Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/581

 

    2025            05             15                               2025/ДШМ/581                            

 

 

Д.Бт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Нандинцэцэг,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн шүүгдэгч Д.Бт холбогдох эрүүгийн 2411007321865 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 20 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “...хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл хэрэгжиж байгаа, зээлийг авсан тохиолдолд түүнийхээ 50 хувийг буцаан төлнө”, “төсөл бичиж зээлд хамруулна”, “бизнес эрхлэгчдийн зээлд хамруулна”, “ахмадын зээлд хамруулна” гэж итгэл эвдэх аргаар бусдыг хуурч төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Бгаас 2 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, иргэн Ч.Эээс 6 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг, иргэн Б.Аг “санхүүгийн тусламжийн хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, түүнийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлын автобусны зогсоолын ойролцоо явж байхад нь 1 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Б албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Бээс нийт 11.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Б /РД:.../-д 5.000.000, хохирогч Ч.Э /РД:.../-т 3.500.000 төгрөг, хохирогч Б.А /РД: .../-д 3.000.000 төгрөгийг тус тус олгож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Б нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 20 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр  ажиллаж байхдаа албан тушаалын ашиглаж Ц.Б, Ч.Э, Б.А нараас нийт 9 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн  авч залилсан гэмт хэргийг үйлдэж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдох 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар бусдад учруулсан хохирлоо 100 хувь бүрэн дүүрэн барагдуулсан. Өсвөр насны 14 настай хүүтэйгээ хоёулаа амьдардаг. Шилжилтийн насны хүүхдээ үлгэр жишээ ээж асран хамгаалагч байх ёстой атал ийм байдалтайгаа байгаад үнэхээр их харамсаж, ард үлдсэн хүү, өндөр настай  ээждээ санаа зовж гэм буруу болон хийсэн зүйлдээ гэмшин ухаан сууна. Хүү маань төрсөн цагаасаа ам бүл 2 аавыгаа танихгүй 1 настай  байхад нь аавтай нь тусдаа амьдарч эхэлсэн нэлээн дотогшоо, төлөв даруу зантай нэн ялангуяа өсвөр насны шилжилтийн насандаа яваа хүүхдэд ээж нь хориход ял эдэлж байгаа гэж сонсвол тэр хүүхдийн сэтгэл зүй ямар байхыг хэлэхийн аргагүй тул буруу зүйл хийсэн өөртөө гутарч, гэмшиж ухаарч сууна. Үнэнтэй нүүр тулж чадахгүй, үүссэн нөхцөл байдлын талаар ар гэр буюу төрсөн ээж, төрсөн ахдаа хэлж чадахгүй нууж яваад ийм байдалд хүрсэндээ үнэхээрийн их харамсаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид сайн ээж байхыг л хүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирол төлбөргүй, хүүтэйгээ хоёулахнаа амьдардаг зэргийг  минь харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Д.Бийн өмгөөлөгч Б.Мөнхгэрэл давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны тойргийн шүүхээс Б.Бийг шууд санаатай шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн эрхэлж буй Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаар далимдуулан ашиглаж эрхэлж буй ажлынх нь чиг үүрэгт хамааралгүй байхад тус дүүргийн иргэд болох хохирогч нарт "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл хэрэгжиж байгаа, зээлийг авсан тохиолдолд түүнийхээ 50 хувийг буцаан төлнө", "төсөл бичиж зээлд хамруулна", "бизнес эрхлэгчдийн зээлд хамруулна", "ахмадын зээлд хамруулна" гэж тус тус итгүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хохирогч Ц.Бгаас 5.000.000 төгрөг, Ч.Энхчимэгээс 4.000.000 төгрөг Б.Агаас 3.000.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан хууль бус гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлыг шинж чанар, хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, урьд 3 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан болох хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлж, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилсан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэлийг оногдуулж, уг ялыг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн. Мөн түүний хувийн байдлыг нь харгалзан эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх үүдэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял, урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь гэмт хэрэг зүйлчил болон гэм буруугийн үйл баримт дээр огт маргалдаж байгаагүй анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч тус байр суурийг илэрхийлж хохирол хор уршгийг арилгах талаар бодитой үйлдэл хийх хүсэлттэйгээ илэрхийлж хохирол төлбөр төлөх хугацаа авсан боловч цаг хугацааны хувьд маш богино байсан учраас шийтгэл тогтоолд дурдсан хохирлыг барагдуулж чадаагүй. Гэхдээ өнөөдрийн давж заалдах гомдол гаргах хугацаандаа нэр бүхий иргэдийн хохирлыг бүрэн төлж барагдуулж холбогдох баримтуудын хохирогч нараас гаргуулж авсан гэдгээ гомдолдоо илэрхийлж байна. Шүүхээс Б.Бт Эрүүгийн хариуцлага ноогдуулахдаа удаа дараа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн байдлыг нийгмийн аюулын шинж чанарын хувьд хүндрүүлэн үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.Бийн сүүлд ял шийтгүүлсэн гэмт хэргийн цаг хугацаа нь одоо шийтгүүлсэн гэмт хэргийн цаг хугацаатай давхцаж байгаа бөгөөд өөрийн хийсэн гэмт хэргүүдээ нэгтгүүлж шийдвэрлүүлэх талаар мөрдөн шалгах байгууллагад хандаж байсан талаараа шуух хуралдааны хэлэлцүүлгийн шатанд мэдүүлдэг. Өмгөөлөгчийн хувьд ч тэр анхан шатны шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлийн шинжтэй байсаар атал гагцхүү мөрдөх байгууллагын нэгдмэл бус байдлаас болж эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан нэг төрлийн гэмт хэргүүд дээрээ удаа дараа ял шийтгүүлж эрх зүйн байдал нь дордсон талаар хууль зүйн дүгнэлт хийж оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь хүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж заасны дагуу өнөөдрийн байдлаар хохирогч нарын хохирол төлбөр бүрэн төлж дууссан байна. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирол төлбөрийг төлж барагдуулсан нь хөнгөрүүлэх нөхцөл байдал бий болсон гэж үзэж байна. Б.Б нь 14 настай хүүхэдтэй ганц бие эх бөгөөд ээжийгээ ийм асуудалд орсныг мэдээд шилжилтийн насан дээрээ явж буй хүүхдийн сэтгэл зүйд маш хүндээр нөлөөлж буйг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Хэдийгээр Б.Бт Эрүүгийн хариуцлага хүлээх нь гарцаагүй боловч хорих ял оногдуулсан нь хамгийн оновчтой цээрлэл гэж өмгөөлөгчийн хувьд үзэхгүй байгаа бөгөөд түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 609 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах жан тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Прокурор О.Нандинцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Тус хэргийн гэмт хэргийн шинж тогтоогдсон, хувийн байдал болон хохирол төлсөн нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж хорих ял оногдуулсан. Залилах гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгүүлж байсан. Сүүлд үйлдэгдсэн гэмт хэргийн тухайд оногдуулсан ял шийтгэлээ эдэлж дуусаагүй байхдаа дахин залилангийн гэмт хэрэг үйлдсэн. Давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрөө төлж ирүүлсэн боловч анхан шатны шүүх хуралдаанд хохирол, төлбөр төлөхтэй холбоотой 5 хоногийн завсарлага авч уг хугацаанд хохирол, төлбөр төлөөгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

