| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2309019961927 |
| Дугаар | 2025/ДШМ/554 |
| Огноо | 2025-05-13 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 2025/ДШМ/554
2025 05 13 2025/ДШМ/554
М.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа,
шүүгдэгч М.Эы өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Г.Энхтүвшин,
хохирогч Н.Нын өмгөөлөгч С.Сансартуяа,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/426 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч М.Эд холбогдох эрүүгийн 2309019961927 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч М.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, .... тоотод хохирогч Н.Нын эзэмшлийн “машиныг засварын газар өгч засуулаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 500.000 төгрөг болон 5.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота кровн загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан авч 5.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн хохирогч Н.Над 100.000.000 төгрөг Г.Г гэх хүнээс зээлж авч өгсөн мэтээр зохиомол байдлыг бий болгон “мөнгөө нэхээд байна мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй байна” гэж хуурч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ды 143.175.000 төгрөгийн үнэлгээ бүхий 57,5 мкв талбайтай 2 өрөө байрны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нийт 149.075.000 төгрөгийн хохирол учруулсан гэх тус тус гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Эыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гам буруутайд тооцож, Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Эд 2 /хоёр жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч М.Эаас нийт 132.400.000 /зуун гучин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.Над олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эы нэр дээр байгуулагдсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ды 57,5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны захиалгын гэрээний эрхийг хураан авч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Э давж заалдах гомдолдоо: “...М.Э намайг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/426 дугаартай тогтоолоор иргэн Н.Нтай гэр бүлийн харьцаа тогтоож, улмаар 2020 оны 01 дүгээр сарын эхээр ...улсын дугаартай 5.900.000 төгрөгийн үнэтэй тоёота кровн маркийн засварлуулна гэж хэлж, засварчин Г.Хт /Б гэж дууддаг/ өгөөд 2020 оны 01 дүгээр сарын 12-нд засварын хөлсөнд 500.000 төгрөг өгөхөөр болсон гэж өөртөө аваал машиныг эргүүлэн авч өгөлгүйгээр нийт 5.900.000 төгрөгөөр хохироосон, мөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улсын бүртгэлийн газарт хандаж гэрлэлтээ дуусгавар болгохын өмнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “А” ХХК-аас барьж байгаа “Д”-ы орон сууцны 1 давхарт 57.5 м2 хэмжээтэй 2 өрөө байрыг баригдаж дууссаных нь дараа үйлчилгээний зориулалтаар ашиглах нөхцөлтэй байрны өмчлөх эрхийг “бусдад төлөх өрөндөө өгнө” гэж худал хэлж шилжүүлэн тус тус залилж авсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэж цагдан хорьсон юм. Би хоригдож байх хугацаандаа Н.Н бид хоёр 2019 оны 09 сарын эхээр анх танилцаж, үүнээс хойш ОХУ-руу хамт аялж дотно харьцаатай байж, бие биедээ хайр сэтгэлтэй болж 12 сараас нэг гэртээ орж 2020 оны 03 дугаар сарын 25-нд гэрлэлтээ батлуулсан.2022 оны 09 дүгээр сарын 20-нд гэрлэлтээ дуусгавар болгосон зэрэг хамтын амьдралтай байх хугацаандаа аз жаргалтай, сайн сайхан байсан үеэ, мөн хэрүүл маргаан хийж, хэн нэгнийгээ хардаж сэрдэж байсан үеэ бүгдийг нь эргэцүүлэн бодож өөртөө дүгнэлт хийлээ. Бид хоёр хэнийг ч ятгалга нөлөөгүйгээр бие биедээ дурлаж 3 жилийн турш бие сэтгэлээрээ хамт байсан. Хүний амьдрал дандаа инээж өнгөрдөггүй болохоор бидний хооронд үл ойлголцол байх нь байсан байна. Гэхдээ ихэвчлэн бие биедээ анхаарал халамж тавьж, хоёр биенийгээ бүхий л асуудлыг хамтран ярилцаж шийдвэрлэж байсан юм. 2022 оны 04 сараас эхлэн эхнэрийн минь сэтгэл санаа хувирч үе, үе гэрээсээ олон, цөөн хоногоор хаашаа явж, юу хийх гэж байгаагаа надад хэлэлгүй явах, миний орлогын талаар гомдоллох, үглэх гэрээс хөөх, туух асуудал гардаг болсон ба одоо бодоход энэ үед эхнэрийн маань биед нь өвдөлт, зовуурь өгч, уур уцаартай болж байсныг би буруу ойлгож, хөрөнгийн давуу байдлаараа далайлгаж, намайг дээрэлхэж байна гэж бодоод өмнөөс нь хэрүүл маргааны шинжтэй хариулт хэлж байсан нь үнэхээр миний буруу байна. Мөн 2022 оны 09 дүгээр сард эхнэрийн ааш авир улам муухай болж, надтай харьцах харьцаа хандлага ч бүр дордоод байхаар нь аргадаж учирлаж байгаад яагаад байгааг нь хэлүүлэхэд “бие өвдөөд байна” гэсэн болохоор нь “эмнэлгээр явъя” гэж санаачлан машин барьж, эхнэрээ авч яван шинжилгээ өгүүлсэн. Шинжилгээний хариуг бид хоёр хэн хэн нь уншиж мэдэх биш Наас асуухаар тодорхой юм хэлдэггүй байсан. 2022 оны 09 дүгээр сарын 19-нд ч надад уушгины хорт хавдартай болсон гэж хэлээгүй, эмнэлгээс уур уцаартай гарч ирээд би үхэж, чи баярлах болж байх шиг байна гэхээр нь би бас л түүний хэлж байгаад нь дургүйцэн би чамд халдварт өвчин авчирч наагаагүй, чи архи ууж, гадуур дотуур завхайрч яваад л өвчин авсан байх, надад халдаах вийдээ... гэх мэтээр таагүй харьцаж, хэрүүл хийж хоносондоо одоо үнэхээр харамсаж байна. Ингэж харьцсан нь миний тэнэглэл байсан гэдгийг ойлгон уучлал хүсэж байна. Маргааш нь буюу 2022 оны 09 дүгээр сарын 20-нд эхнэр маань “би ер нь зарим асуудлаа цэгцлэх хэрэгтэй болж байна, хоёулаа салъя” гэхээр нь би бас л “чи тийм шийдвэр гаргаж байгаа бол салъя, салъя ерөөсөө чиний дарамтад амьдармааргүй байна, харин бусдаас зээлүүлж авсан мөнгө төгрөг, техник хэрэгслийнхээ үнийг төлөөрэй” гэж хэлж эхнэрээ улам гомдоогоод, эхнэр маань надад тунирхаж, гомдохдоо тэр даруйд нь одоогийн хэл амны бай болоод байгаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэхь “А” ХХК-ийн барьж байсан “Ды” С-2 блокийн 1 давхрын 57.5м2 талбайтай орон сууцны захиалга бариулах гэрээг баригдаж дууссаных нь дараа буюу 2023 оны 01 улиралд надад өмлүүлэх нөхцөлийг тусгуулж миний нэр дээр болгосон. Тэгээд эхнэр маань “чи одоо сэтгэл чинь ханаж байна уу” одоо гэрлэлтээ салгуулъя гэхээр нь хоёулаа зэрэг өргөдөл бичээд “өмч хөрөнгийн болон үр хүүхдийн маргаангүй” болохоо тусгаад гэрлэлт дуусгавар болсон тухай бүртгүүлсэн. Энэ байр одоо ч баригдаж дуусаагүй байгаа ба би нэг өдөр ч энэ байрыг эзэмшиж өмчлөх эрхийг эдэлж хэрэглэсэн, ашигласан зүйлгүй болно. Би өөрийнхөө данснаас эхнэрийнхээ данс руу 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 10.000.000 төгрөг, 25-нд 19.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ 29.000.000 төгрөг бол миний өөрийн мөнгө, аав минь эрт нас барж, ээж маань ааваас хойш 10 гаруй жилийн дараа өөр хүнтэй гэрлэж 2 дүүг минь төрүүлсэн ба надад нагац өвөө эмээ дээрээ өсөж тэдний үлдээсэн 40 мянгатын 1 өрөө байрыг өвлөж авсан. Тэрийг зарж байрны урьдчилгаа болгоод 0.6 хувийн ипотекийн зээлээр байр захиална гэж бодож хадгалж байсан мөнгө бөгөөд хэрэв миний өөрийн мөнгө гэж эхнэртээ хэлж өгвөл ойр зуурын гэр бүлийн дотоод хэрэгцээнд зарцуулчих байх гэж бодоод “Г ахаас зээлсэн” гэж хэлсэн ба гүйлгээний утган дээр “Г” гэж бичсэн юм. “Б” ХХК-руу газар ухдаг өрөм, тоног төхөөрөмжийг үндсэн үнээсээ 30 хувийн доогуур үнээр бэлтгэж нийлүүлэхээр захиалга авч байгааг би судалж мэдээд “Б ХХК-ийн данснаас 40.000.000 төгрөгийн шилжүүлэг хийлгэж захиалгыг би өгсөн ба захиалгын гэрээнд заасан хугацаандаа бараа бүтээгдэхүүн ирэлгүй /ковидоос болж/ удсан асуудалд би буруутгагдаж, надаас болж компанийн ажил зогслоо, мөнгө олохгүй байна гэж шүүмжлэгдэж байсан. Мөн газар ухахад төмөр ууттай шаардлага хангахгүй өрөм захиалсан байна гэх мэт асуудлууд яригдсан учраас би чанар сайтай өрөм болон тоног төхөөрөмж судлах ажлыг хийж байгаад 23.000 ам доллароор үнэлэгдэх хэмжээний газар ухах тоног төхөөрөмж зуун айлд зарж байсан