Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/090

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, 

улсын яллагч, хяналтын прокурор М.Ф,

нарийн бичгийн дарга К.Е, 

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох 181300072094 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1973 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 04 дүгээр баг, Бугын гол гэх газарт оршин суух хаягтай, ам бүл 6, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Х овгийн Б.Б, РД:БГ*********.

 

Шүүгдэгч Б.Бгийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бугат сумын Бага баг “Улиастай арал” гэх газраас зөвшөөрөлгүй дур мэдэн 1.097 метр куб мод бэлтгэж, чаргаар тээвэрлэж, байгаль орчинд 197460 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат сумын Бага баг “Улиастай арал” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр, сүх ашиглан хууль бусаар 1.097 метр куб хус мод бэлтгэж, бэлтгэсэн модоо иргэн Б.Бен чаргаар 2 удаа ачиж тээвэрлэн өөрийн хашаандаа буулгаж, байгаль орчинд 197460 төгрөгийн хохирол учруулсан байна.

Дээрх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Иргэний нэхэмжлэгч Б.Ший: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Б-ын Б нь Бугат сумын Буга баг “Улиастай арал” гэх газраас зөвшөөрөлгүй дур мэдэн мод бэлтгэж, чаргаар зөөж, гэрийн гадаа буулгасан байна. Бодит хохирол нь 1.097 метр куб мод буюу 197.460 төгрөгийн хохирол учруулсан. Б.Б зөвшөөрөл авах асуудлыг сайн мэднэ, мэдсээр байж хууль бусаар зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн. Учруулсан хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дансанд тушаасан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.Мийн: 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үдээс хойш үхрээ хайгаад явж байхад Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улиастайн арал” гэх газар мөн багийн иргэн Б.Б гэх залуу босоо ургаа хус модонд гарчихсан мод бэлдэж байхаар нь: -Та яагаад зөвшөөрөлгүй мод бэлдэж байгаа юм бэ? гэсэн чинь хүн болгон авч байгаа шүү дээ гэж хэлсэн. Модыг унгааж чирээд явж байхад нь зургийг дарж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

- Гэрч Б.Бен: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны үед Б.Б надаас чаргаа өгч байгаач бэлдсэн түлээ байгаа тэрийг татаж авъя, авахгүй бол шар усанд үлдэх гээд байна гэхээр нь чаргаа өгсөн, оройн нь буцаагаад авчирч өгсөн. Би зохих журмын дагуу зөвшөөрлийг нь авсан мод байх гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн мэргэжилтэн М.Ны 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “тухайн моднууд хус буюу навчит моднууд байна. хуурай мод буюу түлээний мод байна. Ойн газрын даргын 2010 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А-79-р тушаалын нэгдүгээр хавсралт болох Түлээний модны эзлэхүүнийг тогтоох аргачлалын дагуу Сийрэг шоо метрт шилжүүлэв. Үүнд: Сийрэг эзлэхүүнийг тодорхойлоход тухайн нягт хураагдсан модны дундаж өндрийг, урт, өргөнд нь үржүүлэх замаар тодорхойлно. 0.70 өндөр х 1.65 урт х0.95 өргөн = 1,097м3 /Сийрэг шоо метр/. Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Б.Б ойгоос зөвшөөрөлгүй хууль бусаар бэлтгэсэн хуурай түлээний модны экологи, эдийн засгийн үнэлгээ нь  1,097м3 х60000х1.0=65,820 төгрөгийн бодит хохирлыг учруулсан байна. Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Бургат, Улиастайн арал гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй” гэх модны экологи, эдийн засгийн үнэлгээ хийсэн тухай 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

- Хэргийн нотлох баримтыг олж тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий байдлыг тодруулах зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

- Яллагдагч Б.Бгийн: ''...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бугат сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Улиастайн арал” гэх газраас гоожин зөвшөөрөл авалгүйгээр гэрт түлээний мод бэлдсэн маань үнэн. Босоо хус модны үзүүрийг нь аваад бусад моднуудыг газарт усанд нэрвэгдсэн, унасан, ялзарсан моднуудаас бэлдэж, хөрш айл Бн чаргыг гуйж, бэлдсэн модоо 2 удаа зөөж гэртээ аваачсан, зохих зөвшөөрөлгүй мод бэлдсэн миний буруу, буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг шинжлэн судалсан. Үүнд:

- 0305834 дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар олгосон газар эзэмших гэрчилгээ, хавсралт /хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Бг 70 хувьтай гэдгийг тогтоосон Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 42 дугаар хуудас/,

- Хүний их эмчийн 5 дугаар сарын 29-ний өдрийн тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, 

-Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Б овогтой Бгийн /БГ73091513/ нэр дээр 1026 БӨА улсын дугаартай GAZ 3307 маркийн тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна” гэх албан бичиг /хх-ийн 49 дүгээр хуудас/,

