| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0082/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/086 |
| Огноо | 2018-06-12 |
| Зүйл хэсэг | 11.1.2.2., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/086
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Д даргалж, шүүгч Д.А, Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Г нарын бүрэлдэхүүнтэй
улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө,
нарийн бичгийн дарга К.Е
иргэдийн төлөөлөгч Т.А
хохирогч Д.Э
хохирогчийн өмгөөлөгч Ө.Н
шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С
шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Д-ийн П-д холбогдох 1713000850025 дугаартай, 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Пгийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овгийн Д-ийн П, 1982 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, үндсэн захиргаа УлаанБа хотын Сонгинохайрхан дүүргийн 4-р Хороо, Алтантариа 3-36 тоот, одоогийн оршин сууж байгаа хаяг Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар МТ82012214.
Шүүгдэгч Д.Пгийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д-ийн П нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг Бураатын давааны хатуу хучилттай автозамын ажил хийж байхдаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж согтуурснаас болж иргэн Бтэй маргалдан түүний хэвлий рүү өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас Б.Бнас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.П нь 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутаг дэвсгэрт байрлах Бураатын давааны орчим, хатуу хучилттай автозамын ажил хийж, ажлаа тарсны дараа “Толбо” сум орж архи авч, буцах замдаа ууж, буцаж ажилчдын байрлаж байсан гэртээ ирээд мөн архи ууж согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, согтуурснаас болж иргэн Б.Бтэй маргалдан, заамдалцаж, түүний гэдсэн тус газар нь “Израйл” хагас түрийтэй гутлаар баруун хөлөөрөө нэг удаа өшиглөх үед хохирогч Б.Б“ёо ёо” гэж доошоо хагас тонгойж, хэвлийгээ хоёр гараараа дарсан, энэ үед Т.Б ирж шүүгдэгч Д.Пг түлхэн унагаж, гэр рүү орох гээд явж байсан хохирогч Б.Бг түшин, ажилчдын байрлаж байсан гэрт оруулжээ. Т.Б дараа нь буцаж гараад цасан дээр хэвтэн “би орохгүй үхнэ” гээд орилж байсан Д.Пг босгож гэрт оруулаад гутлыг нь тайлаад хувцастай нь унтуулсан байна.
Маргааш өглөө нь 7 цагийн үед Б.Б босож бие засах гээд, шээж чадалгүй дээл нөмөрсөн, толгой нүцгэн байдалтай гэр лүүгээ орж, 8 цагийн орчим шээж чадахгүй, босож чадахгүй байсан учир П өвчин намдаах зориулалттай диклоденк нэртэй эм өгсөн байна. О.Оийг 11 цагийн үед гэрт нь орж гал түлэхэд Б.Б“ахынх нь бие өвдөөд босож чадахгүй байна” гээд доош харчихсан дөрвөн хөллөөд байсан бөгөөд “эм авчирч өгөөч” гэхээр Н.Ё ахын гэр ороод парацитамол, ампинциллин авч ирж өгчээ.
Ингээд Ё, Бу, П, Хү нар Баян-Өлгий аймгийн Толбо сумын эмнэлэгт 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 14 цаг 40 минутын үед очиж Б.Бг үзүүлэхэд тус эмнэлгийн эмч анхан шатны тусламж үзүүлэн, өвчин намдаах арга хэмжээ авч, дараагийн шатлалын эмнэлэгт буюу Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхийг зөвлөж, бичиг хийж өгчээ. Тэд эмнэлгээс 15 цаг 30 минутын үед явсан байна.
Тухайн үед Н.Ё нь Б.Бд “Баян-Өлгий явах юм байна” гэхэд “миний өвчин намдаад гайгүй болж байна, хэл мэдэхгүй газар очоод яахав, өнөө шөнөдөө ажиглаад болохгүй бол маргааш Ховд аймаг явъя” гэсэн байна.
Үдээс хойш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 18-19 цагийн үед Б.Бгийн бие нь зүгээр болохгүй улам муудсан учир Ховд аймгийн төв рүү 19 цаг өнгөрч байхад От, Г, О.Онар хоёр хүүхдийн хамт Б.Бг тоёото королла маркийн машинаар авч явсан. Амь хохирогч Т.Б нь замд явахдаа машинаа аяархан явуулахыг шаардаж, байс хийгээд машин зогсоож цай ууж байсан ба Отг дэрлээд явж байхдаа Ховд аймгийн Морьтын хөтлийн орчим дуу нь гарахаа больж, нас барж, эмнэлгийн гадаа очихдоо бие нь хөшсөн байдалтай байжээ.