            1. Шүүгдэгч Д.Б нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 20 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “...хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл хэрэгжиж байгаа, зээлийг авсан тохиолдолд түүнийхээ 50 хувийг буцаан төлнө”, “төсөл бичиж зээлд хамруулна”, “бизнес эрхлэгчдийн зээлд хамруулна”, “ахмадын зээлд хамруулна” гэж итгэл эвдэх аргаар бусдыг хуурч төөрөгдөлд оруулж, иргэн Ц.Бгаас 2 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, иргэн Ч.Эээс 6 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг, иргэн Б.Аг “санхүүгийн тусламжийн хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч, түүнийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр 7 буудлын автобусны зогсоолын ойролцоо явж байхад нь 1 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийг нийт 9 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Ц.Бгийн “... Б нь өөрийгөө Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамжийн ажилтан хийдэг гэж хэлсэн.Тэгж байгаад надад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл хэрэгжиж байгаа юм, энэ зээлийг авсан тохиолдолд түүнийхээ 50 хувийг буцаан төлөхөөр зохицуулагдсан гэж яриад байсан юм. Тухайн үедээ надад 10 жилийн найзалсан найз БатТ гээд хөгжлийн бэрхшээлтэй найз байдаг тул тэр найзыгаа бас зээлэнд боломжтой болов уу гэж бодоод сонирхоод асуутал Б "бололгүй, яахав тухайн хүний хөгжлийн бэрхшээлтэй гэх бичиг баримт, иргэний үнэмлэх" гэх зэрэг шаардлагатай баримтуудыг явуулчих тэгээд төсөл хөөцөлдөхөд 1 хүний 2.000.000 төгрөгний ханштай байдаг талаар хэлж ярьсан юм. ... Тэгээд би Тагийн бичиг баримтуудын зургийг аваад Б рүү явуулсан ба Т нь Бтэй утсаар ярьж байгаад Бийн Тд өгсөн ... дугаарын дансруу 2.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. ... Тэгээд түүний дараа нь Б “хүлээж байгаарай зээл бүтэхээр холбоо барина” гэсэн зүйл яриад байсан ба надад жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл гэж байна уг зээлэнд хамрагдах сонирхол байна уу? гээд асуухаар нь би манай нөхөр хувиараа дэлгүүр ажиллуулдаг тул зээл авч болох эсэх талаар асуухад ямар нэгэн асуудалгүй болно гээд байхаар нь би нөхөр Энхболдод энэ талаар хэлтэл "дэмий юмаар яах гээд байгаан" гээд зөвшөөрөхгүй байсан чинь Б байнга залгаад юу болж байна, сайхан боломж шдээ, мөнгөө шилжүүлэхгүй юм уу гээд байхаар нь нөхрөөсөө нууцаар уг зээлэнд хамрагдах гээд Бтэй ярьж байгаад нөхрийн бичиг баримтыг өөрийн бичиг баримттай хамт зургийг дарж чатаар явуулсан чинь Б та нөхөртэйгээ хоёулаа зээлэнд хамрагдахаар нийт 4.000.000 төгрөг болж байна, би харин таньж мэддэг гээд туслаад нийлүүлээд л 3.000.000 төгрөг болгоод өгье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Ер нь Б байн байн залгаад тайван байлгахгүй худлаа үнэн юм яриад байдаг байсан. Тэгээд би 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Бийн надад өгсөн ... дугаарын дансруу өөрийн 340004129294 дугаарын данснаас 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш Бийг зээл бүтээх болов уу? гээд хүлээгээд байсан боловч хүлээж байгаарай хөөцөлдөж байна гэх зүйл яриад намайг хүлээлгээд байсан юм. Тэгсэн Та зээлэнд хамрагдахаа болилоо их удаж байна хүнээс мөнгө зээлчихсэн нэхээд байна гээд байхаар нь би анх өөрөө санал тавьсан болохоор санаа зовоод Тагийн ... дугаарын дансруу 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөгийг буцаагаад шилжүүлээд өгчихсөн юм. Бээс зээл юу болж байгаа талаар асуухаар хөөцөлдөж байгаа, болох байхаа, нөгөө хүн хариу өгөөгүй байна гэж хэлээд худлаа яриад байсан …” /1хх 44-45/,

