Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 999

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: “Т” ХХК /РД /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст /хуучин нэрээр/ холбогдох,

Гуравдагч этгээд: “ групп” ХХК /РД /, 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “” ХХК-нд Говь-Алтай аймгийн Д сумын нутаг орших Д нэртэй газарт 337.19 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй газарт 337,19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, гуравдагч этгээд “ групп” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Т” ХХК нь Ашигт малтмалын газарт Говь-Алтай аймгийн Д сумын Д нэртэй газарт 337.19 гектор талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах тухай тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр цахимаар гаргасан. 

Ашигт малтмалын газар манай компанийн гаргасан өргөдлийг тус талбайд хамгийн түрүүнд гаргасан өргөдөл хэмээн үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэн авсан бөгөөд мөн дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн. 

Харин Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А******* 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Т” ХХК-ийн NE-******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу хайгуулын тусгай олгох боломжгүй гэх саналыг Ашигт малтмалын газарт ирүүлсэн билээ. 

“Т” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан Д сумын нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах нь орон нутагт татвар, хураамж төлөх, нутгийн иргэдийг ажлын байраар хангах, худалдан авалтыг нэмэгдүүлэх зэргээр орон нутгийн хөгжлийг дэмжих олон талын ач холбогдолтой тул манай компанийн NE-******* дугаартай өргөдлийг дахин авч хэлэлцэн саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлэхийг хүссэн юм. 

Энэхүү хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар өргөдөлд өгөх саналаар “Т” ХХК-ийн NE-******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой болох талаар хариу өгсөн тул Ашигт малтмалын газарт хандан бүртгэлтэй өргөдөл, аймгийн Засаг даргын хариуг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгож өгөхийг хүссэн хүсэлт гаргасан. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6/755 дугаар албан бичгээр NE-******* дугаартай өргөдөл нь бүртгэлээс хасагдсан байх тул Засаг даргын саналыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэх хариуг бидэнд өгсөн. 

Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3-т “хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон болон түрүүлж өгсөн тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд дурдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх”, 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн заасан байх бөгөөд дээрх талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан “Т” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрхтэй этгээд юм. 

Манай компани дээрх талбайд хамгийн түрүүнд өргөдөл ирүүлсэн, аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгож болно хэмээн зөвшөөрсөн хариу ирүүлсээр байхад хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзан шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. 

Мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч*******ын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 6/755 дугаар албан бичигт “NE-******* дугаартай өргөдлийг өргөдлийн бүртгэлээс хасагдсан” хэмээн дурдсан нь үндэслэлгүй бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд заасан өргөдлийн бүртгэлээс хасах үндэслэлүүд нь манай компанийн гаргасан өргөдөл, нөхцөл байдалд хамаарахгүй юм. 

Манай компани Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын дээрх шийдвэрийг хянуулж, хүчингүй болгуулахаар 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 24/16 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад хандан гомдол гаргасан бөгөөд тус газрын дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.А******* 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2/1580 дугаар албан бичгээр гомдлыг хангах үндэслэлгүй байна хэмээн хариу өгсөн болно. 

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдлийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст Говь-Алтай аймгийн Засаг даргын санал, “Т” ХХК-ийн NE-******* дугаар өргөдлийг үндэслэн өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв.

“Т” ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, нэмэгдүүлэхдээ:

“... Хариуцагчаас ирүүлсэн баримтаас үзвэл “Т” ХХК-ийн NE-******* дугаарт бүртгэлтэй өргөдлийн талбай болох Говь-Алтай аймгийн Д сумын нутаг, Д нэртэй газарт 337.19 гектор талбайд “  групп” ХХК-иас 2015 оны 4 дугаар сарын 13-ны өдөр өргөдөл хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар хүргүүлсэн, Говь-Алтай аймгийн Засаг дарга нь “ групп” ХХК-ийн өргөдөлд санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр тус компанид Говь-Алтай аймгийн Д сумын нутаг, Д нэртэй газарт 337,19 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэжээ. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дээрх үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Энэ хуулийн 7.1, 17.2-т заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн заасныг ноцтой зөрчсөн. 

