Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 113

 

“Н с л” ХХК-ийн

нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг

даргад холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                      Г.Банзрагч

                                                     Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/302, 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0586 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Гуравдагч этгээд ““Н б групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.09.18-ны өдрийн 128/ШШ2019/0586 дугаар шийдвэрээр: Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 12 дугаар зүйлийн 12.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/302, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 42 дугаар магадлалаар: нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Хэрлэнчимэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Б.Ганболд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо:“... Давж заалдах шатны шүүх ... Хамгийн гол үндэслэл нь тухай хэсгийн орон сууц өмчлөгчдийн 80-аас доошгүй хувь нь заавал зөвшөөрч дэмжсэн байх шаардлагатай ажээ. Гэтэл “Н с л” ХХК-тай гэрээ байгуулахгүй, өөр компанийг дахин шалгаруулж өгөхийг хүссэн 34 өргөдөл болон Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаар албан бичиг зэргээс үзвэл нэхэмжлэгч “Нью стандарт ложистик” ХХК нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 1-6 дугаар байрны дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхэд тухай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах боломжгүй болсон нь тогтоогджээ хэмээн дүгнэж магадлалыг гаргасан.

4. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 16.50 минутад Баянгол дүүргийн 4-р хороо нь дээр хийсэн давхарын байрнуудын дахин төлөвлөлтийн хурлыг НЕТГ, болон Хорооны засаг дарга нарыг оролцуулан хийсэн хуралд иргэдээс Нью стандартын төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах талаар иргэдээс өргөдөл ирүүлээгүй байх хугацаанд НЕТГ-ын Батсүх гэдэг хүн хурлыг зохион байгуулсан байна. Энэхүү хурлын тэмдэглэлээс харахад: “Н с л” ХХК-ийг 2017 оны 06 дугаар сард төсөл хэрэгжүүлэх эрхээ авснаас хойш 6 сарын дараа авсан аль хэдийн дахин сонгон шалгаруулалт хийх талаар оршин суугчдыг оролцуулан хурал хийж байсан талаар тэмдэглэл хэрэгт авагдсан байдаг. Энэхүү хурлын тэмдэглэлд дахин төлөвлөлтийн талаар нухацтай яримаар байна, сонгон шалгаруулалт зарлана, манай хэлтсээс үйл ажиллагаа явуулж байна, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас баталгаа болгож байна., Ерөнхий аркетурторын зураг төслийн дагуу хийнэ, Барилгын төсөл хийгдэж байж сонгон шалгаруулалт болно, гэх мэтээр “Н с л” ХХК-ийг эрхээ авснаас хойш 6 сарын дараа дахин сонгон шалгаруулалтыг хийх талаар НЕТГ оршин суугчдад хийж байсан талаар баримт хэрэгт авагдсан байна. Мөн энэхүү саналыг оршин суугчдаас эхэлж гаргаагүй бөгөөд тэдэнд хэрхэн өргөдөл гаргах талаар мөн энэхүү хуралд зааварчилгаа өгч байсан байдаг. Энэ талаар оршин суугч тус хуралд оролцсон Гантөмөр асуухдаа: Дараагийн сонгон шалгаруулалтын хугацаа хэзээ вэ, оршин суугч бидэнд ямар хөнгөлөлт үзүүлэх вэ хэмээн асуусан асуулт, мөн сонгон шалгаруулалт хийнэ, гадаадад байгаа хүний өмнөөс өргөдөл бичих талаар зааварчилгаа зэргээс энэ бүхнийг НЕТГ өөрсдөө иргэдээс өргөдөл ирүүлэхээс өмнө иргэдэд дахин сонгон шалгаруулалт хийнэ гэх мэтээр ойлголт төрүүлсэн байдаг.

