Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2025/ДШМ/603

 

2025            05             20                                                2025/ДШМ/603                                 

 

 

Ц.Чд холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Эрхэмбаяр,

хохирогч Д.П, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

шүүгдэгч Ц.Ч, түүний өмгөөлөгч Б.Мандхай, М.Мягмартуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Чгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2408000000944 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Найрамдал амралтын газарт иргэн Д.Птэй үл ялих зүйлээр маргалдан, улмаар түлхэж унаган  удаа дараа өшиглөснөөс эрүүл мэндэд нь “бүсэлхийн 4, 5-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, бүсэлхий орчмын цус хуралт, дух, хамарт зулгаралт, дух, баруун мөр, бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.Чгээс 5.376.450 төгрөгийг /таван сая гурван зуун далан зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг гаргуулан хохирогч Д.Пд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.П нь гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Чд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Ц.Ч нь анхнаасаа хохирогч гэх Д.Пгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулаагүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа хэлж байсан боловч мөрдөн шалгах ажиллагааг хууль зүйн дагyy явуулаагүй учраас маш их гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч надаас шууд мэдүүлэг авахгүй, яллагдагчаар татах тогтоол дээр гарын үсэг зуруулах гэж байхад нь би хүлээн зөвшөөрөөгүй. Гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, намайг хохирогч Д.Пг зодоогүй гэж гэрч Ж.Х мэдүүлсэн байдаг. Мөн тухайн өдөр баяр тэмдэглэж байсан манай байгууллагын ажилчид болох Б.У, Б.Д, Л.Х, Ч.Н, Ж.Х, Э.Б, М.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч мөрдөгчийн алдаанаас болж нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр авч нотлох баримтаар тооцоогүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...”  гэв.

Шүүгдэгч Ц.Чгийн өмгөөлөгч М.Мягмартуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч Ц.Ч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогч Д.Пд гэмтэл учруулаагүй гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдлууд тогтоогдоогүй гэж үзсэн. Шийтгэх тогтоолд мөрдөгч нь гэрч нараас мэдүүлэг авахдаа хууль зүйн алдаа гаргасан учраас гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй гээд нотлох баримтаар тооцоогүй. Гэрч Хгийн “П, Ч нарын хооронд зодоон болоогүй. Зодоон болсон эсэхийг хараагүй. М хэрүүл маргаан үүсгээд явсан байсан. Маргааш нь П “би юм руу унасан” гэж байсан. ...” гэх мэдүүлэг, гэрч Дгийн “... сувилагчдын баяр тэмдэглээд П эгчийн нэг талын гар хөхөрсөн байсан. ...зодоон болсныг би хараагүй. П нэлээн согтуу байсан” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 112 дугаар хуудас, гэрч Нгийн “... тухайн өдөр ямар нэг зодоон болоогүй. Харин М орилоод хашхираад байсан. Хэн нэгний биед халдаж цохисон зүйл болоогүй. Пгийн биед хэн ч халдаагүй...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 114 дүгээр хуудсанд авагдсан гэрчийн мэдүүлэгт “тухайн өдөр ямар нэгэн зодоон болоогүй. Пгийн биед гар хүрсэн хүн байхгүй” гэх, хавтаст хэргийн 115 дугаар хуудсанд гэрч Б “... намайг байхад ямар нэгэн зодоон болоогүй” гэх, гэрч Б “...зодоон болсныг хараагүй”, хавтаст хэргийн 112 дугаар хуудсанд хохирогч П “ ... Чтэй урьд нь муудаж байгаагүй. Ч намайг байнга үзэн яддаг. Бид хоёр нэг тасагт ажилладаг бөгөөд хамт ээлжинд гарахад өөрөө юм хийхгүй, чи үүнийг хий, чи удаан байна гэдэг байсан. Ч намайг зодож байхад М, С, М, Н, У, Хнар байсан” гэх мэдүүлгүүд байдаг. Хавтаст хэргийн 177 дугаар хуудаст 2025 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл авагдсан байх бөгөөд дээрх гэрч нарт хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан гэж прокуророос хэлсэн байхад анхан шатны шүүх дээрх гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй. Хавтаст хэргийн 184 дүгээр хуудас, хохирогч П “шөнө 01 цагийн үед бүгдээрээ амарсан. Ч эгч хүрч ирээд намайг ширээ мөргүүлээд өшиглөж унагаасан. Тэгэхэд М яаж байгаа юм бэ гэхэд Чгээс чи дандаа энийг өмгөөрдөг гэж байсан” гэх мэдүүлэг. Хавтаст хэргийн 187 дугаар хуудас, гэрч Хгийн “Ч, П хоёрын хооронд ямар нэгэн зодоон маргаан болоогүй. Явах хүмүүс яваад хамгийн сүүлд Ч эгч бид хоёр 03 цаг 30 минут хүртэл байсан. Ямар нэгэн зодоон байгаагүй” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 188 дугаар хуудсанд мөн Хгаас “С орой 22 цаг хүртэл байсан. М шөнө 02 цаг хүртэл байсан” гэдэг. Гэтэл хохирогч П шөнө 01 цагийн үед намайг зодсон болохыг гэрч С, М нар гэрчилнэ гэдэг боловч С нь орой 22 цаг хүртэл байсан, М нь 02 цаг хүртэл байсан гэж Х нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Хавтаст хэргийн 190 дугаар хуудсанд гэрч Хгаас “... би гар хүрч байгааг хараагүй” гэсэн байдаг. Хохирогчийн биед учирсан гэмтэл нь баяр болохоос өмнө учирсан болохыг гэрчилдэг. Хавтаст хэрэгт, 192 дугаар хуудсанд гэрч Дгаас “энэ хоёрын хооронд ямар нэгэн маргаан, зодоон болоогүй” гэсэн байдаг. Шийтгэх тогтоолын 7 дугаар хуудсанд “тухайн үед С бид хоёр байсан. Зодоон болох үед бид хоёр салгасан. Манай ажлын газрын хүмүүс байсан. Гэхдээ харсан эсэхийг сайн мэдэхгүй байна” гэж мэдүүлдэг. Иймд дээрх гэрч нарын мэдүүлгүүд зөрүүтэй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Ц.Чгийн өмгөөлөгч Б.Мандхай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлчлүүлэгч Ц.Чгийн гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч М.Мягмартуяагын гаргасан тайлбарыг дэмжин оролцож байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй.” гэв.