хүнтэй уулзаад ашиглалтын шаардлага хангах эсэхийг газар ухан ажлыг хийдэг хүмүүстээ үзүүлээд авах эсэхээ шийднэ гээд үнийг нь төлөлгүй түр өөртөө авсан байсан юм. Эхнэртээ 23.000 ам долларын үнэтэй газар ухах сайн чанарын тоног төхөөрөмж байна ажил хийх хүмүүст үзүүлэх үү” гэхэд Н тэг, тэг гэхээр нь компанийн хашаанд буулгасан байсан. Н ажил хийдэг хүмүүстээ ярилцаж үзүүлсэн бололтой, миний хашаанд авчирсан газар ухдаг багажийг авмаар байна гэхээр нь Г ахаас мөнгө зээлж үнийг нь төлөхийг бодъё гэж хэлсэн ба нөгөө багажийн эзэнд манай компани авч магадгүй юм байна, нэг удаа ажиллуулж туршиж үзээд удахгүй мөнгөтэй болох тул үнийг нь өгье гэж гуйж зөвшөөрүүлсэн тул эхнэртээ Г ахаас мөнгө зээлээд багажийн үнийг төлсөн гэж хэлсэн. Би тэр үед компанийн гүйцэтгэх захирлын үүрэг итгэмжлэлээр гүйцэтгэж байсан тул амьхандаа л эхнэртээ тал засаж, компанийн төлөө юм хийж байгаагаа ойлгуулах гэсэн санаагаар л чанар сайтай багаж сонгож, судалж, хямдарсан үнээр захиалга өгч ажлаа эрчимжүүлэх үүднээс бусдаас хүүгүй зээл авлаа гэх мэтээр ярьж ойлгуулдаг байсан юм. Зуун айлаас хүнээс авсан багажаа эхнэртэйгээ муудалцаж гэрлэлтээ дуусгавар болгосны дараа буцаагаад аваачиж өгөөгүй бол Ды байр ашиглалтад орж, түүнийг зарж борлуулж байж тэр 23.000 ам долларыг өгнө гэж тооцоолсон бол одоо ч тухайн байр ашиглалтад ороогүй тул жинхэнэ зуун айлын багаж зарж байсан хүнийг залилсан болох байсан тул буцааж өгсөн нь оносон гэж бодож байна. Энэ тухай Нд хэлэх гэхээр уурлаж, уцаарлаад ойлгохгүй учраас бодит байдлыг ойлгуулж чадаагүй Н гэрлэлт дуусгавар болж, бүртгүүлснээсээ хойш миний утсыг авдаггүй, эмнэлэгт хэвтсэн гэхээр нь эргэж очихоор гарч уулздаггүй байсан ба надтай бүр мөсөн харьцахааргүй болж шийдвэрлэсэн нь ойлгомжтой болсон тул би тэдний гэрээс өөрийн хэрэгцээний юмаа очиж авснаас болоод хулгайн хэрэгт хардагдсан юм. Гэхдээ би хулгай хийгээгүйлдээ өөрийнхөө л юмыг авсан. Засварт өгсөн машиныг өөриймсөг сэтгэлээр хандаж хөөцөлдөж аваагүй компанийнхаа ажилд түүртэж тэр чигт нь орхисон нь миний буруу, бас 57.5 м2 талбайг захиалгаар бариулж өмчлөх гэрээг шүүхээс залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож завсарлага авсан үедээ шилжүүлж өгчих боломж байгаад Нтай хайр сэтгэлтэй, эхнэр нөхрийн харьцаатай байснаа бодоод ял оногдуулах шүүх хуралдааны явцад төлөхөө илэрхийлчихээд өөрөөсөө өгсөн 29.000.000 төгрөгөөсөө машины үнийг суутгуулаад, үлдэгдлийн тооцоог нүүр нүүрээрээ уулзаж тооцоо хийгээд байр захиалгын гэрээг буцаагаад шилжүүлээд өгье гэж бодож, буруу төсөөлж сэтгэснээс болж хоригдох болсон. Миний хувьд Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг гэдгийг мэдэх биш, одоо бодоход анхан шатны шүүх миний үйлдэл, Н хоёрын хоорондын харьцаа, өмч хөрөнгийн асуудлыг зөв л дүгнэж зүйлчилж шийдсэн байх гэж итгэж байгаа тул гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээж байна. Тиймээс шүүхийн тогтоолд заасан 5.900.000 төгрөгийг ар гэрийнхэндээ хэлж бүрэн төлүүлсэн, мөн байр захиалгын гэрээг ч өөрийнхөө нэрээс хасуулж эзэнд нь буцааж өгсөн. Эхнэр байсан надад холбогдох хэрэгт хохирогчоор тогтоогдсон Н.Наас машиныг нь буцааж олж өгөөгүйдээ, байр захиалгын гэрээг нэхсэн даруйд нь буцааж шилжүүлээгүйдээ, хамт амьдрах явцдаа хэрүүл маргаан хийж байсандаа, өвдөж зовсныг нь мэдэлгүй анхаарал халамж тавьж байгаагүй буруугаа хүлээж, албан ёсоор уучлалт гуйж байна. Миний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж байгаа байдал хохирлыг бүрэн төлсөн байдлыг харгалзан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/426 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жил 3 сарын хорих ялыг өөрчилж, торгуулийн ял оногдуулж өгнө үү. Би мөнгийг олно, харин цаг хугацаа надад ямар ч мөнгөөр орлуулахааргүй үнэтэй бөгөөд бичиж боловсруулсан, хэвлэлтэд өгөхөд бэлэн болгосон ном, судалгаа эрдэм шинжилгээний ажлууд, мэргэжлийн дагуу боловсролын систем, байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллахыг хүсэж байна...” гэжээ.
Шүүгдэгч М.Эы өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс М.Эыг залилах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг өөрчлүүлэх дор дурдсан үндэслэлүүд байна. Үүнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д Шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2..., зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцохоор хуульчилсан байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын гэм буруугийн талаарх дүгнэлтийн хэсэгт буюу шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудаст “Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг эсэх асуудлаар дүгнэлт хийн шийдвэр гаргасан бөгөөд шүүх нь шүүгдэгч хохирогч нарыг гэр бүл байсан эсэх, дундаа эзэмших, өмчлөх хөрөнгөтэй эсэх, цалин хөлс авах эрхтэй эсэх зэрэгт дүгнэлт хийх боломжгүй, тэдгээр нь иргэд хоорондын маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг дурдсугай” гэжээ. Шүүхийн дүгнэлтийн энэ хэсэг нь үйл баримтын талаарх хэл зүйн утга найруулга, агуулгын хувьд ойлгомжгүйгээс гадна шүүхийн шийдвэр нь шүүгч хуульчийн мэргэжлийн дүгнэлт байх ёстой. Мөн хууль хэрэглээний хувьд шүүх зөвхөн эрүүгийн хуулийг хэрэглэх бус бусад эрх зүйн зохицуулалтыг харгалзаж, харьцуулж дүгнэн хуульд нийцүүлэн дотоод итгэлээрээ шийдвэрлэх ёстой байхад нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэнэ гэж дурдаад байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байна. Мөн “прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг эсэх асуудлаар дүгнэлт хийлээ” гэсэн нь прокурорын яллах дүгнэлт үйлдсэн үйлдлийг хэлээд байна уу, аль эсвэл М.Эы Н.Нтай гэрлэлтээ бүргүүлэхээс өмнө буюу 2020 оны 01 дүгээр сарын эхээр ...улсын дугаартай машиныг засварт өгч, засварын хөлс гэж 2020 оны 01 дүгээр сарын 12-нд 500.000 төгрөг өөрийн хувийн дансаар авсан боловч тухайн машиныг засварлуулсан хүнээсээ эргүүлж аваагүй орхисон үйлдлийг хэлж байна уу, эсхүл Н.Н нь 2020 оны 04 дүгээр сарын 20-нд “А” ХХК-аас өөрийн нэр дээр бартераар авсан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “Д” 2 өрөө 57,5 м² хэмжээтэй үйлчилгээний талбайг захиалгаар бариулах эрхийг нэг гэр бүлийн гишүүд буюу эхнэр нөхөр болох Н.Н, М.Э нар харилцан тохиролцож, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр М.Э руу шилжүүлж, дундын өмчийн эд хөрөнгийн маргаангүй болохоо тодорхой болгоод энэ өдөртөө улсын бүртгэлийн байгууллагад хандан шууд гэрлэлтээ дуусгавар болгосон үйлдлийг хэлээд байна уу гэдэг нь ойлгогдохгүй байна. Нөгөөтэйгөөр Н.Н, М. Э нарын хооронд дундын өмч үү, хуваарьт өмч үү, залилсан уу, гэр бүлийн харьцаатай болсноосоо хойш бий болгосон дундын өмчөө тохиролцож хувааж авсан уу гэдэг асуудлаар маргаан болоод байгаа дээр дурдсан эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхийг хоёр тал тохиролцож шилжүүлсэн үйлдлийг шүүх шийтгэх тогтоолоороо М.Э нь Н.Ныг залилж хохироосон гэмт үйлдэл байна гэж дүгнэн гэм буруутайд тооцож, 126.500.000 төгрөгийн хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн атлаа энэ эд хөрөнгийн талаарх “иргэд хоорондын маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй” гэж дүгнэсэн нь хоорондоо утга авцалдаагүй, өөрийнхөө шийдвэрийг үгүйсгээд байгаа ч юм шиг ойлгомжгүй байдлаар бичигджээ. Мөн шүүн таслах ажиллагааг мэргэжлийн хуульч, шүүгчээр томилогдсон хүн хэрэгжүүлдэг нь хэнд ч ойлгомжтой бөгөөд “шүүх нь шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүл байсан эсэх, дундаа эзэмших, өмчлөх хөрөнгөтэй эсэх, цалин хөлс авах эрхтэй эсэх зэрэгт дүгнэлт хийх боломжгүй” гэсэн нь шүүх өөрийн үйл ажиллагаагаа зөвхөн эрүүгийн хуулиар хязгаарлаж, бусад эрх зүйн зохицуулалтыг харьцуулж, хуулийг зөв хэрэглэж шүүгдэгчийн үйлдлийг зөв зүйлчлэхгүй байгаа нь хууль хэрэглээний хувьд учир дутагдалтай байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл шүүх эрүүгийн хэргийн хохирол гээд шийдвэрлэсэн эд хөрөнгийн маргаантай асуудал дээрээ оролцогчид дараа нь иргэний журмаар гомдол гаргах эрх нээлттэй гэсэн нь туйлын ойлгомжгүй байна. Хохирлыг буруу тооцож, гэмт хэрэг эхэлсэн, төгссөн хугацааг тодорхойлж чадалгүйгээр хэргийг буруу зүйлчилж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Н.