Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02283

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02283

 

 

 

Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01928 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Чулуунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 сарын 28-ны өдрийн 220 дугаартай шийдвэрээр Ж.Халиунаагаас 62 080 000 төгрөг гаргуулж, О.Дуламсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч нь миний өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байр, 17 тоотод байрлах 2 өрөө орон сууцаас хууль бусаар гарахыг шаардсан. Шүүхийн шийдвэрээр Ж.Халиунаагаас 62 080 000 төгрөг гаргуулж, О.Дуламсүрэнд олгохоор шийдсэн байхад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний байранд, миний өмчид хууль бусаар ажиллагаа явуулж байна. Шүүхийн шийдвэрт миний үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, эсхүл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахаар заагаагүй. Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан ажиллагаануудыг хийх ёстой байтал Үндсэн хуулиар заасан өмчлөх эрхэнд шууд халдаж байна. Би дээрх орон сууцыг анх 2004 онд төрөөс хувьчлан авч 4 хүүхдүүдийн хамт амьдарч, өмчлөх эрхийг өөрийн нэр дээр бүртгүүлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар миний өмчлөлийн эд хөрөнгөнд дуудлага худалдаа явуулж, хураан авах, битүүмжлэх гэх мэт үйл ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэр гүйцэтгэлийн албанаас Б.Чулуунцэцэг миний эд хөрөнгөд хууль бусаар явагдаж байгаа ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэнсодном нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар шийдвэрээр Ж.Халиунаагаас 57 523 350 төгрөгийг гаргуулж, О.Дуламсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж.Халиунаад шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2017 оны 4 дүгээр сарын 6-нд, 2017 оны 4 дүгээр сарын 22-нд, 2017 оны 8 дугаар сарын 29-нд, 2017 оны 9 дүгээр сарын 14-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй ба түүний банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төлбөрийн үнийн дүнгийн хэмжээнд битүүмжилсэн. Төлбөр төлөгч Ж.Халиунаа, өмчлөгч Б.Чулуунцэцэг нарт барьцаа хөрөнгийн үнийн саналаа тус албанд ирүүлэхийг 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 3/23421, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3/24967 тоот албан бичгээр мэдэгдсэн боловч үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагчийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Хөндлөнгийн шинжээч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 17 тоот 3 өрөө орон сууцыг 116 600 000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.Халиунаа болон хамтран өмчлөгч Б.Чулуунцэцэг нарт барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4/26797 тоот албан бичгээр мэдэгдэж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас зохион байгуулсан үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь болох 81 620 000 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах явцад Ж.Халиунаа нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргаж тус шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 3743 тоот захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн ба тус шүүхээс хэргийг хянан хэлэлцээд 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 1060 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Ж.Халиунаа нь үндэслэлгүйгээр удаа дараалан гомдол гаргаж, төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ

Шүүх:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байр, 17 тоот орон сууцыг 116 600 ,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай, Б.Чулуунцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг давж заалдах гомдолдоо:

... Миний үл хөдлөх эд хөрөнгө буюу орон сууц барьцаанд тавигдаагүй, шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудсанд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах талаар огт заагаагүй. Миний орон сууцыг үнэлсэн гэх боловч үнэлгээчний дүгнэлтийг надад танилцуулаагүй, шүүхийн шийдвэрт заасан шинжээчийн тайлан гэх зүйлийг танилцуулаагүй, би үнэлгээ тогтоосон гэдгийг мэдээгүй. Мөн албадан дуудлага худалдаа явуулсан гэж Шүүхийн шийдвэрт заасан байгаа боловч дуудлага худалдааны мэдэгдэл гэдэг зүйлийг надад мэдэгдээгүй. Ж.Халиунаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт нэг ч удаа очоогүй, Ж.Халиунаа энэ орон сууцанд огт амьдардаггүй байхад удаа дараа мэдэгдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Ж.Халиунаатай холбоо бариагүй ч шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэлийг Ж.Халиунаад 2017 оны 4 дүгээр сарын 6, 2017 оны 4 дүгээр сарын 22, 2017 оны 8 дугаар сарын 29-нд хүргүүлсэн гэсэн нь худал бөгөөд шийдвэр гүйцэтгэгч н.Цэрэнсодном нь Ж.Халиунааг урьдчилан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид цагдан хоригдож байгаа, өөрөө байхгүй байгаа гэдгийг мэдэж байсан, гэтэл анхан шатны шүүх мэдэгдэл хүргүүлсэн байна гэж шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01928 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Чулуунцэцэг нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд барьцаалаагүй, шүүхийн шийдвэрт барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах талаар заагаагүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэж тайлбарласан байна.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2016/00220 дугаар шийдвэрээр Ж.Халиунаагаас 62 080 000 төгрөг гаргуулан О.Дуламсүрэнд олгохоор шийдвэрлэж, уг  шийдвэрийн дагуу 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  329 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх-ийн 35-41 тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  үүсгэж, төлбөр төлөгч Ж.Халиунаа, өмчлөгч Б.Чулуунцэцэг нарын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 8 дугаар байрны 17 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02/07 дугаар тогтоолоор битүүмжилж, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 7280351/01 дугаар тогтоолоор хураан авсан үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 46,49 тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч буюу өмчлөгч Б.Чулуунцэцэг үнийн талаар санал өгөхгүй гэж, төлбөр авагч О.Дуламсүрэн шинжээч томилуулах тухай хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд уг хүсэлтийг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг шинжээчээр томилсон байна. /хх-ийн 55-66 тал/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгт 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №59/Ш дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланг, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт болох тухай мэдэгдэж байсан байна. /хх-ийн 50,53,58,63,65/

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасан бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн тогтоосон үнэ болох 116 600 000 төгрөгийн 70 хувиар тооцон 81 620 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны үнийг тогтоосныг хууль зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Мөн хэрэгт төлбөр төлөгч Ж.Халиунаагийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 181/ШШ2018/01060 дугаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр авагдсан байна. /хх-ийн 77-78 тал/

 

Нэхэмжлэгч нь давж заалдах гомдолдоо ... орон сууцны үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг надад танилцуулаагүй, албадан дуудлага худалдааны талаар надад мэдэгдээгүй гэсэн үндэслэл заасан байгаа боловч анхны албадан дуудлага худалдаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагт болох талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн байх тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төлбөр барагдуулах ажиллагааг төлбөр төлөгчийн хөрөнгөөс хийсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2017/01928 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Чулуунцэцэгийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Ц.ИЧИНХОРЛОО