Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 210/ма2018/01066

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Цогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05ы өдрийн 184/ШШ2018/00548 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Цогтын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Баттөрд холбогдох,

 

Орон сууц захиалгаар бариулах тухай 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу Р.Оюунчимэгийн гүйцэтгэвэл зохих үүрэг 20 942 000 төгрөгийг, эд хөрөнгө өвлөн авсан иргэн Ц.Баттөрөөс гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Гэрэлцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Очирваань

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд: Ц.Батзаяагийн өмгөөлөгч: Б.Батдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч Ц.Баттөрийн төрсөн эх Р.Оюунчимэг, нэхэмжлэгч Б.Цогт нар орон сууц захиалгаар бариулж авах гэрээг байгуулаад Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, 5 давхар орон сууцны 1 орц, 4 давхрын 5 тоот 39.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалсан. Энэ барилгын ажил эхлэх үед 2013 оны 09 дүгээр сард Р.Оюунчимэг нь Б.Цогтод мөнгөний шаардлага байна гэсний дагуу 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 8 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Цогтын эхнэр Х.Чанцалдулам нь Р.Оюунчимэгийн данс руу шилжүүлсэн. Барилгын явцтай танилцаад, 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр орон сууц захиалгаар бариулж авах гэрээг бичгээр байгуулаад, мөн өдрөө бэлнээр 6 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнээс хойш Булган аймгийн Бүрэгхангай суманд байх хугацаанд Р.Оюунчимэг мөнгөний хэрэгтэй байна гээд Б.Цогт руу ярихад бид хаваржаандаа байна төв орж шилжүүлэх боломжгүй гэхэд Р.Оюунчимэг н.Батсүрэн гэх хүнийг явуулъя гэж тохироод н.Батсүрэн нь Б.Цогтын гэрт очоод 4 500 000 төгрөгийг бэлнээр авсан. Ингээд нийтдээ байрны урьдчилгаанд 18 500 000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэрээг цуцалсан. Гэрээгээр захиалга өгсөн Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороонд орон сууцыг орон сууцны зориулалттай баригдаж байсан орон сууцыг өвлөгч Ц.Баттөр нь хүлээн авсан. Уг орон сууц хугацаандаа ашиглалтанд ороогүй учраас нэхэмжлэгч Б.Цогт хохирч байна. Орон сууц захиалгаар бариулж авах гэрээ хуулийн хүчин төгөлдөр учраас алданги тооцож, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш 3 жил 8 сарын хугацааны алдангийг 0,01 хувиар тооцон 2 442 000 төгрөг, нийт 20 942 000 төгрөгийг нэхэмжилж байна. Орон сууц захиалгаар бариулж авах гэрээнд 17 775 000 төгрөгийг урьдчилгаанд өгөхөөр тохиролцсон боловч 18 500 000 төгрөгийг өгсөн. Р.Оюунчимэг нас барсан учраас түүний эд хөрөнгийг өвлөн авсан хүү Ц.Баттөрөөс орон сууц захиалгаар бариулах тухай 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу Р.Оюунчимэгийн гүйцэтгэвэл зохих үүрэг 20 942 000 төгрөгийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгө өвлөн авсан Ц.Баттөрөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх Р.Оюунчимэг 2014 оны 09 дүгээр сард зуурдаар нас барсан. Ээж минь зохих зөвшөөрлийн дагуу бариулж байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших дуусаагүй барилга нь надад өвлөгдсөн. Миний бие уг барилгыг зөвшөөрлийн хамт худалдан борлуулах буюу үргэлжлүүлэн барих этгээдийг олж чадаагүй байгаа. Б.Цогт нь 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээнд үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд дурдсанаар гэрээний дагуу орон сууц захиалсан байтал гүйцэтгэгч тал Р.Оюунчимэг нас барсан. Нэхэмжлэгч алдангийн хэмжээг буруу тооцсон. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа орон сууц захиалгаар бариулж авах гэрээг үндэслэсэн. Х.Чанцалдулам гэдэг хүнийг гэрчээр асуусан. Гэтэл 8 000 000 төгрөг төлсөн баримтад Чанцал гэдэг хүн гарын үсэг зурсан. Монголд Чанцал гэдэг нэртэй хүн олон байгаа. 8 000 000 төгрөгийг шилжүүлснийг байрны урьдчилгаанд гэж тайлбарладаг ч гэрээ байгуулагдахаас өмнө төлсөн байдаг. Гэрээнд гарын үсэг зурах үед гэрт нь 6 000 000 төгрөгийг өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан ч гэрч Чанцалдулам дэлгүүрт нь өгсөн гэж зөрүүтэй мэдүүлдэг. Р.Оюунчимэг, Х.Чанцалдулам нарын хооронд өөр үүргийн гүйцэтгэл байсан байхыг үгүйсгэхгүй. Х.Чанцалдулам, Б.