Н нь ...улсын дугаартай, хар хөх өнгийн, тоёота кровн маркийн авто машиныг 2001 онд Япон улсад үйлдвэрлэж, 2013 онд Монгол улсад оруулж ирж С.Б, Б. Д.А нарын 3 хүний гар дамжин ашиглагдаж байгаад 2016 оны 02 дугаар сарын 11-нээс Н.Нын өмчлөлд шилжсэн / Авто тээврийн үндэсний төвөөс гаргуулсан лавлагаа мэдээлэл, 1 хавтас 153-155 хуудас/ байсан байх ба энэ машиныг М.Эы танил Р.Хт Н.Н өөрөө хамт явж засварт хүргэж өгсөн, дараа нь тодорхой үнээр үнэлж зараад мөнгийг нь авахыг зөвшөөрч техникийн гэрчилгээг нь өгсөн, гэрлэлтээ батлуулснаас хойш энэ машиныг М. Эаас асуугаагүй мартсан гэж мэдүүлээд, 2023 оны 06 сард цагдаад хандахдаа л санаж нэхсэн гэхээр үйл баримт тогтоогдсоноос гадна гэрч Р.Х уг машиныг засварлахаар аваад өөрөөсөө 200.000 төгрөг гаргаж засаад, цааш нь дамжуулж зараад /найзынх албан байгууллагаас актлагдсан машин гэж ойлгоод/ Эы найзад 1.500.000 төгрөг өгөөд болчих юм байна гэж бодоод өөрөө Гачууртад газар авах наймаанд оролцуулж уг машиныг 2.500.000 төгрөгт тооцож, өөрийнхөө 1.000.000 төгрөгийн үнэтэй телевизорыг, бэлэн 2.600.000 төгрөгтэй хамт нийт 6.100.000 төгрөгийг Өлзийхишиг гэдэг хүнд өгөөд тэр хүнд зальдуулсан тухай тодорхой мэдүүлсэн байна. /2 хавтас, 158-160 дугаар хуудас/ Мөн энэ машин нь одоо ч Н.Нын өмчлөлд хэвээр бүртгэлтэй байх ба Өлзийхишиг гэдэг хүнийг цагдаагаар эрэн сурвалжлуулж олуулаад машинаа буцаагаад авчихсан ч болохоор байна. Харин энэ машины засварын хөлсөнд өгнө гэж М.Э нь Н.Наас 500.000 төгрөгийг 2020 оны 01 дүгээр сарын 12-нд өөрийн хувийн дансаараа аваад, эргүүлж өгөлгүй өөртөө хэрэглэсэн нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Нөгөөтэйгөөр 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Н.Наас М.Э руу шилжүүлсэн “ бартераар байр захиалан бариулах эрх шилжүүлсэн үйлдэл хийгдсэн бөгөөд энэ үйлдэлд хохирогчоор тогтоогдсон Н.Н “ахынхаа өрийг дар” гэж өгсөн гэдэг. Ды орон сууцны барилга баригдаж дуусаад улсын комисст хүлээлгэн өгч улмаар улсын бүртгэлд бүртгүүлж, дараа нь 57,5 м² хэмжээтэй үйлчилгээний зориулалтаар ашиглах 2 өрөө байрыг мөн л М.Э-ы нэр дээр түүний өмчлөлд бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосноор үл хөдлөх хөрөнгө /өмч/ эсвэл өмлөх эрх шилжсэн гэж үзэхээр байхад улсын бүртгэлгүй, хоёр этгээдийн хооронд бичгээр үйлдсэн тохиролцоог /цаасан дээр бичигдсэн гэрээг/ “өмчлөх эрх шилжсэн” гэж дүгнэн “126.500.000 төгрөгөөр залилж хохироосон” гэж хохирол тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн прокурорын яллах дүгнэлтийн 7 хуудас дахь дүгнэлт хэсэгт М.Э нь хохирогч Н.Нтай гэр бүлийн харилцаатай болж, гэрлэлтээ батлуулан түүнд итгэл төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж түүнээс 2020 оны 01 дүгээр сард машиныг нь засварлуулж өгнө гэж авсан... үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 20-нд Гын 100.000.000 төгрөгийн өрийг өгнө гэж... байрны захиалгын гэрээг өөртөө шилжүүлж авч, нийт 149.075.000 төгрөгөөр хохироосон гэж Н.Нын өмч хөрөнгөнд шунаж хуурамч гэрлэлт хийж бүртгүүлж, гэмт хэрэг энэ хоёр хүн гэрлэснээр эхэлж, 3 жил орчим хугацаанд хамт амьдарч залилах гэмт хэргээ үргэлжлүүлээд /үргэлжилсэн үйлдлээр/ 2022 оны 09 дүгээр сарын 20-нд гэрлэлтээ дуусгавар болгож байрны захиалгын гэрээг өөртөө шилжүүлж авснаар үйлдэл төгссөн гэж дүгнэсэн байдаг. Харин шүүх шийтгэх тогтоолдоо гэмт хэрэг хэзээ хэрхэн эхэлж, хэзээ яаж төгссөн, машин засварт өгсөн, засварын хөлсөнд 500.000 төгрөг өгнө гэж авсан, байр захиалан бариулах гэрээ шилжүүлж авсан гэх үйлдлүүд /үргэлжилсэн үйлдэл эсэх/ хоорондоо хэрхэн холбогдож байгааг дүгнээгүй, М.Э нь 2022 оны 04 дүгээр сарын 22-нд 10.000.000 төгрөг, 25-нд 19.000.000 төгрөг, нийт 29.000.000 төгрөгийг Г нэрээр Н.Нын данс руу шилжүүлсэн байдаг ба тэр мэдүүлэхдээ эхнэрээ архи дарсанд үрчихгүй, зөв зохистой хэрэглүүлэх зорилгоор өөрийнхөө мөнгө гэдгийг хэлэлгүй хүнээс буюу “Г ахаас хүүгүй зээлсэн” гэж ойлгуулан, гүйлгээний утга дээр Г гэсэн нэр бичсэн гэсэн байдаг. Харин Н нь Э нь ажлаасаа гарсан, юу ч хийдэггүй, би компаниасаа цалин өгдөггүй тул түүнд мөнгө байх ёсгүй, манайд приус 20 машинаас өөр юу ч үгүй хоосон ирсэн. Ийм мөнгөгүй ядуу хүнийг би тэжээж, хувцаслаж байсан тул энэ 29 сая төгрөгийг надаас залилж авсан мөнгөө өөрийн нууц дансанд хуримтлуулж байгаад буцааж өгсөн гэж бодож байна хэмээн өөрийн таамаглалаа хэлж мэдүүлсэн байдаг. Нэгэнт энэ хоёр хүний өмч хөрөнгийн асуудлыг “эрүүгийн хэргийн хохирол” нэршлээр шийдээд байгаа тул прокурор ч, шүүх ч энэ 29.000.000 төгрөгийг хэрхэн яаж тооцохыг шийдвэртээ тусгах байсан боловч тусгалгүйгээр зөвхөн Н.Нын хэлсэн болгоныг үнэн гэж нэг талыг барьж дүгнэж шийдвэрлэсэн байна. Ийнхүү шүүхээс эрүүгийн хариуцлагын болон хохирлын талаар хийсэн дүгнэлт нь яллах болон тухайн хэрэгт хохирогчоор оролцож буй талын ашиг сонирхолд нийцүүлсэн мэтгэлцэгч талуудад тэгш хандаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын нэг талын эрх ашгийг хэтэрхий хамгаалсан байдалтайгаар шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Энэ нь шүүхийн шийтгэх тогтоолын 2 дугаар хуудаст “Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд... шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ “гэсэн, 10 дугаар хуудасны Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийн хэсэгт: “... улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч ...2 жил 3 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв” гэж дурдсан байдал нь яллах нэг талыг баримталж шийдвэрлэсэн болох улам тодорхой харагдаж байна. Мөн хохирогчоор оролцож буй Н.Н гэрлэхээс өмнө байсан эд хөрөнгө, гэрээ хэлцэл, гэрлэснээс хойш бий болсон зүйлүүд, компанийн хөрөнгө, миний өмч... гэх мэтээр машин, байр захиалгын гэрээнээс гадна 1.250.000 төгрөгийн үнэтэй дрон, 3.699.000 төгрөгийн үнэтэй зөөврийн компьютер, 600.000 төгрөгийн үнэтэй оюу чулуу нэхэмжилж, эдгээрийг үнэлүүлж, хэргийг шалгах, мөрдөх үе шатанд хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгч байснаа сүүлдээ чимээгүй болсон, прокурор эдгээрийг ямар нэг байдлаар шийдвэрлээгүй байгаад ч шүүх дүгнэлт хийж хавтаст хэрэгт хууль зүйн дагуу цуглуулж бэхжүүлсэн бүхий л нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдал, үйлдэл, үйл баримтуудыг үнэлж дүгнэж шийдвэрээ гаргах ёстой байхад шүүгдэгч талын асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой 29.000.000 төгрөг шилжүүлсэн гүйлгээний баримт болон 2 дугаар хавтаст хэргийн 81 дүгээр хуудаст байгаа УБЕГ-ын 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, А ХХК-ний барьж гүйцэтгэсэн Ды 2 С блокийн 1 дүгээр давхрын А, 1 тип 2 өрөө орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байна” гэсэн 5/13679 дугаартай бичгийн нотлох баримтыг үнэлээгүй, үгүйсгээгүй байна. Орон сууц болон түүнийг өмчлөх эрх нь улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ олгогдсоноор баталгаажиж, тухайн хүний өмч болдгийг шүүх харгалзан үзэж дүгнэх ёстой гэж үзэж байна. М.Эд 2024 оны 11 дүгээр сарын 04-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦХШЗ/722-х дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шүүх шийдвэрлээгүй, таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулж авсан нь хуулийг яаж хэрэглээд байгаа нь бас л ойлгомжгүй байна. Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад хэргийг шүүхэд шилжүүлэхдээ улсын хилээр гарахыг хязгаарлан хязгаарлалт тогтоож таслан сэргийлэх арга хэмжээ авсныг дурдсан байна. Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай” гэжээ. Гэвч М.