| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2410024571484 |
| Дугаар | 2025/ДШМ/593 |
| Огноо | 2025-05-20 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2025/ДШМ/593
2025 05 20 2025/ДШМ/593
Б.Б, Ц.Г нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Оргилбат,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч И.Түвшинжаргал, Л.Мөнхтуяа,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч И.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Б, Ц.Г нарт холбогдох эрүүгийн 2410024571484 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Б, Ц.Г нар нь бүлэглэж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шувуун фабрик” гэх газраас “С” ХХК-ийн эзэмшлийн хөнгөн цагаан дамжуулагч 3600 метр утсыг хялбар аргаар, мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай “Subaru samber” загварын тээврийн хэрэгслийг ашиглан авч, нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б, Ц.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Б, Ц.Г нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бгийн урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, 3 жилийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Бд энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтэн, түүний биечлэн эдлэх ялын төрөл хэмжээг 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Г нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б, Ц.Г нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүрээс 3,000,000 /гурван сая/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, хохирогч Э.Тт төлөх төлбөргүй болохыг дурдаж, шүүгдэгч Ц.Г нь хохирол хор уршигт илүү төлсөн мөнгөө шүүгдэгч Б.Бгоос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч И.Түвшинжаргал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Б.Б нь Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдэлж дууссан гэж үзэж байна. Ямар учраас тус шүүхийн тогтоолыг биелүүлсэн гэж байгаа талаар дурдахад, Б.Б нь тухайн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 8-133 тоотод оршин суудаг бөгөөд энэ хаягтаа байнга оршин сууж өөр газар нутагт зорчих боломжгүй тул Хан-Уул дүүргийн нутагт Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд талбайн үйлчлэгчээр ажилд орж эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажиллаж байсан бөгөөд өндөр настай хэвтэрт байдаг ээжийгээ харж ханддаг учир өөр газар нутагт ажиллаж амьдрах, шүүхийн тогтоолыг зөрчих боломжгүй байсан юм. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 587 дугаар шийтгэх тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10-01/3377 дугаартай албан бичгээр зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн талаарх цахим бүртгэлд бүртгэгдээгүй байгаа нь ялтан Б.Бгийн буруутай үйлдэл биш. Б.Бгийн зүгээс Төв аймаг дахь сум дундын шүүхийн шийтгэх тогтоолыг бие сэтгэлзүй болон оюун санааны хувьд биелүүлж ирсэн. Мөн тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2025/Ш32025/1520 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулах шүүгчийн захирамж гарч, “шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотойгоор хуулийн байгууллагуудаас холбогдох баримтуудыг авч хэрэгт хавсаргах ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн боловч прокурорын зүгээс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд ирэхдээ шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотойгоор хуулийн байгууллагуудаас холбогдох баримтуудыг авч хавсаргах ажиллагааг дутуу хийсэн учраас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотой баримтыг бүрдүүлэх нь Төв аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолд гүйцэтгэх хуудас бичигдсэн эсэх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргэгдсэн эсэх нь тодорхойгүй, тэр талаарх баримт бүрдээгүй байхад шүүгдэгч Б.Бгийн эрх зүйн байдлыг дордуулж, тус шүүхийн шийтгэх тогтоолоор 3 жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй гэж үзэж нэмж нэгтгэн шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа Б.Б нь Төв аймаг дахь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон нутаг дэвсгэр буюу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчоогүй, тухайн нутаг дэвсгэрт ажил хөдөлмөр хийж байсан бөгөөд шийтгэх тогтоолыг биелүүлсэн гэж үзэх боломжтой цаг хугацаа өнгөрсөн гэж үзэж тайлбарыг гаргасан. Иймд дээрх шүүхийн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан үзэж, шүүгдэгч Б.Бд оногдуулсан шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Л.Мөнхтуяа давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч И.Түвшинжаргалын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Б.Бгийн буруутай үйлдэл байгаагүй, төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2021 онд надад оногдуулсан зорчих эрх хязгаарлах ял Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан гэж бодож байна. Би ХУД-ийн нутаг дэвсгэрээс гараагүй. Би ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах МИАТ компанид 2 жил гаруй хугацаанд ажилласан. Би 80 настай эхтэйгээ хамт амьдардаг. Одоо эхийн маань биеийн байдал муу байгаа. Би зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлсэн гэж үзэж байна.” гэв.
Прокурор Э.Оргилбат шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч Б.Б нь анхан шатны шүүх дээр очоогүйгээс болоод ял шийтгэлээ эдлээгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Гэвч шүүгдэгч Б.Бгийн зүгээс худал мэдүүлэг өгсөөр байна. Анхан шатны шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт энэ талаар мөн дэлгэрэнгүй хэлэлцсэн байгаа. 3 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг эдлээгүй тул 3 жилийн хорих ял болгож өөрчилсөн. Ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэх прокурорын дүгнэлтийг гаргаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Б.Б, Ц.Г нар нь бүлэглэж 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр Шувуун фабрик гэх газраас “С” ХХК-ийн эзэмшлийн хөнгөн цагаан дамжуулагч 3600 метр утсыг хялбар аргаар, мөнгө олох зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор ...улсын дугаартай “Subaru samber” загварын тээврийн хэрэгслийг ашиглан авч, нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Тын “... тухайн хугацаанд буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед шонд тохсон байсан АС-72 загварын хөнгөн цагаан дамжуулагч нийтдээ 3600 метр утсыг машинтай хүмүүс хулгайлсан байсан. Би тухайн үед талбай дээр байгаагүй, манай туслан гүйцэтгэгч компанийн инженер У байсан бөгөөд тухайн хүмүүс харсан гэж надад хэлсэн. Тухайн утас нь манай компанийн эзэмшлийн утас бөгөөд БНХАУ-аас 9.3 тонн утсыг 1 тонныг нь 7.237.725 төгрөгөөр бодож авч байсан. Тус хөнгөн цагаан дамжуулагч утаснаас 2024 оны 06 дугаар сарын 10-ны шөнө нийт 3600 метр утас буюу 986.4 килограмм утас алдагдсан байсан. Тухайн алдагдсан утас нь бид нарын тооцооллоор 7.139.291 төгрөг болж байгаа юм. ...” /хх 20/,
гэрч А.Уын “... 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажил үүргээ гүйцэтгээд 21 цагийн орчимд ажлаасаа буусан бөгөөд уг цагаас хойш кэмп дээрээ очиж, буцаж 22 цагийн үед ажлаа шалгаад явж байтал манай ажлын утсыг тасалсан байдалтай, хоёр машины гэрэл хараад очиход нэг машин нь манай ажлын утсыг тасдаад хойд багаажиндаа хийсэн байсан бөгөөд намайг ирэхийг хараад тухайн хүмүүс тус машиныг үлдээгээд явсан. Тухайн хүмүүс манай ажлын тогны утсыг таслаад, бөөрөнхийлөөд 60-84 гэх улсын дугаартай, маркийг нь сайн мэдэхгүй байна, машины ачааны хэсэгт хийсэн харагдахаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 22/ тус тус мэдүүлгүүд,
“Тэнцвэр эстимэйт үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00050 дугаартай “нийт хохирлын дүн 7.200.000 төгрөг” /хх 37-38/,
2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Х-00051 дугаартай “Subaru Samber автомашины нийт үнэ 6.000.000 төгрөг” /хх 45-46/ тус тус шинжээчийн дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 9-13 /, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б, Ц.Г нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Ц.Г нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн тэдгээрийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Б, Ц.Г нарын бүлэглэж бусдын эзэмшлийн хөнгөн цагаан дамжуулагч 3600 метр цахилгааны утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч ...улсын дугаартай “Subaru samber” загварын тээврийн хэрэгслээр зөөвөрлөн нийт 7.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Ц.Гийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.
5. Шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч И.Түвшинжаргал “... шүүгдэгч Б.Бд урьд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул уг ялыг хорих ялаар дүйцүүлэн нэмж нэгтгэснийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Бгийн урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 403 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг эдэлж байгаа болон эдэлсэн талаарх мэдээлэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны цахим санд бүртгэлгүй байсан талаар дүгнэж, түүнийг ял биелүүлээгүй гэж үзэн зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялаар сольж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолор шүүгдэгч Б.Бд 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, уг шийтгэх тогтоол 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ДШМ/02 дугаар магадлалаар хянагдан хүчин төгөлдөр болсны дараа тус шүүхээс 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ГХ/210 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ.” гэж заасан байх бөгөөд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийгээгүйн улмаас Б.Бд оногдуулсан ял биелэгдээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, ялтан Б.Бгийн буруутай үйл ажиллагаанаас бус шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас ял эдлүүлэх ажиллагаа эхлээгүй байх тул урьд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй үндэслэлээр хорих ялд дүйцүүлэн нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
6. Иймд шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч И.Түвшинжаргалын гаргасан “ялыг эдэлсэнд тооцох” талаарх давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б, Ц.Г нарын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл нийт 85 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/587 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/403 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тусад нь эдлүүлсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ц.Г нарын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 85 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