Хохирогч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдолтой байна. Намайг зүгээр сууж байхад ирээд үснээс зулгаагаад ширээ мөргүүлээд өшиглөж, унагааж зодсон нь үнэн. Миний нуруу одоо хүртэл өвдөж байгаа.” гэв.

Хохирогч Д.Пгийн өмгөөлөгч М.Цэрэндэжид шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хавтаст хэрэгтэй танилцахад шүүгдэгч Ц.Ч нь Пг зодож гэмтэл учруулсан нь нотлогдож байгаа. Тухайлбал, гэрч М, С, мөн хохирогч нар тодорхой заан мэдүүлж байгаа учраас хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Үүнтэй уялдуулаад хохирогчийн биед учирсан гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн гэх шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

Прокурор О.Эрхэмбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Чгийн гаргасан давж заалдах гомдолтой холбоотой дүгнэлтээ хэлье. Хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон. Үйл баримтын хувьд, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад 3 удаа мэдүүлэг өгсөн. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгсөн. Хохирогчийн мэдүүлэгт ямар нэгэн зөрүү байхгүй. Шууд нэрлэн заасан буюу шүүгдэгч Ц.Ч нь хүний биед санаатай халдаж гэмтэл учруулсан байдаг. Хохирогчийн мэдүүлгийг гэрч С болон М нар давхар нотолдог. Мөн Шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн биед олон тооны гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх хэргийн хувьд, нотлогдвол зохих байдал бүрэн дүүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мягмартуяагаас хэлж буй гэрч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй. Гэхдээ дээрх гэрчүүдийн мэдүүлэгт “намайг байх хугацаанд зодоон болоогүй. Намайг байхгүй байхад болсон асуудлын талаар мэдэхгүй” гэсэн байдаг. Сандалнаасаа өөрөө нэг удаа унасан гэх үйл баримтыг дурдаад байгаа болохоос биш шүүх шинжилгээний байгууллагын шинжээчийн дүгнэлтэд дурдагдаад байгаа олон тооны гэмтэл юунаас болж үүссэн тухай ганц ч мэдүүлэг байхгүй. Иймд дээрх гэрч нарын мэдүүлгийг шүүхээс ач холбогдолтой гэж үзээгүй. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь ганцхан үйлдлийн улмаас учирсан гэмтэл биш олон удаагийн үйлдлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

1. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч Ц.Ч нь 2024 оны 05 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр Найрамдал амралтын газарт иргэн Д.Птэй үл ялих зүйлээр маргалдан, улмаар түлхэж унаган удаа дараа өшиглөснөөс эрүүл мэндэд нь “бүсэлхийн 4, 5-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, бүсэлхий орчмын цус хуралт, дух, хамарт зулгаралт, дух, баруун мөр, бугалга, ташаа, гуя, зүүн бугалга, гуянд цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Д.Пгийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед ажлынхаа газрын хүмүүстэй сувилагчийн баяраа тэмдэглэж Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх Найрамдал амралтын газар байсан. Манай ажлын газрын Ц.Ч намайг ямар нэгэн шалтгаангүй үсдэж, нүүр самардаж өшиглөсөн, тэр үед ажлын газрынхан салгасан. ...” /1хх 06/,

хохирогч Д.Пгийн дахин өгсөн “...Тухайн үед 2025 оны 05 дугаар сарын 12-ны шөнө манай ажлын газрын Ч намайг сандал дээр сууж байх үед үсдэж аваад, толгойгоор ширээ мөргүүлээд, хамар руу гараараа нэг удаа цохиж, татаж газар унагаагаад, баруун мөрний ар, хавирга хэсэгт өшиглөж учруулсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн тусламж үйлчилгээ аваагүй, хувийн эмнэлгээр явж нуруу, толгойны томографын зураг авхуулсан. Мөн эм авч уусан, надад баримт нь байгаа, би гаргаж өгнө. ... Ц.Ч нь одоогоор надад хохирол нөхөн төлсөн, барагдуулсан зүйл байхгүй. Би эмчилгээний зардалд 510,000 төгрөг нэхэмжилж байна. ...” /1хх 10/,

хохирогч Д.Пгийн дахин өгсөн “...Би тухайн өдөр дунд зэргийн согтолттой байсан, би болсон асуудлыг сайн санаж байна. ... 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр би сандал дээр сууж байх үед намайг үсдэж аваад нүүрээр ширээ мөргүүлээд газар унах үед дээрээс өшиглөөд учруулсан. Тухайн өдөр миний биед Чгээс өөр хүн огт гар хүрээгүй. Би тухайн өдөр сандлаас өөрөө унаагүй. Ч намайг үсдэж байгаад хойшоо сандлаас унагаасан. М, С болон М, У, П, Ч, Х, Н, Днар байсан. Амралтын газрын 1 давхрын том өрөөнд байх үед зодсон. ...” /1хх 122/,

гэрч Г.Сын “...Тухайн үед П эгч зохион байгуулагч нар зассан ширээ чинь арай юм байна, та нар хар л даа гэх үед Ч эгч П эгч рүү шууд гүйж очоод үсдэж байгаад заамдаж газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Ч нь гүйж очоод үсдэж байгаад заамдаж газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. Мөн гараараа нуруу хэсэг рүү цохиод байсан. Пгийн үс нь унасан байсан, нүүр ам нь улайчихсан байсан. Тухайн үед М бид хоёр байсан ба зодоон болох үед бид хоёр салгасан. ...П эгч нэлээн согтсон байсан. П эгч харин тийм гэхэд шууд гүйж очоод зодоод эхэлсэн. ...” /1хх 13-14/,

гэрч Ч.Мгийн “...Ч эгч нэлээн тасарчихсан байдалтай байсан, хүн болгонтой очиж муудалцаад, агсраад яваад байсан. Тухайн үед П эгч зохион байгуулагч нарын зассан ширээ чинь арай юм байна, та нар хар л даа гэх үед Ч эгч П эгч рүү шууд гүйж очоод үсдэж байгаад заамдаж газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. ... Гүйж очоод үсдэж байгаад заамдаж газар унагаагаад, дээрээс нь хөлөөрөө дэвсээд өшиглөөд байсан. Үс нь унасан байсан, хамар нь юм мөргүүлсэн, цохиулсан юм шиг болчихсон байсан, мөн дух, нуруу нь хөхөрсөн байсан. ...” /1хх 15-16/ тус тус мэдүүлгүүд,

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №6561 дугаартай: “...Д.Пгийн биед бүсэлхийн 4,5-р нугалмын мөгөөрсөн цагирагны урагдал, бүсэлхий орчмын цус хуралт, дух, хамарт зулгаралт, дух, баруун мөр, булгалга, ташаа, гуя, зүүн бугалга, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...” дүгнэлт /1хх 22-23/, мөн гэмтэл авсныг харуулсан гэрэл зураг /1хх 145-146/, гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 02/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Прокуророос шүүгдэгч Ц.Чгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байх төдийгүй анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Чг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

3. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүгдэгч Ц.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

4. Шүүгдэгч Ц.Ч нь 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдол тус бүрд дараах байдлаар хууль зүйн дүгнэлтийг хийв.