5. Учир нь энэ хурлын дараа Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны иргэдээс өргөдлийг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 дугаартай албан бичгээр ирүүлснээс харахад тодорхой харагддаг. Гэтэл энэхүү хуралд НЕТГ газар аль хэдийнээ дахин сонгон шалгаруулалт хийхээр иргэдтэй хурал хийж, тэдэнд ийм ойлголтыг төрүүлж, үүнийгээ ч гүйцэлдүүлсэн байдаг. Гэтэл энэхүү хурлын тэмдэглэл бүрэн гүйцэт биш хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа нь шийдвэр магадлалын хамгийн гол үндэслээд байгаа нотлох баримт хэрэгт авагдаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ гэснийг зөрчиж байхгүй нотлох баримтад тулгуурлаж дүгнэлтээ гаргасан.

6. Иргэдээс ирүүлсэн 34 өргөдөл 3-4 хүний гарын үсгээр бичигдсэн байдалд шүүх дүгнэлт хийгээгүй, эрхийг цуцлах талаарх өргөдөл зохиомлоор, хуурамчаар хийгдсэн эсэхэд шүүх огт дүгнэлт хийгээгүй. 34 өргөдлийг харахад 3-4 хүний бичгийн хэвээр л 34 хүний өргөдөл бичигдсэн байдаг бөгөөд хэн ч харсан энэ өргөдлийг 34 өрх айл бичсэн гэж харагдахгүй, хуурамч зохиомол өргөдөл болох нь харагддаг. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн хамгийн гол үндэслэл болгоод байгаа өргөдөл нь бүгд хуурамч, нотлох баримтын шаардлага хангаагүй, он сар өдөр бичигдээгүй, хэзээ хэн бичсэн нь тодорхой биш өргөдлийг үндэслэл болгож шийдвэрээ гаргасанд гомдолтой байна.

7. Хамгийн гол нь манай “Н с л” ХХК-ийн эрхийг цуцлах талаар өргөдлийг эрх олгосон байгууллага болох Нийслэлийн Засаг дарга болон НЕТГ-т хандаж өргөдлийг гаргаагүй байдал нь энэ өргөдлийг хорооны Засаг дарга уламжилж НЕТГ-т өгсөн байгаа нь хамгийн хачирхалтай байна. Мөн хорооны Засаг даргын уламжилсан бичиг хүртэл Нийслэлийн албан бичиг болон иргэдээс гаргасан өргөдлийг бүртгэдэг цахим системийн бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь иргэд эрх бүхий байгууллага болох нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байгаагүй нь нотлогддог. Хэрэгт авагдсан НЕТГ-ыг 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 08/670 дугаартай албан бичигт ...хорооны засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 12 тоот албан бичиг ирүүлсэн гэжээ. Гэтэл үүнийг НЕТГ болон Нийслэлийн Засаг даргад хандаж гаргаж байсан бүртгэл хэрэгт огт авагдаагүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсье.

8. Сууц өмчлөгчид нэгдмэл байр суурьт хүрээгүй буюу өөр компаниар орон сууцаа бариулна гэх мэт шалтгаанаар сууц өмчлөгчид, тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга ““Н б”” ХХК-тай хамтран айлуудаар зар тарааж өмчлөгчдийн санаа бодлыг үймүүлж байсан нь бид айлуудтай уулзалт зохион байгуулахаар очих үед ““Н б”” ХХК байрнуудын орцонд төслийг хэрэгжүүлэхээр зар тавьсан байгаагаар нотлогдож байсан нь манай эрх цуцлагдахаас өмнө болсон үйл явдал юм. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.7.3-т Хэрэгжүүлэх үе шатыг заасан байдаг. Хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.3.а-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан Хяналтын хороог байгуулах” 26.1-т “Төслийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий хяналтын хороо (цаашид “хороо” гэх)-г тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн төлөөллийн байгууллага, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулна. Уг хороог төсөл хэрэгжүүлэх шийдвэр гарсны дараа тухайн шатны Засаг даргын шийдвэрээр байгуулна” гэж заасан байдаг. Гэтэл тус дүүргийн 4 дүгээр хорооны Засаг дарга өмчлөгч, эзэмшигчдийн төлөөлөл, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан хяналтын хороог байгуулалгүй оршин суугчдын санаа бодлыг өөрчлөх зорилгоор ““Н б”” ХХК төслийн хэрэгжүүлэх талаар зар түгээж, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол гаргаж, хөндлөнгийн хяналтын чиг үүргийг хууль бусаар зохион байгуулсан нь хуулийн дээр дурьдсан 26 дугаар зүйл болон 22.1.11-д заасан хяналтын хороонд төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргаагүй байхад шүүх үүнийг анхааралдаа авахгүй байгаад гомдолтой байна.