Эд хувийн баталгаа гаруулж таслан сэргийлэх арга хэмжээ авсан баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үйлчлэгч М.Э нь эхнэрийгээ өвчтэй сэтгэл санааг нь хямарсан үедээ хэлсэн хэрүүлийн үгэнд нь эмзэглэж, үг сөргөн хэрүүл хийсэн ийм үед нь мөнгө төгрөг нэхэж байр захиалсан эрхийг өөрийн нэр дээр болгуулсан, 4711 УНП улсын дугаартай машиныг танил найз Р.Хаар засуулахаар өгөөд буцааж аваагүй зэрэгтээ өөрийгөө буруутган гэм буруугаа хүлээж, Н.Нын нэхэмжилж, анхан шатны шүүх эрүүгийн хэргийн хохирол гэж тооцсон машины үнэ болох 6.900.000 төгрөгийг төлж барагдуулсан, орон сууц захиалан бариулах эрхийн талаарх гэрээг “А” ХХК руу буцаасан зэргээр анхан шатны шүүхээс хохирол гэж дүгнэсэн бүхнийг нь төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж, М.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 12-нд “машин засуулсны ажлын хөлс төлнө” гэж Н.Наас 500.000 төгрөгийг аваад, буцааж өгөлгүй өөртөө хэрэглэсэн нь эргэлзээгүйгээр нотлох баримтаар тогтоогдсон тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл байна гэж үзэж байна. Иймээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/426 дугаартай тогтоолын хэргийн зүйлчлэл, хохирлын хэмжээ, ялын төрөл /торгуулийн ял/ зэргийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.Эы өмгөөлөгч М.Алтан-Өлзий давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Нын нэр дээр байх орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
1.1. Шүүх прокурорын гэм буруугийн дүгнэлтийг хүлээж авсан, түүний үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн. Прокурор яллах дүгнэлтийнхээ үндэслэлээ “Яллагдагч М.Э нь хохирогч Н.Нтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болж, гэрлэлтээ батлуулан түүнд итгэл төрүүлж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2 өрөө байрны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан” гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Улсын яллагч яллагдагч М.Э нь анхнаасаа Н.Нтай гэр бүл болох зорилго байгаагүй, зөвхөн гэмт зорилгодоо хүрэх үүднээс гэр бүлээ батлуулж, итгэл төрүүлж, энэ харилцаагаа ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэгдэж байна. Үүнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж үзэж шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад Н.Н, М.Э нар нь гэрлэлтээ хуул ёсны байсан, хэн аль нь хүсэж гэрлэлтээ бүртгүүлсэн болохоо тайлбарлаж, гэрлэлт хүчин төгөлдөр бус талаар хэн аль нь ямар нэг санал хүсэлт, гомдол гаргаагүй болохоо мэдүүлсэн. Гэрлэгсэд гэрлэлтээ хууль ёсны, сайн дурын үндсэн дээр үүссэн гэр бүлийн харилцаа, тийм ч учраас Улсын бүргэлд бүргүүлсэн, энэ нь Улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байхад Улсын яллагч, улмаар шүүх энэ байдлыг үндэслэлгүйгээр үгүйсгэж, гэрлэлтээ батлуулан итгэл төрүүлсэн байна, энэ харилцаагаа ашигласан байна гэж дүгнэх нь бодит байдалд нийцэхгүй байна.
1.2. Анхан шатны шүүх “М.Э нь Ды 143.175.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө байрны захиалгын гэрээг шунахай сэдэлтээр, урьдын харилцаан итгэлийг ашиглаж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан” гэж дүгнэлт хийхдээ энэхүү орон сууцыг Н.Нын ганцаараа 100 хувь эзэмшдэг “Б” ХХК-ийн эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эрх хөрөнгө гэж үзсэн. Харин “яагаад хувь хүний нэр дээр байгаа гэрээ хэлцлийн үр дүнг, энэ гэрээний дагуу үүссэн эрхийг хуулийн этгээдэд хамааруулж байгаа” талаарх дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлаагүй, /зөвхөн хохирогчийн мэдүүлэг/
Эрүүгийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд энэхүү орон сууцны захиалгын гэрээ болон энэхүү гэрээний үндэслэл болсон “Ногоон байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ” иргэн Н.Нын нэр дээр байсан нь 2022 оны 09 дүгээр сарын 20-нд М.Эы нэр дээр шилжсэн байдаг. Ингэж энэхүү 2 өрөө орон сууцны захиалгын гэрээг М.Э өөрийн нэр дээр шилжүүлэн авах үйлдлийг хийх болсон “сэдэлт” нь иргэн Н.Нын нэр дээр байгуулагдсан “Ногоон байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ”-ний бартерт ирж байгаа “ тусдаа 2 орон сууцыг гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө” гэж үзээд, үүнээс өөрт ноогдох 1 орон сууцыг авах эрхтэй гэж дүгнэсэн явдал. Ингэж дүгнэх болсон үндэслэл нь ажил гүйцэтгэх болон захиалгын гэрээнүүд гэр бүлийн гишүүн эхнэр Н.Нын нэр дээр байсан. Хүний зан үйл, түүгээр удирдагдан хийгдэж байгаа үйл ажиллагааг зөвхөн түүний хүсэл, эрмэлзлийг өдөөгч болсон сэдэлт тодорхойлдог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 116.2 дугаар зүйл зааснаар “Гэмт хэргийн сэдэлт” нь зайлшгүй нотлогдвол зохих байдалд хамаардаг болохыг зайлшгүй анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл энд эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж байгаагийн зэрэгцээ, эдгээр гэрээнүүд компанийн нэр байсан бол М.Эд дээрх шиг, үндэслэл бүхий сэдэлт, хүсэл эрмэлзэл төрөхгүй байсан гэдэгт шүүх зайлшгүй дүгнэлт өгөх шаардлагатай байсан бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байсан.
1.3. Дээрх байдлыг хохирогч Н.Н нь өөрт ашигтай байдлаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад тайлбарлахыг оролдож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “ажил гүйцэтгэх болон захиалгын гэрээг яагаад компанийн нэрээр биш, хувь хүний нэрээр хийгээд байгаа юм бэ?” гэсэн асуултад тэрээр үндэслэл бүхий тайлбар хийгээгүй. Энэ тохиолдолд гэр бүлийн гишүүний эхнэрийн нэр дээр хийгдсэн орон сууцны захиалгын гэрээг, түүний дагуу үүсэж байгаа эрхийг хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөд хамааруулж болно. Эсрэгээрээ бол “Б” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан болох Н.Нын компанийн орлогыг нуун дарагдуулсан, татвараас зайлсхийх гэсэн санаа зорилго бүхий хууль бус үйлдэл тогтоогдож байна. Харин шүүх “гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгө” гэх үндэслэл бүхий сэдэлт төрүүлж буй нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй, “Б” ХХК- ийн эрх бүхий албан тушаалтан болох Н.Нын компанийн орлогоо нуух, татвараас зайлсхийх гэсэн санаа зорилгыг дэмжиж, үндэслэлгүй, хууль бус үйлдлийг зөв гэж дүгнэж шийдвэр гаргасан. Хэрэв эдгээрт анхан шатны шүүх хууль зүйн зөв дүгнэлт хийсэн бол шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал байсан.
1.4. Ды 143.175.000 төгрөгийн үнэлгээ бүхий 2 өрөө байрны захиалгын гэрээний эрх, ирээдүйд өмчилж болох 2 өрөө орон сууцыг Н.Нын ганцаараа 100 хувь эзэмшдэг “Б” ХХК-ийн эрхлэн явуулдаг бизнесийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон эрх хөрөнгө гэж шүүх дүгнэсэн тохиолдолд М.Э өөрийн үйлдлээрээ “Б” ХХК-д хохирол учруулсан байх учиртай. Улсын яллагч мөн адил төстэй “компанийн ажилдаа ашиглах боломжтой газар чулуу бутлагч төхөөрөмж худалдаж авч өгөхийн тулд” гэсэн төстэй үндэслэлийг 17-р нүүр “Яллах дүгнэлт”-эндээ дурдсан байдаг. Эдгээр дүгнэлтүүдээс үзвэл “Б” ХХК хохирогч байх үндэслэл байх боловч энэ компанид холбогдох ямар нэг хэрэг шалгаагүй, түүнийг хохирогчоор тогтоогоогүй, ийм нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийгдээгүй. Үндэслэл нь тухайн гэрээнүүд хувь хүний нэрээр хийгдсэн байсан. Ийнхүү хэргийн бодит байдлыг тогтоох, хэргийн нөхцөл байдал хувь хүнд хамаараад байна уу, компанид хамаараад байна уу гэдэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж ялгаж, салгаагүй нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь ойлгомжгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй байгааг харуулж байна. Дээрх нөхцөл байдлуудад нэгтгэн дүгнэлт хийвэл “аливаа хүнд өөрт нь хамаарах хөрөнгө гэж үзэх үндэслэл байгаа, түүнийгээ үндэслэл болгон тухайн хөрөнгийн өөрт ноогдох хэсгийг авахыг зорьсон үйлдлийг бусдын эрхийг, бусдын өмчийг шунахай сэдэлтээр, төлбөр өгөхгүйгээр авсан гэж байна” гэж дүгнэх боломжгүй бөгөөд энэ нь шүүгдэгч М.Эы үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй байгааг харуулж байна.
