| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2411007361739 |
| Дугаар | 2025/ДШМ/580 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/580
2025 05 15 2025/ДШМ/580
У.Нт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Нандинцэцэг,
цагаатгагдсан этгээд У.Н,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/602 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор О.Нандинцэцэгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч У.Нт холбогдох эрүүгийн 2411007361739 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Цагаатгагдсан этгээд У.Н нь 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Багаараа борлуулалтын ажлыг чинь нэмэгдүүлж, ашиг орлогыг чинь нэмж өгье, 10.000.000 төгрөг зээлчих, 3 сарын хугацаанд эргүүлэн төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч Л.Х-г төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: У.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Нийн холбогдох эрүүгийн “2411007361739” дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч У.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч У.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор О.Нандинцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 2025/ШЦТ/602 дугаар цагаатгах тогтоолоор “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах тэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байх үндсэн шинжийг шаарддаг. Энэ гэмт хэргийн субьектив талын шинж нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго нь яллагдагчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг бол объектив талын шинж нь хуурч мэхлэх буюу итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох учиртай бөгөөд дан ганц үр дагаварт түшиглэсэн объектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглодог болно. Гэтэл шүүгдэгч У.Нийн үйлдэлд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах санаа зорилго тогтоогдоогүй байх бөгөөд тэрээр бусдад өр төлөх зорилгоор мөнгө зээлсэн гэх ба хохирогч Г.Хгийн зарж борлуулдаг бүтээгдэхүүнийг хамтран борлуулж, зээлсэн мөнгөө төлж байсан боловч хоорондын үл ойлголцлоос шалтгаалан үргэлжлүүлэн хамтран ажиллаж - чадаагүй гэх бөгөөд үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн түүнийг 2021 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түүний эзэмшдэг банкны данснуудад нийт 221.234.906 төгрөгийн орлого олсон атлаа хохирогчоос зээлсэн гэх 10 сая төгрөгийг огт төлж барагдуулаагүй нь түүнийг хохирогчид зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар мөнгөн хөрөнгийг нь шилжүүлэн авч, буцаан өгөхгүй байх санаа зорилго агуулж, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл хамтран ажиллах зорилгоор зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд эрсдэл үүссэнийг улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй бөгөөд шүүгдэгч У.Нийн үйлдэлд гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.” гэж дүгнэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ. Цагаатгах тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэн дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд хохирогч Л.Хгийн “...2021 оны 09 сард зүс таних Н нь надаас мөнгөний хэрэгцээ их гараад байна надад хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч 10 сая төгрөг зээлэх юм бол би багаараа очоод борлуулалтын ажил хийж ашиг орлогыг чинь нэмж өгөх болно гээд надаас 10 сая төгрөг зээлсэн. Мөнгөө авахдаа 3 сарын хугацаанд буцааж төлнө оронд нь багаараа ирж ажиллах болно гэж хэлсэн. Тэгээд багаараа ирж ажлаагүй байгаа бөгөөд мөнгөө 3 сарын дараа өгөөгүй тэрнээс одоо болтол өгөлгүй алга болсон. Анх надад худалдааны багтай гэж хэлсэн боловч явц дундаа хүмүүсээс сонсоход ямар нэг худалдааны баг болон компани байхгүй талаар мэдсэн. Мөнгөө авъя гэхээр хугацаа заагаад өгнө гээд өгөхгүй байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
У.Нийн Хаан банкны 5113054306, Худалдаа хөгжлийн банкны 428000132, 428007134 тоот данснуудын дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /xx- ийн 46-68 дугаар хуудас/,
Дансны хулгуудад үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 79-80 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар У.Н нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш буюу 2021 оны 09 дүгээр сараас 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар түүний эзэмшдэг банкны данснуудад нийт 221.234.906 төгрөгийн орлого орсон болох нь тогтоогдож, хохирогчийн мөнгийг буцаан олгох хангалтай боломж байхад буцаан өгөөгүй нь хохирогчид зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар мөнгөн хөрөнгийг нь шилжүүлэн авч, буцаан өгөхгүй байх санаа зорилго агуулж, залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдааны явцад яллагдагч У.Нийн өгсөн мэдүүлгээр “ажиллах зорилгоор зээлийн гэрээ байгуулж, гэрээний биелэлтэд эрсдэл үүссэнийг улмаас үүссэн маргаан” гэж дүгнэж хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл яллагдагч У.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө мөнгөний эх сурвалж болон ямар эрсдэл үүссэн талаар тодорхой мэдүүлээгүй байна. Хэрэв яллагдагч дээрх мөнгөн хөрөнгө нь гэрээ хэлцлээс үүссэн эдийн засгийн эрсдэл үүссэн талаар тодорхой мэдүүлбэл тухайн нөхцөл байдлыг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж, залилах гэмт хэрэг үйлдэгдсэн үү, иргэний эрх зүйн маргаан уу гэдгийг ялган салгаж тогтоодог. Гэтэл яллагдагч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх нөхцөл байдлуудыг мэдүүлээгүй, хохирогч зарим мөнгийг буцаан авсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлээгүй, шүүгдэгч нь хохирогч Г.