2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 191/шш2025/11139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ****** байранд байрлах, Г******* банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б******* /РД:УШ*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн зээлдэгч М.Б******* нь 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Г******* банктай ЗГ1205180847 дугаартай зээлийн гэрээ байгуулж 35,780,000.00 /гучин таван сая долоон зуун наян мянган/ төгрөгийг жилийн 6% /зургаан/ хувийн хүүтэйгээр 240 /хоёр зуун дөчин/ сарын хугацаатай зээлж авсан. 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗБ1205180847 дугаартай Ипотекийн гэрээгээр М.Б*******ын өмчлөлийн ***** тоот 28.4 м.кв, улсын бүртгэлийн ******* дугаар бүхий нэг өрөө орон сууцыг барьцаалсан. 

Зээлдэгчид нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 09 сарын 01-ний өдрийн 192/Ш32025/35443 дугаар бүхий шүүгчийн захирамжаар дээрх хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Иймд зээлдэгч М.Б*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажлыг хуульд заасан төрийн байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Г******* банк ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Б*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргажээ.

Хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт авагдсан, Хэрэгсэхгүй болгох тухай Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 192/ШЗ2025/35443 дугаар захирамж, Орон сууцны зээлийн гэрээ, Ипотекийн зээлийн гэрээ, Нотлох баримт гаргуулах тухай Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/48841 дүгээр захирамж, төрийн мэдээлэл солилцооны хур системийн лавлагаа ба Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, М******* Б******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэхээр байх бөгөөд түүний оршин суух хаяг тодорхойгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т зааснаар М******* Б*******ыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан, М******* Б******* /РД:УШ*******/-ыг эрэн сурвалжилсугай.

2. М******* Б******* /РД:УШ*******/-ыг эрэн сурвалжилж, оршин суух газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Эрэн сурвалжилж тогтоосон хаягийг нэхэмжлэгч Г******* банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* /утас: *******/-т мэдэгдэхийг цагдаагийн байгууллагад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА