Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2025/ДШМ/614 

 

 

 

 

 

 

2025            05             22                                           2025/ДШМ/614                                 

 

 

А.Тод холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Тод холбогдох эрүүгийн 2506000350229 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод хохирогч Г.Гыг “гэртээ архи уулаа” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг баримтлан А.Тод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.150.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 2.022.500 төгрөгийг 15 нэгж буюу 15.000 төгрөгийг 1 хононоор тооцож нийт 4 сар 14 хоногийн хорих ялд шилжүүлэн, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 4 сар 14 хоногоор тогтоож, хохирогчийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нар давж заалдах гомдол болон өмгөөлөгч Э.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тухайн хэргийн гэм буруугийн нөхцөл байдалтай холбоотойгоор шүүгдэгч талын зүгээс маргахгүй байгаа бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа болно. Чухамдаа тухайн хэрэгт холбогдсон шүүгдэгч А.Тын хувийн байдалтай холбоотойгоор шүүхийн зүгээс оноосон шийтгэлийг хөнгөрүүлэх дараах нөхцлүүд байгааг уламжилж байна. Үүнд:

1. Хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор: Шүүгдэгч А.Т нь хэрэг явдал болсон өдөр анх аав Н.Штэй уулзаж үхэр олдохгүй байгаа учраас хайж олох тухай хэлсэн. Улмаар үхэр нь олдохгүй байсан учраас буцаад гэртээ очиход нь түүний аав нь найз Г.Гтай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гэрт байсанд бухимдан үхрээ олоогүй байж архи уулаа хэмээн хэлж түүнээс болж Г.Гтай маргалдаан үүсгэснээр хэргийн нөхцөл байдал үүссэн болно. Өөрөөр хэлбэл тохиолдпын шинжтэй шууд бус санаатай байдлаар гэмт хэрэг гарсан гэх үндэслэлтэй юм. Үүний дараагаар А.Т нь хохирогчоос хувийн журмаар уучлалт хүсч эмчилгээтэй холбоотой гарах зардлуудыг өөрийн боломжоороо төлөх болохоо илэрхийлсэн байдаг. Түүнчлэн шүүгдэгч А.Т нь гэм буруугаа сайн дураараа хүлээсэн ба хохирогчийн зүгээс ямар нэгэн байдлаар хохирол гомдолгүй тухайгаа илэрхийлсэн билээ. Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулаххэмээн заасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нэгэн үндэслэл болж байна.

2. Шүүгдэгч А.Тын хувийн байдалтай холбоотойгоор: Хэрэг явдал болсон өдөр Г.Гтай хамт байсан Н.Ш нь шүүгдэгч А.Тын төрсөн аав нь бөгөөд тэрээр А буюу ээжээрээ овоглодог болно. Ээж Б.А нь 6 жил гаруйн өмнө зуурдаар нас барж, А.Т нь одоо аав Н.Ш болон дүү Ш.А нарын хамт амьдардаг. Түүний аав Н.Ш нь согтууруулах ундааны хамааралтай учир харьяа бүхий хорооноос эрх зүйн чадамжгүй тухай тодорхойлолтыг гаргасан байдаг бол түүний дүү Ш.А нь 14 настай эрх зүйн бүрэн чадамжгүй болно. А.Т нь өрх гэрээсээ дангаараа хөдөлмөр эрхэлж, ам бүлээ тэжээн тэтгэх амжиргааны хүнс болон бусад зүйлийг бэлтгэдэг байсан юм. Үүнээс хамаарч анхан шатны шүүхийн зүгээс шүүгдэгч Б.Тод оноосон хорих ялын хүрээнд түүний төрсөн дүү Ш.А асрамжийн газарт очих, аав Н.Шийн хувьд мөн зохих байгууллагын хараа хяналтанд шилжих зэрэг нэг гэр бүлийн эрх зүйн байдалд хүнд үр дагаварыг үүсгэж байгаа юм.

