Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02281

 

 

 

 

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02281

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Ууганбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03039 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч П.Ууганбилэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Жаст ойл ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч П.Ууганбилэгийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Жамц

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэнгүүн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Ууганбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Пүрэвсүрэн овогтой Ууганбилэг миний бие Жаст Ойл ХХК-д 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн хүний нөөц болон оффис менежер албан тушаалд ажиллаж байгаад 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдөр жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралттай байх хугацаанд 3 удаа төрж, 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ажилдаа эргэн орох өргөдөл өгсөн боловч бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, захирлын туслах болон хүний нөөцийн менежерийн орон тоо хасагдсан гэх шалтгаанаар түгээгчээр ажиллуулах санал ирүүлсэн. Хариуцагч компанийн санал болгосон албан тушаал нь урьд эрхэлж байсан ажлын байрны орчин, цалингийн хэмжээг дордуулж байх тул тухайн саналыг хүлээн авах боломжгүй юм. Иймээс миний бие түгээгчээр ажиллах боломжгүй тул урт хугацааны цалингаар хохирч байна. Анх хөдөлмөрийн гэрээгээр үндсэн цалин 800 000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс өнөөдрийг хүртэл тооцоход 97 хоног болж байна. Үүнийг нэг өдрийн ажлын хөлсөөр тооцоход 4 060 517 төгрөг болж байгаа тул уг мөнгийг Жаст Ойл ХХК-иас гаргуулж, өмнө нь ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч П.Ууганбилэг нь 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд зааснаар жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралтыг эдэлсний дараагаар тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу түүний хүсэлтийг үндэслэн хүүхэд асрах чөлөө олгосон. Хариуцагч байгууллагын зүгээс 2014 онд авсан жирэмсний чөлөөг үргэлжлүүлээд эдлүүлээд явж байгаа тул хөдөлмөрийн харилцаа хэвээр байгаа. Ажил олгогч нэхэмжлэгчийн хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд нийгмийн даатгалыг хуульд заасан журмын дагуу бүрэн төлж байгаа болно. Компанийн үйл ажиллагаа муудаж, санхүүгийн байдал хүндэрсний улмаас 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Жаст Ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлын 139/17 дугаартай тушаалаар орон тоо бүтэц зохион байгуулалтын схемийг шинэчлэн баталсан. Уг шинэчлэн баталсан орон тоонд нэхэмжлэгчийн ажиллаж байсан хүний нөөц болон оффис менежерийн ажил албан тушаал багтаагүй бөгөөд уг ажлын орон тоо хасагдсан. Хэдийгээр орон тоо хасагдсан боловч нэхэмжлэгч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар ажлаас халаагүй болно. Нэхэмжлэгч нь 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр ажилдаа буцаж орох хүсэлт гаргахад түүний орон тоо хасагдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасны дагуу түгээгчээр ажиллах санал хүргүүлсэн. Энэ саналыг авсан даруй нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрөөс ажлаас халагдсан гэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хууль бусаар ажил санал болгосон гээд байгаа. Хариуцагч компанийн зүгээс хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж хууль бусаар ажил санал болгож халсан зүйл байхгүй. Хариуцагч компани нь холбогдох нийгмийн даатгалыг хуульд заасан журмын дагуу төлөөд явж байгаа тул ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх боломжгүй. П.Ууганбилэгийг ажлаас халсан явдал байхгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1-д заасныг баримтлан хариуцагч Жаст ойл ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, урьд ажиллаж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч П.Ууганбилэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгч П.Уранбилэг давж заалдах гомдолдоо:

