| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сугарын Болортуяа |
| Хэргийн индекс | 177/2018/0134/э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2018-08-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 139
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Э.Ууганзаяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,
Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын Газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г-ийн Б-д холбогдох 1835002740160 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Увс аймгийн Наранбулаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 9-р багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ОЗ82051417 дугаарын регистртэй, Т овогт Г-ийн Б.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-оос 28-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 7 дугаар сарын 27-оос 28-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 9-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Я.Б-гийн нүүрэн тус газар гараараа 2 удаа, чулуугаар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Тодруулбал, хохирогч Я.Б-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “Би Улаангом сумын 9 дүгээр баг Улиасны хэвийн эцэст эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг юм. 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ...18 цаг өнгөрч байхад ажлаасаа гэрлүүгээ харих гээд захаас гараад явж байтал миний найз Б эхнэртэйгээ таарсан. Тэр хоёрын гэр Буянт хороололд байдаг тул тэдний гэр лүү хамт явсан. Би Бгийн гэр лүү орохдоо Боргио нэртэй 2,5 л 2 сав пиво авч ороод Б бид хоёр хувааж уусан. Бгийн эхнэр бид хоёрт хоол хийж өгсөн. Тэр хоёр сав боргио пиво дууссаны дараа Бгийн эхнэр авдраасаа нөхөр Бд 7 ширхэг 1000 төгрөгний дэвсгэрт гаргаж өгсөн ба Б бид хоёр тэр мөнгийг аваад хамтдаа дэлгүүр орж Баавгай нэртэй нэг том пиво авч уусан. Б бид хоёр дэлгүүр ороход дэлгүүр хаах цаг болж байна гэж худалдагч нь хэлж байсан. Тэр Баавгай нэртэй пиво-ийг Б-гийн гэрт хувааж уугаад Б согтоод унтаад өгөхөөр нь би гэр лүүгээ харина гээд гарах гэж байтал Б-гийн эхнэр намайг гаргаж өгнө гээд дагаад гарсан. Гэтэл нэг намхан бор царайтай залуу Бгийн эхнэрийн хажууд хүрээд ирсэн ба тэр хоёр нэгнийгээ танидаг юм шиг юм яриад байсан ба нэлээн доош явж байтал тэр залуу миний хоёр талд гараад яваад байхаар нь би тэр залууд чи яагаад миний хоёр талд гараад байгаа юм бэ гэж хэлсэн чинь юу гэнээ чи гэж хэлээд намайг заамдаж барьж аваад миний фудболк урсан ба тэр хоорондоо миний нүүр лүү гараараа цохисон. Тэр залууг бариад автал Б-гийн эхнэр намайг Баагий чи боль гэж хэлээд миний хоёр гарыг барьж аваад доош дартал тэр залуу ямар нэгэн хатуу биетээр миний зүүн талын нүд тус газар цохисон ба би тэр үед газар унасан. Тэр үед Б-гийн эхнэр тэр залууг чи хүн алчихлаа гэж хэлээд цааш аваад явж байсан ба тэр үеээс хойш ухаан алдаад унасан байлаа. Би нэг сэртэл Б-гийн гэрийн урд талын хороололд тэдний гэрээс доош 2 дахь гэрлийн шонгийн ойролцоо яг тэр залуугаар цохиулдаг газар хэвтэж байсан ба шууд гэр лүүгээ харихаар шийдээд гэрийн зүг алхсан ба шөнийн 02 цаг өнгөрч байхад гэрт очсон. Би гэрт очсоны миний эхнэр Х миний зүүн нүднээс гарч байсан цусыг тогтоож эмнэлэгт хүргэж оёдол тавиулсан. ...Намайг зодсон хүнийг миний найз Б-гийн эхнэр таних байх гэж бодож байна. ...Миний биеийн байдал хэвийн байгаа, надад хохирол 200.000 төгрөг Г.Б өгч барагдуулсан. Одоо надад ямар нэгэн гомдол тэмцэл хохирол байхгүй. Г.Б бид хоёр хоорондоо эвлэрсэн” /хх-ийн 7-9 тал/ гэх мэдүүлэг,
гэрч Н.Х-ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “2018 оны 7 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө нөхөр Б шөнийн 02 цаг 30 минутын үед гэрт ирсэн ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу хүнээр зодуулсан гэж ирсэн. Я.Б-гийн нүүр нь тэр чигээрээ цус болсон өмсөж явсан хар хөх өнгийн фудволк нь урагдсан, зүүн нүдний доод хэсэгт язарсан байдалтай хамраас нь цус гарсан зэрэг гэмтэлтэй байсан. Би Я.Б-гийн цусыг тогтоож хүргэн дүү Ж руу яриад гэрт хүрээд ир Б ах чинь хүнээр зодуулаад гэмтэл авсан байна эмнэлэгт хүргэе гэж хэлсэн. Тэгээд 103 эмчээр боолт хийлгэж эмнэлэг дээр хоносон маргааш өглөө нь мэс заслын эмч, нүдний эмч, томографикийн эмчийг дуудан шинжилгээнд орж гэрээр эмчилгээ хийлгэж эм уусан.” /хх-ийн 10-11-р тал/ гэх мэдүүлэг,