Цогт нар нь гэр бүлийн гишүүд гэж байгаач тусдаа эрх зүйн этгээд. Гэрчийн мэдүүлэг үндэслэлгүй байна. Хэрвээ мөнгийг данснаас аваад данс руу шилжүүлсэн нь үнэн бол гэрч Х.Чанцалдулам өөрийнхөө дансны хуулгыг гаргаад өгөх боломжтой байсан боловч гаргаж өгөөгүй учраас тэр хэмжээний мөнгө нэхэмжлэгчид байсан эсэх нь тогтоогддоггүй. Мөн 4 500 000 төгрөгийг н.Батсүрэн гэдэг хүнээр дамжуулан өгсөн гэж байгаа ч Хаан банкнаас авсан баримтаар н.Батсүрэн гэдэг хүнээс орлого орсон баримт байгаа боловч Б.Цогтын байрны урьдчилгаа мөнгөний баримт мөн эсэх нь эргэлзээтэй. н.Батсүрэн, Р.Оюунчимэг нарын хооронд өөр харилцаа байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Гэрээний дагуу 18 500 000 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж үзэхгүй байна. Талуудын тайлбар нотлох баримтаар нотлогдох ёстой. Хариуцагч болон гуравдагч этгээд нар нь Ц.Гэрэлцэцэг болон түүний эгч нарыг орон сууцаар хангаад түрээсийн төлбөрийг төлж байсныг Ц.Гэрэлцэцэг үгүйсгээгүй. Байрны түрээсийн төлбөрийг авсан хүмүүс нотариатаар баталгаажуулаад шүүхэд тодорхойлолт ирүүлсэн байна. Гуравдагч этгээд Ц.Батзаяа төлбөрийн оронд 3 өөр байрыг санал болгоход голоод аваагүй. Б.Цогт, Р.Оюунчимэг нарын байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-д зааснаар төлбөр төлөх хуваарийг тогтоосон ч 17 775 000 төгрөг төлөх үүрэг биелэгдээгүй гэдэг нь нотлогдож байна. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана. гэж зааснаар өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор гэж байдаг. Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Р.Оюунчимэг талийгаач болсон. Тэр өдрөөс эхлээд энэ хугацааг тоолж эхэлнэ. 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан. Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно. гэж зааснаар өв хүлээн авагч Ц.Баттөрд холбогдуулан Б.Цогтын зүгээс гомдол гаргаагүй. Иймд гомдол гаргах эрхээ алдсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эх 2014 оны 09 дүгээр сард зуурдаар нас барсан. Ээж минь тодорхой зөвшөөрлийн дагуу бариулж байсан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших дуусаагүй барилга нь миний дүү Ц.Баттөрд өвлөгдсөн. Миний дүү уг барилгыг зөвшөөрлийн хамт худалдан борлуулах буюу үргэлжлүүлэн барих этгээдийг олж чадаагүй байгаа. Б.Цогтын зүгээс гаргасан дарамт, заналхийллээс болж түүний охид Ц.Гэрэлцэцэг, Ц.Гэрэлтуяа нарыг дэмжин 2016 оны 06 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарыг дуустал нийт 6 700 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг би төлж орон сууцаар хангаж байсан. Тухайн үед Цогтод ээжийн авсан мөнгийг суутгаж 3 удаа орон сууц санал болгож байсан боловч байруудыг аваагүй. Тухай бүр бэлэн мөнгө авахыг шаардаж байсан. Би өөрийн саналаараа түрээсийн байранд амьдруулаагүй. 18 500 000 төгрөгийг нэхэмжлээд, надаас гарсан мөнгийг яагаад хасахгүй байгаа талаар ойлгохгүй байна. Ээж маань амьд сэрүүн байхад хийсэн гэрээг бариад алдангийг нэхэж байгаад гомдолтой байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 535 дугаар зүйлийн 535.1, 536 дугаар зүйлийн 536.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цогтын хариуцагч Ц.Баттөрд холбогдуулан 20 942 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 262 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваань давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Б.Цогт, хариуцагч Б.Баттөрийн эх Р.Оюунчимэг нарын хооронд байгуулсан орон сууц захиалгаар бариулах тухай 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу түүний гүйцэтгэвэл зохих үүргийн талаар өвлөгч нарт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг шүүх тодорхойлохдоо Иргэний хуулийн 536.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тухайлбал, Үүрэг гүйцэтгүүлэгч энэ хуулийн 536.1 дэх хэсэгт заасны дагуу гомдлын шаардлага гаргасан бол түүний хариуг авсан, эсхүл гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс хойш нэг жилийн дотор нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэх хуулийн зохицуулалт нь үүрэг гүйцэтгүүлэгчид хуулиар үүрэг хүлээлгэсэн зохицуулалт биш тул дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй. Талуудын хооронд үүссэн харилцаанд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг тодоройлохдоо Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хугацааг хэрэглэх нь хуульт нийцнэ гэж үзэж байна. Нөгөө талаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өвлөгчид гомдлын шаардлага гаргаагүй гэж шүүх дүгнэж буй нь ойлгомжгүй.