... П.Ууганбилэг миний бие 2013 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс "Жаст Ойл" ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан хүний нөөц болон оффис менежерээр ажилд орсон. Миний бие жирэмсний амралтаа дуусган 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр "Жаст Ойл" ХХК-д эрхэлж байсан хүний нөөц, оффис менежер /захирлын туслах/-ийн ажилд эгүүлэн орохоор хүсэлт гаргахад компанийн бүтэц өөрчлөгдөж гүйцэтгэх захирлын туслах болон хүний нөөцийн менежерийн орон тоо хасагдсан учраас түгээгчээр ажиллуулах саналыг өгсөн. Гэтэл хариуцагчийн санал болгож буй түгээгчийн ажлын байр нь миний өмнө эрхэлж байсан хүний нөөц, оффис менежер /захирлын туслах/-ийн ажлын байрнаас ажлын байр, албан тушаалын тодорхойлолт, цалингийн хэмжээ, хөдөлмөрийн үндсэн нөхцөлтэй эрс дордуулсан үйлдэл юм. Миний бие одоогийн байдлаар 1-5 насны гурван хүүхэдтэй, хариуцагчийн санал болгож буй түгээгчийн ажлыг гүйцэтгэснээр миний үр хүүхдэд үзүүлэх сөрөг нөлөөллийн хувьд маш их эрсдэлтэй ажил үүрэг байгаа учраас хариуцагч "Жаст Ойл" ХХК нь санаатайгаар ажиллуулахгүй гэдэг санаа зорилгоо илэрхийлж байгаа нь тодорхой байна. Компанийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139/17 дугаар тушаалаар орон тоо, бүтэц, зохион байгуулалтад өөрчилсөн гэх боловч хавтас хэрэгт хуучин буюу өмнө бүтэц албан тушаалаасаа нэг ч ажилтан чөлөөлж, 139/17 тоот тушаалын дагуу шинэ бүтцэдээ нийцүүлэн томилсон тушаал байхгүй болно. Өөрөөр хэлбэл миний бие анх гүйцэтгэх захирлын тушаалаар хүний нөөцийн менежер /захирлын туслах/-ийн ажилд томилогдсон бөгөөд өнөөдрийн байдлаар энэхүү ажлаас чөлөөлсөн эсхүл хүчингүй болгож, түгээгчийн ажилд томилсон гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр байхгүй атлаа ажилд эгүүлэн оруулахгүй байгаа нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй энэ талаараа шүүхэд нотлоогүй нь хариуцагчийн дээрх санаа зорилго илэрхий байсан нь тодорхой болно. Хариуцагч компанийн энэхүү хууль бус үйлдлээс болж өнөөдрийн байдлаар миний эрх ашиг ихээхэн хохирч байна. Шүүх дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэхгүйгээр, хэрэгт авагдсан баримтуудаас хэт нэг талд ашигтай нотлох баримтуудыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч П.Ууганбилэг нь хариуцагч Жаст ойл ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ...байгууллагад орон тоо, бүтэц, зохин байгуулалтын өөрчлөлт хийгдсэн, нэхэмжлэгчид өөр ажлын байр санал болгосон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж байгаа тул хөдөлмөрийн харилцаа үргэлжилж байгаа гэсэн үндэслэл заан маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... надад санал болгосон ажлын байр болох түгээгчээр ажиллахад ажлын байрны орчин, цалингийн хэмжээ өөрчлөгдөж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан байна.

Ажил олгогч Жаст ойл ХХК-ийн ерөнхий удирдлагын хэлтэст нэхэмжлэгч П.Ууганбилэг нь хүний нөөц, оффис менежерээр ажиллаж байгаад 2014 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн жирэмсний болон амаржсаны чөлөө авчээ. /хх-ийн 4 тал/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Жаст ойл ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 139/17 дугаартай Орон тоо, бүтэц зохион байгуулалтын схемийг шинэчлэн батлах тухай тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж, уг өөрчлөлтөөр нэхэмжлэгч П.Ууганбилэгийн ажиллаж байсан хүний нөөц, оффис менежерийн орон тоо, ажлын байр хасагдсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 15-17, 70 тал/

Нэхэмжлэгч П.Ууганбилэг нь ажил олгогчид хандан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс ажилдаа орох хүсэлт гаргасан, хариуцагч Жаст ойл ХХК-аас нэхэмжлэгч П.Ууганбилэгт 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 235/18 тоот албан бичгээр ...өмнө эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох боломжгүй байгаа тул түгээгчээр ажиллуулах санал хүргүүлжээ. /хх-ийн 3, 5 тал/

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө гэж заасан. Хуульд заасны дагуу ажил олгогч нь нэхэмжлэгч П.Ууганбилэгт өөр ажил олж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх хариуцагч Жаст ойл ХХК-ийн бүтэц, орон тооны өөрчлөлт хийсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчид өөр ажил санал болгосон, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлсөн байгаагаас үзэхэд түүнийг ажлаас чөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангалгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 101/ШШ2018/03039 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ууганбилэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Ц.ИЧИНХОРЛОО