9. Гэтэл шүүх иргэдээс нийслэлийн Засаг даргад хандаж өргөдөл гаргаж байсан эсэхийг нотлох баримт цуглуулах үүргээ шүүх биелүүлээгүй, хариуцагчийн үүргийг нэхэмжлэгчийн үүрэг мэт ойлгож дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 34.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

10. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 3.9-д “Аймаг, нийслэлийн барилга, хот байгуулалтын алба нь сонгосон талбайд төсөл хэрэгжүүлэх ажлын даалгаврыг 14 хоногт боловсруулж, тухайн шатны Засаг дарга ажлын 3 өдрийн дотор батална” гэж заасныг зөрчиж хариуцагч ажлын даалгаврыг батлахгүй байгаа нь төслийг хэрэгжүүлэхэд саад болсон. Нэхэмжлэгч төсөлд шалгарч төслийг хэрэгжүүлэх эрх авсны маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 017/017, 017/018, дугаартай албан бичгээр архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах тухай хүсэлтийг өгөөд байхад батлахгүй байсан нь НЕТГ анхнаасаа манайд олгосон эрхийг цуцлах нь талаар шийдвэр гаргасан байсан нь 2017 оны 11 сард иргэдтэй хийж байсан хурлын тэмдэглэлээс маш тодорхой харагдаж байна.

11. Мөн журмын 4.10-д “шалгарсан гэрээ байгуулах эрх бүхий хуулийн этгээд нь тухайн орон сууцны барилгын үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчидтэй хоёр талт гэрээ байгуулна. Хоёр талт гэрээ нь гурван талт гэрээний хавсралт баримт байна” 4.11-д “Хоёр талт гэрээнд дараах зүйлсийг заавал тусгасан байна”, 4.11.4-д “солих орон сууцны давхар, өрөөний тоо, сууцны талбайн хэмжээ, орон сууц ашиглалтад орох хугацаа”, 5.1-т “Журмын 4.10-т заасан гэрээ байгуулсан төсөл хэрэгжүүлэгч нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.6-д заасан төлөвлөгөөг боловсруулж, “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад 30 хоногийн дотор танилцуулна. 5.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь хуулийн этгээдээс ирүүлсэн төлөвлөгөөг хянаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.в-д заасны дагуу төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байна. Сонгон шалгаруулалтад тэнцсэн өдрийн маргааш бид төсөлд өгсөн хувилбараар архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг батлуулахаар НЕТГ-т хүргүүлсэн. Үүнээс хойш НЕТГ нь энэхүү төлөвлөгөө зургийг батлах талаар ямар ч арга хэмжээ аваагүй.

12. Маргаан бүхий акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан. Гэтэл хуулийн 19.3-т Төсөл хэрэгжүүлэгч нь сонгон шалгаруулалтад оролцох санал, төслийг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ. 19.5-т Энэ хуулийн 19.3-т заасан санал, төслийг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна” 19.5.3.төсөл энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх” 20.1.4-д “Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх” гэж тус тус заажээ.

13. Гэтэл хариуцагч төсөл хэрэгжүүлэгч дээрх хуулийн шаардлагыг хангасан гэж үзээд төсөл хэрэгжүүлэгчээр сонгон шалгаруулсан атлаа буцаад 20.1.4-д “Сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх гэдгийн хангаагүй гэж үзэж эрхийг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан өөрийнхөө буруу гаргасан шийдвэрийг хүчингүй болгох хуулийн заалтыг үндэслээгүй байна.

