Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/075

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

улсын яллагч, хяналтын прокурор Х.Ө

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К 

шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос “Хулгайлах” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А-д холбогдох 1813001180059 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1999 оны 07 дугаар сарын 25-нд Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, яс үндэс Урианхай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр баг, Их булан, 20 дугаар гудамжны 08 тоотод оршин суух хаягтай, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогтой Б-ийн А, регистрийн дугаар БЕ*********.

 

Шүүгдэгч Б.Аын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Нын зуны байшингийн цонхоор нууцаар хууль бусаар нэвтрэн орж “Ванста” нэртэй хөргөгчийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Нын зуны байшинд амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар, бусдад мэдэгдэлгүй, бусдын гэрт нууцаар нэвтрэн орж, хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, гэрийн эздийн байхгүйг нь ашиглаж бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж, цонхоор нь орж урьдчилан хаалгыг нь онгойлгон бэлдэж, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Ванста” маркийн 2 хаалгатай хөргөгчийг авч явж иргэн А.Нд 450.000 төгрөгний хохирол учруулж, хулгайлсан хөргөгчийг 50000 төгрөгөөр зарсан байна. 

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

- Хулгайд алдагдсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн “Ванста” маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгчийг Өлгий сумын 13 дугаар багийн иргэн Т.Хийн гэрээс хураан авсан тухай тэмдэглэл “хх-ийн 14-15 дугаар хуудас/,

- Хулгай орсон айлын ерөнхий  байдал болон хулгайлсан хөргөгч байсан гэх газрыг тодруулж, харуулсан мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэг зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-29 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Аын хохирогч Н.Нын гэрт хэрхэн нэвтэрч,  450.000 төгрөгийн үнэтэй “Ванста” маркийн хөргөгчийг хулгайлсан гэх үйл явдлыг тодруулсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 79 дүгээр хуудас/,

- Хулгайд алдагдсан гэх БНХАУ-д үйлдвэрлэсэн Ванста маркийн 2 хаалгатай саарал өнгийн хөргөгчийг хохирогч А.Нд хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 17 дугаар хуудас/,

- БНХАУ-д үйлдвэрлэсэн Wansta маркийн 2 хаалгатай хөргөгчийг 450000 төгрөгийн үнэ, ханштай болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/ 

- Хохирогч А.Нын “....манай Өлгий сумын 13 дугаар багт байрлалтай зуны байрнаас ганц л удаа хөргөгч хулгайд алдагдсан юм...2017 оны 05 дугаар сарын эхэн үе байсан тэгээд сүүлд хөргөгчөө цагдаа нараас 2018 оны 04 дүгээр сард авсан одоо бүрэн ажиллагаатай хэвийн ажиллаж байгаа. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр /30-31 дүгээр хуудас/,

- Гэрч Т.Хийн “...Манай хүргэн гарч яваад удалгүй хөргөгчийг машиныхаа хойд талын тээшинд ачаад ирсэн. Манай хүргэний хажууд үл таних 17- 18 насны шар царайтай Монгол хүүхэд хамт ирсэн. Улмаар тэр хоёр хөргөгчийг манай гэрт өргөж оруулсан ба би хөргөгчийг үзсэн, хөргөгч нь нэлээд шороо дарсан. хатсан цустай бохирдсон байдалтай саарал өнгийн 2 хаалгатай хөргөгч байсан юм. Би дээрх хөргөгчийг зарахаар авч ирсэн хүүгээс энэ хөргөгчийг хэдээр зарах уу гэхэд 50,000 зарна гэсэн, би чи энэ хөргөгчийг эвдчихээд хямдхан зарах гэж байгаа юм бишүү, яагаад хямд зарж байгаа юм бэ гэхэд манай аав нас барсан, ээж өөр хүнтэй суусан, би гэрийнхээ бүх эд зүйлийг зарсан, үлдсэн нь энэ хөргөгч, би хот руу ах руугаа явах гэж байгаа гэхээр нь итгээд 50,000 төгрөг бэлнээр өгөөд явуулсан юм. Би дээрх хүүд энэ хулгайн хөргөгч бишүү гэхэд үгүй гэсэн...би хөргөгчийг ашиглаж байгаа хэвийн ажиллаж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

- Гэрч М.Аийн:”... Б.А найз гээд нэг залуугийн хамт ирээд хашаа руу ороод саарал өнгийн хоёр хаалгатай “Ванста” нэртэй хөргөгч авч ирэхээр нь машины хойд талд хийгээд хадам ээжийн гэрт авч ирсэн юм...Би урьд нь хэдэн төгрөгөөр худалдах уу гэхэд Б.А 50.000 төгрөгөөр худалдана гэж тохиролцсон байсан юм. Надад хулгайн хөргөгч гэдгийг хэлээгүй манай ахын гэр УБ хот руу нүүсэн тэгээд гэрийнхэн эд хогшлыг худалдаж байгаа одоо ганцхан хөргөгч үлдсэн байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