4.1. Гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй гэх гомдлын хувьд;

Шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаар бус гэрчүүдийн мэдүүлгүүд зэрэг баримтуудын нэг нь нөгөөгөө нөхсөн, уялдан холбогдсон байдлаар гэмт хэргийн үйл баримтыг тогтоож байх бөгөөд хэргийн жинхэнэ байдалд нийцсэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болоход зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангажээ.

Тодотговол; хохирогч Д.П, гэрч Г.С, Ч.М нараас хууль сануулж авсан мэдүүлэг зэргээс дүгнэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд хохирогч нь нийт 3 удаагийн мэдүүлэгтээ “...Ц.Ч намайг үсдэж байгаад хойшоо сандлаас унагаасан. ...толгойгоор ширээ мөргүүлээд, хамар руу гараараа нэг удаа цохиж, татаж газар унагаагаад, баруун мөрний ар, хавирга хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. ...”гэж тодорхой мэдүүлсэн, мөн тухайн хэрэг учралыг шууд харсан гэрч Д.П, Г.С нар “...Ц.Ч эгч Д.П эгч рүү шууд гүйж очоод үсдэж байгаад заамдаж газар унагаагаад дээрээс нь хөлөөрөө дэвсээд байсан. ...мөн гараараа нуруу хэсэг рүү цохиод байсан” гэж шүүгдэгчийг шууд нэрлэн заасан мэдүүлэг болон бусад баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийг зодоогүй гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн хохирогчийн биед халдсан хүн нь шүүгдэгч Ц.Ч бөгөөд өөр этгээд цохисон гэх ямар нэгэн эргэлзээ бүхий түүнийг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг тогтоосон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй гэж үзэв.

Түүнчлэн, шүүгдэгч нь хохирогчийг тодорхой шалтгаангүйгээр цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг зөвтгөх, энэхүү хууль бус үйлдлийн нийгмийн хор аюул, шинж чанарыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт авагдсан дээрх гэрчүүдийн мэдүүлгийг судлахад, тэдгээрийг хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан, хууль бус арга хэрэгслээр цуглуулсан, гэрчүүд нь тодорхой үйл баримтыг нуун дарагдуулсан гэж үзэх, тэдгээрийн мэдүүлгийг үнэлэхгүй байх үндэслэл, эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

4.2. Гэрч Б.У, Б.Д, Л.Х, Ч.Н, Ж.Х, Э.Б, М.Б нараас гэрчийн мэдүүлэг авсан боловч мөрдөгчийн алдаанаас болж нотлох баримтын шаардлага хангахгүй гэх үндэслэлээр нотлох баримтаар тооцоогүй нь миний эрх зүйн байдлыг дордуулсан. ..” гэх гомдлын хувьд;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 28.1 дүгээр зүйлд мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэх талаар нарийвчлан хуульчилж тус зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэл үйлдэж, түүнд тухайн ажиллагааны явц, дэс дараалал, илэрсэн нөхцөл байдал, авсан арга хэмжээ, үр дүн болон дараах зүйлийг бичиж тусгана: 1.2 дахь заалтад “ажиллагааг явуулсан газар, эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут, хэрэгжүүлэх явцад хугацаа тасалдсан бол түүний шалтгаан, үргэлжилсэн хугацааг тусгана.” гэж заажээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан.

Хавтаст хэргийн 106, 108, 110, 112, 114-115, 118 дугаар хуудаст авагдсан гэрч Б.У, Б.Д, Л.Х, Ч.Н, Ж.Х, Э.Б, М.Б нараас мэдүүлэг авахдаа гэрчийн эрх үүрэг, тэдгээрт хууль сануулсан баталгаа, гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлүүдэд он, сар, өдөр бичиж тэмдэглээгүй, түүнчлэн гэрч Б.У-с мэдүүлэг авахад эхэлсэн цаг хугацааг 19 цаг 10 минутад эхлүүлэв /хх 106/ гэсэн атлаа 17 цаг 13 минутад мэдүүлгийг дуусгасан гэж бичсэн, гэрч М.Бээс мэдүүлэг авахад эхэлсэн цаг хугацааг 13 цаг 40 минутад эхлүүлэв /хх 118/ гэсэн атлаа 13 цаг 30 минутад мэдүүлгийг дуусгасан зэргээр тэмдэглэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс дээрх нотлох баримтуудыг хууль зөрчиж цуглуулсан гэж дүгнэн нотлох баримтаас хасаж, нотлох баримтад тооцолгүй шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

5. Түүнчлэн Иргэний хуулийн холбогдох зүйл, хэсгийн дагуу гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/484 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                Б.БАТЗОРИГ