Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ШЦТ/088

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж 

улсын яллагч, хяналтын прокурор М.Ф 

нарийн бичгийн дарга К.Е 

Орчуулагч, хэлмэрч А.Е

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Б 

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-ын Д-д холбогдох 1713000000056 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1972 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт оршин суух, урьд  ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Х-ын Д, РД:БВ********

Шүүгдэгч  Х.Ды  холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус багийн иргэн Х.Еийн гэрт түүнтэй хамт архи уугаад дахиад архи авахаар мөнгө гаргаж өгснийг хардаг ба Х.Е согтож унтсан үед мөнгө хулгайлах санаа төрж авдраас гялгар уутанд ороогоод тавьсан бэлэн 740000 төгрөг болон 3 ширхэг хадгаламжийн дэвтрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багт, иргэн Х.Еийн гэрт түүнтэй хамт архи ууж байгаад, түүний архи авахаар авдраасаа мөнгө гаргаж өгснийг харж, Х.Е согтож унтсан үед мөнгө хулгайлах санаа төрж, авдраас гялгар уутанд ороогоод тавьсан бэлэн 740000 төгрөг болон 3 ширхэг хадгаламжийн дэвтрийг хулгайлсан байна.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хохирогч Х.Еийн:“...2017 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр Х.Д манайд ирж архи уусан ба би дахин архи авахаар болж авдранд байсан 750.000 төгрөгнөөс 10,000 төгрөгийг аваад дахин архи авсан. Тэгээд үлдсэн 740.000 төгрөгийн 3 хадгаламжийн дэвтрийн хамт гялгар уутанд ороогоод авдранд хийгээд тавьсан. Тухайн үед манай гэрт иргэн Х.Д л байсан. Тэгээд би таньдаг хүнээс нэг “Ерөөл” нэртэй архинаас 0.5 литрийн архи авчирсан. Тэр үед иргэн Х.Д гэрийн гадаа хонь харж байсан ба бид хоёр гэр лүүгээ ороод уг архийг хувааж уугаад дуусах дөхөж байх үед С.А ороод ирсэн. Тэгээд С.А архинаас 2 хундага уусан. Тэгээд би нилээд согтсон ба унтах гэж оронд ороход гэрт Х.Д, С.А нар сууж байсан. Дараа нь миний хөлсний малчин С орж ирээд морь сойхоор гадаа гараад явсан байсан  Тэгээд авдрнаас мөнгө алга болсоныг 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр мэдсэн. Хохирлоо   бүрэн   барагдуулж  өгсөн,   бид   хоёр   сайн   дураар эвлэрсэн, ямар нэгэн гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35, 158-159 дүгээр хуудас/,

- Гэрч  С.Ан:“...2017 оны  09 дүгээр сарын 28-ны өдөр Х.Дтай   Х.Еийн гэрт очиход тааралдсан. Х.Еийн гэрт Х.Д хоёр “Ерөөл”  нэртэй архи уугаад сууж байсан. Би тэр архинаас хундага архи уусан ба хэсэг хугацааны дараа Х.Еийн малчин гаднаас ирээд буцаад гадаа гарсан. Би араас нь юм асуухаар гарсан ба гэрт Х.Д болон  Х.Е  нар  үлдсэн,  Х.Е согтоод унтаад өгсөн. Тэгээд буцаад гэрлүү ороход Х.Д авдрын өмнө, зүүн карманд ягаан өнгийн юм хийж байсан. Яг юу хийж байсныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

- Гэрч С.Хын:"...2017 оны 09 дүгээр сарын 28-ны орой би үхэр харахаар гараад явж байхад иргэн Х.Дтай тааралдсан. Тухайн үед Х.Д гартаа мөнгө барьсан тэрийгээ тоолоод зогсож байсан. Тэгэхлээр би Х.Дд чи наад их мөнгийг хаанаас авсан бэ гэж асуухад надад мөнгөнүүдийг олж авсан гэж хэлээд тухайн менгөнүүдийг халаасандаа хийж авсан. Мөн гартаа ягаан өнгийн хадгаламжийн дэвтэр барьж зогсож байсан ба тухайн дэвтэр болон мөнгийг ягаан өнгийн уутанд ороогоод халаасандаа хийж авсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

- Гэрч А.Жгийн: “...2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 19-20 цагийн үед гадаа харанхуй болж байхад манайд X.Д ирсэн. Бид нартай цуг цай ууж байгаад өмднийхээ халааснаэс 20.000 төгрөгийн дэвсгэрт 4 ширхэг мөнгө  гаргаж  ирээд  зун   авсан  өрөө  өгнө гэж хэлээд  надад хорин мянгатын дэвсгэрээс 3 ширхэг буюу 60.000 төгрөг өгсөн. Тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

- Гэрч Т.Кын: "...Манай нөхөр болох Х.Е бид хоёр 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хагас сайн өдөр өглөө цайллаганд явах гэж байгаад нөхөр   авдрнаас мөнгө авахаар болж онгойлгоход 740.000 төгрөг болон 3 хадгаламжийн дэвтэр байхгүй байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,

- Гэрч Х.Сын: "...орой 17 цагийн үед би Еийн гэрт очиход тэдний мал гэрийнхээ ойролцоо байхаар нь би шууд Еийн гэрт орсон. Тэр үед Е ах болон Д, А нар дундаа “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи тавьсан уугаад сууж байсач ба Е ах нийлээн согтуу бэйдалтай байсан. Д халамцуу. А эрүүл шахуу байсан. Тэгэхээр нь би Е ахад та унтаж амар гэж хэлээд гадагшаа тугал харахаар гараад явсан" гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,  

- Эд   зүйлд   үзлэг   хийж,   хүлээлгэн   өгсөн   тэмдэглэл,    гэрэл   зургийн үзүүлэлтээр /хх-ийн 3-9 дүгээр хуудас/, 

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-24 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч X.Д нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх хуулиар олгогдсон эрхтэй боловч тэрээр өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн: “...би архийг Х.Еийн гэр лүү ороод уугаад дуусах дөхөж байтал гаднаас С.А ороод ирсэн. А үлдсэн архинаас нэгээс хоёр хундага л уусан тэгээд архи дууссан. Тэгээд байж байтал гаднаас Еийн хөлсний малчин С орж ирээд Ет та одоо унтаж амар гэж хэлээд гараад явсан ба хойноос нь А ч бас гарсан. Тухайн үед Е нэлээн согтсон ч би халамцуу байсан ба Е орондоо хэвтээд унтаад өгсөн. Тэгэхлээр нь би Еийн эсгий гэрийн зүүн тапд байсан орны дээд талд байсан орны дээд талд байсан модон авдрын тагийг онгойлгоод гялгар уутанд ороогоод тавьсан мөнгийг аваад өмсөж явсан пальтоны баруун талын халаасанд хийгээд авсан. Тэгээд шууд гадаа гарсан. Би өөрийнхээ гэрийн хойно байдаг элсэн толгойд гараад мөнгө гаргаж ирээд тоолсон, нийт 740.000 төгрөг болон ягаан, хөх, нэгийг нь сайн мэдэхгүй байна 3 ширхэг хадгаламжийн дэвтэрүүд байсан. Би мөнгөө тоолж байхад Хавдраш гэдэг хүн гараад ирэхээр нь буцаагаад  халаасандаа хийгээд гэртээ ирээд амарсан. Маргааш нь 11 цаг өнгөрөөд уг зүйлүүдийг элсэн толгойд очоод харганы ёроолд элсэнд булаад нууж тавьсан. Би хохирлыг барагдуулж өгсөн, хоорондоо сайн дураараа эвлэрсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 156-157, 165 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. 