Хгийн зарж борлуулдаг бүтээгдэхүүнийг хамтран борлуулж, зээлсэн мөнгөө төлж байсан гэх үйл баримтыг тогтоогдоогүй байхад хохирогч Г.Хгийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн тодорхой баримтгүйгээр хохирогчийг анхан шатны шүүх хуралдаанд оролцуулалгүй зөвхөн шүүгдэгчийн шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийг шийдвэрлэх нотлох баримтын зохистой харьцааг үнэлж дүгнэлгүй, үндэслэлгүй шийдвэрлэсэн байна. Уг хэрэгт гэрээ хэлцлээс үүссэн эдийн засгийн эрсдэл үүссэн эсэх, хохирогч зарим мөнгийг буцаан авсан эсэх /эд зүйл, бараа зэргээр/, У.Н нь бусдад их хэмжээний өр төлбөртэй байсны улмаас Л.Хгийн мөнгийг өгч чадаагүй нөхцөл байдал үүсэн эсэхэд ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд ямар нотлох баримтыг анхан шатны шүүх үндэслэж, хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна. Иймд дээрх нөхцөл байдал байгаа эсэхийг бүрэн тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 02 дугаар сарын 26-ны Өдөр 2025/ШЦТ/602 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд У.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Цагдаагийн байгууллагад хохирогч гомдол гаргахдаа 10.000.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Би урьд өгсөн 7.000.000 төгрөгөөс гадна 10.000.000 төгрөг төлсөн. нийт 17.000.000 төгрөг өгсөн. 7.000.000 төгрөгийг тооцоогүй, 2 жилийн хугацаанд хохирогчийг асуудалд оруулсан учраас бүтэн 10.000.000 төгрөгийн төлсөн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. 3 сарын хугацаанд төлөх байсан боловч сүлжээний бизнест асуудал үүссэн. Хийх ажилгүй болсон, миний дансанд орсон 200.000.000 төгрөг Л.Х эгчийн мөнгө юм.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр У.Нт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нийгэмд аюултай тодорхой үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог болно.
Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдох ба аль нэг шинж хангагдахгүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, гэмт хэрэгт сэрдэгдсэн хүнийг цагаатгах учиртай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.
Прокуророос Нийг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Багаараа борлуулалтын ажлыг чинь нэмэгдүүлж, ашиг орлогыг чинь нэмж өгье, 10.000.000 төгрөг зээлчих, 3 сарын хугацаанд эргүүлэн төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар хохирогч Л.Хг төөрөгдөлд оруулж 10.000.000 төгрөгийг залилсан гэж дүгнэж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Л.Хгийн мэдүүлэг болон У.Нийн дансанд орсон 221.234.906 төгрөгийн гүйлгээний хуулга зэрэг нотлох баримтыг яллах үндэслэл болгожээ.
Хохирогч Л.Хгийн “... 2021 оны 09 дүгээр сард зүс таних Н нь надаас мөнгөний хэрэгцээ их гараад байна, надад хүүтэй ч хамаагүй мөнгө зээлээч, 10 сая төгрөг зээлэх юм бол би багаараа очоод борлуулалтын ажил хийж ашиг орлогыг чинь нэмж өгөх болно гээд надаас 10 сая төгрөг зээлсэн. Мөнгөө авахдаа 3 сарын хугацаанд буцааж төлнө, оронд нь багаараа ирж ажиллах болно гэж хэлсэн. Тэгээд ... 3 сарын дараа мөнгөө өгөөгүй, тэрнээс хойш одоо болтол өгөлгүй алга болсон. Мөнгөө авах талаар асуухад хугацаа заагаад өгнө гээд өгөхгүй байдаг. Одоо холбоотой байгаа ч маргааш өгнө, 1 сарын дараа өгье, боломжгүй байна гэх мэтээр удаагаад байгаа юм. ...” гэх, цагаатгагдсан этгээд У.Нийн “... би тухайн 10 сая төгрөгнөөсөө эхлээд хүүгээ төлөөд явж байсан. Мөнгө болон хүүгээ төлөхгүй алга болж байсан асуудал огт байхгүй. Харин 10 сая төгрөгийг нь удаасан юм чинь гээд бараа эд зүйлийн ойролцоогоор 5 орчим сая төгрөг, мөнгөний хүү болох 2 сая орчим сая төгрөгийг бодохгүйгээр дахиж 10 сая төгрөгийг чинь бүтэн төлье, төлөхдөө болохоор график гаргаж төлье гэж хэлээд төлж эхлээд одоогоор 7 сая төгрөгийг өгсөн харин 3 сая төгрөгийг нь Х эгчид өөрт нь хэлээд 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өгч дуусгана гэж ярьсан.” гэх, гэрч А.Цгийн “... энэ мөнгө ямар учиртай мөнгө вэ гэхээр Н нь надад өртэй байсан учир өрөө өгөхөөр Х гэх хүнээр дамжуулж миний данс руу миний өрийг хийлгүүлсэн гэсэн үг. ” зэрэг мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг үзэхэд, У.Нийн үйлдэлд хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд зүйлийг залилан авах санаа зорилго үгүйсгэгдэж байх тул У.Нт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг тогтоосон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар У.Н болон Л.Х нарын хооронд хамтран ажиллах зорилгоор зээлийн гэрээний харилцаа үүсэж, У.Нийн хувьд эргүүлэн төлөх боломжгүй байгаа нөхцөл байдал үүссэн буюу гэрээний биелэлтэд үүссэн эрсдлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй, мөн У.Нийн үйлдэлд мөнгөө эргүүлэн өгөх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж Л.Хгаас зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй, хариу төлбөр хийхгүй байхаар урьдаас төлөвлөж хэрэгжүүлсэн байдал зэрэг шинжүүд дээр дурдсан мэдүүлгүүд болон бусад баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, прокурор О.Нандинцэцэгийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/602 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор О.Нандинцэцэгийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