаан дарах, унах үед үүссэн гэмтлүүд байх боломжтой. Үхэлд шууд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. Үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу цээж дарагдах хэлбэрийн улмаас амьсгал бүтэлтэнд орж нас баржээ. …” /1хх 121-128/,

            Шинжээчийн 2023/17 дугаар “... “П” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй байгаа нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуупийн 28 дугаар зүйлийн 28.2.1 /хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл байгуулах, ажилтныг ажилд томилох, ажлаас чөлөөлөх/ дэх заалтыг зөрчсөн байна. … Г.А нь ажлын байран дээр ажил үүрэг гүйцэтгэж байгаад осолд өртсөн тул Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх заалтад “ажлын байрандаа ажил үүрэг гүйцэтгэж байх үед” гэж заасан тул үйлдвэрлэлийн осол мөн болно. … 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарсан ослын улмаас иргэн Г.Агийн амь нас хохирсон тул “П” ХХК нь доорх үүргийг хүлээнэ. Үүнд:         

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасны дагуу “үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжпээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэн нөхөн төлбөрийг түүний гэр бүлд нэг удаа олгох үүрэгтэй.

Талийгаач Г.А нь “П” ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул тус компанийн ажилтан биш. … Тус байгуулпагын менежер П.Б нийт 29 чулуун хавтан байна, нэг мөсөн ачиж явъя гэж хэлж хэлсэн талаар Б.... ослын талаарх тайлбарт дурдсан байна. Талийгаач Г.А болон бусад ажилчид чулуун хавтанг ачиж буулгах, тээвэрлэх үеийн аюул, эрсдэлийг тооцож ажиллаагүй байна. …” /1хх 144-146/ гэх дүгнэлтүүд зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Мод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Мын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Б.Мыг “хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Б.Мын “П” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1 дэх заалтыг зөрчиж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтанг томилоогүй, 2006 онд үйлдвэрлэгдсэн 2.5 тонн бүхий Hyundai /Хюндай/ брендийн Mighty /Маяти/ загварын автомашинд тус бүр нь 150 килограмм жинтэй, 12 мм зузаантай, чулуу ачиж даац хэтрүүлж “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.2-т заасныг, мөн ачааны машинд чулуун хавтанг ачих, тавиурт хавтангуудыг зөв ачих, аюулгүй ажиллагааг хангах талаар “Ачиж буулгах аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-г тус тус зөрчсөний улмаас Г.Агийн амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.

Шүүгдэгч Б.М “... хохирогчийн ар гэрээс нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон боловч шүүгдэгч Б.Мын хууль бус буруутай үйл ажиллагааны улмаас хүний амь нас хохирсон байх тул анхан шатны шүүхээс түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Мын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрснөөс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, түүнд сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг мөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан анхан шатны шүүхээс Б.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэснийг хөнгөрүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Мын гаргасан “эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолд дээр дурдсан өөрчлөлтүүдийг оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/481 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтын “... 5 жилийн хугацаагаар ...” гэснийг “... 1 жил 6 сарын хугацаагаар” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Б.Мын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

           

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