Хохирогч Н.Нын нэр дээр бүртгэлтэй ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой шүүхийн дүгнэлтүүд нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар
2.1.Н.Нын өмчлөлийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үндсэндээ хийгдээгүй, зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг М.Э авсан гэж дүгнээд, хохирол тогтоолгох зорилгоор Шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Бусдын өмч, хөрөнгийг Залилах үйлдэл нь бодит байдлаар тухайн өмч, хөрөнгийг гэмт хэрэгтэн өөрийн эрхшээлд оруулахаас гадна, түүнийг өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхийг олж авах идэвхтэй үйлдэл байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад тухайн тээврийн хэрэгсэл хохирогч Н.Нын нэр дээр бүтгэлтэй, өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрх нь хэн нэгний, тэр дундаа М.Эы нэр дээр шилжээгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг Н.Наас өөр хүн өмчлөх, ашиглах, захиран зарцуулах эрхгүй байна. Харин бодит байдал дээр М.Э нь хамтран амьдарч байсан Н.Нтай ярилцаж, зөвшилцөж байсны дагуу тухайн машиныг автын засварын газарт хүлээлгэн өгсөн болох нь засварчин Р.Х гэж хүний мэдүүлгээр тогтоогддог. /х-2, 159, яллах дүгнэлтийн үндэслэл болоогүй/ Өөрөөр хэлбэл шүүхийн тогтоолд заасан “тээврийн хэрэгслийг авч, хохирогч Н.Над 5.4 сая төгрөгийн хохирол учруулсан” гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
2.2. Тухайн тээврийн хэрэгслийг М.Э залилан авсан гэж дүгнээд, хохирол тогтоох зорилгоор томилогдсон шинжээч нь бодит байдал дээр шинжилгээний объектод үзлэг хийгээгүй, үзэж хараагүй байж дүгнэлт гаргасан Шүүх шинжилгээний тухай хууль зөрчсөн. Хохирогч Н.Н, шүүгдэгч М.Э нарын мэдүүлгээс үзэхэд тухайн тээврийн хэрэгсэл нь эвдрэлтэй байсан, тийм ч учраас эдгээр хүмүүс ярилцаж байгаад, засуулахаар засварт өгсөн нь тогтоогддог бөгөөд, харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн тээврийн хэрэгслийн байршлыг нь тогтоогоогүй, энэ талаар ямар нэг ажиллагаа явуулаагүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байхад шинжээч тээврийн хэрэгслийг хараагүй, үзээгүй байж бүхэлд нь “үнэлгээний бүх үзүүлэлтээрээ ажиллагаатай байна” гэж дүгнэсэн нь хуулийн шаардлагад нийцэхгүй, үндэслэлгүй байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасан “шинжилгээний объектыг шинжилсэн явц, 18.1.8-д заасан шинжилгээний явцад байлцсан хэргийн оролцогчийн талаарх мэдээллийг дүгнэлтэд тусгах шаардлагын энэхүү шинжээчийн дүгнэлт зөрчсөн. / 1 хх-ийн 116-120, 1хх-ийн 125-141/ Ийнхүү гэмт хэргийн бодит хохирлыг тогтоох ажиллагаа хуульд нийцэхгүй, үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт нь үндэслэлгүй байхад шүүх хохирол тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй.
2.3 Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчийн өмгөөлөгчийн “жил гаран явагдсан мөрдөн шалгах ажиллагааны хугацаанд өөрийн чинь нэр дээр Улсын бүртгэлд байгаа тээврийн хэрэгслийг олж авах, байршлыг тогтоолгох санал хүсэлт яагаад гаргахгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад Хохирогч Н.Н “тэр машин одоо надад хэрэггүй” гэж шүүхэд мэдүүлсэн нь үндэслэлгүйн дээр, түүний хариуцлагагүйг харуулж байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгч өөрийн хөрөнгийг эрж хайхгүй, олж авах хүсэл сонирхолгүй, энэ талаар санал хүсэлт гаргахгүй, өмчлөгчийн үүрэг хариуцлагыг умартсан, шууд утгаараа одоо надад хэрэггүй гээд байхад “хууль хяналтын байгууллага, шүүх түүний өмнүүр орж машинаар хохирсон байна, түүний үнийг нь гаргуул” гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Тээврийн хэрэгсэл гэдэг чинь зүгээр нэг гудамжинд гаргаад хаячихдаг эд зүйл биш, түүнийг өмчлөгч эзэмшиж, ашиглахаас гадна, түүнтэй холбоотой үүрэг, хариуцлагыг хүлээж, өмчлөл эзэмшлийг дуусгавар болгодог тусгайлсан захиргааны зохицуулалт байдгийг шүүх анхаарах ёстой. Бусад асуудлын талаар
3.1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад М.Э нь “Б” ХХК-д маш тодорхой, хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэж байсан байна. Харин гүйцэтгэсэн ажил үүргийнхээ төлөө тухайн компаниас цалин олгож байгаагүй, энэ талаар Н.Нтай ярилцахад “хэрэгтэй юм аа компаниар авхуулж бай, цалингаас ялгаагүй биздээ” гэдэг байсан. Шүүгдэгч М.Э нь “Б” ХХК-д ажил, хөдөлмөр эрхэлж байсан нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн даатгал төлсөн лавлагаагаар нотлогддог бөгөөд ажилласан хугацааны даатгалын төлөлтийг хувилж олгож болох цалинг 27 сарын нийт дүнгээр тооцвол, ойролцоогоор 59.000.000 төгрөг болдог. Гэтэл түүнд цалин олгож байгаагүй үндэслэлээ Н.Н тушаал шийдвэр, хөдөлмөрийн гэрээ байхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд, эсрэгээрээ хөдөлмөрийн харилцаа үүссэн, ажил үүрэг гүйцэтгэж байсныг нотлох баримтууд хэрэгт авагдсан, даатгалын нэгдсэн системд цалингаас НДШ төлж бүртгэлээр нотлогдож байна. Эдгээр нөхцөл байдал нь зөвхөн хохирогч Н.Нын тайлбараар үгүйсгэгдэх асуудал биш юм. Харин анхан шатны шүүх даатгалын нэгдсэн системд М.Эы цалингаас НДШ төлж байсан бүртгэл, түүний “Б ” ХХК-д тодорхой ажил үүрэг гүйцэтгэж байсан нотлох баримтуудыг үнэлэхгүй байгаа, цалин хөлс авах эрхтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй гээд, М.Э 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл энд Н.Н авах эрхтэй, М.Э авах эрхгүй гэж шууд ойлгогдож байгаа бөгөөд шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ гэж дүгнэгдэж байна. Анхан шатны шүүх хохирогч, шүүгдэгчийн хооронд байгаа харилцан хамаарал бүхий төлбөр тооцоо, тэдгээрийн хоорондын гэр бүлийн харилцаа, хамаарах цаг хугацааг харгалзан тооцож, хохирол төлбөр болон хэргийн бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүй байгаа нь шийдвэр үндэслэлгүй байгааг харуулж байна. Иймд шүүхийн тогтоолд заагдсан дүгнэлтүүд хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаар үзээгүй, М.Эы үйлдлүүд нь хууль ёсны гэр бүлийн харилцаанд хамаарах, эхнэр нөхрийн итгэл үнэмшил дээр тулгуурласан, гэр бүлийн дундын өмчөөс өөрт ноогдох хэсгийг авч байна гэсэн үндэслэл бүхий сэдэлтээр үйлдэгдсэн, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байх тул анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 2025/ШЦТ/426 шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч С.Сансартуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийг бүх талаас нь бодитоор үнэлж, хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгч Г.Энхтүвшин Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Д”-ы 57.5 м.кв үйлчилгээний талбайд өмчлөх эрхийн гэрчилгээ хараахан гараагүй байхад өмчлөх эрхийг шүүхээр шийдвэрлэсэн гэж тайлбарласан нь ойлгомжгүй, буруу ойлголт төрүүлж болзошгүй тайлбар юм.
Шүүхийн шийтгэх тогтоолын 9 дүгээр хуудасны эхний хэсэгт “түүний эзэмшлийн орон сууц захиалах гэрээг өөртөө шилжүүлж авсан” гэж заасан нь өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж биш, зөвхөн захиалах гэрээг шилжүүлсэн болохыг тодотгож байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, өмчлөх эрхийн талаар тодорхой шийдвэрлээгүй байна. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт тооцогдохын тулд эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авсан байхыг шаардана. Энэ хүрээнд зөвхөн биет эд хөрөнгө гэж хязгаарлаагүй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх ч мөн хамаарах боломжтой. Иймд өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох шалтгаан болохгүй гэж үзэж байна.
Хохирогч Н.Нын эзэмшилд байсан автомашин 2020 онд түүний бүрэн мэдлээс гарсан. Шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 2 дугаар сарын үед аль хэдийн таван жилийн хугацаа өнгөрсөн байсан бөгөөд энэ хугацаанд уг автомашин хаана байгааг тогтоох боломжгүй болсон. Мөн автомашиныг хэн, хэрхэн ашигласан эсэх нь тодорхой бус байхад хохирогч Н.Н автомашиныг “эргүүлж авахгүй” гэсэн агуулгатай тайлбар өгсөн байдаг. Нэмж хэлэхэд, уг автомашиныг М.Э нь Р.Хт худалдсан нь нотлогдсон бөгөөд энэ нь тухайн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэсэн үйлдэлд хамаарч байгаа юм. Тиймээс шүүх уг үйлдлийг Эрүүгийн хуулийн хүрээнд зүйчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, буруутгах аргагүй шийдвэр гэж үзэж байна. Нөгөөтээгүүр, таван жилийн турш хаана байсан нь тодорхойгүй, үнэн мөнийг нь тогтоох боломжгүй болсон автомашиныг хохирогч өөрөө эргэн нэхэмжлэх ёстой гэж үзэх нь хэт нэг талыг барьсан, хууль зүйн үндэслэлгүй тайлбар юм. Иймд өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна.