            хохирогч Ч.Эийн “... манай 17 дугаар хорооны халамжийн ажилтан Б надруу залгаад "та одоо зарлагдаад байгаа 10.000.000 төгрөг хүртэлх бизнесийн зээлд хамрагдахгүй юмуу” гээд асуугаад байсан ба уг зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл байсан. Тэгэхээр нь би “төсөл энэ тэр бичнэ гээд шалгаж барина гээд ажил ихтэй юм байна лээ” гэсэн чинь Б “би эгчээ ярьж хэлээд зохицуулчихна, тэр зээл хариуцаж төсөл хүлээн авч шалгаруулах хүмүүст нь чиний таньдаг хүн байгаа, та санаа зоволтгүй болчихно, ёндоогоо өгчихвөл таниас ямар нэгэн бичиг баримт шаардахгүй, би төслийг нь бичээд өгчихнө” гээд гуйгаад, гувшаад, ятгаад байхаар нь би бас боломжтой юм байна гэж бодоод зөвшөөрсөн юм. Тэгсэн Б надад ... гэх дугаарын дансруу 1.000.000 төгрөг шилжүүлээрэй тэгээд болчихно гэсэн. Тэгэхээр нь би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр өөрийн 5832218824 дугаарын данснаас 1.000.000 төгрөгийг гэртээ байхдаа интернет банкаар шилжүүлсэн. Тэгсэн Б "за ямар ч байсан ажил бүтнэ хүлээгээд байж байгаарай, өөр таны таньдаг мэддэг зээлэнд хамрагдах сонирхолтой хүн байвал оруулж болно шүү” гэж хэлсэн юм. Бт итгээд би зээл гарахыг хүлээгээд байж байсан бөгөөд удаад байхаар нь Бээс асуухад болж байгаа, бүтэж байгаа, төрийн сан болон банк, дамжих шатны ажилдаа хүлээгдээд байна, хүний тоо хүрэхгүй хойшлоод байна гээд байсан юм. Тэгээд надаас дахиад зээлэнд хамрагдах хүн байна уу? таны зээлийг гаргах гэсэн төсөлд хамрагдах хүмүүсийн тоо хүрэхгүй хойшлоод байна гээд байхаар нь би бас Бт итгээд бизнес эрхлэгчдийн зээлийг дүүгийнхээ нэр дээр авчихдаг юм билүү гэж бодоод дүү Шинэхүүгийн мэдээллийг өгөөд өөрийн ...дугаарын данснаас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд түүний дараа өөрийн нөхөр Эрдэнэтөгсийн мэдээллийг өгөөд өөрийн ...дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд байж байтал нэг ахмадын зээлэнд хамрагдах хүн хэрэгтэй байна хүн байна уу? гээд асуугаад байхаар нь би өөрийн ах Эрдэнэчулууны мэдээлийг өгөөд өөрийн ...дугаарын данснаас 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 500.000 төгрөг шилжүүлсэн мөн өөрийн аав Базаррагчаагийн мэдээллийг өгөөд өөрийн ...дугаарын данснаас 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн бизнес эрхлэгчдийн зээлнээс нэг хүний орон тоо гарчихлаа, материалаа буцаагаад авчихлаа гээд байхаар нь өөрийн охин Амаржаргалангийн мэдээллийг өгөөд өөрийн ...дугаарын данснаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 500.000 төгрөгийг буюу нийтдээ 5.000.000 төгрөгийг би өөрийн эзэмшлийн мөнгөнөөс шилжүүлсэн юм. Тэгсэн Б зээл гаргаж өгсөн зүйл байхгүй, худлаа ярьсаар байгаад өдий хүрчээд байна, сүүлдээ би зээлэнд хамрагдахгүй мөнгөө авмаар байна гэхээр өгнө, өгнө гэж хэлээд өгдөггүй, тэгж байгаад нэхсээр байгаад цувуулаад 1.000.000 төгрөгийг надад төлсөн. Дээрхи мөнгөнүүдийг шилжүүлсэн талаарх баримтуудын дансны хуулга болон надтай харилцаж байсан чатнуудыг гаргаж өгнө …” /1хх 49-50/,