Дээрх талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн “Т” ХХК-ийн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга хуульд нийцсэн санал ирүүлээгүй байхад хуульд нийцсэн саналыг дахин авах ажиллагааг хийлгүйгээр өргөдлийг бүртгэлээс хасч, дахин өөр этгээдийн өргөдлийг хүлээн авч санал авахаар хүргүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж бид үзэж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дах хэсэгт аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно хэмээн заасан байхад Говь-Алтай аймгийн Засаг дарга нь өргөдлийн талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн манай компанийн өргөдөлд хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй, дээрх талбай нь бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцалгүй, улсын тусгай хэрэгцээний газар, дархан цаазат газар, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон газар огт биш байхад зөвхөн аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн саналыг үндэслэн татгалзсан нь үндэслэлгүй, Ашигт малтмалын газар нь аймгийн Засаг даргын санал хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, хуульд нийцсэн санал авахаар дахин хүргүүлэх үүрэгтэй байхад дээрх үүргээ биелүүлээгүй гуравдагч этгээдийн өргөдлийг хүлээн авч байгаа нь үндэслэлгүй байна. 

Мөн Говь-Алтай аймгийн Засаг дарга нь нэг өргөдлийн талбайд хандах бүрт өөр өөр хариуг өгч байгаа нь хуульд заасны дагуу санал өгч байна гэж үзэх боломжгүйг мөн харуулж байна. 

“Т” ХХК нь дээрх талбайд өргөдөл гаргахын тулд Ашигт малтмалын газраас шаардсаны дагуу VPN төхөөрөмж, нэвтрэх эрх зэргийг худалдан авч цахим шалгаруулалтанд олон хуулийн этгээдтэй өрсөлдөж оролцсоны үндсэн дээр өргөдөл гаргах эрхийг олж авсан, Ашигт малтмалын газраас олгосон өргөдлийн бүртгэлийн дагуу өргөдлөө гаргасан байтал тус газар нь цахим шалгаруулалтанд оролцоогүй, бусадтай ижил тэгш өрсөлдөж эрх олж аваагүй этгээдүүдийн өргөдлийг хүлээ авч, тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь хэтэрхий хууль бус ажиллагаа болжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Хуульд заасан шаардлага хангасан, хамгийн түрүүнд гаргасан өргөдөлд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохоор тодорхой хуульчилсан байх тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “” ХХК-нд Говь-Алтай аймгийн Д сумын нутаг орших Д нэртэй газарт 337.19 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй газарт 337,19 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгаж өгнө үү” гэв. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч******* нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“... “Т” ХХК 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй 340 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ. 

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу дээр дурдсан талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 6/595 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөр огноолсон 13 дугаар бүхий хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн байна. 

Говь-Алтай аймгийн Засаг даргаас ирүүлсэн саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн NE-******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“...“Т” ХХК 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийн материалыг хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19.1, 19.2-т заасны дагуу дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 6/595 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 13 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй гэсэн саналыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ирүүлсэн бөгөөд уг саналыг үндэслэн Кадастрын хэлтсийн дарга 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар бүртгүүлсэн бүртгэлийн “Т” ХХК 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаартай өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дахин хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй. 

“ групп” ХХК 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй 337,19 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргажээ. 

Өргөдлийн материалыг Кадастрын хэлтэс хүлээн аваад Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дах хэсэгт заасан ажиллагааг хийж дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг даргаас ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасны дагуу санал авахаар 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/4009 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна. 

Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаарт бүртгэгдсэн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг даргаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу санал авахаар хүргүүлсэн боловч хуулийн хугацаанд санал ирүүлээгүй байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасныг баримтлан Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр гуравдагч этгээдэд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “ групп” ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Манай компани 2001 онд байгуулагдсан бөгөөд аялал жуулчлал, барилга, угсралт, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. 

Тус компани нь Төрийн байгууллагаас тогтоосон журмын дагуу Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим системээр 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Д сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн дугаар авч бүртгүүлсэн ба улмаар 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хуулийн дагуу өргөдлөө гаргасан. 

Биднийг өргөдөл гаргах үед тус талбай нь хоосон, ямар нэгэн давхцал байгаагүй учир тэдгээрийг магадлан сайн шалгасныхаа дараа хүсэлт гаргасан бөгөөд Ашигт малтмалын газар тухайн асуудлаар орон нутагт мэдээлж, ажиллагаа хийсэн байх. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т ““Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу манай компанийн хүсэлт гаргасан талбайн талаар Говь-Алтай аймгаас болон тус аймгийн Д сумаас ямар нэгэн хариу, санал ирүүлээгүй учраас манай компани нь 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр XV-******* дугаартай, 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл газар ашиглах эрхтэй 337,19 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. 