14. Иймд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй, эрх бүхий этгээд болох нийслэлийн Засаг даргад иргэдээс өргөдөл, гомдол гаргаагүй, хэрэгт авагдсан өргөдлүүд бүгд хуурамч 3-4 хүний гарын үсгээр бичигдсэн, өргөдлийг өмчлөгч өөрөө гаргасан эсэх нь эргэлзээтэй, хорооны Засаг дарга хууль бусаар төслийн хэрэгжилтэд хяналт тавьсан зэргийг харгалзаж үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд тус шүүхийн 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0586 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 42 тоот магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

15. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А/302 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасныг тус тус баримтлан “...нийтийн зориулалттай 1, 2, 3, 4, 5, 6 дугаар орон сууцыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Н с л” ХХК нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-иас доошгүй хувийн зөвшөөрөл авах боломжгүй болсон” гэх үндэслэлээр тус компанид олгосон төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан; мөн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн А/683, А/684 дүгээр захирамжуудаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 14 дүгээр зүйлийн 14.7.2.в, Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 128 дугаар тушаалаар баталсан “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ын 4.8, 5.2-т заасныг тус тус баримтлан “... ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1, 2, 3, 4, 5, 6 дугаар байрны барилгажилтыг боловсруулж, хэрэгжүүлэх төсөлд ““Н б” групп” ХХК нь шалгарсныг батламжилж, төсөл хэрэгжүүлэх эрхийг тус компанид олгож шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “Н с л” ХХК-иас “... манай бүтэн жилийн хөдөлмөрийг үрсэн, ... нэр хүндийг унагасан, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, ... шүүхэд маргаж байхад ““Н б”” компанид төсөл хэрэгжүүлэх эрх олгосон нь хууль бус” гэж маргажээ.

16. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас зохион байгуулж явуулсан “ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалт”-аар Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, орон сууцны 1-6 дугаар байруудын барилгажилтын төслийг боловсруулж, хэрэгжүүлэхээр “Н с л” ХХК-ийн ирүүлсэн төслийг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шалгаруулж, улмаар “төсөл” хэрэгжүүлэх эрхийг нийслэлийн Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/438 дугаар захирамжаар олгосон, сонгон шалгаруулалтад ирүүлсэн тус компанийн “төсөл хэрэгжүүлэх аргачлал, төлөвлөгөө, сараар гаргасан график”-т /төсөл хэрэгжүүлэх саналд/ сууц өмчлөгч, эзэмшигч нартай 2 талт гэрээг 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 9 дүгээр сарын хооронд байгуулсан байхаар төлөвлөсөн үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.

17. Түүнчлэн, нэхэмжлэгч “Н с л” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/031 тоот албан бичгээр нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн “ажлын тайлан”-д тусгаснаар 1, 2, 3 дугаар байруудын сууц өмчлөгчдийн 28 хувь, 4, 5, 6 дугаар байруудын хувьд 24.2 хувьтай нь буюу нийтдээ 15 айлтай 2 талт гэрээг байгуулсан, харин “гэрээ хийгээгүй, тохиролцож чадаагүй” гэх үндэслэлээр тус компаниар дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгүүлэхээс татгалзаж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч 34 иргэнээс өргөдөл, гомдол гаргасан, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 08/3707, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 08/4214 дугаартай албан бичгүүдээр “... ажлын явцыг эрчимжүүлэх, үйл ажиллагааны төлөвлөгөөг сонгон шалгаруулалтын материалтай уялдуулан эцэслэн батлуулах”-ыг “Н с л” ХХК-иас шаардсан, уг шаардлагыг тус компани биелүүлээгүй, оршин суугчдын 60 гаруй хувь нь тус компанийн төслийг “дэмжээгүй” зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

18. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дараах үе шатыг баримтална: 14.7.1.төслийн бэлтгэл үе шат:, 14.7.2.төлөвлөлтийн болон шийдвэр гаргуулах үе шат:, 14.7.3.хэрэгжүүлэх үе шат:, 14.7.4.төсөл хэрэгжүүлж дуусгах үе шат:” гэсэн 4 үе шатыг тодорхойлсон, төлөвлөлтийн үе шатанд буюу 14.7.2.а-д “газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нэгж талбарын өөрчлөн зохион байгуулалт, нөхөх олговор, газраараа хувь нийлүүлэх, төслийн санхүүжилт, төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний болон газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийг нүүлгэх, түр суурьшуулах асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулах”-аар, 14.7.2.б-д “энэ хуулийн 14.7.2.а-д заасан төлөвлөгөөг газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчтэй зөвшилцөн, саналыг тусган эцэслэн боловсруулах”-аар, 20 дугаар зүйлийн 20.1.4-т “сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрөл авсан байх”-аар тус тус заасан байна.

19. Мөн, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалаар “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг баталж мөрдүүлсэн, уг журмын 4.8-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, хоёр талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно”, 4.9-д “Шалгарсан төсөл хэрэгжүүлэгч нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан төслийг боловсруулж батлуулна” гэж тусгайлан журамлажээ.

20. Эндээс үзвэл, “төсөл” хэрэгжүүлэхээр шалгарсан этгээдийн төслийг үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувь зөвшөөрөх нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.а, 14.7.2.б-д заасан ажиллагааны хүрээнд “төсөл” хэрэгжүүлэгчтэй харилцан тохиролцож байгуулсан 2 талын гэрээг байгуулснаар тодорхойлогдох бөгөөд дээр дурдсанаар, ашиглалтын шаардлага хангахгүй болсон 6 байрны 58 сууц өмчлөгч, эзэмшигч нарын 34 буюу 60 хувь нь “төсөл” хэрэгжүүлэгчээр шалгарсан “Н с л” ХХК-ийг “... өөрөө гүйцэтгэгч биш, ... төслийг хэрэгжүүлэхэд итгэл үзүүлэх боломжгүй” гэх шалтгаанаар 2 талт гэрээ байгуулахаас татгалзсан энэ тохиолдолд, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан шаардлагыг “хангагдахгүй болсон” гэж үзэн, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болохыг шүүхүүд зөв дүгнэсэн, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “...хуулийн 20.1.4-т заасан шаардлагыг хангасан гэж үзээд төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан атлаа буцаад ...хангаагүй гэж үзэн эрхийг цуцлах нь хууль зүйн үндэслэлгүй” гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.

21. Түүнчлэн, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас мэдэгдсэний дагуу 2017 оны 12 дугаар сарын 12-ний өдөр төлөвлөгдсөн сууц өмчлөгч оршин суугчидтай уулзах уулзалтад нэхэмжлэгчээс “...холбогдох хүмүүс томилолтоор хөдөө явсан, тодорхойгүй хугацаагаар хойшлуулах”-аар хүсэлт гаргаж, уулзалтад оролцоогүй нь тогтоогдсон, тухайн хуралд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтэн оролцож, “дахин сонгон шалгаруулалт” зарлахаар ярьсан гэдэг нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг авах боломжгүй болсон гэх “төсөл” хэрэгжүүлэгчийг зөвтгөх үндэслэл болохгүй учир нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... хурлын тэмдэглэл гүйцэд биш авагдсан байхад ... нотлох баримт цуглуулах үүргээ зөрчиж, байхгүй нотлох баримтад тулгуурлаж дүгнэлт гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

22. Мөн, нэхэмжлэгч нь иргэдийн 34 өргөдлийг “хуурамч” гэж шалгуулах хүсэлт анхан шатны шүүхэд гаргаагүй, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй атлаа энэ асуудлаар хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.

23. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах”-аар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхүүд шийдвэр, магадлалын “Тогтоох” хэсэгт захиргааны актын огноог буруу бичсэн алдааг залруулж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0586 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 42 дугаар магадлалын “Тогтоох” хэсгийн нэг заалтын “2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн” гэснийг “2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н с л” ХХК-ийн захирал Б.Г, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжийн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                     Ч.ТУНГАЛАГ