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Б.Б /БГ73091513/ нь Бугат сумын 4 дүгээр багт байршилтай 30 м.кв талбайтай өвлийн сууц, Бугат сумын 3 дугаар багт байршилтай 56 м.кв талбайтай өвлийн сууц болон мөн хаягт байршилтай 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн байна” гэх албан бичиг /хх-ийн 53 дугаар хуудас/,  

- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон РД:БГ73091513, овог хар бүргэд, эцэг /эх/-ийн нэр Б, нэр Б, яс үндэс урианхай, хүйс эрэгтэй, төрсөн огноо 1973/09/15 гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54 дүгээр хуудас/,

- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй талаарх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55-56 дугаар хуудас/,  

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын төрийн сангийн төлөөлөгчийн  “Бугат сумын 4 дүгээр багийн иргэн Б овогтой Б нь 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор үхэр 1, хонь 25, ямаа 36, бүгд 62 толгой мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-ийн 57-58 дугаар хуудас/ 

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн“ Б.Б нь ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БГ73091513 тоот регистрийн дугаартай, төлөв томоотой, урьд өмнө хэрэгт холбогдож байгаагүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, тус багийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн мөн” гэх 154 дугаартай  тодорхойлолт /хх-ийн 59 дүгээр хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Бугат сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Б.Б нь 6 ханатай эсгий гэртэй, тус багийн ядуу өрхийн бүртгэлтэй, 2017 оны жилийн эцэст үхэр 1, хонь 25, ямаа 36, бүгд 62 толгой мал тоолуулсан” гэх тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, дээр дурдагдсан зүйлээс өөрөөр хууль зөрчсөн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хоорондоо хамааралтай, үгүйсгэх нотлох баримт байхгүй шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл, шаардлагыг хангасан, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж шүүх дүгнэлээ. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил, тогтсон ажил хөдөлмөр, орлого байхгүй, эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлсөн байна. 

Шүүгдэгч Б.Б нь шунахайн сэдэлтээр, өөрийн гэрийн гал түлэх хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Бугат сумын Бага баг “Улиастай арал” гэх газраас зөвшөөрөлгүйгээр дур мэдэн сүх ашиглан хууль бусаар 1.097 метр куб модыг зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэснээр хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, бэлтгэсэн модоо иргэн Б.Бен чаргаар 2 удаа ачиж тээвэрлэн өөрийн хашаандаа буулгаснаар гэмт хэрэг тус тус төгссөн байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой зааж тусгана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг шаарддаг. 

Шүүгдэгч Б.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж Баян-Өлгий аймгийн Бугат сумын Улиастайн арал гэх газраас зөвшөөрөлгүйгээр 1.097 метр куб хус мод бэлтгэсэн болох нь тогтоогдсон бөгөөд тэрээр уг газраас хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй болох нь нотлогдсон. 

Иймд шүүгдэгч Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас ойн санд 65820 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 25-26 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Б.Ший мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/ зэргээр, мөн экологи эдийн засгийн үнэлгээгээр уг хохирлыг 3 дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хохирлын хэмжээ үнэн зөв гэж дүгнэлээ.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бгийн зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэх үйлдлийн улмаас ойн санд нийт 65820 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч энэхүү учруулсан хохирлоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи, эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу 3 дахин нэмэгдүүлж 197460 төгрөг болгож төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан Төрийн банкны 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна. 

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, хөдөлмөрийн чадвар алдалт, түүний эрүүл мэнд, ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон хамгийн бага хэмжээгээр буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1.2, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 тэнцэх юм.

Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг өөрт нь буцаан олгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” , 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж “Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасныг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Бен эзэмшлийн турба төмрөөр хийгдсэн, урт нь 16 см, өргөн нь 1 метрийн хэмжээтэй хуучин чаргыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг чаргын үнэ болох 20000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж улсын орлого болгохыг,  гэмт хэрэг үйлдэж олсон 1.097 м3  хуурай мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр иштэй сүх 1 ширхэг зэргийг  улсын яллагчын саналыг харгалзан хэрэгцээний байгууллагад буюу Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгах нь зүйтэй байна. 

Шүүгдэгч Б.Бд эд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авсан учир түүний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний 0305834 дугаарын гэрчилгээтэй 700 м2 газар, 30 м2 хашааг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Б.Бг “гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэн, тээвэрлэж, хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан төмөр иштэй сүх 1 ширхэг, гэмт хэрэг үйлдэж олсон 1.097 м3  хуурай мод зэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын хэрэгцээнд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Бен эзэмшлийн чаргыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, уг чаргын үнэ болох 20000 төгрөгийг шүүгдэгч Б.Бгаас гаргуулж, улсын орлого болгохыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай. 

7. Хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ өөрт нь буцаан олгож, шүүгдэгч Б.Бгийн гэр бүлийн хэрэгцээний 0305834 дугаарын гэрчилгээтэй 700 м2 газар, 30 м2 хашааг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.А