            хохирогч Б.Агийн “... Д.Б надад хэлэхдээ өөрийгөө Чингэлтэй дүүргийн халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтнээр ажилтай гэж ойлгуулж би тусалж чадна гээд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн Голомт банкны ... тоот данснаасаа Д.Бийн Худалдаа хөгжлийн банкны ... тоот данс руу эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 1.000.000 төгрөг шилжүүлсэн нийт 5.000.000 сая төгрөгийг шилжүүлээд Б надад зээл бүтээхэд тусална гэж тохирсон юм. …” /2хх 121-122/,

            гэрч У.Дын “… Э эгч утсаар холбогдоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зээл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээл, намын зээл гэх мэт 3 төрлийн зээлд хамрагдах уу? чи жижиг дунд бизнес эрхэлдэг юм чинь жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан зээлэнд хамрагдах уу? миний таньдаг хүн Халамжийн газарт ажилладаг юм. Зээлэнд хамрагдах боломжтой хүмүүс байвал хамруулж өгч тусална гэж байна гэх зүйл ярисан юм. …Э эгч "Намын зээл" гэх зүйл байгаа гэхээр нь би сонирхоод тэгвэл тэр зээлэнд хамрагдах боломжтой эсэх талаар асуухад манай найз болно гэсэн төсөлд хамрагдахад мөнгө хэрэгтэй юм байна лээ шүү гэж хэлсэн ажил бүтээсний хөлс гээд 1 хүний 1.000.000 төгрөг хэрэгтэй гэж хэлсэн гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би өөрийн ... дугаарын данснаас Э эгчийн надад өгсөн ... дугаарын дансруу 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 1.000.000 төгрөгийг интернэт банкаараа шилжүүлсэн. …Э эгч нөгөө найзаасаа асуугаад хариу хэлье гээд түүнээс хойш 2 хоногийн дараа надтай холбогдоод одоо шилжүүлээрэй гэхээр нь би энэ талаар Батад хэлэхэд Бат зөвшөөрөөд надад бэлнээр 1.000.000 төгрөг өгөхөөр нь би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Э эгчийн надад өгсөн ... дугаарын дансруу 1.000.000 төгрөгийг өөрийн ... дугаарын данснаас шилжүүлсэн. …” /1хх 52-53/,

            гэрч Т.Тын “… Б нь хорооны иргэд оршин суугчдад зээлийн талаарх мэдээллийг дамжуулах, ямар материал бүрдүүлэхийг танилцуулах, иргэдийг бүрдүүлсэн материалыг хүлээн авч зөвлөгөө өгөх, сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа ажлын хэсгийн мэргэжилтэн нарт дамжуулан өгөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэх болохоос Б өөрөө сонгон шалгаруулалтыг явуулж иргэдийг шалгаруулж зээл олгохыг дэмжих, санал гаргах эрхтэй алба хаагч биш юм. …” /1хх 63/,