Дээрх нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтууд болох:
- Гэрч Н. Ёгийн “ Би хэсэг ажилчдын хамт бригад байгуулж 2017 оны 07 дугаар сарын 15-ны орчим Ховд аймгаас Баян-Өлгий аймгийн чиглэлийн хатуу хучилттай замын ажилд гүүр хоолойны ажлын туслан гүйцэтгэгчээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед манай бригадад Б гэдэг залуу туслах ажилтнаар ажиллаж байсан. 2017 оны 09 сарын 20-ны өглөө манай нэг ажилтан Б өвдөөд гэдсээ дараад байна. Өвчин намдаах эм өгсөн гэж хэлсэн. Би Бтэй уулзахад хэвлий хэсгээр дарж өвдөж байна гэсэн тул түүнийг дагуулж Бу, П, Хү нарын хамт Баян-Өлгий аймгийн Толбо сумын эмнэлэгт очиж Бг үзүүлсэн. Эмч анхан шатны тусламж үзүүлсэн өвчин намдааж байна гэсэн. Мөн ер нь аймгийн эмнэлэгт хүргүүлэх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тухайн үед Бд Баян-Өлгий явах юм байна гэхэд миний өвчин намдаад гайгүй болж байна, хэл мэдэхгүй газар очоод яахав, өнөө шөнөдөө ажиглаад болохгүй бол маргааш Ховд аймаг явъя гэсэн...Гийн машинаар Ховд аймаг руу явуулсан маргааш нь замдаа нас барсан талаар сонссон...2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой ажил тараад ирсний дараа Б надад “Та надад хэдэн төгрөг өгөөч давхарлаж өмсөх өмд, тамхи, нэгж авмаар байна. Гийн хамт Толбо сум яваад ирье” гэсэн. Тэгээд Бд 30000 төгрөг, Г эхнэрийн хамт 50000 төгрөг, Пд 10000 билүү 20000 төгрөг өгсөн. Тэд Толбо сум руу яваад ирсэн. Бу бид орон дотроо хэвтэж байтал Хү, Г хоёр орж ирээд ганц шил юм авч ирсэн, та босоод ир гэж хэлсэн. Араас нь бусад нь орж ирсэн. Тэгээд 0,5 л Ерөөл нэртэй 2 шил архи уусан...архи ганц нэг тойруулахад залуу П, Б нарын үг хэл олшроод ирсэн. Тэр хооронд залуу П, Б нар гараад явсан. Тэрний дараа Г бас согтоод гараад явсан. Гэрийн гадна хүмүүсийн дуу чимээ гараад байсан учраас Бат хандаж наад хүмүүсээ оруулж унтуулж амруул гэж хэлсэн. Хэлгүй Отгийн хамт Ба гарсан...гэрийн гадаа юм яриад яваад байсан хүмүүс бол залуу П, Б нар байсан байх гэж бодож байна. Баыг талийгаач Бг унтуул гэж гэрээс гаргасан учраас тэр хоёр юм ярилцаж байсан байх гэж бодож байна...Би Увс аймагт 4-5 хоночхоод буцаад Бураатын даваанд очиж ажилчдаас та нар яасан юм бэ гэж асуухад залуу П “Бид нар Толбо сумаас гараад зүгээр байгаагүй. Уухын хувьд уусан. Тэр орой тасарчихсан байна лээ. Надад мэдэх юм алга. Юу ч санахгүй байна” гэж давтаж хэлсэн... " гэх мэдүүлэг /хх-ийн 31-32, 141-144 дүгээр хуудас/,
- Гэрч О.Оийн “2017 оны 09 дүгээр сарын 19-ний орой бид 19 цаг өнгөрөөд манай нөхрийн 49-10 ХОА дугаартай машинаар Толбо сум руу Хү, залуу П, Ба, Б, манай нөхөр, бас хоёр хүүхдийн хамтаар явцгаасан. Тэгээд орой 21 цагийн үед ирцгээсэн ба архи ууцгаасан...өглөө намайг 7 цагт босоод гал түлэхэд талийгаач Б ах дээл нөмөрчихсөн толгой нүцгэн гэр лүүгээ орох гээд байсан. 8 арай болоогүй байхад ажилчид орж ирж цай ууцгаасан энэ үед хөгшин П ах Бгийн шээс гарахгүй босч чадахгүй байна гэхээр нь өвчин намдаах эм өгчихлөө гэсэн. Би 11 цагийн үед гэрт нь орж гал түлэхэд ахынх нь бие өвдөөд босож чадахгүй байна гээд доош харчихсан дөрвөн хөллөөд байсан ба эм авчирч өгөөч гэхээр Ё ахын гэрт ороод парацитамол, ампинциллин авч ирж өгсөн. Үдээс хойш бие нь зүгээр болохгүй улам муудаад байсан учраас Ховд аймгийн төв рүү 19 цаг өнгөрч байхад гарсан. От, Г бид хоёр хүүхдүүдийн хамт гарсан. Б замд жоохон яваад машин зогсоолгоод цай уугаад явахгүй байсан. Талийгаач нь Отг дэрлээд явж байсан замдаа Тахианы фермийн манаач аав ээж хоёртоо хүүхдүүдээ буулгаад эмнэлэгт очоод босоорой гээд татсан чинь бие нь хөшчихсөн байсан. Инженер Б, мөн Ё ахын эхнэр Ю нар Ховдод байсан учраас дуудсан...манай нөхөр согтоод унтчихсан. Би гэрээс гараад Ё ахын гэрт ороход Б ах хөл нүцгэн, Ба Б ахыг хөтөлсөн явж байсан. Би Бат Б ахыг гэрт оруулж унтуул гэж хэлсэн. Энэ үед гадна залуу П цасан дээр орилоод хэвтэж байсан. Пг Ба л оруулсан байх. Би гэр лүү орох гэж байхад Бг Ба гэр луу оруулж байгаа харагдсан. Тэгээд би гэртээ ороод унтаж амарсан. Өглөө нь босоход Б ах хаалган дээрээ дээл нөмөрчихсөн тонгойсон байсан. Тэгэхэд би Б ахыг таниагүй. Өвгөн л ирж хоносон юм байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 150-157 дугаар хуудас/,