- Гэрч З.Нийн “...2017 оны 05 дугаар сарын эхэн үе байсан өдрийг нь сайн санахгүй байна надтай хамт ажиллаж байгаа нэг залуугийн ахын гэр УБ хот руу нүүсэн тэгээд гэрийнхэн эд хогшлыг худалдсан одоо нэг хөргөгч байгаа гэнэ тэр хөргөгчийг хадам ээж авахаар болсон гэхээр нь 2017 оны 05 дугаар сарын эхэн үе байсан нэг өдөр Өлгий сумын 13 дугаар багт байрлах нэг айлын хашааны хажууд нөхрийн “Эксель” маркийн машинтай хамт очоод хашааны гадна талд нь зогсож байсан. Тэр үед Б.А гэдэг залуу хажуудаа нэг залуугийн хамт ирээд хашаа руу ороод саарал өнгийн хоёр хаалгатай хөргөгч авч ирэхээр нь машины хойд талд хийлгээд ээжийн гэрт авч ирсэн юм...тэр хөргөгчийг нөхөр маань Б.Ааас 50,000 төгрөгөөр худалдан авахаар болж ярилцсан байсан гэсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Згийн “...Б.Атай хааяа уулздаг байсан 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байсан байх Б.А манай гэрийн хажууд ирээд надтай уулзаад Өлгий сумын 13 дугаар багт манай ахын гэрт нэг хөргөгч байгаа тэр хөргөгчийг нэг хүнд худалдахаар болсон чи тэр байрнаас хамт очоод өргөж гаргаж өгөөрэй гэж гуйхаар нь хамт Өлгий сумын 13 дугаар багт байрлах нэлээд том хашаа байсан би урьд нь энэ хашаанд очиж байгаагүй байсан юм. Тэр хашааны хажууд очих үед нэг казах залуу эхнэрийн хамт машинаар ирсэн бөгөөд тэр хоёр хүн дотогшоо ороогүй. Б.А гүйдэг хашааны хаалгаар давж ороод дотор талаас нь онгойлгосон би хаалгаар ороход жижиг нэг өрөө гадна талын элсэн шавраар шавардсан зуны байрны хаалгыг Б.А татаж онгойлгоод ороход байрны баруун хойд талын буланд саарал өнгөтэй хоёр хаалгатай хөргөгч байсныг хоёулаа өргөж гаргаад тэр хүний машинд тавьж өгөөд би явчихсан. Б.А тэр хүмүүсийн машинаар явчихсан юм. Би тухайн үед ямар учиртай хөргөгч бэ гэхэд надад Б.А манай ахын гэрийн хөргөгч байгаа юм энэ хүмүүс бүгд Улаанбаатар хот руу нүүсэн, гэрийн дотор эд хогшлоо худалдаж зарсан, одоо ганцхан хөргөгч үлдсэн байгаа гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Б.Аын өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн  “...2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 05 дугаар сарын сүүл үе хүртэл тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан юм. Тэгээд хамт ажиллаж байсан М.А-д 2017 оны 05 дугаар сарын 10-ны үе байсан байх тэр зуны байранд байсан хөргөгчийг манай ахын хөргөгч гэж худал хэлээд худалдсан...Би Тоосгоны үйлдвэрт М.А-тэй хамт ажиллаж байхдаа манай ахын гэр УБ хот руу нүүсэн тэгээд бүх эд хогшлоо худалдаж байгаа одоо нэг хэрэглэж байсан хуучин хөргөгч үлдсэн та авах уу гэж асуухад, ямар нэгэн хариу хэлээгүй юм. Тэгээд хэд хоногийн дараа манай хадам ээжийн хөргөгч эвдэрсэн байгаа нөгөө хөргөгч чинь байгаа юу гээд хоёр гурван хоногийн дараа очоод авсан юм”  гэх мэдүүлгээр /хх-ийн 64-65 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Аын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судаллаа.Үүнд:

- Тус багийн оршин суугч Б овогтой А /БЕ99072516/ тоот регистрийн дугаартай, ам бүл 6, аав, ээж, хоёр дүүгийн хамт Өлгий сумын 13 дугаар багт амьдардаг, эрхэлсэн ажилгүй, өөрийн гэсэн хөрөнгөгүй тус багийн эмзэг бүлгийн өрхийн гишүүн мөн” гэх Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4/39 тоот тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/,

- Б.Аын нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 320 тоот албан бичиг /хх-ийн 67 дугаар хуудас/,

- 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр олгосон РД:БЕ99072516, овогт Бүргэд, эцэг /эх/-ийн нэр Б, нэр А, яс үндэс Урианхай, хүйс эрэгтэй, төрсөн огноо 199/07/25 гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, 

- Урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх шалгах хуудас /хх-ийн 70 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Б.А нь банканд харилцах, хадгаламжийн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон Капитал, Хас, Капитрон, ХААН банкны албан бичгүүд /хх-ийн 73-77 дугаар хуудас/

- Шүүгдэгч Б.А депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 71-72 дугаар хуудас/ зэрэг болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ. 

Харин хавтаст хэргийн 88 дугаар хуудсанд авагдсан Мөрдөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 26/83 дугаартай Өлгий сумын 4 дүгээр багийн засаг даргад гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай мэдэгдэлд Б.А нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр дурдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэснийг зөрчсөн байна. 

Энэхүү бүдүүлэг алдаа дутагдлыг хойшид давтан гаргахгүй байх тал дээр анхаарч Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хүний үндсэн эрхийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол улсын үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэнтэй нийцүүлэн ажиллах нь зүйтэй.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Б.А нь энэхүү хууль бус үйлдлээ амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй бусдын гэрт нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар, бусдын өмчлөх эрхэд халдсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.А нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Н.Нын зуны байшинд бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь уг гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна.

 Иймд шүүгдэгчийн бусдын орон байранд нэвтэрч хууль бусаар эд хөрөнгийг хулгайлсан үйлдлийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д заасан “Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж шүүх дүгнэлээ.

Учир нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж зааснаар,  мөн 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан бөгөөд уг хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг бусдын агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар зохицуулсан нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулах ялаас хүндэрсэн байна.

Өөрөөр хэлбэл 2017 он 07 дугаар сарын 01-ээс эхлэн үйлчилж буй Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зэрэг тохиолдолд л тухайн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд буюу 2017 оны 05 дугаар сарын 10-нд ухрааж хэрэглэх ба, эс бөгөөс тухайн үед үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ.

Шүүгдэгч Б.Аын үйлдсэн хулгайн гэмт хэргийн улмаас буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний өмчлөх эрхэд халдаж “Ванста” маркийн хөргөгчийг нь хулгайлснаас хохирогч А.Нд 450000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогчийн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, хөргөгчийн зураг зэргээр нотлогдож байх тул учирсан хохирлын хэмжээг 450000 төгрөг байна гэж үзлээ. 

Хохирогч А.Нгийн мөрдөн байцаалтын шатанд “Ванста” маркийн хөргөгчийг буцаан өгсөн  /хх-ийн 17 дугаар хуудас/  байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид заасан нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэгээс тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээг бага бус хохирол” гэж үзэх ба гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2017 оны 5 дугаар сарын 10-ны үед нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны 2016 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 04 тоот тогтоолоор тогтоосноор 240000 төгрөг байсан тул шүүгдэгчийн хулгайлсан эд зүйл 450000 төгрөг байх тул бага хэмжээний хохиролд хамаарч байна.  

Шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй учир хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Аын  “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүгдэгч Б.Ад ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т “Шүүх энэ хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд чанд нийцүүлж, шударга ёс, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулна”, мөн 54.2-т “Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүгдэгч Б.А нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо биет байдлаар буцаан төлсөн, хохирогчид төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай байна, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүй гэж шүүх үзлээ. 

Харин шүүгдэгч нь хэдийгээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч уг гэмт хэргийг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн урьдаас төлөвлөж үйлдсэн учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулаагүйг тэмдэглэж байна.

Шүүгдэгчийн эд хөрөнгийн байдал, хөрөнгө орлого, ажил хөдөлмөр эрхлэлт зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, учруулсан хохирлын хэмжээ, анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо биет байдлаар нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа зэргийг тус тус харгалзан  түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр баривчлах ялыг оногдуулж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Харин 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан, мөн хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт баривчлах ял хуульчлагдаагүй байх тул шүүгдэгч Б.Ад оногдуулсан баривчлах ялаас чөлөөлөх нь зүйтэй.

Шүүгдэгч нь бусад төлөх төлбөргүй байх тул хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Аын  “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно. 

Шүүгдэгч Б.Ад урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж болтол хэвээр үргэлжлүүлж, мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны үеэр уг ажиллагааг бэхжүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                   

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогтой Б-ийн А-ыг Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй. 

4. 2015 оны Шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Аыг баривчлах ялаас чөлөөлсүгэй.

 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар  шүүгдэгч Б.Аын өмч болох “Нокиа” маркийн гар утсыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай. 

7. Шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нэр эс зөвшөөрвөл тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.А