            гэрч С.Тын “… манай танил Б гэх эмэгтэй Чингэлтэй дүүргийн хөдөлмөр халамжийн газарт ажилладаг юм гэхээр нь би зөвшөөрөөд зээл авахаар болсон юм. Тухайн үедээ зээлэнд хамрагдахын тулд 2.0. 000 төгрөгний төлбөр төлөх шаардлагатай тэгвэл зээл асуудалгүй гарчихна гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд зөвшөөрсөн юм. Тэгсэн надад ... дугаарын дансруу 2.000.000 төгрег шилжүүлнэ гээд байхаар нь би тухайн үедээ өөрийн ... дугаарын дансруу 2.000.000 төгрөг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлээд өөрийн хүний хөгжлийн бэрхшээлтэй гэх бичиг баримт, иргэний үнэмлэх" гэх зэрэг шаардлагатай баримтуудын зургийг дараад явуулж байсан юм …” /1хх 65-66/ гэсэн мэдүүлгүүд,

            хохирогч нарын гаргасан өгсөн мөнгө шилжүүлсэн дансны хуулга /1хх 73-76, 83-120, 2хх 133-134/,

            Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан бичгүүд /1хх 126-135, 2хх 71-79/,

            Нийслэлийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/95 тоот албан бичиг,

            Дансны хуулгууд, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 142, 155, 2хх 6/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Бт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Бийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч Д.Бийг албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.Бийн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан 20 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл “...хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зээл хэрэгжиж байгаа, зээлийг авсан тохиолдолд түүнийхээ 50 хувийг буцаан төлнө”, “төсөл бичиж зээлд хамруулна”, “бизнес эрхлэгчдийн зээлд хамруулна”, “ахмадын зээлд хамруулна” гэж бусдыг хуурч төөрөгдөлд оруулан иргэн Ц.Бгаас 2 удаагийн үйлдлээр 5.000.000 төгрөгийг, иргэн Ч.Эээс 6 удаагийн үйлдлээр 4.000.000 төгрөгийг, иргэн Б.Аг “санхүүгийн тусламжийн хөтөлбөрт хамруулж өгнө” гэж хуурч 1 удаагийн гүйлгээгээр 3.000.000 төгрөгийг нийт 3 хүнээс 9 удаагийн үйлдлээр 12.000.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн данс руу шилжүүлэн авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч Д.Б болон түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл “... хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын хэр хэмжээ, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, урьд 3 удаа энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр тогтоосон байх боловч хэрхэн, яаж биелүүлэх талаар тогтоогоогүй байх тул энэ талаар давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

5. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж, Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна.”, 2 дахь хэсэгт “...хүүхдийг хамгаалах, халамжлах зорилгоор хууль тогтоох болон захиргааны бүхий л зохистой арга хэмжээг авна.” гэж тус тус зааснаар шүүгдэгчийн насанд хүрээгүй хүүхэд болох Батжаргалын Мөнхжаргалын асрамжийн асуудлыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгахаар шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь гэрлэлтийн баталгаатай боловч хорооны тодорхойлолт /2хх 70/-оор ам бүлийн тоо 2 гэж тодорхойлсоноос өөр баримтгүй, хорих ялаар шийтгэгдсэн шүүгдэгчийн насанд хүрээгүй 15 настай хүүхэд Б-ийн М/..../ нь одоогоор хэний асрамжид байгаа нь тодорхой биш байх тул асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзлээ.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Бийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Шүүгдэгч Д.Бээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Ц.Бд 5.000.000 төгрөг, хохирогч Б.Ад 3.000.000 төгрөг, хохирогч Ч.Эт 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн баримтуудыг гаргаж өгсөн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/694 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Бт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ял, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Д.Бт урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 609 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тусад нь эдлүүлсүгэй.” гэж өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.Бийн асрамжид байсан түүний хүү Б-ийн М/..../-д асран хамгаалагч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийт 59 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Шүүгдэгч Д.Бээс хохирогч Ц.Бд 5.000.000 төгрөг, хохирогч Б.Ад 3.000.000 төгрөг, хохирогч Ч.Эт 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.ЗОРИГ

 

                   ШҮҮГЧ                                                          Ц.ОЧ

 

              ШҮҮГЧ                                                          Б.БАТЗОРИГ