Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02205

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2018/02205

 

 

Б.Цэрэннямын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 103/ШШ2018/00236 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Цэрэннямын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Гантөмөрт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 660 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Б.Цэрэнням

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Цэрэнням шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие өөрийн танил ах болох Б.Гантөмөрийг мөнгөний хэрэг байна гэж гуйгаад байхаар нь 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр түүний ауди-А4 маркын автомашиныг эхнэр Г.Болороогийн нэр дээр шилжүүлэн авч "Аз-Өсөх билэг" ХХК-ийн авто ломбардад зээлийн барьцаанд тавьж 5 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлэн авч, 5 000 000 төгрөгийг бүгдийг нь Б.Гантөмөрт өгсөн. Зээлийн хүү болон түүнээс гарах бүх үр дагаврыг Б.Гантөмөр өөрөө хариуцан төлөхөөр амаар ярилцаж тохиролцсон боловч эхний сараас эхлээд хүүгээ төлөхгүй би төлж эхэлсэн. Зээлээ төлөөч гэж шаардахад миний эзэмшлийн баарны газар маргаан шүүхээр шийдвэрлэгдэхээр ах нь бүгдийг нь төлнө, чи боломж байвал төлөөд явж байгаач гэдэг байсан. Аз Өсөх билэг ХХК нь надаас зээлийн төлбөрөө нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргаад 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэрээр надаас 10 460 000 төгрөгийг гаргуулан "Аз Өсөх билэг" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Б.Гантөмөр нь зээл болон хүү, үүнээс гарах бүх үр дагаврыг хариуцана гэж надтай тохирч зээл авахуулсан, мөн улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай байна гээд 1 200 000 төгрөг авсан. Уг мөнгийг өгөөгүй. Иймд зээлийн төлбөрт 10 460 000 төгрөг, хувиараа зээлсэн 1 200 000 төгрөг, нийт 11 660 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Гантөмөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас 5 000 000 төгрөгийг үндсэн зээлийн хүүгийн хамтаар төлөх боломжтой, харин нэмэгдүүлж буй торгуулийг төлөх боломжгүй. Аз өсөх билэг ХХК-ийн барьцаанд тавьсан Ауди маркийн машин нь Улсын дээд шүүхэд хянагдаж буй Д.Алтангэрэл нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрээр төлбөрт шилжүүлэхээр заагдсан хөрөнгө тул Б.Цэрэннямын нэхэмжилж буй мөнгөнөөс өөрийн хариуцах төлбөрийг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тохиолдолд төлөх боломжтой. Хувьцааны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагатай болсноос үүдэн уг өр үүссэн. 2017 оны 4 дүгээр сарын 13-нд 200 000 төгрөг хүүд шилжүүлсэн. Алданги 3 400 000 төгрөг, бусад зардал 260 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин 5 000 000 төгрөгийг хүүгийн хамт, сүүлд нэмж авсан 1 200 000 төгрөгийн хамт төлж барагдуулах боломжтой. Шүүхийн шийдвэр эцэслэн гарч төлбөрөө төлөхөөс өмнө уг мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Гантөмөрөөс 11 660 000 төгрөг гаргуулан Б.Цэрэннямд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 201 510 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Б.Гантөмөр давж заалдах гомдолдоо:

... Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Б.Гантөмөр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 9.4.4-д заасан гэрээ болон хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэх, бусдад учруулсан хохирлоо төлөх үүрэгтэй гэж дүгнэн Иргэний хуулийн 219, 222 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бус шийдвэр гаргасан. Хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Аз өсөх билэг ХХК-ийн авто ломбардны эрх бүхий этгээд болох Э.Өсөхбаяр нь ...Цэрэнням, Болороо нар нь 10 460 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бид эвлэрлийн гэрээ байгуулсан, 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 5 000 000 төгрөгийг зээлж, барьцаанд нь автомашин тавьсан, машин нь манай компанийн нэр дээр байгаа гэж мэдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч ... зээл өгсөн газар намайг шүүхэд өгч 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэр гарч Аз өсөх билэг ХХК-д 10 640 000 төгрөгийг намайг төлөх ёстой гэж шийдсэн гэж тайлбарласан байна. Дээрх тайлбаруудаас үзэхэд Б.Цэрэнням нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийг төлж барагдуулаагүй, барьцаанд тавьсан автомашинаар зээлийн төлбөрийг барагдуулах асуудал шийдвэрлэгдээгүй, энэ талаар бичгийн нотлох баримт хэрэгт байхгүй байхад тус 11 660 000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэн надаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Талууд хоорондоо амаар гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг зээлсэн, хариуцагч нэмж 1 200 000 төгрөгийг зээлж авсан асуудлаар маргаагүй тул шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийг баримталсан нь хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэхээр байх боловч хариуцагч зээлийн гэрээний үүрэгт автомашиныг шилжүүлэн өгснөөр зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн нөхцөл байдал үүссэн байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б.Цэрэнням нь хариуцагч Б.Гантөмөрт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11 600 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ... зээлийн хүү, торгуулийг төлөх боломжгүй гэсэн тайлбар гарган маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Гантөмөр нь нэхэмжлэгч Б.Цэрэннямаас хоёр удаа 5 000 000 төгрөг болон 1 200 000 төгрөг авсан болохоо үгүйсгээгүй бөгөөд 2017 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ауди-А4 маркийн машиныг найз дүү Б.Цэрэннямын эхнэр Г.Болороогийн нэр дээр шилжүүлжАз-Өсөх билэг авто ломбардад 5 000 000 төгрөгийн сарын 4 хувийн хүүтэй барьцаанд тавиулж, Г.Болороогоос дансаар 3 000 000 төгрөг, бэлнээр 2 000 000 төгрөг авсан. Мөн Б.Цэрэнням, Г.Болороо хоёроос 1 200 000 төгрөг зээлж авсан нь үнэн болно Аз-Өсөх билэг авто ломбардад төлөх бодит төлбөр, хүү төлж барагдуулна гэсэн бичгийн баримтыг үйлдсэн байна. /хх-ийн 2 тал/ Иймд анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 103/ШШ2018/00194 дугаар хүчин төгөлдөр шүүгчийн захирамж авагдсан байх бөгөөд уг захирамжаар нэхэмжлэгч Аз-Өсөх билэг ХХК нь хариуцагч Г.Болороо, Б.Цэрэнням нараас үндсэн зээл 5 000 000 төгрөг, хүү 1 800 000 төгрөг, алданги 3 400 000 төгрөг, бусад зардалд 260 000 төгрөг, нийт 10 460 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, 2018 оны 8 дугаар сарын 15-нд 8 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 20-ноос эхлэн сар бүр 246 000 төгрөгийг 10 сарын хугацаанд төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-ийн 4-5 тал/

Хариуцагч Б.Гантөмөр нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч Б.Цэрэнням нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нэхэмжлэгч Б.Цэрэнням нь 10 460 000 төгрөгийг төлөхөөр эвлэрснийг үндэслэн нэхэмжлэгчид 5 460 000 төгрөгийн хохирол учирсан гэж дүгнэн хариуцагч Б.Гантөмөрөөс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6 200 000 төгрөг, хохиролд 5 460 000 төгрөг, нийт 11 660 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт нийцсэн байна.

Үүргийн хугацааг хэтрүүлсэнтэй холбоотой хохирол төлөх үүргийг тодорхойлсон Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь заалт нь илүү нарийвчилсан зохицуулалт байх боловч Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг давхар баримталсан нь уг шийдвэрийн хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй тул шүүхийн шийдвэрийг өөрчлөх шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Б.Цэрэнням нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байхад анхан шатны шүүх түүнд хохирол учирсан гэж дүгнэн 11 660 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэсэн хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 103/ШШ2018/00236 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 510 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Ц.ИЧИНХОРЛОО