- Гэрч Ц.Гийн "...Толбо сумын дэлгүүрээс 3 шил архи авсан. 1ш 0,5 л, 2 шил 0,75 л архи авсан. Тэгээд 0,75 архийг замдаа Ба, залуу П, Хү, Б бид хувааж ууж дуусгасан. Үлдсэн 2 шил архийг Ё даргын гэрт орж хувааж уусан би согтоод гэртээ орж унтсан. Архи ууж байхад залуу П хөгшин П ахтай маргалдаад агсам тавьсан. Намайг маргааш өглөө босоход Ба, Б хоёр хоорондоо маргалдаад байсан, талийгаач Б гадаа хөл нүцгэн явж байсан талаар хэлсэн. Ажилчдын гэрт нэг хүн ирж хоносон юм шиг байна. Хаалган дээр халзан толгойтой, саарал дээл нөмөрсөн хөгшин хүн байна гэж хэлсэн. Гэтэл гаднаас залуу П орж ирээд Б ахын бие өвдөөд байна гэж хэлсэн. Толбо сумын эмнэлэг рүү залуу П, Ё дарга, Бу, Хү нар аваад явсан...Ховд руу орой 18 цаг өнгөрч байхад эхнэр Оюунчимэг, хоёр хүүхэд, От нарын хамт Бг авч гарсан. Бие өвдөж байна зөөлөн яв гээд загнаад явуулахгүй байсан. Ховд руу явж байхад Морьтын хөтлийн тэнд ирээд дуу нь гарахаа больчихсон. Тэр үед л нас барсан юм шиг байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 161-162 дугаар хуудас/,
- Гэрч Т.Бын “...Архинаас уугаагүй Зоригт, От, Ба бид дөрөв байсан. Би ажилчдын гэрт хэвтэж байхад Ё дарга өөрөө гэр дотроосоо дуудахаар нь яваад очтол наад хүмүүсээ унтуулж амраа гэж хэлсэн. Тэгэхэд Б бие заслаа гээд гарсан. Араас нь жижиг П ах гарсан. Би тэр хоёрын хамт гараад ажилчдын гэр лүү орсон. Гэтэл гадаа жижиг П ах Б ах хоёр муудалцаж зууралдаж байгаа сонсогдсон. Би гадаа гартал Ё даргын гэрийн зүүн талд хураалгатай байсан панерүүдийн орчим хоёр биеэ заамдчихсан байсан. Тэгсэн чинь жижиг П ах Б ахын гэдэсний орчимд баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхэд Б ёо ёо гээд тонгойсон. Би яав та зүгээр үү гэхэд Б ах зүгээр гэж хэлсэн.боловч тонгойсон чигээрээ гэр лүү явахаар нь би оруулж өгсөн. Б ахыг жижиг П ах өшиглөнгүүт би та яаж байнаа гээд түлхээд унагаасан. П ах гадаа цасан дээр хэвтсэн би орохгүй үхнэ гээд орилоод байсан учраас цасан дээрээс босгож гэрт оруулаад гутлыг нь тайлаад хувцастай нь унтуулсан. Тэгээд өглөө босоход талийгаач ёолоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 163-167 дугаар хуудас/,
- Гэрч Ж. Буын “...Дараа нь 21 цагийн үед байх Толбо сум руу явсан хүмүүс гэртээ ирсэн тэр үед би Ёгийн гэрт унтаж байсан ба тэд шууд манай гэрт орж ирсэн. Тэдний араас хажуу талын гэрт байсан Чангаа, том П. жижиг П нар орж ирсэн. Бид архи ууж байх үед жижиг П нэлээн согтсон гэрээс гараад явсны араас Б гараад явсан... манай гэрт байсан залуус гараад гэрт Ё, Хү, Г бид үлдээд сууж байхад гадаа байсан залуусын шуугилдах дуу сонсогдсон зарим нэг нь бөөлжиж байсан тул Ё хэн нэгнээр нь Баыг дуудуулсан ба Ё Бат наад хүмүүсээ амраа гэж явуулсан. Тэгээд бид 30 орчим минут юм ярьж байгаад гадаа гарахад үед бүгд амарсан байсан...миний хэвтэж байсан орны харалдаа гадаа хар панер хурааж тавьсан байсан тэрний хажууд хүмүүс хоорондоо ярилцсан дуу сонсогдсон. Тэр үед жижиг П, Б нар гэрт байгаагүй, гадаа байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 168-169 дүгээр хуудас/,
- Хохирогч Д.Эын “...Нөхөр маань 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 19-20 цагийн орчимд над руу ажлын газрын хүмүүсийн хамт Толбо сум руу ойр зуурын юм авахаар явж байна гэж ярьсан... гэтэл 2017 оны 09 дүгээр сарын 20-оос 21-нд шилжих шөнө 11 цагийн орчимд тус бригадын инженер гэх хүн утасдаад Бгийн бие муу байна, ар гэрээс нь хүн ирэх шаардлагатай байна, бид Ховдын төвд байна гэж хэлсэн... маргааш нь хадам аав Б Ховд аймаг руу яваад очсон хойноо над руу ярьж нас барсан талаар хэлсэн...архи хааяа найз нөхдийн хүрээнд хэрэглэдэг боловч уусан үедээ агсам тавьж байгаагүй. Архи хэтрүүлж хэрэглээд байдаггүй. Талийгаачид ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг байгаагүй. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаагүй цоо эрүүл хүн байсан. Өвчингүй эрүүл саруул, урьд өдөр нь зүгээр явж байгаад гэнэт бие нь өвдөөд Ховд аймаг хүргэгдэх замд нас барсан гэсэн. Миний хувьд гаднын нөлөө орсон гэж үзэж байна. Урьд орой нь ажилчид архи уусан гэж сонссон...бид бусдад зодуулсан гэж үзэж байна. Өөрийн хүү 7 настай Мөнгөншагай, 3 настай БатБа, 10 сартай Энхбаяр нарын хамт амьдардаг. Эрхэлсэн ажилгүй. Манай гэр бүлийг талийгаач Б тэжээн тэтгэдэг байсан. Оршуулгын зардалд 1,6 сая төгрөг гарсан. Талийгаачийг нас барснаас үүссэн сэтгэл санааны хохирол болон үр хүүхдээ тэжээж өсгөн хүмүүжүүлэхэд 10 сая төгрөгийг нэхэмжилж байна. Өмгөөлөгчид 5 сая төгрөг төлсөн. Тэнгэрлэг хийц ХХК-ийн захирал Ё ахад маш их гомдолтой, энэ хүн ирж уулзаагүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 28-29, 137-139 дүгээр хуудас/,
мөн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...шүүгдэгч Д.Пгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, өмнө нь нэхэмжилж байсан /18.246.328 төгрөг/ мөнгөө “Тэнгэрлэг хийц” ХХК-аас нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газарт хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор Баян-Өлгий аймгийн Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох Бураатын даваа гэх газарт байрлах “Тэнгэрлэг хийц” ХХК-ийн ажилчдын байрлаж байсан газарт үзлэг хийж “Ерөөл нэртэй 0,5 литрийн 2 шил архины шилийг хурааж авч” үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр, /1 дүгээр хх-ийн 3-7 дугаар хуудас/,
- Амь хохирогч Б.Бгийн цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 8-10 дугаар хуудас/,
- Амь хохирогч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэгдэх үед өмсөж явсан хувцас болон цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 11,12 дугаар хуудас/,
- Гэрч Т.Бын урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулах, явсан амыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 107-115 дугаар хуудас/,
- Шинжээч эмч Б.Цгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Би 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Бийн Бгийн цоцсонд шинжилгээ хийсэн. Амь хохирогчийн биед давсгийн арын хана задарсан гэмтлээс өөр гэмтэл байгаагүй учир тухайн гэмтэлд яаралтай эмнэлгийн мэс засал эмчилгээ хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой. Амь хохирогч Б.Бд учирсан гэмтлийг хэвлийн ЭХО шинжилгээгээр оношлох боломжтой. Бусад тохиолдолд оношлох боломжгүй. Сумын эмчлэгч эмч нь өвчтөний оношийг тодруулж чадаагүй, тодруулах боломжгүй бол дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэх ёстой байдаг. Өвчтөний биеийн байдлаас шалтгаалан дараагийн шатлалын эмнэлэгт хүргэж өгдөг. Ер нь бол суманд унаа машин ховор байдаг учраас өвчтөнийг хүргэж өгөх боломж таруу байдаг юм. Үзлэг хийх үед өвчтөний биеийн байдал ямар байсныг эмчлэгч эмч нь мэдэж байгаа. Үнэхээр хүнд байсан бол яаралтай Баян-Өлгий аймгаас түргэн тусламж дуудах, эсвэл өөрсдөө унаагаараа хүргэж өгөх байсан байх гэж бодож байна. Толбо сумаас Баян-Өлгий аймаг руу яаралтайгаар хүргэсэн бол оношилгоо, эмчилгээ, өвчтөний биеийн байдлаас шалтгаалан амь нас аврагдах боломжтой байсан байх магадлалтай. Ховд руу явах болсон шалтгаан нь эмнэлгийн яаралтай тусламжийг холдуулахад хүргэсэн байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-230 дугаар хуудас/,
-Гэрч Ргийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ Би Толбо сумын Эрүүл мэндийн төвийн дотрын хүний их эмч хийдэг. 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 14 цаг 40 минутын үед үл таних 2-3 хүн манай эмнэлэгт ирсэн. Уг хүмүүс өөрсдийгөө зам дээр ажиллаж байгаа гэсэн. Тэр хүмүүсийн дотор нь дарга нь гээд Ё гэж настай хүн байсан, хажууд нь нэг хүн өвдсөн гээд ирснийг үзсэн юм. Тэр хүний биеийн байдал нь хүндэвтэр, өөрөө явж ирсэн. Уг хүн өөрөө хэвлийн хэсгээр хатгаж, базалж, мушгиж өвдөж байна гэсэн. Би өвчтөний биеийн ерөнхий байдалд нь үзлэг хийхэд биеийн байдал нь хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаа сул, байрлал албадмал, арьс салст нь цайж цонхийсон, мах мярааны байдал ердийн, арьс нь хуурайшсан хүйтэн, нүдний склер цайвар, хэл зузаан өнгөртэй, уруул ягаан хуурайшсан, уушги хоёр талдаа цулцангийн амьсгалтай, нэг минутад 19 удаа, зүрхний авиа тод, хэм жигд, пульс нэг минутад 89 удаа, артерийн даралт хоёр талдаа 110/70 мм,муб, хэсэг газрын үзлэг баруун хавирганы нумаар эмзэглэн, хэвлий нийлэмхийдээ цардгар, дүүрсэн, зөөлөн бус, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдсан байсан. Тухайн үед бичсэн амбулаторийн үзлэгийг хуулбарлан мөрдөгчид өгсөн. Өвчтөн болон дагуулж ирсэн хүмүүсээс ямар гэмтэл авсан юм бэ гэж асуухад гэмтэл аваагүй гэж хэлсэн. Тэр өвчтөнөөс өөрөөс нь тодруулж та биеийн хэвлий болон аль нэг хэсэгтээ гэмтэл авсан биш үү гэж асуухад гэмтэл аваагүй гэж хариулсан. Тэгээд өвчтөнийг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг рүү илгээх хуудас бичиж явуулсан. Би өвчтөний биед үзлэг хийхэд ил харагдах ямар нэгэн гэмтэл авсан шинж тэмдэг байгаагүй. Өвчтөний хэвлий тус газар өвдөж байгаа гэхээр нь үзэхэд гэмтэл байгаагүй, харин бэлэн эрхтэн орчмыг нь хараагүй. Би тэр хүнд шээс гарахгүй байгаа бол катетрээр шээсээ авхуулах уу гэхэд өөрөө шээс бага багаар гарч байгаа гэж дургүйцэж хүлээн зөвшөөрөөгүй юм. Би тэр өвчтөнөөс асуухад өчигдөр орой 21 цагт хоёр шил архи уусан ба толгой шийр идсэн гэж өөрөө хэлсэн. Харин хажууд нь явж байсан дарга гэх Ё тухайн орой хөл нүцгэн явж байсан, даарсан байж магадгүй гэсэн. Мөн өвчтөнөөс ямар нэгэн хүмүүстэй зодолдсон асуудал гарсан уу гэхэд тийм асуудал болоогүй гэсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 188-189 дүгээр хуудас/,
- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай Бгийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтэнд: “Б.Бгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр давсгийн ар ханын том хэмжээний задарсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, баруун өвдгөнд 4х3,5 см цус хуралт, баруун шилбэнд 1.4х0.8 см өнгөц зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цохигдох, унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн улмаас шоконд орж нас барсан. Цогцост илэрсэн өөрчлөлтүүдээс харахад нас бараад 10-15 цагийн хугацаа өнгөрсөн байх боломжтой байна, түүний цогцсоос авсан шингэн цусанд этилийн спирт илрээгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 65-67 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.О, Ц.О, Т.С нарын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1236 дугаартай “...давсаг гаднын хүч үйлчлэхгүйгээр өөрөө хагарах боломжгүй. Давсаг урагдах гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэвлий, давсаг орчимд хүч үйлчилсэн тохиолдолд гэмтэнэ. Давсаг зөвхөн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр задарч гэмтэнэ. Давсаг задарсан тохиолдолд биеийн ил хэсэгт гэмтэл үүсэхгүй байж болно” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 215-216 дугаар хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Пгийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 156 дугаартай “Д овогтой П /РД:МТ82012214/-гийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан тоот /2 дугаар хх-ийн 33 дугаар хуудас/,
- 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр олгосон, РД:МТ82012214, овог З, эцэг /эх/-ийн нэр Д, нэр П, яс үндэс халх, хүйс эрэгтэй, төрсөн огноо 1982/01/22, төрсөн газар Сэлэнгэ, Сүх Ба хот гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дугаар хх-ийн 34 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.П нь харилцах, хадгаламж, хугацаагүй хадгаламж, зээлийн ямар нэгэн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон Капитал, Капитрон, Голомт, Хас банкнуудын тодорхойлолт /2 дугаар хх-ийн 40-44 дүгээр хуудас/,
- Шүүгдэгч Д.П нь ХААН банк болон Төрийн банканд данстай болохыг тодорхойлсон депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хх-ийн 38-39, 45-46 дугаар хуудас/