Иймээс тусгай зөвшөөрөл авахдаа манай компани ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй тул “Т” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “” ХХК-нд Говь-Алтай аймгийн Д сумын нутаг орших Д нэртэй газарт 337.19 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй газарт 337,19 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч “Т” ХХК Говь-Алтай аймгийн Д сумын Д нэртэй газарт 337,19 га талбайд  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст өргөдөл гаргасан байх бөгөөд хариуцагч өргөдлийг хүлээн авч өргөдөл, бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэсэн байна. 

Уг өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс анхан шатны болон хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж “Т” ХХК-нд Говь-Алтай аймгийн Д сумын Д нэртэй газарт 337,19 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Говь-Алтай аймгийн Засаг дарга О.А*******аас санал авахаар 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “...Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт тус тус зааснаар 30 хоногийн дотор Кадастрын хэлтэст хариу ирүүлээгүй бол зөвшөөрсөн гэж үзэхийг анхаарна уу” хэмээн 6/595 дугаар албан бичгийг хүргүүлжээ. 

Говь-Алтай аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ээлжит бус арвандөрөвдүгээр хуралдааныг хийж, уг хуралдаанаар “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрт хамрагдах өрхийг батлах, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг тус тус хэлэлцэхээр шийдвэрлэсэн бөгөөд Говь-Алтай аймгийн Д сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмалын газарт 04 дүгээр албан бичгээр “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох Д нэртэй газрыг солбицлуудаар шүүж үзэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арвандөрөвдүгээр хуралдаанаар хэлэлцүүлэхэд уг газар нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 07/01 дүгээр тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан, мөн Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан талбайтай тус тус давхцаж байгаа учир тус газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байхыг хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжив” гэж тусгай зөвшөөрөл олгох боломжгүй талаар албан бичиг хүргүүлсэн байна. 

Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Бигэр сумын Хуурай, Дөт, Баян-Овоо, Дов, Улаан толгой, Цогт, Эрдэнэ сумын Хөх дэл, Эрдэнэ сумын Эрдэнэ, Бор толгой, Хөхморьт сумын Тогтоот-Уул, Халиун сумын Сайрын, Есөнбулаг сумын Дугуй, Тайшир сумын Галуут, Д сумын Д, Халиун, Цээл сумын Цагаан хөтөл, Есөн булаг, Халиун сумдын Гялгарын хоолой болон Алтай, Цээл, Тайшир сумдын координатаар заасан газруудад ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл өгөх боломжгүй гэдэг дээр Тэргүүлэгчид 100 хувийн саналаар тогтов” хэмээн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж шийдвэрлэн түүнийгээ 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 1/100 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад хүргүүлжээ. 

Үүнийг үндэслэн Говь-Алтай аймгийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 191 дүгээр тогтоолоор улсын нөөцөд авсан, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурын 2014 оны 07/01 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан, сумын иргэдийн дэмжихгүй санал, сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дэмжихгүй санал зэргийг үндэслэн Говь-Алтай аймгийн Д сумын нутаг дэвсгэрт өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэгдсэн солбицлуудтай цэгүүдийг холбосон шулуун шугамаар хязгаарлагдсан Д нэртэй 337,19 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрөхгүй байна хэмээн 13 дугаар саналыг гаргаж, 1/317 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлснийг хариуцагч 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийг үндэслэн “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаар өргөдөлд Засаг даргын “Дэмжихгүй” санал ирсэн тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байх бөгөөд уг шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 6/3466 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлжээ. 

“ групп” ХХК 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч Ашигт малтмалын газарт өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн NE-******* дугаарт бүртгэн мөн өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу Говь-Алтай аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 6/4009 дүгээр албан бичгийг явуулсан байна. 

Говь-Алтай аймгийн Засаг дарга Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т заасны дагуу 30 хоногийн дотор Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст санал ирүүлээгүй тул Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрээр NE******* дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Говь-Алтай аймгийн Д сумын Д нэртэй 337,19 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “ групп” ХХК-нд олгож шийдвэрлэсэн байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 6/5659 дүгээр албан бичгээр гуравдагч этгээдэд тусгай зөвшөөрөл олгосныг мэдэгдэж, Ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “ групп” ХХК-нд олгожээ. 

“Т” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01 дугаар албан бичгээр Говь-Алтай аймгийн Засаг даргад “...Бид энэхүү хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбогдох төслийг хэрэгжүүлснээр тухайн орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх, орон нутгаас худалдан авалт хийх, татвар хураамж хэлбэрээр орон нутгийн төсөвт хөрөнгө мөнгө төвлөрүүлэх, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдтэй хамтран ажиллах зэрэг ач холбогдолтой тул асуудлыг дахин авч хэлэлцэн саналаа Ашигт малтмалын газарт хүргүүлж өгнө үү” хэмээн хүсэлт гаргажээ. 

Уг хүсэлтийг Говь-Алтай аймгийн Засаг дарга хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд 292 дугаар “...Д нэртэй 337,19 гектар талбайд ашигт малтмал хайхыг хүсч гаргасан өргөдлийн дагуу тусгай зөвшөөрөл олгоход тус компанийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар хүсэлтийн дагуу дэмжиж байна” гэх саналыг өгсөн байна. 

Нэхэмжлэгч “Т” ХХК 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 05 дугаар албан бичгээр Ашигт малтмалын газрын даргад “... манай компани Говь-Алтай аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч нартай дахин уулзалт хийж дэмжлэг авсан болно. Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас албан ёсоор хүсэлт гарган холбогдох баримт, хурлын тэмдэглэлийг авч шийдвэрлэж өгнө үү” хэмээн тусгай зөвшөөрөл олгох талаар хүсэлт гаргасныг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар албан бичгээр “...Өргөдлийн бүртгэлээс хасагдсан NE-******* дугаартай өргөдөлд өгсөн Засаг даргын саналыг хүлээн авч тусгай зөвшөөрөл олгох боломжгүй” хэмээн хариу өгчээ. 

“Т” ХХК нь хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс Говь-Алтай аймгийн Д сумын Д нэртэй талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн “Т” ХХК-ийн өргөдөлд Говь-Алтай аймгийн Засаг дарга нь хуульд нийцсэн санал ирүүлээгүй байхад хуульд нийцсэн саналыг дахин авах ажиллагааг хийлгүйгээр өргөдлийг бүртгэлээс хасч, дахин өөр этгээдийн өргөдлийг хүлээн авч санал авахаар хүргүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон хэмээн маргаж байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 19.2.2 “хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх”, 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаартай өргөдлийг хүлээн авч, хуульд заасан холбогдох ажиллагааг хийж, Засаг даргын саналыг үндэслэн  Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 350 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч уг хариуцагчийн шийдвэрийг 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан ба 350 дугаар шийдвэр болон Говь-Алтай аймгийн Засаг даргын санал хууль бус хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаагүй бөгөөд нэхэмжлэгч манай компанийн гаргасан хүсэлтийн дагуу Говь-Алтай аймгийн Засаг дарга дэмжсэн санал өгсөн тул манай 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гаргасан өргөдлийг дахин шалгаж шийдвэрлэх ёстой хэмээн маргаж байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасны дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авах эрхтэй болохоос өргөдөл гаргагч аж ахуй нэгж аймаг, нийслэлийн Засаг даргаас санал авах эрхгүй байна. 

Иймээс хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдөр өргөдлийг шийдвэрлэсэн асуудлыг аж ахуйн нэгжийн аймаг, нийслэлийн Засаг даргаас авсан саналыг үндэслэн дахин шалгах хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмын хүрээнд “Т” ХХК-ийн гаргасан өргөдлийг хянан шийдвэрлэсний дараа “ групп” ХХК-ийн гаргасан өргөдлийг 2015 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч Ашигт малтмалын хайгуулийн XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг олгосон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй юм. 

Иймд “Т” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “” ХХК-нд Говь-Алтай аймгийн Д сумын нутаг орших Д нэртэй газарт 337.19 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй газарт 337,19 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.3, 19.4, 19.6-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн гаргасан “...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6/755 дугаар мэдэгдэл, мөн даргын 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 550 дугаар шийдвэрийн “” ХХК-нд Говь-Алтай аймгийн Д сумын нутаг орших Д нэртэй газарт 337.19 гектор талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах, “Т” ХХК-ийн Говь-Алтай аймгийн Д сумын нутагт орших Д нэртэй газарт 337,19 гектор талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан NE-******* дугаартай өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, тус талбарт хамгийн түрүүнд өргөдөл гаргасан болохыг тогтоож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “Т” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тус талбарт дахин хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ц.САЙХАНТУЯА