гэрч Ж.С-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн “...Я.Б-г манай гэрт хоноод яв гээд баруун талын модон ор засаж өгсөн чинь үгүй би өчигдөр гэртээ хоноогүй өнөөдөр гэртээ харьж хонохгүй бол болохгүй гээд шөнийн 01 цагийн үед гэрээс гарахаар нь би хашаанаас гаргаж өгье гээд хамт дагаад гарсан ба бид хоёр манай хашаанаас гараад доош эргээд явж байхад нөхөр Г.Б бид хоёрын араас гараад ирэхээр нь би Я.Бг доош нь ганцааранг явуулаад нөхөр Г.Б-г аваад гэрийн зүг явж байтал нөхрийг Я.Б нааш хүрээд ир гээд дуудаад байсан. Миний нөхөр Г.Б Я.Б дээр яваад очиход яах гэж далчихнаад байгаа юм гээд нөхөр Г.Б-г түлхээд унагасан ба ...нэг нэгнийгээ барьж аваад зодолдох гэхээр би дундуур нь орсон. Я.Б миний нөхөр Г.Бгийн хоолойг нь боосон ба би салгаад Я.Бгийн гараас бариад цааш яв гэж байтал миний нөхөр Г.Б нэг жижиг чулуу гартаа бариад Я.Бгийн нүүр тус газар нэг удаа цохисон. Тэр үед Я.Б газар унасан. Би нөхөр Г.Бгээ хүн аллаа гэж хэлээд түүнээс холдуулсан ба миний нөхөр надаас зугтаад алга болсон. Би нөхөр Г.Б-гийн араас яваад түүнийг нэлээн удаа хайж байж манай гэрийн дээд талын эзгүй хашааны нэг буланд фудболктай айсан байдалтай сууж байхад нь гэрт оруулсан. Би Я.Б-гийн унасан газар зодоон болсноос хойш очоогүй ба тэр шөнө Я.Б манай гэрт ирээгүй.” /хх-ийн 12-13-р тал/ гэх мэдүүлэг,
шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “2018 оны 7 дугаар сарын 27-нд манай эхнэр бид хоёртой Я.Б таараад дэлгүүрээс 2 том сав 2,5 л пиво, 0,5 л 2 лааз пиво аваад манай гэрт эхнэр бид гурав 19-20 цагийн орчимд ороход манай гэрт хүүхдүүд байсан. Тэгээд манай эхнэр хоол цай хийж бид хоёрт өгөөд бид хоёр нөгөө авч ирсэн 4 пиво хувааж уусан. Пиво дуусахад Я.Б бид хоёр манай хажуугийн дэлгүүрээс дахин 2,5 л 1 сав пиво авсан юм. Пиво ууж дуусгаад Я.Б-г унтаж амар гээд ор засаад өгөхөд Я.Б манай гэрт хонохгүй, харина гэхээр нь эхнэр бид хоёр гаргаад гудамжаар доош явж байтал Я.Б намайг дуудаад нааш ир гээд байсан. Тэгэхээр нь би яваад очиход Я.Б надад хандаж яагаад далчигнаад байгаа юм бэ? гээд над руу уурлахаар нь түүнээс болж Я.Б-тэй маргалдаад барьцалдаад авсан ба миний хоолойг боох гэхээр нь би адилхан хоолойг нь боох гэхэд манай эхнэр Сүрэнхорлоо бид хоёрын дундуур орж салгахад би уурлаад газраас чулуу аваад Я.Б-гийн нүүр лүү 1 удаа цохиод Я.Б газар унасан. Тэгэхээр нь Я.Б-гийн нүүр лүү гараараа 2 удаа цохичихоод би гэрлүүгээ явчихсан юм. ...Би хохирогч Я.Бтай найз нөхдийн холбоотой, хохирол гомдлыг бүрэн барагдуулсан болно. Би Б-д эмчилгээний болон хохирлын зардал 200.000 төгрөг өгсөн. Хохирогч Я.Б бид хоёр эвлэрсэн. Буруу зүйл хийсэн гэмшиж байна” гэх мэдүүлэг,
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Я.Б-гийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхинд язарсан шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимын салстын улайлт, хамрын нуруу, дээд уруулын салстад зулгаралт, аюулхайд зөөлөн эдийн гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх 522 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар дээрх үйл баримт тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийхэд шүүгдэгч, хохирогч нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, улмаар хоорондоо үл ойлголцон шүүгдэгч нь өөрийн эхнэртэй хохирогчийг хардсаны улмаас тухайн гэмт хэрэг гарсан байна.
Шүүгдэгч Г.Б хохирогч Я.Б-г цохисон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирсан болох нь шинжээч эмчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 522 дугаар дүгнэлт /хх-ийн 17 тал/-ээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинж хангагдсан гэж дүгнэв.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Г.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хэргийн 42 дах талд хохирогч Я.Б нь “Г.Б нь надаас уучлалт гуйж миний хохирол гомдлыг барагдуулж надтай эвлэрсэн. Г.Б-гээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол тэмцэл байхгүй” гэж тодорхойлолт гаргаж өгсөн, шүүгдэгч Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би найзаасаа уучлалт гуйсан. Эмчилгээнд 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надаас нэхэмжлэх зүйл, гомдол тэмцэл байхгүй гэсэн” гэж мэдүүлсэн зэрэгт дүгнэлт хийн, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Г.Бгээс гаргуулах хохирол, төлбөргүй гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Ж.С, Б.О нарын мэдүүлэг, ял шалгах хуудас зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй, анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг харгалзан шүүх шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан ялаас торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгчид хуулийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.
Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан хохирол, хор уршиг арилсан гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5-9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Г-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт Гийн Б-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хохиролд 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА