| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2018/0075/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/079 |
| Огноо | 2018-05-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/079
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,
Улсын яллагч, хяналтын прокурор М.Ф
Нарийн бичгийн дарга Б.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К
Орчуулагч, хэлмэрч А.Е
Шүүгдэгч Х.Тн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Баян-Өлгий аймгийн прокурорын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ы Т-д холбогдох 1813000940080 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
С овогт Х-ы Т, Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3 дугаар баг, “Хулжаа” гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /хоч нэр Ала/, РД:БК********
Шүүгдэгч Х.Тний холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Тн нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны үед Улаанхус сумын 2-р багийн иргэн Н.Мы цасан шуурга шуурч байх үед Хатуу уулын “Шар бөрөгт” гэх газрын бэлчээрээс тус сумын 3-р багийн нутаг дэвсгэрт Хулжаагийн застав чиглэлд төөрч очсон 4 насны хөх зүсмийн эвэргүй, им тамгагүй шар үхрийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж иргэн А.Мын Уаз маркийн машинд ачуулж Н.Мд 350000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Тн нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 3-р багийн нутаг дэвсгэрт, цасан шуурга шуурч байх үед Хатуу уулын “Шар бөөрөгт” гэх газраас Хулжаагийн застав чиглэлд төөрч ирэн, малтай нь нийлсэн иргэн Н.Мы 4 настай, хөх зүсмийн эвэргүй, им тамгагүй шар үхрийг бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж, барьж аван 340000 төгрөгийн өрөндөө бусдад өгч, шунахайн сэдэлттэйгээр, өөрийн бусдад учруулсан өр төлбөрийг төлөх зорилгоор, шууд санаатайгаар завшиж, иргэн Н.Мд 350000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Шүүгдэгч Х.Тний мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...“ гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Хохирогч Н.Мы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2018 оны 01 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд "Алхам" буюу "Турпан" толгойн орчимд хөрш иргэн Алтайн 5 үхэр, миний 2 үхэр хамт бэлчээрт байсныг дурангаар би өөрөө харсан байсан. Дараа нь 2018 оны 01 дүгээр сарын 10-нд дурандахад харагдаагүй байсан. Тэгээд айл өрхөөс асууж сураглахад манай хөрш "Алтай Бороо бургаст" буюу Хулжаагийн заставын дээд талд оршин суудаг А.Хы /хоч нэр нь Төстик/ өвөлжөөний хажуугаас 01 дүгээр сарын 13-14-ний өдөр тууж ирлээ гэж хэлсэн тул тэдний үхэртэй хамт байсан үхрийг тэр чиглэлээс эрж хайсан юм. Миний үхэр Тий өвөлжөөнд өөрийн хөлөөрөө очсон байсан юм. Т надад хохирол барагдуулж өгсөн, одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зуйл байхгүй, хоорондоо эвлэрсэн“ гэх мэдүүлэг /хх-ийн 12-17 дугаар хуудас /,
- Гэрч А.Хы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...уг үхэр нь манай багийн үхэр биш байсаныг би анзаарч Алад /Тий хоч нэр нь/ энэ үхэр чинийх биш байна, чи хаанаас тууж ирлээ гэхэд миний үхэр явахгүй байгаа тул нэмж тууж ирлээ гэсэн. ...Тэгээд Ала өөрийн үхэр гэж том 3-4 насны бух юм уу шарыг барьж Муратын машинд ачсан юм”гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/
- Гэрч А.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Ала хочтой залуу /Т/ 2016 оны хавар 3-4 дүгээр сард зээл хийж чадахгүй байна гэж би наймаа хийж явж байхад мөнгө асуухаар нь 1 сая төгрөг зээлээр өгсөн. Надад ноолуур гарсан үед өгнө гэсэн ба ноолуур гарсан үед 660000 төгрөгийг бэлэн өгсөн байсан. Үлдсэн 340000 төгрөгийг өгч чадаагүй байсан. 208 оны 01 дүгээр сарын 10-ны үед над руу залгаж миний үхэр Хулжаа заставын дээд тал Хулжаагийн голд ирсэн байна, та өнөөдөр хүрээд ир маргаашнаас дахиж уул руу гарч явах байх гэж хэлсэн тул би очихоор болж тохирсон. Миний бие Алад үхрийг миний хүргэн ах Төстик хочтой Хы гэрт хүргэж ирэхийг хэлсэн. Орой 19-20 цагийн үед Хы гэрт өөрийн машинаар очсон үед Ала ирээгүй байсан ба цай ууж байхад Ала үхэр тууж ирсэн. Надад өгөх шар гэж хөх зусмийн үхрийг харуулж өөрөө аргамжаар барьж өгч миний машинд ачуулсан” гэх мэдүүлэг / хх-ийн 25-26 дугаар хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/
- Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 9-р хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Тний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зарим гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна.
Уг гэмт хэргийн улмаас Н.Мы алдуул үхрийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 350000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид хохирлоо бүрэн төлж, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Тнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Тнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзлээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй.
Учир нь шүүгдэгч нь тус гэмт хэргийг урьдаас төлөвлөж үйлдсэн байх тул энэхүү хуулийн нөхцөлд хамаарахгүй юм. Энэ гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Х.Тний үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500000 төгрөгтэй тэнцэх юм.
Шүүх шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг болон түүний хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын дотор, боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Торгуулийн ялыг биелүүлж эхлэх 3 сарын хугацаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэхийг дурдах нь зүйтэй байна.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Уг гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн малыг өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсон үйлдэл хийснээр дуусах учир, бусдын малыг авсныхаа дараа техник хэрэгсэл ашиглаж бусдад шилжүүлж өгч байгаа нь гэмт хэргийн дараах үйлдэл гэж үзэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар иргэн А.Мын өмчлөлийн УАЗ маркийн 3497 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болголоо.
Мөн эд мөрийн баримтаар хураагдан, хэргийн хамт ирүүлсэн үхрийн толгойн арьсыг устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Тн нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүгдэгч Х.Тнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С овогт Х-ны Тийг “алдуул малыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тнийг 500 “таван зуун тавин” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Тн нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан үхрийн толгойны арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар иргэн А.Мын өмчлөлийн УАЗ-3303 маркийн 3497 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл шүүгдэгч Х.Тнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Х.Тний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.А