| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Ганчимэг |
| Хэргийн индекс | 309/2025/0068/Э |
| Дугаар | 2025/ДШМ/25 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/25
*******д холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, С.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:
Прокурор С.Ариунаа
Хохирогч *******
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Г.Чинзориг нарыг оролцуулан
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******гийн давж заалдах гомдлоор шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2421006050041 дугаартай хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ******* овогт *******н *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Баруун-Хараа суманд 1995 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хөлсөөр мал малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг, Түмэнхаан гэх газарт оршин суух үндсэн хаягтай боловч одоогоор Дорнод аймгийн Баяндун сумын ******* багт түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД: *******/.
2. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, “*******” банкны баруун талын хашаанд байх *******ын гэрт хохирогч *******тай архидан согтуурч улмаар маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсэг, эрүү, баруун зүүн бугалга, баруун ташаа, гуя, бүсэлхий нурууны цус хуралт, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 141,480 /нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч *******д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 400,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5. Хохирогч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би бага нялх хүүхэдтэй, олон дахин дуудахгүй гээд гомдол санал, нэхэх зүйлгүй гэсэн гарын үсэг зуруулсан.
******* уучлалт гуйж найз нь хохирол төлбөр, сэтгэл санааны чинь хохирлыг төлнө. Чи гайгүй талаас нь хэлээд өгөөч гэсэн. Би мөрдөгчид сэтгэл санааны хохирол нэхэхгүй гэж хэлээгүй, прокурор нэхэмжлэх зүйлгүй гэсэн чинь үнэн эсэх гэж асуугаагүй, уулзаагүй. Шүүх надтай харилцаагүй, хурал болох талаар ч мэдэгдээгүй. Харин шүүгдэгч ******* нь хурал болно, чи хуралд ороод хэрэггүй гэж гуйсан. Гэтэл шүүх хурлын дараа утсаа авахгүй, чат бичээд хариу өгөхгүй болсон.
Энэ байдлаас үзвэл намайг хуурч гомдолгүй гэж хэлүүлж, төлбөр хохирлыг чинь төлнө гэж амлачихаад хэргээ бүтэхээр орхиж байна. Шүүхийн зүгээс надад хурлын зар мэдэгдээгүй, надаас орох эсэхийг асуугаагүй, мөн шүүхийн шийдвэрт хохирол төлбөрөө нэхэх эрхийг дурдаагүй байна.
... Би сэтгэл санааны хохирлоо авмаар байна. Шийтгэх тогтоолд хохирол төлбөрөө нэхэх талаар эрхтэй болохыг дурьдаж шийдэж өгөхийг хүсч байна.” гэв.
6. Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “гийн хувьд үнэхээр худал хэлж байна. ... Ирчихээд манай эхнэрийг элдвээр хэлээд байсан учраас арга ядаад гар хүрсэн. Би шүүх хуралдаанд битгий суу гэж хэлээгүй. Ямар ч байсан гомдол саналгүй гэж хэлээд өгөөч гэж хэлсэн. Шүүх хуралдааны товыг мэдээгүй гэж хэлж байгаа нь худал юм. Би 3 сарын 10-ны өдөр хуралдаан болно шүү гэж өөрт нь хэлсэн.” гэв.
