Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               М.Мэндбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                        А.Мөнхбат

Шүүгдэгч                                                                   *******

Нарийн бичгийн дарга                                         Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2421005120042 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1995 оны 06 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, МТ шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Силикат хорооллын ******* байрны ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 36 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/

2. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Сүх-Индэр ХХК-ийн зүүн талын төв зам дээр Тоёота Камри маркийн ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан хохирогч *******ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******ийн *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 /арав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс гэм хорын хохиролд 106,920,000 /нэг зуун зургаан сая есөн зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т олгож,

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  СД-г хэрэгт хавсаргаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний хувьд болсон хэргийн талаар болон зүйлчлэлийн талаар огт маргаагүй, өөрийн гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээж хүний амь нас хохироосондоо өөрийгөө зүхэж маш их харамсаж байна.

Би үр хүүхэдтэй болж чадахгүй эмнэлгээр яваад үр тогтох магадлал маш бага энэ байдал улам багасч боломжгүй болж байна гэж сонсоод сэтгэл санаа хямарч тухайн үед нөхөр маань ээлжийн ажилтай явчихсан, яриад суух найз нөхөд, ах дүү ойр дотны хүн байхгүй гэртээ пиво уусан. Өглөө нь Бунхан толгой гарч сэтгэл санаагаа тайвшруулах зорилгоор явахдаа осол гаргасан.

... Анхан шатны шүүх хуралдаанд миний өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байгааг тайлбарлаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түний өмгөөлөгчийн зүгээс мөн энэ талаар саналаа хэлж хөнгөрүүлж ял шийтгэл оногдуулахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлж байсан. Иймд надад оногдуулсан хорих ялыг 1 жилийн хорих ял болгож өгнө үү, мөн шүүхээс гаргуулсан хохирлыг багасгаж өгнө үү.” гэв.

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгчийн хувьд тухайн болсон явдлын талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү шүүхээс оногдуулж байгаа шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлж, ялын доод хэмжээний 2/1-ээс доошгүй хэмжээний хорих ялаар шийтгэх боломжтой тул түүний гаргасан гомдлыг дэмжиж байна. Түүнчлэн  анхан шатны шүүхээс 106 920 000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ амь хохирогчийн насжилтыг тооцож гаргасан. Шинжээчийн дүгнэлтээр бол 2 дугаар зэрэгт багтаан заасан байдаг. Тухайн зэрэглэлийг харгалзах боломжтой учраас хохирлын хэмжээг багасгаж өгнө үү.” гэв.

 7. Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч *******ийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Түүнд оногдуулсан ялын хэмжээ нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын хамгийн бага хэмжээ бөгөөд гэм буруугийн хэмжээнд тохирсон байна гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон. Мөн шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэх үедээ согтуурсан байдалтай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйл заалтыг шүүх заавал хэрэглэх үүрэггүй. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.” гэв.                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.

4. Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 08 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Сүх-Индэр ХХК-ийн зүүн талын төв зам дээр Тоёота Камри маркийн ******* УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан “жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгон явна.”, мөн дүрмийн 12.3-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж улаан өнгийн, улсын дугааргүй мотоциклийг жолоодон явсан хохирогч *******ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх 115-116, 119, 238/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх 35, 37, 239-240/,

мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлсэн гэрч /хх 39-40/, /хх 42-43/, /хх 46-47/, /хх 49/, /хх 51/, /хх 53/ нарын мэдүүлгүүд,

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн  шинжээчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 117 тоот дүгнэлт /хх 57-60/,  тус төвийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 306 тоот дүгнэлт /хх 70-71/, мөн тус төвийн автотехникийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ДОР0225/005 тоот дүгнэлт /хх 90-94/,

Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер ын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 28 тоот дүгнэлт /хх 76-77/,

Нийслэлийн шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1526 тоот дүгнэлт /хх 82-83/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 16/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 17-20/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 21/, зам тээврийн ослын схем зураглал /хх 23/, эд зүйл /тээврийн хэрэгсэл/-д үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 24-27/, телекамерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-29/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх 32/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 56/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх 69/, автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх 109/ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх 145-184/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, мөн шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

6. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолохоор шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдалд тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

7. Шүүгдэгч ******* нь “... хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг багасган 1 жил болгох буюу доод ялын ½-г оногдуулж өгнө үү. ... хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид анхан шатны шүүхийн шийдвэрээр төлбөл зохих 106 920 000 төгрөгийг багасгаж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Тухайлбал, шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч хүнд хор уршиг учирсан, мөн анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан хорих ялын хамгийн доод хэмжээ болох 2 жилийн хорих ялыг оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэг хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудаас гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн саналыг тус тус харгалзан үзсэн байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг дахин багасгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас амь хохирогч *******ын гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг тогтоохдоо нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтай байдлаар тооцон шүүгдэгчээс 106 920 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх ба уг хохирлын хэмжээг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

8. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/85 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                              Ц.ЭРДЭНЭЗУУ

       ШҮҮГЧИД                                                                                С.ГАНЧИМЭГ

                                                                                       Г.УРТНАСАН