Харин М.Алтан-Өлзий өмгөөлөгчийн гаргасан тайлбарт гэр бүлийн дундын хамтран өмчлөх хөрөнгө байна гэж үзсэн. Эдгээр хөрөнгүүд нь Н.Нын хувийн өмч байсан. Гэр бүлийн хамтын өмчийг шилжүүлсэн, түүнд зориулсан хөрөнгө биш. 2018, 2019 оноос эхлэн “А” ХХК-тай тохиролцож, хувиараа ногоон байгууламжийн ажил хийж байсан. Үүнийг л 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр баталгаажуулж гэрээ байгуулсан. Эд хөрөнгийн асуудал үүссэн тооцооны үлдэгдлийн актууд хэзээ, яаж, тооцоо хийж хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байсан талаар баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнийг дахин тайлбарлах шаардлагагүй. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын тайлбарлаж байгаагаар нийгмийн даатгал төлж байгаа нь “Б” ХХК-д ажиллаж байгаагаараа хөтөлбөргүйгээр нотлох боломжгүй. Яагаад нийгмийн даатгал төлж байсан талаар Н.Н болон “Б” ХХК-ийн ажилчид тодорхой мэдүүлэг өгсөн. Зөвхөн нийгмийн даатгал төлж байснаараа “Б” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсан гэдэг нь нотлогдохгүй. Гүйцэтгэх захирлын тушаал, хөдөлмөрийн гэрээ гэх мэт байдлыг харгалзан үзэхгүйгээр зөвхөн нийгмийн даатгалыг алдагдуулахгүйгээр шимтгэлийг төлж байсан гэх байдал тогтоогдож байна. Анхнаасаа “Б” ХХК-д албан тушаал олгосон зүйл байхгүй. Тиймээс М.Алтан-Өлзий өмгөөлөгчийн дүгнэлт тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан аль нэг үндэслэл байж шүүхийн шийдвэрийг өөрчлөх юм уу эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна. Ямар үндэслэл нь хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа үндэслэл болоод байгаа юм бэ? Мөн давж заалдах гомдлын утга агуулга,шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн байдал, хохирол төлбөр барагдуулсан нөхцөл байдал нь хэзээ болсон талаар ойлгомжгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө шүүгдэгч 5 хоногийн завсарлага авсан боловч хохирлыг барагдуулаагүй. Шүүх гэм буруутай гэдгийг тогтоосон тохиолдолд оногдуулж болох ял шийтгэлийг хөнгөрүүлж болох нөхцөл байсан боловч өөрийнх нь нөхцөл байдлаас болж тэр эрхээ эдэлж чадаагүй. Шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болох шийдвэрийг анхаарч үзэлгүй орхигдуулсан бол шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан.
Харин давж заалдах гомдолд гаргах үед хохирол төлбөрөө төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдалд гэмт хэргийн зүйчлэлийг өөрчлөх эсхүл ялыг хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгээр давж заалдах шатны шүүхэд энэ эрх нь байгаа боловч эдгээр нөхцөлийг харгалзах хэрэгтэй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Н.Дамбадаржаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ял шийтгэл оногдуулсан. М.Алтан-Өлзий өмгөөлөгчийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон байр суурь, Г.Энхтүвшин өмгөөлөгчийн гомдолдоо дурдсан нөхцөл байдал давж заалдах шатны шүүхэд гаргаж байгаа тайлбараас зөрүүтэй, өөр нөхцөл байдлыг илэрхийлж байна. Мөн шүүхэд хэлэлцэж байгаа хавтас хэргийн хүрээнд бус шүүгдэгчийн гаргаагүй санал, гомдлыг хүртэл гомдол гаргагчид тайлбарлаж байгаа нь зохимжгүй байна. М.Эы хувьд гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзэж байсан бол шилжүүлж авах шаардлага байхгүй. Дундын өмчлөлийн хөрөнгө биш учраас өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэж ойлгож болно. Гэр бүлийн өмч хөрөнгө учраас дундын хөрөнгө гэх өмгөөлөгчийн тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Хөрөнгийг авахдаа тодорхой хуурч мэхлэн, тодорхой арга хэлбэрт хамаарах үйлдэл гаргасан.
Автомашины үнэлгээнд Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар мөрдөгчийн гаргасан дүгнэлтээр дүгнэж байгаа. Эд хөрөнгө байхгүй учраас автотээврийн бүртгэлд өмчлөгч өөрчлөгдөхгүй, тодорхой шаардлага байх ёстой бөгөөд тээврийн хэрэгсэл биетээр байх ёстой гэх мэт гэж ойлгож болно. Өмчлөгч нь Н.Н гэх хүн хэвээрээ байхад эд зүйлийг залилаагүй эсхүл хохирол биш учраас гэмт хэрэг биш гэдэг утгаар нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ярих нь зохимжгүй гэж үзэж байна.
Давж заалдах шатны шүүхэд М.Эы гомдолд хохирол төлсөн гэдэг байтал өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлсөн байдлыг огт дурдахгүй, гэм буруугаа илэрхийлэх байдлыг дурдахгүйгээр цагаатгах байр суурьтай байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч М.Э нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, ...тоотод хохирогч Н.Нын эзэмшлийн “машиныг засварын газар өгч засуулаад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 500.000 төгрөг болон 5.400.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота кровн загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг залилан авч 5.900.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн хохирогч Н.Над 100.000.000 төгрөг Г.Г гэх хүнээс зээлж авч өгсөн мэтээр зохиомол байдлыг бий болгон “мөнгөө нэхээд байна мөнгийг нь буцааж өгөх хэрэгтэй байна” гэж хэлэн хуурч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дээдсийн өргөө” хотхоны 143.175.000 төгрөгийн үнэлгээ бүхий 57,5 мкв талбайтай 2 өрөө байрны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, нийт 149.075.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Нын “... 2020 оны 01 дүгээр сарын эхээр М.Э нь танил найзаараа “машиныг чинь засуулаад өгье” гэхээр нь би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо ...тоот айлын хашаанд аваачиж өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр засварын хөлс гээд 500.000 төгрөг болсон гээд Э 5023036150 дугаартай данс өгөөд би шилжүүлсэн. Мөн би тээврийн хэрэгслээ Э гэгчтэй гэр бүл болоогүй байхдаа 2020 оны 01 дүгээр сарын эхээр Эд жижиг ойр зуур засвар хийгээд өгөөч гэж хэлээд өгөөд явуулсан юм. Тухайн үед би Этай 2 удаа уулзаж байсан ба надад хандан хэрэгтэй туслуулах зүйл байвал хэлээрэй гээд байдаг байсан болохоор нь би түүнд итгээд тээврийн хэрэгслээ өгөөд явуулсан. … Түүнээс хойш уг тээврийн хэрэгсэл эргэж ирээгүй. Тэгээд би Эаас дараа нь “миний тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа вэ” гэж асуухаар “удахгүй ирнэ, Баатар гэдэг нэртэй хүнд өгсөн” гээд тээврийн хэрэгсэл хаана байгааг хэлдэггүй байсан юм. Тэгээд би М.Этай уулздаг байж байгаад 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Би гэрлэлтээ батлуулсан цагаас хойш өөрийн тээврийн хэрэгслийн талаар асуугаагүй, асуухаар “машин миний найзад байгаа” гэж хэлдэг байсан. Тэгээд 2021 оны 09 дүгээр сард тэр бум модны хүрээнд мод тарьж нүх ухах санал орж ирсэн. Энэ ажлыг хийж гүйцэтгэхэд тоног төхөөрөмж хэрэгтэй болоод М.Э нь “олон үйлдэлтэй техник авъя” гэж хэлээд “Барло Ворлд" ХХК-д миний танил байгаа, 30 хувь хямдхан өгөх юм байна гэхээр нь би өөрийн “Б” ХХК-ийн данснаас 70 сая төгрөгийг тухайн “Барло Ворлд” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Эхлээд модны нүх ухдаг өрөмнүүдийг өөрийн “Б” ХХК-ийн санхүүгээс 40.101.500 төгрөгөөр “Барло Ворлд” ХХК-иас захиалсан ба уг захиалгыг Э нь хариуцаж ажиллаж байсан. Тэгээд захиалсан бараа 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монголд ирсэн байсан ба үүнийг Э нь хүлээж аваад гарын үсэг зурсан байсан. Үүнийгээ надад хэлээгүй бөгөөд “захиалсан өрөмнүүд ирээгүй байна” гэж хэлээд байсан. Тэгээд захиалсан өрөмнүүд нь “хадтай чулуутай газар дийлэхгүй юм байна” гэж хэлээд дахин “хүчин чадал сайтай 23.000 долларын үнэ бүхий өрөм авах хэрэгтэй байна, энэ өрөм нь манай ах Ггийн найзад байна, тэгээд би Г ахаас 23.000 доллар зээлээд авчихлаа” гэж хэлсэн тухайн үед би итгэж байсан ба Э нь ч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ачааны машин дээр олон өрөм ачаад түүнийгээ Г ахын найзаас авсан, “23.000 долларын үнэтэй хүчин чадал сайн өрөм” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 19-р хороо дээд салхитын 531 тоот хашаанд буулгасан байсан. Харин анх эхлээд захиалсан 40.101.500 төгрөгийн өрөмнүүдийг “Монголд ирээгүй байна, удаашралтай байна, 11 дүгээр сарын орчим ирнэ гэж байна” гээд байсан. Тэгээд Э нь надаас 23.000 ам.доллар болон 2022 оны 04 дүгээр сард надад хэлэхдээ “Г ахаас 29.000.000 төгрөг зээлж өгсөн” гээд надад өгсөн мөнгө бөгөөд нийт 100 гаран сая төгрөг надаас нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь би бартерт авсан байсан одоо баригдаж дуусаагүй Яармагт байгаа “Дээдсийн өргөө” нэртэй хотхонд 57,5м2 байрны захиалгын гэрээг Эы нэр дээр шилжүүлсэн. Учир нь, Э нь Ггийн найзаас авсан гэх 23.000 ам.