| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0123/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/125 |
| Огноо | 2018-08-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.О |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 2018/ШЦТ/125
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Улсын яллагч, хяналтын прокурор М.О
Нарийн бичгийн дарга Ц.С
Орчуулагч, хэлмэрч А.Е
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А
Өсвөр насны шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Ад холбогдох 1813002590153 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Агийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, А овогт Аийн Ай, регистрийн дугаар БЮ*******.
Шүүгдэгч А.Агийн холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны яллагдагч А.А нь 2018 оны 09 дүгээр 13-ны өдөр 00 цагийн үед Өлгий сумын 8-р багийн нутаг дэвсгэрт байрлах Баяр наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн урд явж байсан Ш.Аыг “зам тавьж өгөөгүй” гэх шалтгаанаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн шөнийн 23 цаг 50 минутаас 00 цаг 30 минутын хооронд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн нутагт байрлах Баяр, наадмын цэнгэлдэх хүрээлэнгийн найзтайгаа хамт явж байсан Ш.Аыг хувийн сэдэлтээр, бусдаар өөрийгөө хүндлүүлэх гэсэн онгироо, дээрэлхүү зан байдал гаргаж, Ш.Аыг өөртэй нь мэндэлсэнгүй гэх шалтгаанаар түүний гэдэс болон нуруун тус газар нэг, нэг удаа цохиж, өшиглөсөн, мөн газар бүдэрч унасан үед нь толгойн тус газар нэг удаа өшиглөж, түүний биед толгойн битүү гэмтэл, баруун зулайн хэсэгт зөөлөн эд хавдсан гэмтэл санаатай учруулсан байна.
Дээрх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
- Арван найман насанд хүрээгүй хохирогч Ш.Аы мэдүүлэг “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагийн үед Өлгий сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлалтай өөрийн гэрээс ангийн хүүхдүүдтэй цуг хүүхэд залуучуудын паркт болсон шоу, тоглолтод очиж тэнд байгаад 00 цагт тухайн шоу тарсан. Би найзуудын хамт тухайн шоунаас гараад Т бид хоёр гэр руу харих гэж паркийн хаалгаар гараад уруудаад стадионы баруун хойд талын буланг тойрох үед бид хоёрын араас ирж байсан А гэх хүүхэд намайг холдооч гэж гараараа гэдсэн тус газар нэг цохисон. Тэр үед Т намайг зууралдаад хэрэггүй гэж намайг авч явж байхад миний араас залуусаа зогсоорой, Ам наашаа ир гэж дуудсан. Би зогсолгүй явж байхад А миний араас ирээд нуруу тус газар нэг удаа өшиглөж, нэг удаа цохих үед би эргэж харах гэж байхад миний нуруу тус газар дахин нэг удаа цохисон. Тэр үед би газар унасан ба Т намайг тэвэрч аваад салгаад аваад явсан.Тэгээд А явж байхаар нь би яагаад зодсон вэ? гэж асуух гэж гүйх үед би газар унасан ба тэр үед А миний толгойн тус газар нэг удаа өшиглөсөн. Тэр үед манай хөрш Н гэх хүн тэр хавьд явж байгаад намайг салгаж аваад гэрт хүргэж өгсөн. Тухайн өдөр би гэрт очсон чинь аав, ээж унтчихсан байхаар нь би шууд унтаад өгсөн ба өглөө би сэрэх үед нүүр хавдаад, нүд хөхөрч толгой өвдөөд байхаар нь ээж намайг эмнэлэгт үзүүлээд явж байгаад шүүх эмнэлэгт хандахаар очсон чинь цагдаад гомдол гаргаж байгаад шүүх эмчид үзүүлнэ гэхээр нь цагдаад гомдол гаргасан. Тэр үед А.А надад хүрч ирээд надаас уучлалт гуйж ээж, аав нь миний ээж = д 115.000 төгрөг өгсөн. Одоо миний бие гайгүй болж байгаа. А надаас уучлалт гуйж эмчилгээний мөнгө гэж нэмж ээжид мөнгө өгсөн. Хохирлыг барагдуулж өгсөн тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч Е.Пгийн мэдүүлэг “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр хүүхэд залуучуудын паркт шоу болно гэж найзуудтайгаа явсан ба бид унтах хүртэл ирээгүй. Маргааш нь 13-ны өдрийн өглөө 10 цагийн үед Амыг сэрээгээд зах руу явъя гэж хэлэх гэсэн чинь нүүр нь хавдсан, нүд нь улайсан байдалтай байхаар нь юу болсон вэ? гэж асуухад шөнө стадионы хажууд А гэгч хүүхэд зодлоо гэж хэлсэн. Тэгээд толгой өвдөөд байна гэхээр нь үдээс хойш хүүхдээ эмнэлэгт дагуулж очоод хэд хоног эмчид үзүүлээд явж байгаад шүүх эмнэлгээс акт авахаар очих үед цагдаагийн тогтоолоор дүгнэлт гардаг юм гэхээр нь цагдаагийн газарт гомдол гаргасан. Тэр үед А гэх хүүхдийн ээж аав нь мэдээд хүүхдийн толгойн зураг авахуулаарай гэж 115000 төгрөг бэлэн өгсөн байсан...Нийт тэдгээр хүмүүсээс 915.000 төгрөг бэлэн авлаа...Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/.
