| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2403000000470 |
| Дугаар | 2025/ДШМ/579 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/579
2025 05 15 2025/ДШМ/579
А.Уьд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Нандин-Эрдэнэ,
хохирогч Б.Мийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал,
иргэний нэхэмжлэгч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б,
шүүгдэгч А.Уийн өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний нэхэмжлэгч Б.Т, хохирогч Б.Мэ нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч А.Уьд холбогдох эрүүгийн 2403000000470 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Уь нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо ээрмэлийн гудамжны замд 2024 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 15 цаг 12 минутын орчимд “Lexus” загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”, 10.9. “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж “Кауо” загварын улсын дугааргүй тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж уг тээврийн хэрэгслийн жолооч Б.Мийн эрүүл мэндэд нь хүндэвтэр, Б.Тгийн биед хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: А.Уийг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уь нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Уьд шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаас чөлөөлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD нэг ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Мэ болон иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж, энэ хэрэгт шүүгдэгч А.Уь нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг хураагдаж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч Б.Мэ давж заалдах гомдолдоо: “Гэмт хэрэг гарах үед Б.Мэ би насанд хүрээгүй, үед дунд сургуулиа төгсөх гэж байсан ба осолд орж хонхны баяртаа орж чадаагүй, ажил хийдэггүй, мөн БНХАУ-д сурч байсан сургуульдаа үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсон ба гэртээ ээжээрээ 3 сар ажлыг нь хийлгэлгүй сахиулсан. Тиймээс манай ээж Д.Л манай өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай уулзан намайг өмгөөлүүлэхээр болсон. Өмгөөллийн хөлс өмгөөлөгч бүртэй хэрхэн тохирсноосоо хамааран харилцан адилгүй байсан ба ихэнхдээ 2, 3 сарын хооронд байсан ч манай өмгөөлөгч Ч.Өнөржаргал намайг насанд хүрээгүй байхдаа гэмт хэргийн хохирогч болсон байдлыг харгалзан үзээд 1.000.000 төгрөгөөр өмгөөлөхөөр болсон. Би Ч.Өнөржаргал өмгөөлөгчөөр өмгөөлүүлэхээр хүсэлт гаргаж манай ээж очиж уулзан өмгөөллийн хөлс болох 1.000.000 төгрөгийг Ч.Өнөржаргал өмгөөлөгчийн дансанд шилжүүлсэн. Ч.Өнөржаргал өмгөөлөгч шүүх дээр хэргийн материалтай танилцан 2 удаагийн шүүх хуралдаанд оролцон өөрийнхөө цагийг хангалттай зарцуулсан. Гэтэл анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг хэлэлцсэн атлаа, хэлэлцэхгүй орхиж хохирогч намайг Иргэний шүүхэд дахин хандаж, цаг хугацааны хувьд хохиролтой шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэжээ.
Иргэний нэхэмжлэгч Б.Т давж заалдах гомдолдоо: “...Миний бие АНУ-ын иргэншилтэй 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ руу суралцахаар Чингис хаан нисэх буудлаар Монгол Улсын хилээр гарснаар тус улсад өнөөдрийг хүртэл суралцаж байна. Тухайн үед 18 нас хүрээгүй иргэний нэхэмжлэгч буюу хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Д.Бг шүүх хуралдаанд ирж оролц гэчихээд хууль мэдээгүйн улмаас миний эзгүйд дээрх шүүх хуралд оролц гэсний дагуу очиход "...танай хүү 18 нас хүрсэн та оролцох эрхгүй..." гээд оролцуулаагүй байж, миний эх Д.Бг иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч гэж төөрөгдүүлж шийтгэх тогтоолд тусган бичсэн байна. Би эрүүл мэндийн хохирлын төлбөрийн баримт, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байгаагаа өөрийн гарын үсэгтэй хүсэлтийн хамт өөрийн эхийн гарын үсгийг зурж үлдээснийг тухайн үед шүүх хуралдаан дээр өгөхөд намайг өөрөө байхгүй 18 нас хүрсэн, дараа нь иргэний нэхэмжлэл гаргаж авч болно гээд хүлээн аваагүй байна. Хэрэв намайг 18 насанд хүрсэн бол надад шүүхээс хэргийн материалтай танилцах, эрх үүрэг бүгдийг эхнээс нь танилцуулах, миний өмнөөс төлөөлөх эрхтэй этгээд, өмгөөлөгч мөн бусад эрхүүдийг ноцтой зөрчиж шүүх хуралдаанд мэтгэлцэх эрхийг олгоогүй, хэт нэг талыг барьж шүүх хуралдааныг шийдсэн байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025-02- 19ний өдрийн 2025/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч Б.Мийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүх хуралдааны явцад гэмт хэргийн хохирол төлбөр болон өмгөөллийн хөлсний асуудлыг хэлэлцсэн боловч анхан шатны шүүх хуралдааны тогтоолд энэ асуудлыг хэлэлцээгүй талаар дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчтэй мэтгэлцсэн. Шүүгч шүүх хуралдааны шийдвэр гаргасны дараа би өмгөөлөгчийн хувьд хэлсэн.“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох” тухай Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн тогтоол байдаг гэж хэлсэн” үүний дараа анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хэлэлцээгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Би уг асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хэлэлцээд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хохирлын тооцооны асуудал дээр давж заалдах шатны шүүхийг дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэж байна. Засгийн газрын 2018 оны 161 дүгээр дугаартай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох тогтоолын, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын тооцооны 1 дүгээр хавсралтын 2.1-т зохицуулсан. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид төлөх зардлын хэмжээ нь гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх тогтоол байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, эрүүгийн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэхээр тогтоосон. Иргэний нэхэмжлэгч Б.Тий эх хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Б.Т 18 насанд хүрсэн боловч ажил хөдөлмөр эрхэлдэггүй учраас түүнээс гаргасан хүсэлтийг хүлээн авч, миний “Хаан” банкны дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн баримт хэрэгт авагдсан. Үүнийг анхан шатны шүүх хэлэлцээгүй талаар дүгнэсэн, үүнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тээврийн хэрэгслийн осол гарсан. Хэргийн газрын ойролцоо байсан гэрчүүд түргэн тусламж дуудаж эмнэлэгт хүрэгдсэн. Тухайн үед гэмтэл гарснаас болж зардал мөнгө гарсан. Сүүлийн эмчилгээний төлбөрийн баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанд цуглуулж өгөөгүй байсан. Энэ талаар хуулийн мэдлэггүй учраас ойлгохгүй байсан. Би хүүхдээ хамгийн сайн эмнэлэгт үзүүлж төлбөр тооцоо гарсан. Шүүгдэгч энэ асуудлыг ойлгохгүй байна. Өнөөдрийг хүртэл ирж уучлалт гуйсан зүйл байхгүй. Хүүхдийн эмчилгээнд гарсан зардал мөнгөө нотлох баримттай нэхэмжилж байна. Манай хүүхэд гадаад улсад сурдаг учраас эм, өвчин намдаагч, яр шархны тос болон хэрэглээний зүйлийг каргогоор явуулдаг. Иймд дээрх хохирол төлбөрийг нэхэмжлэх хүсэлттэй байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий, тогтоолд тавигдах хууль зүйн шаардлага хангагдсан. Хэргийн оролцогчдын эрхийг хангасан. Өмгөөлөгчийн 1.000.000 төгрөгийн өмгөөллийн хөлстэй холбоотой асуудлыг анхан шатны шүүх хэлэлцэж, мэтгэлцээн явагдсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 бүлэгт “гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд юу хамаарах талаар заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үйлчлүүлэгч, өмгөөлөгчөө сонгон авах, өмгөөлөгчтэй харилцах ажиллагааны баримтыг хэргийн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Монгол Улсын Үндсэн Хуульд өмгөөлөгчөө чөлөөтэй сонгож авах эрх байдаг. Үүнийг дагалдан өмгөөлөгчийн үйлчилгээний хөлсийг талуудын тэгш эрхийн хүрээнд харилцана тохиролцдог. Засгийн газрын тогтоолын хүрээнд хохирогчийн өмгөөлөгч өмгөөллийн хөлс гаргуулж авах тухай ярьж байна. Уг тогтоолд төлбөрийн чадваргүй, нийтийг хамарсан эмх замбараагүй үед гэмт хэргийн хохирогч болсон эсхүл үндэсний аюулгүй байдал зэрэг тусгай тохиолдлуудад Засгийн газраас хохирлыг гаргуулдаг зохицуулалт юм. Түүнээс биш иргэд хоорондын хувийн эрүүгийн хэрэг дээр хохирогч өмгөөлөгчид төлсөн хохирлыг шүүгдэгч гарган гэх ойлголт байдаггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар 1.000.000 төгрөгийн асуудал яригдаж байна. Иргэний нэхэмжлэл, хохирлын асуудалд 898.500 төгрөгийн эмчилгээний зардлын хохирлыг шүүх хуралдаан дээр төлсөн. Гэм буруугийн шүүх хуралдааны шийдвэр гараад, завсарлага авахгүйгээр 5 минутын хугацааны завсарлага авч хохирлыг төлсөн. Хохирогчид учирсан сэтгэл санааны хохирлыг шүүхээс 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 9.900.000 төгрөгийг тухайн цаг хугацаанд төлж барагдуулсан. Шүүгдэгч А.Уийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлын мөнгө, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлуудыг бүрэн төлж барагдуулсан. Гэм буруу, хэргийн зүйлчлэлд маргаагүй учраас эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдааны явцад нэр бүхий иргэний нэхэмжлэгч 18 насанд хүрсэн учраас эрх, үүргийн тайлбарлаж, шүүх хуралдаан дууссан. Анхан шатны шүүх хуралдааны явцад процессын зөрчил гараагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Нандин-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан. Өмгөөллийн хөлсний асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсэн. Иргэний нэхэмжлэгч Б.