Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/553

 

2025            05             13                                           2025/ДШМ/553                                 

 

 

Б.Зт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Дамбадаржаа,

шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Зт холбогдох эрүүгийн 2409000000666 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Н” зочид буудлын орчим “Aqua” загварын автомашин дотор сууж байхдаа хохирогч Э.Мын гарыг автомашины цонхоор татаж хөшин эрүүл мэндэд нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Бгийн Зыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Зын өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ны Өдөр хохирогч Э.Мын гарыг автомашины цонхоор татаж хөшин биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэн 600 нэгж буюу 600.000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч Б.З нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний орой 21 цаг 38 минутад Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байх Н зочид буудлын орчим өөрийн эзэмшлийн Агуа маркийн машин дотор сууж байхдаа үл таних хүмүүст зодуулсан талаар Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн баримт /1хх 3/, дуудлагаар очиж ажилласан Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл хяналтын хэлтэст эргүүлийн офицер ажилтай Б.Мын мэдүүлэг. Мөн Цагдаагийн алба хаагч И.Бийн мэдүүлгүүд /1хх-15-17 хуудас/, Өмгөөлөгчийн эрх зүйн дүгнэлт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 2072 дугаартай захирамжаар Б.Зт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дах заалтаар "Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон" гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож прокурорт буцаасан. Шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож прокурорт буцааж байгаа хууль зүйн тайлбар нь хэрэг бүртгэлтэд буцааж байна гэж өмгөөлөгч би ойлгож байгаа юм. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэлтийг дуусгах, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан эрх зүйн баримт бичиг байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Хууль шүүхийн өмнө тэгш байх зарчим алдагдсан, Нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, хэт нэг талыг барьж шийдсэн гэж үзэж байна. Иймд 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Б.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Би торгууль төлөхөөс зайлсхийх, эсвэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзах зорилгоор өдий хүртэл шүүх, цагдаагаар явж байгаа юм биш. Өөрөөр хэлбэл завтайдаа явж байгаа хэрэг огт биш юм. Би тухайн хүнд ямар нэгэн байдлаар гэмтэл учруулаагүй, бүр гарт нь ч хүрээгүй. Харин эсрэгээрээ намайг цохиж, биед минь гэмтэл учруулсан. Үүнийхээ дагуу би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гэтэл миний гомдлын дараа тухайн хүн намайг эргүүлээд гэм буруутай болгож, над руу гомдол гаргасан. Би эхлээд гомдол гаргасны дагуу мөрдөгч Э.Мтай холбогдож, мэдүүлэг өгөхийг шаардсан боловч тухайн хүн ирэхээс зугтаж байсан. Улмаар тав хоногийн дараа гэнэт намайг өөрийг нь гэмтээсэн гэж цагдаад гомдол гаргасан байсан. Энэ бүхэн нь намайг санаатайгаар гүтгэсэн үйлдэл гэж бодож байна.” гэв.

 

Прокурор Н.Дамбадаржаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийн тухайд шүүхийн шийтгэх тогтоолд хангалттай дурдаж, дүгнэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Зын хүч хэрэглэн хохирогчийн биед гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Шүүгчийн захирамжийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх шийдвэр гаргаж байгаа бол цагаатгах тогтоол эсхүл шийтгэх тогтоол гаргана. Тус захирамжаар хэргийг гэм буруугийн хэлэлцэх шүүх хуралдаанаар прокурорт буцаасан гэж ойлгож байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон шаардлагыг бүрэн хангахаас гадна, шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн тохиолдолд хууль ёсны ба үндэслэл бүхий болно.

 

Нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

Прокуророос шүүгдэгч Б.Зыг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Н” зочид буудлын орчим “Aqua” загварын автомашин дотор сууж байхдаа хохирогч Э.Мын гарыг автомашины цонхоор татаж хөшин эрүүл мэндэд нь зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх Б.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

           

Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагааны үед 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 5242 дугаар шинжээчийн дүгнэлт “Э.Мын биед зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэсэн, гэрч Б.Згийн “... миний гар утсыг авчихлаа, ёооё гэж орилоод баруун гар нь орчихсон цонхоор багтаж гарахааргүй байсан. ... дараа нь харахад баруун гар нилэнхийдээ улаан толбо болсон, “гар өвдөөд байна” гэж байсан. ...” /хх 117/ гэж мэдүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл, хэрэг учрал болох үед хоирогч болон шүүгдэгчийн хажууд байсан гэрч Б.З нь хэргийн талаар мэдүүлэхдээ хохирогчийн баруун гарт гэмтэл учирсан талаар мэдүүлсэн, хэрэг учрал болсоноос хойш 5 хоногийн дараа үзлэг хийж гаргасан шинжээчийн дүгнэлтээр зүүн гарт гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргасан байхад энэ зөрүүтэй байдалд зохих дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг нэг мөр, зайлшгүй эцэслэн шалгаж тогтоогоогүй, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

Гэмт хэргийг бүрэн дүүрэн, мөрдөн шалгах нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгааны нэг төрөл болох тул дээр дурдсан ажиллагааг хийж үйл баримтыг бүрэн дүүрэн сэргээн тогтоох нь уг гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдэж, түүний улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтооход ач холбогдолтой.

 

Гэм буруу нь нэг талаас гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог бол нөгөө талаас “нотлогдоогүй бол гэм буруугүй” гэсэн зарчмыг хэрэглэх гол нөхцөл болдог.

 

Тухайн этгээдийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилго бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийн зорилтыг “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх... “ гэж тодорхойлон заажээ.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох” талаар давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/437 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