| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 2410022091027 |
| Дугаар | 2025/ДШМ/613 |
| Огноо | 2025-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 2025/ДШМ/613
2025 05 22 2025/ДШМ/613
Б.Ст холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Б.Д,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2410022091027 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.С нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 776 дугаар байрны 1202 тоот гэртээ хохирогч Б.Дтэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Сын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ст мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь хохирогч Б.Дгийн эмчилгээний зардалд 838.380 төгрөг нөхөн төлснийг дурдаж, шүүгдэгч Б.Саас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр буюу 5,280,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дд олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо: “... анхан шатны шүүх “Б.С нь хохиргч Б.Дг цохихоор халдан довтолж буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, хохирогчийн биед хохирол учруулахыг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ” гэж илтэд буруу дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Б.С би 2024 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутад гэртээ ирэхэд эхнэр Ц.Э, Э.А, Б.Д, Г.У нарын 3 хүүхэнтэй унтах гээд байж байхаар нь би тэднийг ижил хүйстнүүд гэж боддог учраас гэрээсээ хөөсөн. Гэтэл тэр 3 хүүхэн биеэ үзүүлэх гэж ирсэн гээд гэрээс гарахгүй байхаар нь утсаараа бичлэг хийх гэтэл утсыг маань булааж авах гээд шалан дээр унагаж дараад миний өмсөж байсан хувцсыг урсан. Би босож зугтаагаад утсаа алдахгүйн тулд ширээн дээр гарч зогсоод тэд нарыг “явцгаа, зайлцгаа” гэж хөөсөн боловч Б.Д “зураг авлаа” гэж миний өөдөөс дайрч гар утас булаацалдаад цагдаа дуудсан. Би архи уугаагүй, тухайн үед ямар ч зодолдсон асуудал болоогүй, санаатайгаар бусдыг цохиж, зодоогүй бөгөөд тухайн үед зөвхөн хэрүүл болсон. Б.Дд гэмтэл учирсан гэдэг нь утсыг маань булааж авах гээд шалан дээр очоод Д, Ц.Э, Б.С бид мэдүүлэг өгчихөөд харьцгаасан. Б.Дд гэмтэл учирсан гэдэг нь утсыг маань булааж авах гээд шалан дээр унагааж дараад зууралдаж байхдаа миний гарт өртсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Миний хувьд хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулах гэсэн шууд буюу шууд бус санаа зорилго байгаагүй, цохиж зодох санаагүйгээр харилцан зууралдах явцад үүссэн гэмтэл, үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо байхгүй гэж үзэж байна. Хохирогч Б.Д нь гэмт хэргийн шинж чанар, хүч хэрэглэсэн байдлын талаар мөрдөн байцаалтын шатанд хэтрүүлж мэдүүлсэн, хохирол төлбөрийн мөнгө ихээр гаргуулан авах далд хувийн сонирхолтой бөгөөд өөрийн зүй бус ажиллагаагаа нууж мэдүүлэг өгсөн байдаг.
Гэрч Э.А, Г.У нарын мэдүүлэг нь хохирогчтой нэг ашиг сонирхолтой бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байсан боловч хэргийн нөхцөл байдлын талаар хэтрүүлж мэдүүлсэн. Миний эхнэр Ц.Эын гэрчээр өгсөн мэдүүлгийг шүүгдэгч миний эсрэг яллах нотлох баримт болгож шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан байгаад харамсаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэр өөрийн болон гэр бүлийн гишүүд ...-ийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.
Анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийн талаар дүгнэлт хийгээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудад хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, яллах болон цагаатгах нотлох баримтуудыг эн тэнцүү авч үзээгүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.
Надад холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглээгүй, улсын яллагчийн санал болгосон ял, сэтгэцэд учирсан хор уршгийг хөнгөрүүлэлгүйгээр нэмэгдүүлж яллах чиглэлтэй шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.
Хохирогч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Ст энэрэнгүй шийдвэр гаргасан. Б.Стай холбоотой цалингийн асуудал яригдсан боловч иргэний журмаар хэлэлцүүлэх талаар шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан. 65 дээш насны хүн учраас үйлдсэн хэрэгтээ гэмшиж, хүлээн зөвшөөрсөн учраас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулаагүй. Хувийн бизнес эрхэлдэг учраас зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулаагүй. Анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг олгох талаар шийтгэх тогтоол дурдсан. Цагдаагийн газарт өгсөн мэдүүлгээсээ буцаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаад гомдолтой байна. Шүүгдэгч Б.С нь хувийн эмнэлэгтэй, орлоготой, тэтгэвэрт байдаг байж, хүнд өвчтэй гэж торгох ял авчихаад өнөөдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэв.