долларын үнэтэй өрөм ирсэн, танай хашаанд буулгасан гэхээр нь би манай ажилтан Баярмаатай холбогдоход “өрөмнүүд ирсэн” гэсэн учраас би гэрээгээ шилжүүлсэн юм. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Э нь миний хүү Дөлгөөнбаатар руу холбогдоход “анх эхэлж захиалсан 40 гаруй сая төгрөгийн өрөм ирсэн байна хүлээж аваарай” гэж хэлээд миний хүүд хүлээлгэж өгсөн юм. Тэгтэл уг өрөмнүүд нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Монголд ирсэн байсныг Э нь хүлээж аваад “Г гэгчийн агуулахад хадгалсан, зай эзлээд байсан” гэж Г надад хэлсэн. Тэгээд сүүлд Э нь 2022 оны 10 дугаар сард 23.000 ам.долларын өрөмнүүдийг зараад миний эмчилгээний зардалд өгнө гэж хэлээд миний эзэмшлийн хашаанд буулгасан байсан өрөмнүүдийг ачаад аваад явсан байсан. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авч явсан өрөмнүүдээ эхэлж захиалсан 40 гаруй сая төгрөгийн үнэтэй өрөм сая ирсэн гэж худал хэлж залилсан юм. … Намайг эдгэшгүй хорт хавдартай гэдгийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би болон Э бид мэдсэн. Тэгтэл Э нь гэнэт надад хандан “салмаар байна гэр бүлээ цуцлуулмаар байна, чи үхэх гэж байгаа юм чинь байгаа хөрөнгөө над руу шилжүүл” гэж хэлж эхэлсэн. Тэгээд бид 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлээ цуцлуулсан ба анх бид 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. ...” /1хх 56-57, 59, 61-62/,
гэрч Б.Б-ийн “… 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр санагдаж байна “Майти” загварын тээврийн хэрэгслээр Кат-н траектор болон нийт 6 ширхэг өрөм байсан ба нэг ширхэг нь гадуураа цаасан хайрцагтай эд зүйл өгөөд ямар нэгэн бичиг баримт үйлдэж өгөлгүй надад хэлэхдээ “23 мянган ам.долларын үнэтэй өрөмнүүд байгаа шүү” гэж хэлээд явсан. Тэгэхээр нь би үнэтэй эд зүйл байна гэж бодоод Эы хамтаар цоожтой агуулахын өрөөнд 4 ширхэгийг нь хийсэн бөгөөд үлдсэн нь гадна үлдсэн. Үлдсэн эд зүйлийг нь хүн өргөж дийлэхгүй зүйл байсан. Түүнээс хойш нэг сар гарангийн дараа Э ирээд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр авчирсан өрөмнүүдээ Н захирлын “Харриер” загварын тээврийн хэрэгсэлд 4 ширхэгийг нь буюу Эы хамтаар агуулахын өрөөнд оруулан тавьж байсан. 4 ширхэгийг нь аваад явсан бөгөөд тухайн үед би яагаад авч явж байгаа талаар асуугаагүй. Түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр захирал Нын хүү Дөлгөөнбаатар нь буцаагаад Эы аваад явсан байсан 4 ширхэг өрөмийг аваад ирсэн. Би дотроо яагаад нааш, цааш нь зөөгөөд байгаа юм бол гэж бодож байсан ба Эы авчирсан өрөм мөн буцаагаад аваад явсан ч өрмийг Дөлгөөнбаатар нь аваад ирсэн байсан ба бүгд л адилхан байсан юм. Оруулж ирсэн, ажил хийж гүйцэтгэсэн нэг ч удаагийн тохиолдол байхгүй. Э нь ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй. Мөн манай байгууллагад оруулсан хөрөнгө оруулалт, хийсэн ажил, оруулсан орлого гэж байхгүй зүгээр л захирлын нөхөр гээд хааяа ирж байдаг байсан. …” /1хх 69/,
гэрч М.М “…Э нь захирал Нын нөхөр гэж л би ойлгож байсан ба сайн мэдэхгүй юм. Би “Дээдсийн өргөө” нэртэй хотхонд 2019 оны 08 дугаар сараас эхлэн тус хотхоны гадна ногоон байгууламж тохижилтод ажиллаж байсан одоо ч ажиллаж байгаа. Э гэгч нь сүүлд 2020 оноос эхлэн манай захирлын нөхөр гэж гэнэт гарч ирсэн ч тухайн компанид би 2018 оны сүүл хэсгээс ажилд орж ажиллаж байхад Э гэж хүн байгаагүй, тус компанид ямар нэгэн албан тушаал хашиж байгаагүй компанийн үйл ажиллагаанд оролцож үзээгүй, мод тарих болон бусад ямар ажил үйл ажиллагаа явагдаж байгаа талаар анхны мэдэгдэхүүн ч байхгүй. Яармагт байх “Дээдсийн өргөө” хотхонтой бол Э гэгч нь ямар нэгэн холбоо байхгүй …” /1хх 71/,
гэрч Ж.Н-н “… Э гэгч нь ямар нэгэн албан тушаалд байгаагүй ба цалин авч байгаагүй. Харин Н надад хэлэхдээ “Эы нийгмийн даатгалын сарыг төлөлтийг тасалдуулахгүйгээр төлөх хэрэгтэй” гээд сард 600 гаруй мянган төгрөгөөр төлдөг байсан. ...2022 оны 09 дүгээр сарын дундуур санагдаж байна, захирал над руу залгаад “Э нь 23 мянган ам.долларын үнэ бүхий өрөмнүүд авч байгаа ба Э нь ахаасаа мөнгө зээлээд авч байгаа шүү, тийм учраас баримтыг нь болон эд хөрөнгийг нь байгууллагын нэр дээр бүртгэх хэрэгтэй” гэж хэлж байсан. Би Эы 99101834 гэсэн дугаар луу залгаад “хаанаас ямар өрөм авсан бэ, баримт нь хаана байгаа” талаар асуухад баримт байхгүй, хямдхан авсан гээд байхаар нь “баримтаа олж ирээрэй” гэж хэлэхэд уурлаад утсаа салгасан. Түүнээс хойш 2022 оны 10 дугаар сарын сүүлээр Э нь “23 мянган ам.долларын үнэ бүхий өрөмнүүдээ зарна” гээд явж байсан. Тиймээс манай байгууллага 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр захирал Нын данснаас 40.101.500 төгрөгийг “Барло Ворлд” ХХК-ийн данс руу шилжүүлсэн юм. Харин хэзээ энэ өрөмнүүд нь ирсэн талаар би сайн мэдэхгүй байна.” /1хх 73/,
гэрч Г.Гын ”… Би М.Э гэгчийг танина. 2010 онд эмэгтэй зураачдын өдөрлөг дээр ирж сайн дурын ажилтан 600,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан юм. Бидэнд ямар нэг төрөл, садан цусан төрлийн холбоо байхгүй. Заримдаа надтай шатар тоглох гэж л уулзаж байсан. Би тэр хүнийг сайн танихгүй. М.Э нь надаас бага хэмжээгээр буюу 100,000, 200,000 төгрөгийг 2-3 удаа авч байсан болохоос их хэмжээгээр мөнгө, доллар, авч байгаагүй. Би их хэмжээгээр мөнгө өгөхгүй. Би хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2022 оны 10 дугаар сарын орчим гадуураа хайрцагтай өрөм төмөрнүүд авч ирээд манай ажлын байрны гадна чингэлэгт хэсэг хугацаанд хадгалсан. Тэгээд би “энэ эд зүйлээ ав” гээд буцаагаад хэдэн сарын дараа өгөөд явуулсан. Энэ талаараа надад тодорхой зүйл яриагүй. Хугацааг нь сайн санахгүй байна. “Яармагт баригдаж байгаа “Дээдсийн өргөө” хотхонд байр байна. Та сонирхохгүй юм уу” гэхээр нь “ямар учиртай байр вэ” гэж асуухад “миний байр байгаа юм” гэж хэлж байсан. М.Э нь Н.Н гэгчтэй гэр бүл болохоос өмнө амьдрал нь хэцүү байдаг байсан. Харин Н.Нтай амьдарч эхэлснээс хойш амьдрал нь дээшилж мөнгө төгрөгтэй явдаг болсон, мөн “Б” ХХК-д ямар нэг албан тушаал хашиж байгаагүй. …” /1хх 77-79/,
гэрч Х.Д-ын “... “Б” ХХК-иас тухайн өрмүүдийг авах ажлыг Э нь “Б” ХХК-тай уулзаад гэрээ хийсэн байсан. Салхитын орчимд байдаг борлуулалт хийдэг хашаан дээр Э нь тухайн өрмүүдийг оруулаад тавьсан байсан, … Намайг 2022 оны 11 дүгээр сарын дунд үед гэртээ байхад Э утсаар яриад "...Өрмүүдийг хоёулаа тулгаад чамд өгчихье..." гэж хэлсэн. Тэр өдрийн 16 билүү 17 цагийн үед би борлуулалт хийдэг хашаа руу явах замаараа Эыг аваад тухайн борлуулалт хийдэг хашаан дээрээ очсон, тэр үед би “Б” ХХК-тай өрөм худалдан авахаар хийсэн гэрээг ашиглаж арлын дугаараар тулгаж үзсэн бөгөөд гэрээнд заагдсан өрмүүдээс дутсан болон илүү гарсан зүйл байгаагүй. Би яг ямар нэр төрлийн хэдэн ширхэг өрөм байсныг сайн санахгүй байна, гэрээн дээр эдгээр өрмүүдийн тоо ширхэг, төрөл нь байгаа юм. Би Эаас 2022 оны 11 дүгээр сарын дунд үед тухайн өрмүүдийг хүлээж авахдаа “Б” ХХК-тай байгуулсан гэрээн дээр заагдсан төрөл, тоо, ширхэг, марк нь зөрөөгүй. Миний Эаас хүлээн авсан өрмүүд нь “Б” ХХК-иас гэрээний дагуу нийлүүлсэн өрмүүд байсан. Э нь Г гэх хүнээс 23 мянган ам.доллароор худалдан авсан эсэх талаар мэдэхгүй байна, ээж Н “Э юм худалдаж авах гээд надаас мөнгө зээлсэн, тэр мөнгөө эргүүлж өгөхгүй байна..." гэж хэлж байсан. Гэрлэлтээ цуцлуулсныхаа дараа ээж Н нь Хавдар судлалын үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд тухайн үед Э нь ээжийн гэрт орж, гараад байна гэж эхнэр маань хэлж байсан, би тухайн үед гэртээ ихэвчлэн өдрийн цагаар байдаггүй байсан. …” /1хх 89/,
гэрч Б.О-ийн “... тус компани нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай компанитай тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна. Тус гэрээнд 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлөгдсөн тохиолдолд захиалга хийгдэнэ гэж заасан байх ба захиалга хийгдсэн цагаас хойш 60-120 хоногийн дотор, захиалгыг олгоно гэж заасан байна. Тэгээд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Байгалаа дээдэлье” ХХК-д дээрх тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Энэ эд зүйл нь 5 ширхэг өрмийн хошуу, нэг ширхэг өрөм байна. Энэ нь нийлээд 40.101.500 төгрөг болсон байна. Тухайн цаг хугацаа нь ковид өвчнөөс үүдэлтэй бараа бүтээгдэхүүн саатаж байсан болохоор бага зэрэг захиалсан хугацаанаасаа хойшилж байсан боловч тухай бүрд нь захиалагч компанидаа мэдэгдэж байсан байна. Энэ алдсан хугацаанаасаа шалтгаалж манай компани 4 ширхэг тос болон агаарын шүүрийг дагалдуулан урамшуулал байдлаар өгсөн байх магадлалтай хүлээлгэн өгсөн, хүлээн авсан актан дээр өгсөн гэж бичсэн байна. …“ /1хх 94-95/,