- Гэрч К.Тн мэдүүлэг “...Тухайн өдөр хүүхэд, залуучуудын паркт шоу тоглолт болсон ба би найз болох Амы хамт тухайн шоуд очсон. Тэгээд 00 цаг 30 минутын үед тараад стадионы баруун хойд талын буланг тойроод засмал зам руу орох гэж явж байхад бидний араас явж байсан 3 дугаар бүрэн дунд сургуулийн сурагч А биднийг гүйцэж түрүүлэх гэж алхах үед Ам бид хоёр тэврэлдээд явж байсан тул саад болсон юм шиг байна. Тэгээд А Амыг гараараа зам тавиач гэж холдуулсан ба улмаар тэр хоёр маргаад Амыг А гэдсэн тус газар нэг удаа цохисон. Тэр үед Ш.А Атэй зууралдах гэж байхаар нь би өөрөө цагдаад өсвөрийн цагдаа бүлгэмд явдаг учир зодолдож болохгүй гэж Ш.Аыг татаад ойртуулаагүй. Тэр үед Амыг А дахин дуудаад наашаа ир гэсэн ба Амыг би аваад явж байхад А араас нь нуруу хэсэгт нь нэг удаа өшиглөж, нэг удаа толгой хэсэгт нь цохисон. Тэр үед Ш.А газар унасан ба би салгаж аваад Амыг босгосон. Тэгээд Ам А руу чи намайг яагаад зодоод байгаа юм вэ? гэж гүйж яваад унах үед Ш.Аы толгой тус газар нэг удаа өшиглөсөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/.
- Гэрч Ж.Нгийн өгсөн мэдүүлэг “... 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 00 цаг 30 минутын үед стадионы урд машинтай зогсож байхад манай хөрш хүүхэд болох Ам гүйж ирээд намайг хүүхдүүд зодох гээд байна гэсэн. Тэгээд би байж байгаарай би очоод хүүхдүүдэд хэлээд өгье гэж хэлсэн. Нэг харахад Ам машины хажууд байхгүй явчихсан байсан. Нэг харахад хэсэг бүлэг хүүхдүүд зогсож байхаар нь яваад очиход Амы хувцас нь шороо болчихсон зогсож байсан. Тэгээд би Амыг дагуулж яваад гэрт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/.
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 324 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “Иргэн Ш.Аы биед битүү гэмтэл, толгой өвдөлтийн хам шинж, баруун зулайн хэсэгт зөөлөн эд хавдсан зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл болно. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрхи гэмтлүүд нь ирж үзүүлэхээс 1-10 хоногт үүссэн шинэ гэмтэл болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/.
- Өсвөр насны шүүгдэгч А.А нь өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “2018 оны 07 дугаар сарын 12-ны өдөр орой гэрт байж байгаад 20 цагийн үед хүүхэд залуучуудын паркт шоу болно гэхээр нь би тийшээ найзуудын хамт очиж байж байгаад 00 цагийн үед шоу тарсан. Тэгээд паркаас гараад цэнгэлдэхийн зүүн хойд талын булангаар тойроод урд талд нь ирсэн. Тухайн үед миний хажууд найз болох Ну, Нур нарын хамт явж байсан ба миний урд явж байсан зүс таньдаг Амыг гүйцэж түрүүлээд явах гэсэн боловч зам тавьж өгөхгүй болохоор нь холдооч гэж гэдсэн тус газар нэг удаа зөөлөн цохисон. Тэр үед янз бүрийн хараал хэлээд над руу дайрах үед Амы хажууд явж байсан нэг хүүхэд Амыг явуулаагүй юм. Тэгээд би Ам руу чи хараал хэлээд байлгүй наашаа ир дээ гэхэд зогсохгүй хараал хэлээд яваад байхаар нь уурлаад араас нь очиж нуруу тус газарт нь нэг удаа өшиглөж нуруу тус газарт нь 2 удаа гараараа цохих үед газар уначихсан. Тэр үед Ш.Аы хажууд нь явж байсан хүүхэд босгож авсан. Тэгээд би явж байхад миний араас Ам дайраад гүйж ирж байгаад миний хажууд ирээд бүдрээд унахаар нь би хөлөө жийх үед толгойд нь хүрчихсэн ба Амы араас хөрш нь гэх Н гэх миний таньдаг хүн машинтай ирээд зогсоод Амыг машиндаа суулгаж аваад битгий зодолдоорой гэж хэлээд аваад явсан. Би тэгээд шууд гэрт очоод унтсан. Би зам тавьж өгсөнгүй гэж Ш.Атай маргалдаж зодож эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна.”/ хх-ийн 50-51 дүгээр хуудас/.
- амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 37-43 дугаар хуудас/болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Мөн шүүгдэгч А.Ан хувийн байдлыг тодорхойлсон дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судаллаа. Үүнд:
- 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр олгосон “овог:А, эцэг /эх/-ийн нэр:А, нэр:А, хүйс:Эрэгтэй, төрсөн он, сар, өдөр:200/09/01, регистрийн дугаар:БЮ00290151, хүчинтэй хугацаа:2025/09/01, хаяг:Баян-Өлгий, Өлгий, 8-р баг, Ах хус тау, 21 гудамж, 8 тоот” гэх иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56 дугаар хуудас,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57 дугаар хуудас/,
- №180200980 дугаартай, батламж /хх-ийн 59 дүгээр хуудас/,
- Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн Засаг даргын “Тус багийн иргэн А овогтой А нь БЮ00290151 регистрийн дугаартай, ам бүл 5, аав, ээж, эгч нарын хамт 21-08 тоотод оршин суудаг” гэх тодорхойлолт /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Арван найман насанд хүрээгүй хохирогч Ш.Аы биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь өвчний түүх /хх-ийн 37-43 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр гаргасан №324 дугаартай дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/, хүний их эмчийн тодорхойлолт /хх-ийн 34 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдож байна.
Иймд өсвөр насны шүүгдэгч А.Ан дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч А.Ан сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдал, эцэг, эхийн хараа хяналт сул зэрэг нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.
Уг гэмт хэргийн улмаас арван найман насанд хүрээгүй хохирогч Ш.Аы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба мөрдөн байцаалтын шатанд хохирогч шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршигт 915000 төгрөг төлсөн болох нь арван найман насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлгээр нотлогдож байна. Арван найман насанд хүрээгүй хохирогч Ш.А, түүний хууль ёсны төлөөлөгч Е.П нар нь ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул өсвөр насны шүүгдэгч А.А нь бусдад төлөх төлбөргүй байна.
Тус хэрэгт өсвөр насны шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Өсвөр насны шүүгдэгч А.Ан үйлдсэн энэхүү гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлд заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг байх тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч А.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний нас, боловсрол, зан байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, сэтгэлзүй, зан төлөв, оюун ухааны хувьд бүрэн гүйцэт төлөвшөөгүй байдал, хүмүүжил зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд зааснаар ял оногдуулахгүйгээр, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2-т “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна”, 3-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж, эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж тус тус заасныг шүүх шийдвэр гаргахдаа удирдлага болголоо.
Өөрөөр хэлбэл өсвөр насны шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 1 сар 20 хоногтой байсан болох нь хэрэгт хавсаргасан иргэний цахим үнэмлэх зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар өсвөр насны шүүгдэгч А.А нь 17 нас 1 сар 9 хоногтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ”, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч А.Ад 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч А.Аг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 1 жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.Аг хараа хяналтандаа байлгах хүсэлтийг шүүх хүлээн авч 1 жилийн хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний эцэг Ш.Адилбект даалгах нь зүйтэй.
Өсвөр насны шүүгдэгч А.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа ухамсарлан гэмшсэнийг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” , мөн зүйлийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний учруулсан хохирлыг төлсөн”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна гэж үзлээ.
Харин эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас өсвөр насны шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болно.
Өсвөр насны шүүгдэгч А.Ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх 1 ширхэг зэргийг өөрт нь буцаан олгож шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 18.1, 18.2, 36.1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өсвөр насны шүүгдэгч А овогт Аийн Аг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Ад ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аг 1 жилийн хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад 2 жилийн хугацаанд хамруулах үүргийг хэрэгжүүлэхийг Баян-Өлгий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч нь санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Агийн хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг шүүгдэгч А.Агийн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч Ш.Ад даалгасугай.
7.Энэ хэрэгт өсвөр насны шүүгдэгч А.А нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өсвөр насны шүүгдэгч А.Ан эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.
10. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.А