Прокурор З.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” гэж заасныг хангалтай шалгаж тогтоосон. Шүүгдэгч Б.Сын эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй. Ахан шатны шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судалсны үндсэнд шүүгдэгч Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” гэж заасны дагуу 800.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
1. Шүүгдэгч Б.С нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 776 дугаар байрны 1202 тоот гэртээ хохирогч Б.Дтэй хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.Дгийн “... Э эмчийн нөхөр С гаднаас орж ирээд А, У бид гуравтай эхнэрээ хардаж хэрүүл маргаан үүсгэж эхэлсэн. ... тэгээд С Э эмчийг үсдээд, гар хурууг нь мушгиад биед нь халдаж эхэлсэн. Бид гурав салгах гээд голоор нь орсон ба тэр хооронд С нь намайг цохиж эхэлсэн. С надад хандаж “чи гол буруутай хүн шүү” гэж хэлчихээд зүүн талын хавирга руу бичлэг хийж байгаа утастай гараараа хоёр удаа, зүүн хөмсөгний дээд хэсэгт гараараа хоёр удаа, хамар луу гараараа нэг удаа тус тус цохисон. ...” /1хх 27-29/,
гэрч Г.Уын “... тэгээд С эхнэрийнхээ үсийг зулгаагаад гарыг нь ард мушгихаар нь Д бид хоёр салгасан. Тэгсэн чинь Дд хандаж “энэ бүхэн чамаас болсон” гэж хэлээд Дгийн гэдэс орчимд гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Дараа нь нүүр лүү нь нэг удаа цохиж байгааг нь би харсан. Тухайн үед би Сыг болиулах гээд ноцолдож байсан. Тэр хооронд С Дгийн хөл рүү нэг удаа өшиглөсөн. ...” /1хх 31/,
гэрч Э.Аын “... Д голоор орж ирээд Сын гарт байсан чихрийн тавгийг авсан. С гартаа утас барьсан байдалтай байсан ба гар утас барьсан гараараа Дгийн нүүрэн тус газар, хамар, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. ...” /1хх 33-34/,
гэрч Ц.Эын “... тэгээд ширээн дээр гарч зогсчихоод уурлаж уцаарлаад гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь ширээн дээрээс буулгах гээд аргадсан. Тэгээд манай нөхрийг ширээн дээр зогсчихоод унах гээд байхаар нь подволкноос нь манай гурван найз татах явцдаа подволкыг нь урчихсан. Бид дөрөв тайвшруулаад “бид нар одоо гэрээс чинь гарлаа, та тайван бай” гэж манай гурван найз хэлсэн. Тэгээд Д маргалдаж байх хооронд цагдаа дуудсан байсан ба цагдаа нар ирсэн. ...” /1хх 36/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 7507 дугаар “Б.Дгийн биед хамар яс, зүүн 8-р хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх 40-41/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Ст холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Сын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Сын хохирогч Б.Дтэй маргалдаж, улмаар түүний нүүр, гэдэс рүү нь цохиж эрүүл мэндэд нь хамар яс, зүүн 8 дугаар хавирганы зөрөөгүй хугарал, хамар, зүүн нүдний дотор буланд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, цээж, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Б.С “... Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж, мөн анхан шатны шүүхийн тогтоосон сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон этгээдэд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хууль зүйн дүгнэлтийг хийдэг.
Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан мөнгөн дүнгээр илэрхийлсэн бодит хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагагүй, түүний үйлдсэн гэм бурууд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн “хохирол”-д, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн “хор уршиг”-т тооцно гэж хуульчлан тогтоосон бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд хор уршгийг хариуцан арилгах үүрэгтэй.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой асуудлаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Шүүхийн шинжилгээний байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гарах журамд” зааснаар гэмт хэргийн хохирогч Б.Дд учирсан гэм хорыг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 427 дугаар дүгнэлтээр хоёрдугаар зэрэглэлд хамаарч буй талаар дүгнэлт гарчээ.
Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтоох бөгөөд энэ тохиолдолд эдийн бус гэм хорыг зөвхөн хууль, журамд тусгайлан заасан тохиололд мөнгөөр нөхөн төлүүлэхээр заасан ба хүний амь нас, зовиур шаналал, сэтгэл санааны байдал, хохирогч, шүүгдэгч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нарын санал, шаардлагыг харгалзан үзэж хохирлын талаар дүгнэлт хийх нь чухал ач холбогдолтой.
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 427 дугаар “... Б.Дгийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Б.Дгийн сэтгэцэд учирсан хор уршиг нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт авагдсан байх бөгөөд хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд учирсан сэтгэцийн шаналал, учирсан хор уршиг зэргийг харгалзан, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөр төлүүлэх тухай нэхэмжлэлийг хангаж, шүүгдэгчээс 5.280.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэж үзэв.
5. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан “…сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасан, боломжит бага хэлбэрээр тогтоолгох…”, “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн оногдуулсан ялыг хөнгөрүүлэх…” давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/737 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Сын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