Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/118

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж, 

улсын яллагч, хяналтын прокурор М.О

нарийн бичгийн дарга К.Е

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Мийн Бд холбогдох 1813002290144 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч М.Бы биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, Н овогт Мийн Б, 1981 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр баг, Хөх хад 3 дугаар гудамжны 33 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, РД:БЮ*****.

Шүүгдэгч М.Бы холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн орон сууцанд эхнэр К.Нийг ахуйн маргааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч М.Б нь 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн орон сууцанд дахь гэртээ, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр К.Нийг бусадтай хардсаны улмаас, түүнийг орж ирэхэд нь заамдаж барьж аваад 2 гараараа багалзуурдан, орон дээр унаган дарж байгаад зүүн нүдэн тус газар нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан байна.

Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан №297 дугаартай дүгнэлтэнд:“...Иргэн К.Нийн биед зүүн талын нүдний дээд доод зовхи болон зүүн талын хацрын төвгөр завьжний хэсгийг хамарсан цус хуралт, хүзүүний зүүн хажуугийн хэсэгт зулгарсан гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 34 дүгээр хуудас/,

- Хохирогч  К.Нийн “...2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөө ажилдаа явчихаад дахиад тулаа 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэхээр болоод хоёр хүүхдээ өөрийн ээждээ өгчихөөд гэрээсээ юм авахаар өглөөний 08 цагт ороод иртэл Бауыржан гэртээ хэвтэж байгаад чи хаана хоноод банзалдаад явж байгаа юм гэж хэлээд намайг боомилж аваад зүүн талын нүд рүү минь нэг удаа гараараа цохисон, тэгээд би гараад зугтаачихсан юм. Тухайн үед манай гэрт хүн байхгүй байсан юм” гэх мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

- 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 18 цаг 45 минутад шүүгдэгч М.Бы согтуурлын хэмжээг шалгаж 1,64 промиллийн согтолттой байсныг тогтоосон тухай согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл /хх-23 дугаар хуудас/,

 - Яллагдагч М.Бы мөрдөн байцаалтанд өгсөн “... 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өглөө гэртээ унтаж байхад эхнэр К.Н гэр орж ирэхэд нь би заамдаж барьж аваад орон дээр дараад чи энэ пиво яагаад энд байгаа юм бэ, чи хэнтэй цуг уусан юм бэ гэж асуухад байрны гадна талыг пассадаж байсан залуучууд оруулаад тавьчихсан гэж хэлсэн. Тухайн байрны пассадыг манай хөрш болох Өын хүүхдүүд болох Р, С нар байсан ба уг залуучууд нь огт архи дарс уудаггүй хүмүүс байсан болохоор би эхнэртээ итгэлгүй, өөр хүнтэй хардаад зүүн талын нүдний тус газарт нэг удаа гараараа цохьсон. Намайг гэртээ байхгүй байх үеэр гэртээ хэнийг оруулж архи пиво уусан бол гэж хоосон хардсаны улмаас би цохичихсон, эхнэрээ цохисоноо хүлээн зөвшөөрч харамсаж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр хуудас/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөн шүүгдэгч М.Бы хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд: 

- Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын ГБХ, ХГХУС-ын ахлах мэргэжилтэн, х/ч М.Аийн “Шүүгдэгч М.Бы гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх эрсдэлийн түвшин бага гэдгийг тодорхойлсон” аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 10-13 дугаар хуудас/, 

- Цагдаагийн газрын Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл /хх-ийн 18-22 дугаар хуудас/, 

-Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн Засаг даргын “ Тус багийн иргэн М овогтой Б нь БЮ81121733 регистрийн дугаартай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг болохыг тодорхойлов” гэх тодорхойлолт /хх-ийн 43 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч М.Б нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болохыг тодорхойлсон Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “РД:БЮ81121733, овог Н, эцэг/эх/-ийн нэр М, нэр Б, Яс үндэс: Казах, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо:1981/12/17, газар:Баян-Өлгий, Өлгий, хаяг:Баян-Өлгий, Өлгий 9-р баг, Хөх хад 3 гудамж, 33 тоот, бүртгэлийн дугаар:830126541671, олгосон огноо: 2012/09/05, хүчинтэй хугацаа:2026/12/17, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, 

- Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 01-ий өдрийн 685 дугаартай “М овогтой Б /БЮ81121733/ Өлгий сумын 9-р баг, Хөх хад 33-3 тоотод байршилтай 72 м.кв талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна” гэх албан бичиг зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ. 

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн эхнэртээ итгэх итгэлгүй, харддаг, үл ойлголцох нөхцөл байдал, бусадтай харилцах харилцааны соёл дутмаг, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, бусдыг хэл амаар доромжлон, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, архидан согтуурсан үедээ, хувийн сэдэлтээр, ахуйн маргааны улмаас, бусдыг үл хүндэтгэн, өөрийн эрхшээлд байлгах зорилгоор дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Бы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна.

Иймд шүүгдэгч М.Бы дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ. 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч К.Нийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч К.Н нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргүүд, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч М.Бд урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв. 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Н овогт Мийн Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч М.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч М.Бы эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, гадаад паспорт зэргийг өөрт нь буцаан олгосугай. 

8.Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.А