7. Прокурор С.Ариунаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* нь ...“Гомдол санал байхгүй, одоо миний биеийн байдал хэвийн” гэж өөрөө мэдүүлсэн байдаг. Шүүхээс хэрэгт авагдсан баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэдэг. Мөн давж заалдах гомдолд “прокурор надтай уулзаж гомдол санал байгаа эсэхийг асуугаагүй” гэж ярьж байна. Гэтэл прокурор нь хүн бүртэй нэг бүрчлэн уулзаад гомдол санал, нөхцөл байдлыг асууж тодруулах боломжгүй юм. Мөн өөрөө ч гэсэн “намайг гуйгаад байсан учраас шүүх хуралдаанд оролцоогүй” гэж ярьж байна. ... Анхан шатны шүүхээс хуралдааны товыг оролцогч бүрт мэдэгддэг. Одоо өөрийнхөө бурууг хуулийн байгууллагад халдааж болохгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
2. Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
3. Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, “*******” банкны баруун талын хашаанд байх *******ын гэрт хохирогч *******тай архидан согтуурч улмаар маргалдан цохих, өшиглөх зэргээр зодож түүний биед баруун нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсэг, эрүү, баруун зүүн бугалга, баруун ташаа, гуя, бүсэлхий нурууны цус хуралт, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ы “...Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Манай найзын гэрт ирээд намайг чимхээд, бас миний хамтран амьдрагч ийг банзал гичий гээд байхаар нь уурандаа зодсон...” гэх мэдүүлэг /хх-35, 88/,
- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч *******гийн “...******* болон түүний эхнэр нартай хамт 1,5 литрийн хэмжээтэй хоёр ширхэг “Сэнгүр” пиво уугаад ярилцаад сууж байтал ******* нь эхнэрээ алгадаад авсан ба тухайн үед нь би түүнд хандан “чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм болиоч” гэж хэлэх үед миний толгой хэсэг рүү минь хоёр удаа гараараа цохиж, нүд хэсэгт тохойгоороо нэг удаа, зүүн талын хацар хэсэгт минь нэг удаа хазаж, хоолой хэсгээс боож гэдсэн дээр минь өвдөглөж суугаад уруул хэсэг минь нэг удаа өвдгөөрөө өвдөглөсөн. Би босоод Цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-10-11/,
- Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 614 тоот “...*******гийн биед баруун нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсэг, эрүү, баруун зүүн бугалга, баруун ташаа, гуя, бүсэлхий нурууны цус хуралт, зүүн шанаа, хүзүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-18-19/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
5. Шүүгдэгч *******ы хохирогч *******гийн биед баруун нүдний доод зовхи, дээд уруулын дээд хэсэг, эрүү, баруун зүүн бугалга, баруун ташаа, гуя, бүсэлхий нурууны цус хуралт, зүүн шанаа, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
6. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгийн торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тус тус тохирсон байна гэж үзэв.
7. Хохирогч ******* нь давж заалдах журмаар “ ... Би сэтгэл санааны хохирлоо авмаар байна. Шийтгэх тогтоолд хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдэж өгөхийг хүсч байна.” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, … санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана”, 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Хохирогч ******* нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй байх боловч гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр болон бусад хохирлоо нэхэмжлэх эсэх нь тухайн хохирогчийн эрх бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны шатанд “гомдол санал байхгүй, миний бие зүгээр” /хх 11/ гэж мэдүүлсэн нь гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т тус тус заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан.
Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нь хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр тогтоосныг хууль ёсны гэж үзэх боломжгүй бөгөөд хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлтээр тогтоолгон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх нь хуульд нийцнэ.
Иймд анхан шатны шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөр болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлээгүй нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх дээрх алдааг засах боломжтой гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр түүний оршин суух хаяг руу мэдэгдэх хуудас хүргүүлсэн, хэрэгт авагдсан утасны дугаар луу удаа дараа залгасан /хх 75-76/ талаарх баримт, хохирогч *******гийн шүүх хуралдаанд гаргасан “Би өмнө нь өөрийнх нь гуйсны дагуу шүүх хуралдаанд ороогүй.” зэрэг тайлбараас үзвэл түүнийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дахь заалтад зохих өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
9. Шүүгдэгч ******* нь шүүх хуралдааны өмнө эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 141,480 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод төлснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хохирогч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/77 дугаар шийтгэх тогтоолын 5 заалтын “... хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж ...” гэснийг “… хохирогч нь сэтгэцэд учруулсан гэм хорын хохирол болон бусад хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, ...” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 141,480 /нэг зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун ная/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн орлогод төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УРТНАСАН
ШҮҮГЧИД Ц.ЭРДЭНЭЗУУ С.ГАНЧИМЭГ