- Гэрч Н.Нн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.П нь их ажилсаг, бусдад тусархуу...архи уудаггүй, тамхи татдаг... их даруу төлөв, үг дуу цөөтэй, элдэв муу зуршилгүй, тусч сэтгэлтэй, ээрч гацдаг боловч дуу дуулах сонирхолтой” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 207 дугаар хуудас/,
- Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.П нь бусадтай их эвсэг харьцаатай, уг дуу цөөтэй, өөрөө гацдаг болохоор үг цөөтэй байх гэж боддог, ажилсаг, хөдөлмөрч, бусдад тусархуу сэтгэл сайтай залуу юм” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 206 дугаар хуудас/,
-Гэрч Н.Пгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Д.П нь зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй даруу төлөв, бусдад тусархуу, өглөгч, бусдын төлөө их санаа тавьдаг. Ажилсаг, хөдөлмөрч, уг дуу цөөтэй. Гацаж ээрдэг тул бусадтай олон зүйл яриад байдаггүй. Их өрөвч зөөлөн сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Архи уудаггүй, уухаараа маш бага хэмжээтэй хэрэглээд тасраад унтчихдаг...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 204-205 дугаар хуудас/,
- Гэрч Д.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Д.П нь зан байдлын хувьд төлөв түвшин, бусдын өмнөөс юм яриад байдаггүй, багасаа гацаж ээрдэг учраас их зүйл яриад байдаггүй, үг дуу цөөтэй, даалгасан ажлыг чанартай сайн хийдэг ажилсаг, хөдөлмөрч, бусадтай нээлттэй ярилцаж чаддаггүй, бусдын үгэнд автамтгай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, /1 дүгээр хх-ийн 202-203 дугаар хуудас/,
-Гэрч Д.Дгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Д.П нь урьд өмнө хүнтэй гэр бүл болж байгаагүй, зан байдлын хувьд төлөв даруухан, бусдад тусархуу, шаргуу ажилсаг, хөдөлмөрч, тамхи татдаг, архи хаяа хэрэглэдэг, архи хэрэглэсэн үед элдэв муу зан авир гаргадаггүй. Хүнийхээ хувьд их уян зөөлөн, бусад зөв боловсон харьцаатай, найз нөхдийнхөө хүрээнд нэр хүндтэй, хүний өмнөөс илүү зүйл яриад байдаггүй, багаасаа бага зэрэг гацаж, ээрдэг, хурдан ярихаар ээрээд байдаг, аймхай зантай залуу юм...” /1 дүгээр хх-ийн 198-199 дугаар хуудас/
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн шүүгдэгч Д.Пгийн эрүүл мэндийн байдлыг тодруулсан өвчний түүх болон хэрэгт авагдсан бусад баримт болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, үүний улмаас өөрийгөө эрүүл саруул ухаанаар удирдан жолоодох чадваргүй болсон байдал, хохирогчийн өөрийн эрүүл мэндийг анхааралгүй, эмчилгээ авах боломжтой нөхцөл байдлыг удаашруулан, өвчин намдаах эмээр аргалж цаг хугацаа алдсан нь нөлөөлсөн байна.
Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, эрүүл мэндэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэйг болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа түүнтэй зууралдаж, заамдалцан маргаж амь хохирогчийн хэвлий рүү өшиглөснөөс болж түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан буюу давсаг нь задарсан гэмтэл нь хүндэрч нас барах шалтгаан болжээ.
Шинжээчийн мэдүүлгээс /хх-ийн 229-230 дугаар хуудас/ үзвэл тухайн үед, цаг алдалгүй эмчилгээ хийсэн бол Б.Бгийн амийг аврах боломжтой байжээ. Гэвч амь хохирогч Б.Бнь Толбо сумын эмчид хэвлий тус газраа ямар нэгэн гэмтэл аваагүй гэж бодит байдлыг нуун дарагдуулсны улмаас үзлэг оношилгоог үнэн бодитоор хийхэд саад учруулсан, эмнэлгийн яаралтай тусламж авах нөхцөлийг алдагдуулсан, Толбо сумаас 70 км зайд байрлах Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэг явалгүй Ховд аймгийн эмнэлэг явна гэснээр зохих эмчилгээ хийх цаг хугацааг алдагдуулсан байна. Энэ нь гэрч Н.Ёгийн мэдүүлэгт: “...Бд Баян-Өлгий явах юм байна гэхэд миний өвчин намдаад гайгүй болж байна, хэл мэдэхгүй газар очоод яахав, өнөө шөнөдөө ажиглаад болохгүй бол маргааш Ховд аймаг явъя гэсэн...” гэх мэдүүлэг, Гэрч Ргийн: “...өвчтөнөөс ямар нэгэн хүмүүстэй зодолдсон асуудал гарсан уу гэхэд тийм асуудал болоогүй гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Бу нарын нарын мэдүүлгээр нотлогдож байна.
Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Пгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Пгийн хэвлий буюу давсаг тус газар цохисноос болж Б.Бнас барсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтэнд: “...Б.Бгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр давсгийн ар ханын том хэмжээний задарсан шарх, хэвлийн хөндийн дотуур цус алдалт, баруун өвдгөнд 4х3,5 см цус хуралт, баруун шилбэнд 1.4х0.8 см өнгөц зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цохигдох, унах, мөргөгдөх үед мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн улмаас шоконд орж нас барсан. Цогцост илэрсэн өөрчлөлтүүдээс харахад нас бараад 10-15 цагийн хугацаа өнгөрсөн байх боломжтой байна, түүний цогцсоос авсан шингэн цусанд этилийн спирт илрээгүй..” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 65-67 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Одончимэг, Ц.Оюун-Эрдэнэ, Т.Сэлэнгэ нарын гаргасан 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1236 дугаартай дүгнэлтэнд: “...давсаг гаднын хүч үйлчлэхгүйгээр өөрөө хагарах боломжгүй. Давсаг урагдах гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэвлий, давсаг орчимд хүч үйлчилсэн тохиолдолд гэмтэнэ. Давсаг зөвхөн гаднын хүчин зүйлийн нөлөөгөөр задарч гэмтэнэ. Давсаг задарсан тохиолдолд биеийн ил хэсэгт гэмтэл үүсэхгүй байж болно” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 215-216 дугаар хуудас/, гэрч Н. Ёгийн “...П, Б нарын үг хэл олшроод ирсэн. Тэр хооронд залуу П, Б нар гараад явсан...гэрийн гадна хүмүүсийн дуу чимээ гараад байсан учраас Бат хандаж наад хүмүүсээ оруулж унтуулж амруул гэж хэлсэн”, гэрч Оюунчимэгийн “Би 11 цагийн үед гэрт нь орж гал түлэхэд ахынх нь бие өвдөөд босож чадахгүй байна гээд доош харчихсан дөрвөн хөллөөд байсан...Үдээс хойш бие нь зүгээр болохгүй улам муудаад байсан учраас Ховд аймгийн төв рүү 19 цаг өнгөрч байхад гарсан. Б замд жоохон яваад машин зогсоолгоод цай уугаад явахгүй байсан. эмнэлэгт очоод босоорой гээд татсан чинь бие нь хөшчихсөн байсан...Би гэрээс гараад Ё ахын гэрт ороход Б ах хөл нүцгэн, Ба Б ахыг хөтөлсөн явж байсан. Би Бат Б ахыг гэрт оруулж унтуул гэж хэлсэн. Энэ үед гадна залуу П цасан дээр орилоод хэвтэж байсан. Пг Ба л оруулсан байх. Би гэр лүү орох гэж байхад Бг Ба гэр луу оруулж байгаа харагдсан” гэх мэдүүлэг, гэрч Баын “Д.Пг...өшиглөнгүүт Б ах ёо ёо гээд тонгойсон ..” гэх мэдүүлэг, гэрч Ж. Буын “...Бид архи ууж байх үед жижиг П нэлээн согтсон гэрээс гараад явсны араас Б гараад явсан...манай гэрт байсан залуус гараад гэрт Ё, Хү, Г бид үлдээд сууж байхад гадаа байсан залуусын шуугилдах дуу сонсогдсон зарим нэг нь бөөлжиж байсан тул Ё хэн нэгнээр нь Баыг дуудуулсан ба Ё Бат наад хүмүүсээ амраа гэж явуулсан.Тэр үед жижиг П, Б нар гэрт байгаагүй, гадаа байсан” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, Д.П нь Б.Бгийн гэдсэнд өшиглөснөөс болж хүнд гэмтэл буюу давсаг нь задарч, хэвлийн хөндийд дотуур цус алдалт үүсэж үүний улмаас нас барсан болох нь шалтгаант холбоотой байна.
Иргэдийн төлөөлөгчийн: “...хохирогчийн нас барсан үйлдэлд Д.П гэм буруутай гэж үзлээ...” гэх санал нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалт тохирч байна.
Шүүгдэгч, хохирогчийн өмгөөлөгч нараас гэрч Н.Ёг иргэний хариуцагчаар татах хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлгүйг дурдаж байна. Учир нь тухайн гэмт хэрэг нь ажлын байранд, ажлын цагаар үйлдэгдээгүй, үйлдвэрлэлийн осол гараагүй, Д.Пгийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч нас барсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа. Мөн хохирогчийн өмгөөлөгчийн Н.Ёг иргэний хариуцагчаар татах тухай үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын нэрийн өмнөөс гарах шүүхийн шийдвэр нь шийтгэх, эсхүл цагаатгах хэлбэртэй байна” гэснээр тус шүүх хуралдаан дээрээс мөрдөн байцаалтанд хэргийг прокурорт буцаах хуулийн зохицуулалт байхгүйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх гэмт хэрэгт шууд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хүнд хохирол буюу давсаг задрах, хэвлийн хөндийн дотуур цус алдалт байсан байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэснээр Б.Бгийн биед хүнд гэмтэл учирсны улмаас дараа нь амь хохирсон явдал нь хор уршиг, мөн энэ гэмт хэргийн улмаас сүүлд нь учирч буй оршуулгын зардал 2.326.100 төгрөг нь хор уршигт тооцогдоно.
Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд нэхэмжилсэн: “талийгаачийг нас барснаас хойш оршуулгын зардалд 3.200.000 төгрөг, сэтгэл санааны хохирол болон үр хүүхдүүдээ тэжээж өсгөж хүмүүжүүлэхэд нийт 20.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 137 дугаар хуудас/, мөн хохирогч Д.Эын “өмгөөлөгчийн хөлсөнд 5.000.000 төгрөг, буяны ажилд зориулж хэрэглэсэн хүнсний болон бусад зүйлст 1.661.100 төгрөг гарсан. Бусад зардлыг...шүүхийн шатанд нэхэмжлэх болно. Сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг 1 дүгээр хх-ийн 138-139 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, түүнд гомдол саналгүй, харин Г.Ёгоос нэхэмжилж байна” гэжээ.
Хохирогчийн сүүлд өгсөн мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Д.П нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Эд 4.400.000 төгрөг төлсөн болох нь ХААН банкны 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлэг /2 дугаар хх-ийн 95 дугаар хуудас/, ХААН банкны 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн мөнгөн шилжүүлэг /2 дугаар хх-ийн 107-108 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан баримтуудыг шүүх шинжлэн судлаад иргэд байгууллага хооронд байгуулсан банкны зээлийн гэрээг үндэслэн энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол, хор уршиг гэж зээлийн үлдэгдэл 420,228.22 төгрөгийг /2 дугаар хх-ийн 85 дугаар хуудас/ төлүүлэх үндэслэлгүй, мөн өмгөөлөгч нартай байгуулсан өмгөөллийн гэрээний дагуу төлөх 5.000.000 төгрөгийг хохирогч нь өөрийн эрх ашгаа хамгаалуулахаар хэдэн ч өмгөөлөгчтэй, хичнээн ч төгрөгөөр гэрээ байгуулж, өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлүүлэх боломжтой бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгч авах хуулийн үндэслэлд хамаарахгүй, мөн төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг улсын өмгөөлөгчөөр өмгөөлүүлсэнтэй холбоотой зардал биш байх тул шүүх энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж үзээгүй болно. Мөн 5 тн нүүрс буюу 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг гэж шүүх үзээгүй болно.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Эын нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 10.000.000 /арван сая/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, мөн уг гэмт хэргийн улмаас амь хохирогчийн 1 настай хүү Б.Энхбаяр, 4 настай хүү Б.БатБа зэрэг 2 хүүхэд нь хагас өнчин үлдсэн хүүхдүүдийг тэжээн тэтгэхтэй холбоотой нэхэмжлэл гарч болохыг харгалзан хойшид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлээ. Иймд хохирогчийн нийт нэхэмжилсэн 18.246.328 төгрөгөөс 1.661.100+665.000=2.326.100 /2 дугаар хх-ийн 75, 84 дүгээр хуудас/ төгрөгийг нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүх үндэслэлтэй гэж үзэн, 15.920.228 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд 4.400.000 төгрөг төлснөөс хохирогчийн үндэслэл бүхий нэхэмжлэлийн 2.326.100 төгрөгийг хасаж тооцвол шүүгдэгч нь хохирогчид 2073900 төгрөг илүү төлсөн байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Пгийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн нэхэмжлэлийг төлсөн, мөн илүү төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байгаа бөгөөд урьдаас бэлдэж бусдын биед хүнд гэмтэл учруулах шууд санаа байгаагүй, үүний улмаас хүний амь насанд хүрэх зорилгогүй байсан учир тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлд хамааруулсан.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Н.Ё, Ц.Г, О.О, Ц.Чангаа, О.П, Т.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүйг дурдаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Пд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 4.400.000 төгрөг төлж барагдуулсан, шүүгдэгчийн эрүүл мэнд, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, цагдан хоригдсон хугацаа зэргийг харгалзан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.П нь энэ хэргийн учир 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хойшлуулшгүйгээр сэжигтнээр баривчлагдаж 48 цаг цагдан хоригдсон ба 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүртэл 27 хоног цагдан хоригдсон буюу нийт 29 хоног цагдан хоригдсон болох нь мөрдөгчийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” тогтоол, “сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл”, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “Д.Пг баривчлах тухай” 06 дугаар захирамж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаартай “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамж зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Пгийн цагдан хоригдсон 29 хоногийг түүний эдлэх ялаас нь хасах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн өнөөдрөөс эхлэн цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгч Д.Пгийн өмчлөлийн 79-39 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн 2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн “Chevrolet Cruze” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн /хх-ийн 117-124 дүгээр хуудас/ ба шүүгдэгч Д.П нь хохирогчид төлөх төлбөргүй, түүнд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ шүүхээс аваагүй тул уг автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.
Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн зарим хор уршгийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, 1032971 дугаартай жолооны үнэмлэх зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З овогт Дийн Пг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.Пг 3 /гурав/ жил 4 /дөрөв/сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пд оногдуулсан 3 жил 4 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пгийн баривчлагдаж, цагдан хоригдсон 29 хоногийг хорих ялын 29 хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хассугай.
5. Шүүгдэгч Д.П нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Пгийн эзэмшлийн 79-39 УВХ улсын дугаартай цэнхэр өнгийн 2002 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн “Chevrolet Cruze” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Пгийн эрүүл мэндийн дэвтэр 1 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг, жолооны үнэмлэх 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.
8. Шүүгдэгч Д.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.