| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2409034792199 |
| Дугаар | 2025/ДШМ/592 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Дамбадаржаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/592
2025 05 20 2025/ДШМ/592
Д.Чт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Дамбадаржаа,
шүүгдэгч Д.Ч,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2409034792199 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Д.Ч нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч” нэртэй түргэн хоолны газраас 180 ширхэг бүхий хайрцагтай жимстэй цайг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо. 7-н буудлын автобусны буудлын Жи Эс 25 сүлжээ дэлгүүрийн гадна талд хохирогч Д.Бий автомашин дотроос айфон 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” гэх нэртэй угаалгын газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч Б.Нн эзэмшлийн Самсунг эс-23 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Д.Чийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д.Чийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Чт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чийн цагдан хоригдсон 62 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чээс 2.945.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Тт 630.000 төгрөг, хохирогч Д.Бд 1.325.000 төгрөг, хохирогч Б.Нд 990.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад анхнаасаа өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлж ирсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд өөрийн зүгээс огтхон ч саад тотгор учруулж байгаагүй. Мөн анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, улмаар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй. Хийсэн хэрэгтээ ихээр гэмшиж байгаа болохоо, мөн бусдад учруулсан хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж оролцсон. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрлэхдээ шүүгдэгч миний биеийг урьд 9 удаа ял шийтгэл эдэлж байсан гэдэг хувийн байдлыг маань тодотгон үзэж “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж дээрх байдлаар буюу 3 жилийн хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр ял оноосон явдалд гомдолтой байгаа тул эрх зүйн байдлынхаа хүрээнд энэхүү гомдлыг эрхэм дээд шатны шүүх байгууллага болох танаа хандаж гаргаж байгаа болно. Иймээс дээрх нөхцөл байдлыг харгалзан авч үзэж, мөн улсын яллагчийн анхан шатны шүүхэд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар дүгнэлтдээ “хохирол төлбөр төлөхөө илэрхийлж байна. Мужаан мэргэжилтэй тул ажил хийх боломжтой гэж үзэж 11 сар 20 хоногийн хугацаанд хорих ял оногдуулах саналтай байна, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, цагдан хоригдсон 62 хоногийг хасаж, хэрэгт авагдсан нотлох баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сидиг хадгалах саналтай байна” гэх саналыг гаргасан болохыг анхаарч шүүгдэгч миний биед оноогоод байгаа эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор Н.Дамбадаржаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. Шүүх бүрэлдэхүүн хуульд зааснаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийтгэл оногдуулсан. Уг шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Д.Ч нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ч” нэртэй түргэн хоолны газраас 180 ширхэг бүхий хайрцагтай жимстэй цайг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 630.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7-н буудлын автобусны буудлын Жи Эс 25 сүлжээ дэлгүүрийн гадна талд хохирогч Д.Бий автомашин дотроос айфон 13 загварын гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч 1.325.000 төгрөгийн хохирол учруулсан,
2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Л” гэх нэртэй угаалгын газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч Б.Нн эзэмшлийн Самсунг эс-23 гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 990.000 төгрөгийн хохирол учруулсан тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Тын “... би БНХАУ-аас 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бараагаа татаад ирсэн байгаа юм. Тэгээд Хятад улсаас ирсэн бараагаа Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын Ч хоолны газрын коридор хэсэгт хураасан байсан юм. Тэгээд маргааш өдөр нь буюу 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1 ширхэг ногоон дөрвөлжин хайрцагтай 180 ширхэг жимстэй сүүтэй цайгаа хулгайд алдсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Улаан өнгийн хайрцагтай, дотроо нийт 6 хайрцаг байсан ба 1 хайрцаг дотроо 30 ширхэг савтай, жимстэй сүүтэй цай нийт 180 ширхэг алдагдсан, нийт 630.000 төгрөгийн үнэ бүхий зүйл алдсан. ... манай савтай жимстэй цайг хулгайлсан хүн нь нүүрнийхээ зүүн талын чамархай хэсэгт шивээстэй, 7 буудлаар архи уугаад яваад байдаг Ч гэдэг хүн байсан. ...” /1хх 12-13, 33/,
хохирогч Д.Бий “... 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 06 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7-н буудлын GS25 дэлгүүрт бараа буулгаж байх үед 12-07УБС улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгслийн хаалга нь онгорхой түгжээгүй байсан, тухайн үед тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалгыг онгойлгоод үл таних хүн миний гар утсыг хулгайлсан байсан. ... GS25 дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шалгахад хар куртик, хар өмд, цагаан пүүзтэй 40 орчим насны согтуу гудамжны юм шиг хүн байсан. ...” /1хх 123-126/,
хохирогч Б.Нн “... би 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 09 цагийн үед 6 буудлын “Л” хувцас угаалгын төвд ажил дээрээ ирээд өрөөндөө гар утсаа орхиод душ цэвэрлэх ажил хийчихээд буцаад өрөөндөө ирэх үед миний гар утас алга болсон байсан. Тэгээд ажлын газрын хяналтын камерыг даргаар шүүлгэж үзэхэд нэг танихгүй цэнхэр хувцастай эрэгтэй хүн миний өрөө рүү ороод гарч байгаа дүрс бичигдсэн байсан. ...” /1хх 166-167/,
Д.Чийн яллагдагчаар өгсөн “... миний санаж байгаагаар тэр хайрцагтай цайг аваад хүмүүст тараачихсан юм шиг байсан. ... надаас тэр цайг авсан хүн нь “энэ чинь хугацаа нь дууссан байна шүү дээ” гэж хэлээд надад буцаагаад өгчихсөн. ...” /1хх 6-7/
Шүүгдэгч Д.Чийн анхан шатны шүүх хуралдааны явцад өгсөн “... би яг он, сараа сайн мэдэхгүй байна, бүдэг бадаг санаж байна. Анх би 7 буудлын 24 цагаар ажилладаг цагаан өнгөтэй машинаас нэг утас авсан. Дараа нь угаалгын газраас бас нэг утас авсан. Сүүлд нь цай авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” /1хх 228/ гэсэн мэдүүлгүүд,
“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 34-40, 131-140, 159-160/,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 25-29, 114-118, 159-160/,
эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Д.Чт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Чийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Д.Чийн үргэлжилсэн үйлдлээр, хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Д.Бий автомашин дотроос айфоне 13 загварын гар утсыг авч 1.325.000 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр түргэн хоолны газраас 180 ширхэг бүхий хайрцагтай цайг авч 630.000 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “Л” гэх нэртэй угаалгын газрын ажилчдын хувцас солих өрөөнөөс хохирогч Б.Нн эзэмшлийн Самсунг эс-23 загварын гар утсыг авч 990.000 төгрөгийн буюу нийт 3 удаагийн үйлдлээр бусдад 2.945.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Шүүгдэгч Д.Ч “... оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чт 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Д.Чийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 05 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 105 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Иймд дээрх үндэслэлүүдээр “Хорих ялыг хөнгөрүүлэх” агуулга бүхий шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтуудад өөрчлөлт оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн
2 дахь заалтын “... 03 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэснийг “... 02 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.” гэж,
3 дахь заалтын “... шүүгдэгч Д.Чт оногдуулсан 03 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “... шүүгдэгч Д.Чт оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Чийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Чийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 105 /зуун тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