Нэхэмжлэгч түүний эхнэр нь гомдлын шаардлага гаргаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдсон. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаан хариуцагч болон гуравдагч этгээдийн Б.Цогтод 2016, 2017 онуудад орон сууц өгье хэмээн санал болгож байсан боловч мөнгө авна гээд байдаг гэх тайлбар, гэрч Чанцалдуламын 2017 онд Би Баттөр, Батзаяа нартай мөнгө хэзээ өгөх талаар гэрээр нь очиж уулзсан, Манай гэр бүлийн хүн гэрээр очиж байсан, 2016 оны 12 сард газар доогуур нь төвийн шугам явах болсон тул төрөөс нөхөн олговорт 70 000 000 орно дээрх мөнгө орж ирэхээр таны мөнгийг өгнө гэх мэдүүлэг, гуравдагч этгээд болон хариуцагч нар нь газар доогуур төвийн шугам явах болоод улсаас 70 000 000 төгрөгийн нөхөн олговрыг 2016 оны 12 сард олгосон нь үнэн гэх тайлбар зэргээс эд хөрөнгө өвлөн авах эрхтэй этгээд нар нь амлалт баталгаа өгч байсан нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчийг гомдлын шаардлага гаргаагүй гэж үзэж байгаа бол харицагч нь мөнгөн үүргээ төлж дуусах хүртлээ нэхэмжлэгчийн хүүхдүүдийг орон сууцанд үнэ төлбөргүй суулгаж байсан нь гэх нөхцөлийг шүүх хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй. Мөн хариуцагч нь маргааны зүйл болсон Сонгинохайрхан дүүргийн 5 хороо дутуу баригдсан орон сууцыг зарж борлуулаад мөнгө өгнө гэж нэхэмжлэгчийг хүлээлгэсэн үйл баримтад маргадаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Б.Цогт нь хариуцагч Ц.Баттөрд холбогдуулан орон сууц захиалгаар бариулах тухай 2014 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн гэрээний дагуу Д.Оюунчимэгт шилжүүлсэн 18 500 000 төгрөг, алданги 2 442 000 төгрөг, нийт 20 942 000 төгрөгийг заасан өвлөгчөөс гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шүүх Ц.Батзаяаг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх ба хариуцагч, гуравдагч этгээд нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан нас барсны бүртгэлийн лавлагаа, 69, 70 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000412928 дугаартай гэрчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000548787 дугаартай гэрчилгээ, Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 7/7776 тоот албан бичиг зэргээр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний тал болох үүрэг гүйцэтгэгч Раахад овогтой Оюунчимэг нь 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр нас барсан, түүний хүү Ц.Баттөр нь өвлүүлэгчийн өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 32-11 тоотод байрлах 847 м.кв талбай бүхий газар эзэмших эрх, хүнсний дэлгүүр, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 21 дүгээр хороолол /18082/, 138 дугаар байр 0 тоотод байрлах 729 м.кв талбай бүхий 40 хувийн гүйцэтгэлтэй орон сууц, үйлчилгээний барилга, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 32 дугаар байрны 216 тоот 40 м.кв талбай бүхий орон сууцыг өвлөн авсан болох нь тогтоогдсон байна. /хх 19, 20, 45, 46, 66, 69-71/

 

Нэхэмжлэгч Б.Цогт нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Орон сууц захиалгаар бариулах гэрээ-ний дагуу баригдаж буй 31.5 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны төлбөрт шилжүүлсэн 18 500 000 төгрөг, гэрээний хугацаа хэтрүүлсний алдангийг тус тус гаргуулна гэж тодорхойлон Хаан банкны 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн орлогын мэдүүлэг /хх 8/, иргэн Н.Батсүрэнгийн тодорхойлолт /хх 89/, Р.Оюунчимэгийн Хаан банк дахь 5025208777 тоот дансны гүйлгээний хуулга /хх 96-100/-ыг тус тус шүүхэд нотлох баримтаар гаргаж, Х.Чанцалдуламыг гэрчээр асуулгасан байна. /хх 125-127/