Шүүгдэгч Х.Ды хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:

- 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр олгосон РД:БВ72062014, овог Х, эцэг /эх/-ийн нэр Х, нэр Д, төрсөн огноо 1972-06-20 гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын төрийн сангийн төлөөлөгч Н.Мендигүлийн “Баяннуур сумын 1 дүгээр багийн иргэн Х овогтой Д нь 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор: тэмээ 2, адуу 10, үхэр 35, хонь 35, ямаа 111, бүгд 191 толгой мал тоолуулсан болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 64 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 1 дүгээр багийн Засаг даргын “Х овогтой Д нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт тус сумын 1 дүгээр багт оршин суудаг. Төлөв даруу зантай, уг дуу бага, хаяа архи хэрэглэдэг” гэх тодорхойлолт /хх-ийн 65 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэргийг мөрдөн байцаалтанд буцааж, шүүгдэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлснээс өөрөөр мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. 

Шүүгдэгч Х.Д нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдын эд хөрөнгийг, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд байхдаа бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулсан буюу хулгайлж авсан 740.000 төгрөгөөс 50000 төгрөгийг авч Жазирад өгөх ёстой өрөндөө өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Х.Ет хохирол учирсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Д иргэн Х.Еийн 740.000 төгрөг болон 3 ширхэг хадгаламжийн дэвтрийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Х.Д нь хохирогч Х.Еийн авдраас бэлэн мөнгө, хадгаламжийн дэвтэр хулгайлсан нь уг авдар цоожгүй, цоож хийх боломжгүй болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул “...тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч...” гэх хулгайн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүй, мөн 3 ширхэг хадгаламжийн дэвтрийг хулгайлсан нь тухайн зүйл гялгар уутанд байсан, юу болохыг мэдээгүй хулгайлсан, хулгайн гэмт хэргийн ул мөрийг баллах зорилгоор элсэнд нуусан болох шүүгдэгчийн мэдүүлэг болон бусад баримтаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 23.3 дугаар зүйлд заасан “..эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон, төлбөр, тооцоо хийснийг баталсан баримт бичгийг зориуд хулгайлсан, нуусан...” гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдээгүй, шүүгдэгч Х.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсэн байх тул дээрх иргэнд учирсан үр дагавар бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол юм. 

Иймд шүүгдэгч Х.Ды үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу хүний эд хөрөнгийн халдашгүй байх эрхэд халдаж 740.000 төгрөг болон 3 ширхэг хадгаламжийн дэвтрийг хулгайлснаас хохирогч Х.Ет бага хэмжээний хохирлоос дээш буюу 740000 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгээр /хх-ийн 33-34 дүгээр хуудас/ болон бусад баримтаар нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээ үнэн зөв байна. 

Хохирогч Х.Ет мөрдөн байцаалтын шатанд 740.000 төгрөг болон 3 ширхэг хадгаламжийн дэвтэр зэргийг биет байдлаар нөхөн төлөгдсөн /хх-ийн 69 дүгээр хуудас/, шүүгдэгч Х.Ды мэдүүлэг /хх-ийн 156-157 дугаар хуудас/ зэргийг үндэслэл болгож шүүгдэгчийг түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Ды үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Х.Д нь үйлдсэн гэмт хэргүүдээ хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч энэхүү гэмт хэргийг үйлдэхдээ урьдаас төлөвлөж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүгдэгчийг гэм буруутай болохыг үндэслэл болгосон нотлох баримтууд болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж, нийгэмшүүлэх зорилгоор, эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөр төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзэж түүнд нийгмээс тусгаарлахгүйгээр, хуульд заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х.Ды үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байна. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Х.Ды  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Ды  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Ды эзэмшлийн нас бие гүйцсэн 800.000 төгрөгийн үнэтэй 1 морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгов.

Шүүгдэгч Х.Ды эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт буцаан олгож, иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Х-ын Дыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Х.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч Х.Ды эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт буцаан олгож, иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Ды эзэмшлийн нас бие гүйцсэн 800.000 төгрөгийн үнэтэй 1 морийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.А