Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 507

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Солонго,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Шүүгдэгч А.Г/шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,

Хохирогч Б.Анар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт овогт Алтангэрэлийн Гантамирт холбогдох эрүүгийн 1811011040385 дугаартай хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч Цогт овогт А.Г, Монгол Улсын иргэн, 1988 оны 9 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, “Хос дэнс клуб” төрийн бус байгууллагын тэргүүн гэх, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол Талх чихэрийн 11-54 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 189 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 6.720.000 төгрөгийн торгох шийтгүүлж байсан, /РД:………….. /

Шүүгдэгч А.Г нь өөрийгөө өмгөөлөгч гэж итгүүлэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Анараас “түүний нөхөр О.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд туслана, хохирогчийг гомдолгүй болгоно” гэж 2.850.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Эмон трейд” худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч Б.Анараас түүний дансанд шилжүүлснийг зориулалтын дагуу зарцуулалгүй, хувьдаа хэрэглэж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Г-аас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Анар, түүний нөхөр Чинзориг нартай уулзаж байгаад ярилцахаар болсон. Ингээд уулзаж хохирогч Тэмүүлэнг би зүс таньдаг талаар хэлж уг асуудлыг шийдэж өгөхөөр болсон. Ингээд би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд Анар болон түүний нөхрийн дансаар 2.850.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг би хохирогч Тэмүүлэнд өгөөгүй өөртөө мөнгийг зарцуулсан …Миний бие иргэн болон захиргааны хэрэгт нэхэмжлэгээр төлөөлөн оролцдог. Би Чинзоригийг эрүүгийн хэрэгт холбогдсон гэж бодоогүй болохоор өмгөөлөгч байна уу гэхээр өөрийгөө өмгөөлөгч гэж хэлчихсэн юм” гэх мэдүүлэг /хх-49х/,

Шүүгдэгч А.Г-аас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирогч Анар бид хоёр хохирогчийн ажилладаг байсан бааранд танилцаж байсан. Хохирогч надаас хуулийн зөвлөгөө авах гэсэн юм гээд фэйсбүүкээр хандсан. Хохирогчийн нөхөрт зодуулсан Тэмүүлэн нь Анарын ажилладаг байсан газрын хөгжмийн найруулга хийдэг байсан. Тухайн үед Тэмүүлэнг би бага зэрэг танидаг байсан учраас “за би Тэмүүлэнтэй ярьж өгье” гэж хэлээд 1-2 хоногийн дараа би Чинзориг, Тэмүүлэн 2-той уулзаад хамт байхдаа Тэмүүлэнтэй ярьсан. Тэгэхэд Тэмүүлэн Солонгос улсад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа 10.000.000 төгрөг нэхэмжлэнэ, тэрнээс өөрөөр би ярихгүй гэх зүйл хэлсэн. Тухайн үед надад гэмтлийн зэргийн талаар мэдээлэл байгаагүй, өмгөөлөгчийн талаар анх ярилцахад эрүүгийн хэрэг гэдгийг би мэдээгүй, дараа нь эрүүгийн хэрэг гэдгийг мэдсэн. Тэгээд Тэмүүлэнг таньдаг хүмүүсээр дамжуулж би хохирлын хэмжээг нь багасгах талаас нь ярихад хамгийн багадаа 3.000.000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгээд Анараас мөнгө аваад Тэмүүлэнд өгөх гэхэд Тэмүүлэн нь “би 3.000.000 төгрөг авахгүй, 10.000.000 төгрөг л авна, цувуулж авахгүй” гэж хэлсэн. Ямар ч байсан хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Хохирогч Анараасаа уучлал гуйж байна, хохирлыг бүрэн барагдуулсан ” гэв.

