Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

*******д холбогдох  эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүгч С.Ганчимэг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                               Э.Хилчинбаатар

Яллагдагч                                                                 *******

Нарийн бичгийн дарга                                          Г.Чинзориг нарыг оролцуулан

Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/309 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Хилчинбаатарын бичсэн эсэргүүцлээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2521000000112 дугаартай хэргийг 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. ******* овогт *******ийн *******, Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, артиллер мэргэжилтэй, хөлсөөр мал малладаг, ам бүл 1, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Цэнхэр хорооллын ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. Урьд:

Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн хасаж, 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж байсан. /РД: *******/.

2. Яллагдагч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, хойд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй, Хьюндай Соната-7 маркийн ******* УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

3. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

4. Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд: “...Эрүүгийн 2521000000112 дугаартай хавтаст хэрэгт “******* В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, хүчинтэй хугацаа 2030.05.08” гэсэн жолоочийн мэдээллийг агуулсан Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа /хх-ийн 42/, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЗШ/131 дугаартай “*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” талаарх шийтгэвэр /хх-ийн 36-39/ тус тус авагджээ.

Гэтэл ******* нь “жолоодох эрхтэй” гэх Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа, мэдээлэл нь нотлох баримтын шаардлага хангахгүй /лавлагаа гаргасан албан тушаалтны гарын үсэг байхгүй, тамга тэмдэг дарагдаагүй/, үнэн зөвийг баталгаажуулаагүй, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЗШ/131 дугаартай “*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” шийтгэвэр нь хэзээ хуулийн хүчин төгөлдөр болсон нь тодорхойгүй, тэр талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар яллагдагч ******* нь тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн эсэх нь эргэлзээтэй байхад прокурор яллагдагчийн дээрх үйлдлийг гэмт хэрэг гэж үзэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

5. Прокурор Э.Хилчинбаатар эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Яллагдагч ******* нь 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 2025/3Ш/131 дугаартай шийтгэвэрээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулж, энэхүү шийтгэвэр нь албажиж гарахаас өмнө тухайн өдрөө  2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэн гэм буруутайд тооцуулахаар шүүхэд шилжүүлсэн болно.

Гэтэл шүүхээс хэргийг прокурорт буцааж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа хүчинтэй байгаа талаар лавлагааг авхуулахаар буцаасан нь хэрэгт ач холбогдолгүй юм. Тодруулбал, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2-д “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д “Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болно” гэж тус тус хуульчилжээ.

Яллагдагч *******ын өмнөх согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилдөө 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийн шүүх хуралдаанаар орж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан атлаа санаатайгаар тухайн өдрийн орой 20 цагийн орчимд дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хууль тогтоогчоос нэмэлт өөрчлөлт оруулахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах явдал нийгэмд ихээр үйлдэгдэж байгаа учраас зөрчлийн хэргийг эрүүгийн гэмт хэрэг болгон хуульчилсан. Яллагдагчийн хувьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан гэдгийг мэдсээр байж дахин энэ зөрчлийг гаргаж байгаа үйлдэл нь дээрх гэмт хэргийн субъектив талын шинжийг хангаж байгаа явдал юм.

Түүнчлэн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “жолоодох эрхтэй” гэх Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа, мэдээлэл байгаа эсэхээс үл шалтгаалан яллагдагчийн гэм бурууг нотолсон баримт хангалттай, хүрэлцээтэй байгаа болно. Тиймээс шүүхийн шийтгэвэр нь хүчинтэй байна гэж үзээд прокурорын эсэргүүцлийг бичсэн ба эсэргүүцлээ дэмжиж байна. Анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх яллагдагч *******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

2. Дорнод аймгийн Прокурорын газраас яллагдагч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, хойд төв зам дээр баруунаас зүүн тийш чиглэлтэй, Хьюндай Соната-7 маркийн ******* УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Анхан шатны шүүх, яллагдагчид холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, “... Хавтаст хэрэгт авагдсан *******ын “жолоодох эрхтэй” гэх Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн лавлагаа нотлох баримтын шаардлага хангаагүй, 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЗШ/131 дугаартай “*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан” талаарх шийтгэвэр нь хэзээ хуулийн хүчин төгөлдөр болсон нь тодорхойгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул яллагдагч *******ыг тухайн цаг хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэх нь тодорхойгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн эсэх нь эргэлзээтэй ... уг эрүүгийн хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдоогүй ...” гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн үйлдсэн байх бөгөөд хуульд заасан тайлбараар “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэдэгт согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгохоор тодорхойлсон.

Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно.” гэж заажээ.

Хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЗШ/131 дугаартай шийтгэвэрээр *******д ... согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэх зөрчилд нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан /хх 36-39/ байх ба уг шийтгэвэр нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 9-т зааснаар уншиж сонсгосноор хүчинтэй болсон, мөн тухайн шийтгэвэрт эрх бүхий этгээдүүд гомдол, эсэргүүцэл гаргаагүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар ******* нь дээрх шийтгэвэр хүчинтэй болсны дараа буюу 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн орой 20 цагийн үед ... согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байх ба тухайн цаг хугацаанд *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хуульд заасны дагуу хассан буюу жолоодох эрх нь дуусгавар болсон байсан гэж үзнэ.

Иймд шүүгчийн захирамжид дурдсан хэргийг нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан үндэслэл нь хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхэд саад болохгүй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.

5. Түүнчлэн мөрдөгч, прокуророос дээрх төрлийн хэрэгт яллагдагч, шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг шалгасан тухай лавлагаа мэдээллийг нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргахад цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/309 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЗУУ

                 ШҮҮГЧИД                                                    С.ГАНЧИМЭГ                                                                                       

                                                                                      Г.УРТНАСАН