Тээс гаргасан гомдлын тухайд нотлох баримтын хүрээнд 898.500 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж байгаа нотлох баримтыг шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн. Уг баримт нь анхан шатны шүүх хуралдааны явцад байгаагүй учраас шүүх иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос А.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх түүнийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээний дотор торгох ял сонгон оногдуулж, оногдуулах ялын биелүүлэх хугацааг тогтоож, улмаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Дээрх байдлаар шийдвэрлэхдээ, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлын асуудлыг нэг мөр шийвэрлээгүй, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын талаар үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх дараах үндэслэл тогтоогдлоо. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ.”, 5 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгчид энэ хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх болон энэ бүлэгт заасан үүрэг нэгэн адил хамаарна.” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;”, 1.2-т “хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;”, 1.4-т “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;”, 1.5-д “шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;”, 1.6-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах;”, 1.8-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах;”, 1.10-т “шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах;”, 1.11-д “шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;” хэмээн иргэний нэхэмжлэгчийн эрхийг хуульчилжээ.
Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл болон шийтгэх тогтоолд иргэний нэхэмжлэгчийг оролцуулсан байдлаар тусгасан байна.
Гэвч, уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан иргэний нэхэмжлэгч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Б.Бг шүүх хуралдааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоосон атлаа хэргийн оролцогчоор бус ажиглагчаар шүүх хуралдаанд оролцуулж, “шүүх хуралдаанд оролцох, тайлбар гаргах, баримт бичиг гаргаж өгөх, нэхэмжлэл гаргах, гаргасан нэхэмжлэлээ уг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлүүлэх шаардлага гаргах” зэрэг эрхийг эдлүүлэлгүйгээр учирсан хохирлоо нотлон баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дараа нь жич нэхэмжлэх эрхтэй байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь түүний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.
Насанд хүрээгүй хохирогч Б.Мээс “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх харилцааг зохицуулсан байхад өмгөөллийн үйлчилгээний хөлсийг шүүгдэгчээс гаргуулах талаар нэг мөр шийдвэрлээгүй” талаар давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн асуудлыг нэг мөр хамтад нь шийдвэрлэх зарчмыг хөндсөн байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн.
Ингэж шийдвэрлэхдээ, хохирогч болон иргэний нэхэмжлэгчид одоогийн байдлаар ямар хохирол учирсан талаар, ямар хохирлыг жич нэхэмжлэх талаар, ямар хохирлыг нөхөн төлсөн талаар, мөн шүүгдэгч ямар хохирлыг хүлээн зөвшөөрсөн талаар тус тус дүгнэлт хийгээгүй бөгөөд шийтгэх тогтоолд хийсэн хохирлын талаарх дүгнэлт ойлгомжгүй болжээ.
Давж заалдах шатны шүүхээс хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлын талаар нөхөн дүгнэлт хийх, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг зөвтгөх хууль зүйн боломжгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Уийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийн жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаа хасаж, 3.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, улмаар торгох ялыг биелүүлэх хугацааг 6 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх зэргээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох зохицуулалтыг хэрэглэснийхээ дараа эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь ойлгомжгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн хохирогч Б.Мийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар буюу мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад мөрдөгчийн магадлагаа /маягт/-г үнэлж, сэтгэцэд учирсан хохирлыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Б.Мэ болон иргэний нэхэмжлэгч Б.Т нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/539 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч А.Уьд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