Хохирогч Б.Анараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “Би одоогоос 2 жилийн өмнө Хан-Уул дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Минт” нэртэй бааранд зөөгчөөр ажилладаг байсан. Намайг бааранд ажилладаг байхад манай нөхөр Чинзоригийн ажлынхан шинэ жилээ тэмдэглэж байгаад Тэмүүлэнг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулж улмаар Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж эхэлсэн …Ингээд нөхөр бид хоёр хуулийн туслалцаа авах шаардлага гарч би Гантамирын фейсбүүкээр харилцан “хуулийн зөвөлгөө өгөх хүн байна уу” гэж асуухад өөрийгөө өмгөөлөгч хэлж хэлсэн. Тэгээд манай нөхөр Чинзориг бид хоёр Гантамиртай уулзах болж уулзахдаа болсон асуудлынхаа талаар дэлгэрэнгүй ярьж хэлэхэд Гантамир нь “Хохирогч Тэмүүлэнг танина туслана гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Гантамиртай уулзахад хохирогч талтай уулзсан асуудлаа 3 сая төгрөгөөр тохиролцохоор боллоо, яаж ийж байгаад 3 сая төгрөг олчихоо, тэгвэл гомдолгүй болгоод өгье” гэж хэлсэн. Ингээд нөхөр бид хоёр Гантамирт итгэж хүмүүсээс мөнгө гуйж цувуулж байгаад 2.850.000 төгрөгийг би өөрийнхөө дансаар Гантамирын данс руу шилжүүлсэн. Тэгсэн дараа нь Гантамир нь хохирогч Тэмүүлэнгийн хохирлыг барагдуулсан, гомдолгүй болсон. Одоо бүх асуудал дууссан гэж хэлсэн. Тэгтэл 2018 оны 2 сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагаас манай нөхөр Чинзориг руу яриад Тэмүүлэнгийн хохирол барагдуулаагүй байна, одоогоор баримтаар 354.000 төгрөгийн хохиролтой байна. Ийм хэргийг шүүх шилжүүллээ гэж мэдэгдсэн. Ингээд би Гантамир луу залгаад Тэмүүлэнгийн хохирол яагаад барагдуулаагүй байгаа юм бэ гэж асуухад Гантамир “чиний надад өгсөн 2.850.000 төгрөгийг би хэрэглэсэн. Мөнгийг чинь буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Гантамирт хандан “та нэгэнт надаас мөнгө авсан юм чинь миний хэргийн шүүх хуралд өмгөөлөгчөөр оролц” гэж хэлэхэд Гантамир өөрийгөө “би өмгөөлөгч бишээ, би өмгөөлөгч гэж худлаа ярьсан юм” гэж хэлсэн. Ингээд Гантамир өнөөдрийг хүртэл нөхөр бид хоёроос авсан мөнгийг өгнө гэж удаа дараа худал ярьж байна” гэсэн мэдүүлэг /хх-23-24х/,

Хохирогч Б.Анараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Хохирол төлбөр төлөгдсөн, одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

Гэрч О.Чинзоригоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…Гантамир нь өөрийгөө “би өмгөөлөгч хохирогч Тэмүүлэнг би танина, ах нь туслана гэж хэлсэн. Ингээд уулзсанаас хойш хэд хоногийн дараа Гантамир гэгтэй уулзахад “хохирогч талтай уулзсан, 3 сая төгрөг олчихоо, тэгвэл гомдолгүй болгоод өгье гэж хэлсэн тул эхнэр бид 2 мөнгө олохоор шийдсэн. Ингээд бэлэн 3 сая төгрөг олох боломжгүй тул цувуулж байгаад 2.850.000 төгрөг олж эхнэр Анарын дансаар Гантамирын данс руу шилжүүлсэн. Гантамир нь хохирогч Тэмүүлэнгийн хохирлыг барагдуулсан, бүх асуудал дууссан гэж хэлсэн. Үүний дараагаар Хан-Уул дүүргийн цагдаагаас залгаад Тэмүүлэнгийн хохирол барагдуулаагүй байна, баримтаар 354.000 төгрөгийн хохиролтой байна. Иймд хэргийг шүүх шилжүүллээ гэж мэдэгдсэн. Ингээд Гантамир гэгч өмгөөлөгч рүү залгаж “Тэмүүлэнгийн хохирол яагаад барагдуулаагүй юм бэ гэж асуухад 2.850.000 төгрөгийг би хэрэглэчихсэн болохоор Тэмүүлэнгийн хохирлыг барагдуулаагүй, би мөнгийг чинь олоод буцаагаад өгнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь Гантамирт та нэгэнт надаас мөнгө авсан юм чинь миний хэргийн шүүх хуралд өмгөөлөгчөөр оролц гэхэд би өмгөөлөгч биш, би худлаа ярьсан юм” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-35х/,

Хохирогч Б.Анарын Хаан, Голомт банкны дансны хуулга /хх-25-33х/,

Хохирогч Б.Анар, шүүгдэгч А.Гнарын мессежээр харилцсан түүхийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-6-7х/,

Шүүгдэгч А.Гантамирын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-53х/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-55х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-58-64х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Г нь өөрийгөө өмгөөлөгч гэж итгүүлэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд хохирогч Б.Анараас “түүний нөхөр О.Чинзоригт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд туслана, хохирогчийг гомдолгүй болгоно” гэж 2.850.000 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “Эмон трейд” худалдааны төвийн бэлэн мөнгөний машинаас хохирогч Б.Анараас түүний дансанд шилжүүлснийг зориулалтын дагуу зарцуулалгүй, хувьдаа хэрэглэж залилсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч А.Гантамирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилж 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч А.Г нь хохирогч Б.Анарт учруулсан гэм хорын хохирол болох 2.850.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнээд түүнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ялаас  чөлөөлж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч А.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт А.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч залилж 2.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ыг 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан 6 сарын хорих ялаас чөлөөлж 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэхийг даалгасугай.   

4. Мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.   

5. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ё.ЦОГТЗАНДАН