гэрч Р.Хын “... Э тухайн үед манай ажлаар ирдэг байхдаа “манай найзын албанаас 1.500.000 төгрөгөөр ийм кровн машин гарч байгаа юм, чи энэ машинд жаахан засвар хийгээдэх, тэгээд хоёулаа хэдэн төгрөг гаргаж авъя” гэж хэлээд хашаанд авчирч тавиад явсан. Тухайн автомашины гэрэл нь унжсан, буфер нь салсан, нилээд их засвар орохоор машин байсан ба хар хөх өнгийн 47-11УНП улсын дугаартай автомашин байсан. Тэгээд би засвар хийж дуусаад байж байтал Өлзийхишиг гэдэг хүн ирээд “зарах машин байна уу” гэж асуусан бөгөөд тэгэхээр нь би Э бид хоёр угаасаа зарахаар тохирсон байсан учраас уг машиныг үзүүлсэн. Тэгтэл нөгөө хүн “газар байна, газраар өгөх үү” гэсэн бөгөөд тухайн газрыг нь үзэхэд Гачууртын Хар хошууны могой дэнж гэдэг газарт үзүүлсэн газрыг 8 сая төгрөгийн үнэтэй гэсэн болохоор нь уг машинаа 2,5 сая төгрөгөөр бодоод дээр нь нэмээд зурагт, бэлэн мөнгө 2,6 сая төгрөг нийт 6.100.000 төгрөг өгөөд нэрээ шилжүүлэх гэтэл нөгөө залуу үлдэгдэл 2 сая төгрөгөө өгөөд ав гэсэн. ... тэгээд саяхан газраа авах гэтэл газраа давхар зарсан байсан. ... Э надад засварын мөнгө гэж ямар ч мөнгө өгөөгүй. ... “ /1хх 160-161/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 116-120, 125-141/, “Буфа үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /1хх 97-108/,
Н.Нын эзэмшлийн дансны хуулга /1хх 50-52, 178-199, 210-212/,
М.Эы дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 42-49/,
2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “Тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар /1хх 201-208/,
Ногоон байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ, үйлчилгээний талбайн бартерын гэрээ, үйлчилгээний талбай захиалан бариулах бартерын гэрээний хуулбарууд /1хх 218-221, 235-240/
эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 39-41/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд М.Эд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Эы гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч М.Эыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Г.Энхтүвшин нар гэм буруугийн асуудлаар маргаж, зүйлчлэл өөрчлөх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь, залилах гэмт хэргийн тухайд гэмт этгээд өмчлөгч, эзэмшигчийг үгээр болон үйлдлээр хуурч мэхлэх арга хэрэглэсэн шинжтэй байх бөгөөд хохирогч тухайн үйл явдлыг бодитой хэмээн итгэж найдан төөрөгдөлд орсны улмаас эд хөрөнгөө сайн дурын үндсэн дээр гэмт этгээдэд шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой. Мөн гэмт санаа зорилго нь ихэвчлэн урьдаас төлөвлөсөн байх боловч хохирогчийн эд хөрөнгийг эд хөрөнгийн гэрээ, хэлцлийн үндсэн дээр түр шилжүүлж авсны дараа буцаан өгөхгүй гэсэн санаа, зорилго хожим төрсөн байж болно.
Түүнчлэн, хуурч мэхлэх гэдэг нь үгээр болон үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдүүлдэг бол хоёр талын харилцан итгэлцэлд үндэслэж байгуулсан иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах нь итгэлийг урвуулан ашиглах аргын нэг хэлбэр болно.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Н.Нын “… 2020 оны 01 дүгээр сарын эхээр М.Э нь танил найзаараа “машиныг чинь засуулаад өгье” гэхээр нь би өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай “Тоёота кровн” загварын тээврийн хэрэгслээ Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо ...тоот айлын хашаанд аваачиж өгсөн. 2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр засварын хөлс 500.000 төгрөг болсон гээд Э 5023036150 дугаартай данс өгөөд би шилжүүлсэн. … Түүнээс хойш уг тээврийн хэрэгсэл эргэж ирээгүй. Тэгээд би Эаас дараа нь “миний тээврийн хэрэгсэл одоо хаана байгаа вэ” гэж асуухаар “удахгүй ирнэ, Баатар гэдэг нэртэй хүнд өгсөн” гээд тээврийн хэрэгсэл хаана байгааг хэлдэггүй байсан юм. …”, гэрч Р.Хын “… Э тухайн үед манай ажлаар ирдэг байхдаа “манай найзын албанаас 1.500.000 төгрөгөөр ийм кровн машин гарч байгаа юм, чи энэ машинд жаахан засвар хийгээдэх, тэгээд хоёулаа хэдэн төгрөг гаргаж авъя” гэж хэлээд хашаанд авчирч тавиад явсан. Тухайн автомашины гэрэл нь унжсан, буфер нь салсан, нилээд их засвар орохоор машин байсан ба хар хөх өнгийн 47-11УНП улсын дугаартай автомашин байсан. …” гэх мэдүүлгүүдээс үзэхэд, шүүгдэгч М.Э нь хохирогч Н.Нын эзэмшлийн “Тоёота кровн” загварын 47-11УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг “засварын газар өгч засуулаад өгье” гэж, мөн тус тээврийн хэрэгслийн засварын мөнгө хэмээн 500.000 төгрөгийг тус тус авсан атлаа Р.Хт тухайн тээврийн хэрэгслийг сайжруулан бусдад худалдах зорилгоор аваачиж өгөн буцааж өгөлгүйгээр 5.900.000 төгрөгийн хохирол учруулсан,
мөн хохирогч Н.Нын “… захиалсан өрөмнүүд нь “хадтай чулуутай газар дийлэхгүй юм байна” гэж хэлээд дахин “хүчин чадал сайтай 23.000 ам.долларын үнэ бүхий өрөм авах хэрэгтэй байна, энэ өрөм нь манай ах Ггийн найзад байна, тэгээд би Г ахаас 23.000 ам.доллар зээлээд авчихлаа” гэж хэлсэн, тухайн үед би итгэж байсан ба Э ч 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ачааны машин дээр олон өрөм ачаад түүнийгээ Г ахын найзаас авсан, “23.000 долларын үнэтэй хүчин чадал сайн өрөм” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 19-р хороо дээд салхитын 531 тоот хашаанд буулгасан байсан. … Э нь надаас 23.000 ам.доллар болон 2022 оны 04 дүгээр сард надад хэлэхдээ “Г ахаас 29.000.000 төгрөг зээлж өгсөн” гээд надад өгсөн мөнгө бөгөөд нийт 100 гаран сая төгрөг надаас нэхэж эхэлсэн. Тэгэхээр нь би бартерт авсан байсан одоо баригдаж дуусаагүй Яармагт байгаа “Дээдсийн өргөө” нэртэй хотхонд 57,5м2 байрны захиалгын гэрээг Эы нэр дээр шилжүүлсэн. …”, гэрч Г.Гын “… М.Э нь надаас бага хэмжээгээр буюу 100,000, 200,000 төгрөгийг 2-3 удаа авч байсан болохоос их хэмжээгээр надаас мөнгө, доллар, авч байгаагүй. Би их хэмжээгээр мөнгө өгөхгүй. Би хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2022 оны 10 дугаар сарын орчим гадуураа хайрцагтай өрөм төмөрнүүд авч ирээд ажлын байрны гадна чингэлэгт хэсэг хугацаанд хадгалсан. Тэгээд би “энэ эд зүйлээ ав” гээд буцаагаад хэдэн сарын дараа өгөөд явуулсан. Энэ талаараа надад тодорхой зүйл яриагүй. Хугацааг нь сайн санахгүй байна. “Яармагт баригдаж байгаа “Дээдсийн өргөө” хотхонд байр байна. Та сонирхохгүй юм уу” гэхээр нь “ямар учиртай байр вэ” гэж асуухад “миний байр байгаа юм” гэж хэлж байсан. …” гэх мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар шүүгдэгч М.Э нь хохирогч Н.Над “урьд захиалсан 40.101.500 төгрөгийн өрмийг Монголд орж ирээгүй, дахин хүчин чадал сайтай өрөм авах шаардлагатай байна, Г гэх хүнээс 23 мянган ам.долларыг зээлж аваад, хүчин чадал сайтай өрөм авчихлаа” хэмээн хэлж урьд захиалсан 40.101.500 төгрөгийн өрмийг хүлээлгэн өгч, улмаар Гаас зээлж авсан мөнгөө эргүүлэн өгөх шаардлагатай байна хэмээн хуурч “Дээдсийн өргөө” хотхоны 143.175.000 төгрөгийн үнэлгээ бүхий 57,5 мкв талбайтай 2 өрөө байрны захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Харин прокурор бичсэн яллах дүгнэлтдээ М.Эы үйлдлийг “хохирогч Н.Нтай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болж, гэрлэлтээ батлуулан түүнд итгэл төрүүлж” гэх байдлаар хэрэгт авагдсан баримтаас хальж дүгнэлт хийсэн байгааг дурдах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын “гэмт хэргийн шинжгүй, зүйлчлэл хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
5. Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/426 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.
Шүүгдэгч М.Э нь анхан шатны шүүхээс хохирогч Н.Над гаргуулахаар шийдвэрлэсэн 5.900.000 төгрөгийг төлсөн баримт болон Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ды 57,5 м.кв талбай бүхий 2 өрөө ороны сууцны захиалгын гэрээний эрхийг хохиргч Н.Нын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д хүлээлгэн өгсөн талаарх баримтыг ирүүлснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Э нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл 92 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/426 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Э болон түүний өмгөөлөгч М.Алтан-Өлзий, Г.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эы 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 92 /ерөн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч М.Э нь хохирогч Н.Над 5.900.000 төгрөг төлсөн баримт болон хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баяраад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ды 57,5 м.кв талбай бүхий 2 өрөө ороны сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлсэн болохыг дурдсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