Хэрэв анхан шатны шүүхээс оноосон хорих ялын төрлийг торгуулийн ялаар сольж хөнгөрүүлэн ял оноосон тохиолдолд дүү Ш.А нь аав ахтайгаа элэг бүтэн амьдрахаас гадна Монгол Улсын ирээдүй болсон нэг ч гэсэн залууд дахин зөвөөр амьдрах боломж олгогдох болно.

Дүгнэлт: А.Т нь тохиолдлын шинжтэй байдлаар бусдын биед хүнд гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирогч Г.Гаас уучлал хүсч одоог хүртэл хохирогчтой холбоо тогтоож, түүнд анхаарал хандуулан шаардлагатай тусламж дэмжпэгийг үзүүлж байгаа болно. Анхан шатны шүүхээс А.Тод Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2 жилийн хорих ялыг, урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,150,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 2,022,500 төгрөгийг хорих ялаар сольж нэгтгэн нийт 2 жил 4 сар 14 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосон байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нөхцөлийг бүрэн тодорхойлохгүйгээр шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна. Урьд шийтгэх тогтоолоор оноосон 3,150,000 төгрөгийн торгуулийн ялыг шүүхийн тогтоолд заасан хэмжээ, хуваарийн дагуу зохих байгууллагын дансанд А.Т нь хариуцлагатайгаар төлж явсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл шүүгдэгч А.Тын гэмт хэргийн нөхцөл, хувийн байдал болон хамгийн гол нь ар гэрийн байдлыгтэр дундаа насанд хүрээгүй охин дүүгээ харж халамжлах нөхцөл боломжоор хангах зэргийг харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

 

            Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Иймд ялыг минь хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч А.Т нь 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өөрийн гэртээ буюу Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...тоотод хохирогч Г.Гыг “Гэртээ архи уулаа” гэх шалтгаанаар биед нь халдаж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

            хохирогч Г.Гын “... би 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах Ш ахтай хамт архи согтууруулах ундааны зүйл хамт хэрэглээд гэрт нь байж байхад гаднаас Ш ахын хүү нь болох Т орж ирээд Ш ах бид хоёрыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд аав руугаа загнаад байхаар нь би “чи аавыгаа тэгж болохгүй шүү, аав чинь та нарын төлөө явж байгаа шүү дээ” гэхэд Т над руу хүрч ирээд “гэр орондоо харь, энэ та нарын архиддаг газар биш” гээд миний зүүн хөмсөг дээр 1 удаа тонгойх үед дагз руу 2 удаа цохисон бөгөөд чухам юугаар цохисныг сайн харж амжаагүй. Т гараад явахаар нь би босоод цусаа арчаад гараад явсан. Гэртээ хариад байж байгаад толгой эргээд ухаан алдсан байсан. ...” /хх 7-10/,

            А.Тын сэжигтнээр өгсөн “... би Монхоо ахын хацар луу баруун гараа атгаж байгаад хоёр удаа цохисон. ...” /хх 12-13/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 885 дугаартай “Г.Гын биед дагз ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” /хх 21-22/ дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.Тод холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Тын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч А.Тыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч А.Тын хохирогч Г.Гтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь дагз ясны хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нар “... хохирогчийн гомдол саналгүй гэх тайлбар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар торгох ял оногдуулж өгнө үү, мөн урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Тын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд 2 удаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Хэдийгээр шүүгдэгч А.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийг гомдол саналгүй болгосон боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж ял шийтгүүлсэн зэрэг хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэж шүүгдэгч А.Тод сүүлийн тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 3.150.000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 2.022.500 төгрөгийн торгох ялыг хорих ялд дүйцүүлэн нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон нь үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, “хорихоос өөр төрлийн ял оногдуулж хөнгөрүүлэх”-ээр гаргасан шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүх ийнхүү анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр  үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч А.Тод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/756 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Т болон түүний өмгөөлөгч Э.Нямсүрэн нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 59 /тавин ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