 

Хариуцагч Ц.Баттөр шүүхэд гаргасан тайлбартаа ...энэхүү барилгыг худалдан борлуулж түүнд өгөх ёстой зүйлийг албан ёсны баримт, нотолгоог үндэслэн барагдуулахыг хичээж байна /хх 15/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Түүний охид болох Ц.Гэрэлтуяа, Ц.Гэрэлцэцэг нарыг дэмжин өөрийн бүхий л чадлаараа туслалцаа үзүүлж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 08 дугаар сарыг дуустал нийт 6 700 000 төгрөгийн түрээсийн төлбөрийг нь төлж...орон сууцаар хангаж ирсэн. Б.Цогтод ээжийн авсан мөнгийг суутган орон сууц худалдан авах тухай 3 удаа санал тавьсан боловч татгалзаж байсан...Ээжийн ажил явдал дуусаад гэр лүүгээ харих гэж байхад хэн нэг нь Б.Цогт ахтай 18 000 000 төгрөгийн өртэй юм байна шүү гэж хэлж байсан. Тэгээд би төлөх ёстой юм байна гэж ойлгож байсан/ хх 64, 65, 74/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гэрэлцэцэг шүүх хуралдаанд оролцож ...Барилга дуусаагүй учраас Орчлон хорооллын байранд бид суусан...2014 оны 09 дүгээр сараас хавар хүртэл Улаанхуаранд амьдарч байсан. Дараа нь Баттөрийн гэрт амьдарч байсан /хх 74/, хариуцагч Ц.Баттөр, гуравдагч этгээд Ц.Батзаяа нар өмгөөлөгч Б.Батдоржийн хамт оролцон шүүх хуралдаанд ...Гэрт нь 6 000 000 төгрөгийг бэлнээр өгөөд н.Чанцал гэдэг хүнээс 8 000 000 төгрөгийг шилжүүлсэн, нийт 14 000 000 төгрөгийн хувьд хариуцагч маргадаггүй /хх 73-75/ гэсэн тайлбар гаргасан зэргээс үзэхэд нэхэмжлэгч буюу үүрэг гүйцэтгэгч Б.Цогт нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаарх гомдлын шаардлагыг Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1 дэх хэсэгт заасан өв нээгдсэн өдрөөс хойш 1 жилийн дотор өвлөгчид гаргаж байсан, түүнчлэн үүрэг гүйцэтгэгч орон сууцыг барьж хүлээлгэн өгөөгүйн улмаас хариуцагч тал үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрч Ц.Гэрэлтуяа, Ц.Гэрэлцэцэг нарыг орон сууцаар хангаж, нас барагч Р.Оюунчимэгийн хүлээн авсан мөнгө, орон сууцны түрээсийн төлбөрийг суутган тооцож нэхэмжлэгч талд орон сууц худалдах санал тавьж байсан үйл баримт тус тус тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талуудын тайлбар нотлох баримт болох бөгөөд хариуцагч, гуравдагч этгээд нарын дээр дурдсан тайлбараар Р.Оюунчимэг нь Б.Цогтоос 14 000 000 төгрөгийг хүлээн авсан, уг төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасан бөгөөд мөн хуулийн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж заасны дагуу шүүх Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн гэрээний үүргийн талаарх гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 536.2-т зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү гомдлын хариуг авснаас хойш 1 жилийн дотор буюу 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Шүүх үүрэг гүйцэтгэгчид гомдлын шаардлага гаргасан эсэх нь тогтоогдохгүй, гомдлын шаардлага гаргах хугацааг сэргээх үндэслэлгүй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Цогт нь Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүрэг болох гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг өвлөгч Ц.Баттөрөөс тус тус шаардах эрхтэй байна.

 

Харин Р.Оюунчимэгийн хүсэлтээр иргэн Н.Батсүрэн нь Б.Цогтоос 4 500 000 төгрөгийг авч 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр түүний Хаан банк дахь 5025208777 тоот дансанд шилжүүлсэн гэх үйл баримтыг дансны хуулга, иргэн Н.Батсүрэнгийн гаргасан тодорхойлолтыг үндэслэн Б.Цогтоос Р.Оюунчимэгт гэрээний дагуу шилжүүлсэн мөнгө гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 05ы өдрийн 184/ШШ2018/00548 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Баттөрөөс 14 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Цогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 942 000 төгрөг холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Ц.Баттөрөөс 227 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Цогтод олгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Очирваанийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.ЦОГТСАЙХАН